Search This Blog

2010-01-31

Цахим орон зай дахь Хүний эрхийн түгээмэл тунхаглал

UNIVERSIAL DECLARATION OF HUMAN RIGHTS IN CYBERSPACE

1948 оны 12 сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан билээ. Тэгвэл 50 жилийн дараа уг тунхаглалын өөр нэг хувилбарыг Robert B.Gelman хэмээх судлаач боловсруулжээ. Энэ төсөл нь ХЭТТунхаглалыг дэлхийн улс орнуудын хил хязгаарыг “шинэчилж” байгаа цахим орон зайд бэхжүүлэх хэрэгтэй гэж үзсэний илрэл юм. Мөн уг төсөл цахим орон зайг зохицуулах хэм хэмжээний зарчим, жишиг гэж тооцогдож байна.

/ эх сурвалжийг үзэх бол энд дарна уу /

Оршил

Цахим орон зайн ард түмэн бид:

Интернэт, түүн дэх бусад сүлжээг нээлттэй байлгах нь хүн төрөлхтөний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, бүх нийтийн энх тайвны иш үндэс мөнийг хүлээн зөвшөөрч,
Нийгэмд эд хөрөнгөөс илүү мэдээлэл үнэ цэнэтэй болж, мэдээлэл олж авах, харилцаа холбооны хэрэгсэл ашиглах чадвар зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгож,
Даяаршил бодит зүйл болсныг анхаарч,
Хүн төрөлхтөнд угаас заяасан, салшгүй эрхүүдийг, тэр дундаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, өмчтэй байх, халдашгүй байх эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгаснаар бахархаж,
Сүлжээнд бүхэлдээ холбогдсон мэдээллийн нийгэмд хүний суурь эрхүүдийг эрх зүйгээр хамгаалж, өргөжүүлэх шаардлагатайг ухамсарлан,
Мэдээллийг хүртээмжтэй байлгах нь амин чухал хэмээн,
Цахим орон зай нь хүний суурь эрх, эрх чөлөөг хангаж, бусад орчин дахь амьдралын нөхцлийг сайжруулна гэж
ЦАХИМ ОРОН ЗАЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-ыг даяар олноо зарлан тунхаглаж байна.

1 дүгээр зүйл.
Хүн бүр санаа бодол, илэрхийллийг шууд болон шууд бусаар бий болгох, хэлэлцэх, түгээх зохих ёсны, адил боломжтой.

2 дугаар зүйл.
Хүн бүр энэ тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг аливаа ялгаваргүйгээр, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эдлэнэ. Хүн бүр цахим сүлжээний этгээд байна.

3 дугаар зүйл.
Хүн бүр хувийн орон зайтай байж нэр, онлайн хэлцлээ нууцлах эрхтэй.

4 дүгээр зүйл.
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, вэб сайтын алинаас ч хэн нэгний хувийн мэдээллийг гаргаж өгөхийг шаардаж болохгүй. Шаардлагатай үед зохих зөвшөөрлийн үндсэн дээр шаардлагыг хэрэгжүүлж болно.

5 дугаар зүйл.
Хэн ч урьд нь тохиролцоогүйгээр нийтэд хандсан хүсээгүй мэйл, сервэрт ачаалал үүсгэх хавсралт файл, бусад зүйлийг илгээх эрхгүй.

6 дугаар зүйл.
Хүн бүр интернэтэд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Энэхүү эрхээ эдлэхдээ тухайн харилцаанд тогтоосон зан үйлийн хэм хэмжээг сахин мөрдөнө.

7 дугаар зүйл.
Цахим ба бодит орон зайд цөөнхийн болон хэрэглэгчийг тусгайлан хамгаална. Газарзүйн харьяаллын гэрээ ёсоор тэдэнд ял оногдуулах бол тэдний оршин байгаа эрх зүйн тогтолцооноос үл хамааран хувь хүний суурь эрхийг хүндэтгэнэ.

8 дугаар зүйл.
Хүн бүр эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, хувийн мэдээллээ хортойгоор ашиглуулахын эсрэг хууль зүйн үр нөлөө бүхий хамгаалалттай байх эрхтэй.

9 дүгээр зүйл.
Хэнийг ч дур зоргоор хянаж, шалгахыг хориглоно.

10 дугаар зүйл.
Хүн бүр эрх, үүргээ тодорхойлуулах, ял тулгавал түүний үндэслэлийг тогтоолгохоор хараат бус, шударга шүүхээр хууль ёсны, нээлттэй дэгээр шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл.
Хүн бүр төрийн байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс хуулиар тусгайлан нууцалснаас бусад мэдээлэл авах эрхтэй.

12 дугаар зүйл.
Хүн бүр харилцаа холбоо, хэлцлээ хамгаалахаар нууц технологи сонгох эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ технологийн мөн чанарт харшлахыг хориглоно.

13 дугаар зүйл.
Хүн бүр итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ янз бүрийн зан үйлээр илэрхийлэх эрхтэй. Хэний ч сүсэг бишрэлийг илэрхийлсэн зан үйлийн хэлбэрт нь ял, зэм хүлээлгэхийг хориглоно.

14 дүгээр зүйл.
Хүн бүр интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийг чөлөөтэй сонгох, түүнийгээ солих эрхтэй. Мөн үйлчилгээний төлбөртэй холбоотойгоор байрлал үл харгалзан “үнэгүй, чөлөөтэй” “нийтийн” үйлчилгээг сонгох эрхтэй.

15 дугаар зүйл.
Хэний ч и-мэйл болон бусад бүртгэлийг үйлчилгээний гэнэтийн өөрчлөлт гэх мэт зохисгүй шалтгаан, дур зоргоор хаах, устгахыг хориглоно.

16 дугаар зүйл.
Хүн бүр онлайнаар нэгдэх, нийлэх этгээдээ чөлөөтэй сонгох эрхтэй. Хэнийг ч тодорхой нэгдэлд хамруулах, сайтад зочлуулахаар албадахыг хориглоно.

17 дугаар зүйл.
Хэн бүхний хувийн мэдээлэл, онлайн үйл ажиллагаа нь хувийн өмч бөгөөд түүнийг тухайн этгээд өөрөө хянана. Хүн бүр өмчөө үнэлж, ил болгох, солилцох эсэхээ шийдэх эрхтэй.

18 дугаар зүйл.
Хүн бүр ашиг сонирхол, үнэт зүйл, чиг үүргийн нэгдэл бий болгох эрхтэй.

19 дүгээр зүйл.
Хүн бүр шинэ технологид суралцах эрхтэй. Төрийн байгууллагаас сургалтын хөтөлбөрийг бүгдэд бүх төрлийн арга хэрэгсэл, үүнд онлайнаар хүсэлтийнх нь дагуу үнэгүй эзэмшүүлнэ. Амьдралын хүнд нөхцөлд байгаа болон өндөр настангуудад зориулсан сургалт тусгай хөтөлбөртэй байж болно.

20 дугаар зүйл.
Эцэг, эх хүүхдийнхээ онлайн харилцаан дахь боловсрол, зан үйлийг хариуцна.

21 дүгээр зүйл.
Хүн бүр зохиогчийн эрхээр хамгаалагдах утга зохиол, урлагийн болон шинжлэх ухааны ажлаа онлайнаар хуваалцах эрхтэй.

22 дугаар зүйл.
Хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хувьдаа ашиг, орлоготой болох эрхтэй.

23 дугаар зүйл.
Хүн бүр зан үйл, илэрхийллээ хариуцах бөгөөд өөрийн байр суурьтай байх эрхтэй.

24 дүгээр зүйл.
Энэ тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс орон, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг үгүйсгэхэд чиглэсэн аливаа ажиллагааг хэрэгжүүлэх, тийм эрх, бололцоо олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж, хэрэглэхийг хориглоно.

Read more...

2010-01-30

Компьютерийн гэмт хэрэг

Ц. Хүрэл-Очир- МУИС-Хууль Зүйн Сургуулийн эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхмийн ахлах багш, докторант. Тус сургуулийн сургалтын албаны эрхлэгч
/ http://www.lawschool.mn/ -с зургийг авав /

Виртуал гэмт хэрэг-Susan W.Brenner “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2008 он №2/21/, 41-45 дахь тал.

11. Кибер орон зай нь физик ертөнцийн хажууд байдаг боловч түүнээс тусдаа орших үйл ажиллагааны талбар юм. Энэ нь физик ертөнц биш, харин үзэл бодлын бодит байдал, “хийсвэр ертөнц” юм ...

12. Хэрэв кибер орон зай нь уламжлалт гэмт хэргийг үйлдэхэд хэрэглэдэг ердийн орон зай буюу арга хэрэгсэл мөн бол кибер гэмт хэрэг гэсэн тусгайлсан нэр томъёо гаргах, түүнийг зохицуулахын тулд тусгай хууль тогтоомж гаргах биш, одоо мөрдөж буй хууль тогтоомжоор түүнийг зохицуулахад хангалттай. ... “Кибер гэмт хэрэг” гэж нэрлэж байгаа компьютер болон кибер орон зайгаар үйлддэг гэмт хэрэг нь удаан жил оршиж ирсэн тодорхой арга хэрэглэдэг гэмт хэргээс тийм ч өөр зүйлийг илэрхийлэхгүй байж ч болох юм.

Компьютерийн гэмт хэрэг. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2006 он №2, 54-58 дахь тал.

Компьтерийн гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн ойлголт. Энэ нь мэдээлэл боловсруулах автоматжуулсан системийн орчинд улс, нийгэм, иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын эсрэг үйлдсэн эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хэмээн үзэж болох юм. Компьютерийн гэмт хэргийг криминологи шинжээр нь эдийн засгийн; хувийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг; нийгэм, улс орны ашиг сонирхлын эсрэг гэж ангилж болно. Өнөөдөр дэлхий дахинд эдийн засгийн компьтерийн гэмт хэрэг нилээд өргөн үйлдэгдэж байгаа нь хууль сахиулах байгууллагуудад шинэ шинэ хүндрэлүүдийг бий болгож байна.

... НҮБ-аас гаргасан тайланд өнөөгийн байдлаар компьтерийн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол хууль бусаар зэвсэг арилжаалах болон хар тамхи худалдаалах наймаатай дүйцэхүйц хэмжээнд хүрснийг цохон тэмдэглэжээ.

... Дээр дурдсан хандлага, саналыг харгалзан үзэж, хууль зүйн онол, практикт хэрэглэх нь компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг эдийн засгийн хүрээнд хангах талаар тодорхой асуудлуудыг үр нөлөөтэй шийдвэрлэх зарим боломжийг олгоно. Үүнд:

Нэгт: Эрүүгийн хууль тогтоомжийн компьтерийн гэмт хэрэгт хамаарах хэм хэмжээг боловсронгуй болгох

Хоёрт: компьтерийн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тодорхойлох шинж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд хариуцлага хүлээлгэх шалгуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах

Гуравт: Компьютер гэмт халдлагын зүйл болсон, эсвэл түүнийг хэрэгсэл болгож ашигласан гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэргийн төрлөөс ялгаж зааглах

Дөрөвт: компьтерийн гэмт хэрэгт холбогдолтой шүүхээр шийдвэрлэсэн хэргийг нэгтгэн судалж, дүн шинжилгээ хийх нь хойшлуулшгүй асуудлын нэг болж байна

Read more...

2010-01-29

Цахим хуудсууд дахь зарим үйлдлийн үр дагавар




Л. Галбаатар


Интернэт дэх олон төрлийн харилцааны нэг нь гэрээ,хэлцэлтэй холбоотой харилцаа билээ. Түүний талаар олон үзэл баримтлал бий.


Дэлхийн цахим сүлжээн дэх харилцан үйлдлүүд нь гэрээний харилцаанд ямар “хүндрэл” учруулж байна вэ? Бид өдөр тутмын амьдралдаа интернэт дэх гэрээг хэрхэн байгуулах вэ? зэрэг асуудлаар ярилцая.

Талууд эрх тэгш, чөлөөтэй байж, харилцан тохиролцох бол гэрээний суурь зарчим юм. Энэ зарчим ёсоор гэрээ байгуулагдсанд тооцоход дараах алхам байх ёстой гэж үздэг.
Үүнд:
1. Нэг тал нь санал гаргах
2. Түүнийг нь нөгөө тал хүлээн авах юм. Мөн талуудын хооронд тохиролцоо байх ёстой. Үүнийг амлалттай адилтгаж болохгүй. Тохиролцоо нь шүүх дээр аль нэг талд албадан хүлээлгэх үүрэг үүсгэ
дэг.

Эндээс урган гарч буй “саналыг хэрхэн хүлээн авах вэ?” гэсэн асуултанд анхаарлаа хандуулъя. Энэ бол хууль зүйн чухал ойлголт мөн.
Үүнийг дараах бодит бус жишээгээр авч үзье. Зочилж буй вэб сайтад тань дараах үгс тааралдана:
“www.XYZ.com-д тавтай морил. Таныг манай сайтад зочилж байгаад бид баяртай байна. Энд зочилвол манай “XYZNews” сонингийн захиалагч болох ба 7 хоногийн 5$ бүхий цахим хувилбарыг танд илгээх болно. Бид танд сар бүр төлбөрийн нэхэмжлэх хуудас илгээх болно. Та захиалгаа хэдийд ч цуцалж болно”.
Энэ нь хүчин төгөлдөр гэрээ мөн үү? та ямар нэгэн сонин х
үлээж аваад төлбөр төлөх үүрэгтэй болж байна уу?

Энд гэрээний талаарх үзэл баримтлалын хоёр зүйл хамаатай байна.
1-р нийтлэг зарчим бол, санал гаргагч нь бусад этгээдэд хандахдаа илүү санаачлагатай байх юм. XYZ.com саналаа хялбар аргаар илэрхийлж байгаа бөгөөд саналыг хүлээж авах аргыг мөн хялбар болгосон байна.

Өөрөөр хэлбэл, XYZ.com нь Та захиалагч болохыг хүсвэл OK товчийг дарах буюу subscribe@xyz.com руу захиа бичих, 1-800-124-4567 руу залгаж нэр, хаягаа дуут шуудангаар үлдээж болно” гэж байгаа ба та XYZ.com-д хандсан ямар нэг тодорхой үйлдэл хийснээрээ саналыг хүлээн авсанд тооцогдох, төлбөр төлөх үүрэгтэй болж байна.

2-р нийтлэг зарчим буюу эхний зарчмын эсрэг өөр нэг нийтлэг зарчим бол дуугүй байх нь саналыг хүлээн авсанд тооцогдохгүй тухай юм. Санал гаргагч тал нь бусад этгээдийн эс үйлдэхүйг /дуугүй байдал/ гэрээ байгуулах саналыг зөвшөөрсний илрэл гэж үзэж болохгүй. Тэгэхээр дээрх жишээнд таныг тодорхой үйлдэл хийгээгүй байхад танд ирсэн цахим сонингийн төлбөрийг төлөхийг XYZ.com танаас албадаж эрхгүй.

Энд “гэрээ байгуулах санал гаргах дуудлага”, “гэрээ байгуулах санал”-ын ялгааг тодруулъя. Монгол Улсын Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.4-т “тодорхой бус этгээдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ. 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай, тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”.


Тэгэхээр XYZ.com нь тодорхойгүй үр дагавар бүхий өмнөх үгсийг дараах байдлаар өөрчилвөл гэрээ байгуулах санал бүрэн хэлбэржинэ.
“Та манай XYZNEWS сонинг бүтэн жилийн хугацаагаар захиалахыг хүсвэл ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ товч дээр даран үзэж ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ-ний нөхцлийг зөвшөөрсөн байх ёстой ба доорх талбарт нэр, и-мэйл хаягаа бичин ЗАХИАЛАХ товчийг дарна уу”


Ийм тохиолдолд та XYZ.com-той гэрээ байгуулав уу? энэ бол танд 7 хоног тутмийн сонин хүргэх санал бөгөөд ЗАХИАЛАХ товчийг дарснаар таныг саналыг хүлээн авсан гэж үзэх нөхцөл болно.
Угтаа санал гаргагч тал танд сонин хүргэж өгнө, та хариуд нь сар тутмын дугаарт 5$ төлөхөөр гэрээ байгуулагдсан хэрэг юм. Ийм гэрээг “clickwrap contract” буюу товчлуурт хэлцэл гэх бөгөөд гэрээний нөхцөл нь таалагдахгүй бол та ийм саналыг зүгээр л орхих хэрэгтэй болох нь.

Тиймээ, чухал асуулт бол “гэрээний нөхцөл” гэж юу вэ? 

Хэрэв ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ-ний нөхцлийг уншилгүйгээр ЗАХИАЛАХ товчийг дарсан бол яах вэ? Энэ гэрээгээр хориглосон ямар нэг зүйлийг хийвэл XYZ таныг гэрээгээ зөрчсөн гэж шаардлага хэрэгжүүлэх үү?
Монгол Улсын Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.3-т тодорхойлсноор, гэрээний гол нөхцөл бол гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл юм.

Иймд үйлдэл гүйцэтгэх ЗАХИАЛАХ товчийг дарах нь гэрээний нөхцлийг зөвшөөрч тэрхүү нөхцлөөр гэрээ байгууллаа гэсэн үг. Анхааралтай, хариуцлагатай байх хэрэгтэй байгаа биз? /Хэрэв тухайн гэрээний нөхцлийг чухалчилж байгаа бол тэрхүү нөхцлийг баримтжуулах-зураг болгон хадгалах, хэвлэхийг зөвлөж байна. Учир нь маргаан гарвал танд өөрийгөө хамгаалах нотолгоо болох зүйл хэрэгтэй.

Тухайн гэрээний нөхцөл нь хууль бус, зохисгүй биш л бол XYZ нь таны эсрэг шаардлага хэрэгжүүлэх эрхтэй. Гэхдээ гэрээгээр олж авсан зүйл буюу сонингийн мэдээллийг хуулбарлан хэрэглэх зэрэг нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор давхар зохицуулагдана.

Харин, бидний жишээн дэх “clickwrap contract”-д тавигдах хэлбэрийн шаардлага юу вэ? 
Монгол Улсын Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.1-д зааснаар, хэлцлийг /гэрээг/ хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. 

Тухайн гэрээ хуульд заасан хэлбэр, бичгэн хэлбэрийг хангасан эсэх дээр олон үзэл баримтлал бий. Ийм гэрээг бичгэн хэлбэртэй гэж үзэх эсэх, бичгэн хэлбэрт байх гарын үсгийг “clickwrap contract” яаж тодорхойлох вэ? Ийм гэрээ нь аман гэрээнд хамаарагдах уу? Гэрээний үнийн дүнгээс хамааран гэрээний хэлбэрийг тодорхойлох хэрэгтэй гэм мэт хандлага бий.

Ямартай ч, “clickwrap contract”-тай холбогдсон тухайн нэг тохиолдлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Тэрхүү шийдвэрийг интернэт дэх гэрээний нийтлэг зохицуулалт болгон авч үзэх эсэх нь одоогийн асуудал биш юм.


Read more...

2010-01-27

Интернэтийн эрх зүйн судалгааны тухайд

Л.Галбаатар

Миний мэдэж байгаагаар, интернэтийн эрх зүйг судлах хоёр хэлбэр байх шиг байна.

Эхнийх нь, эрх зүйн үндсэн салбаруудыг интернэтийн орчинд авч үзэх.
Тухайлбал, интернэт дэх нийтийн эрх зүй, хувийн эрх зүй- эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй /Олон улсын хувийн эрх зүй/, захиргааны эрх зүй, эдгээрийн процессийн эрх зүй-нотлох баримттай холбогдох ажиллагаа юм.

Дараагийнх нь интернэт дэх тусгай асуудлыг эрх зүйн салбаруудад авч үзэх хэлбэр. Тухайлбал, интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил нь зохиогчийн эрх эдлэх этгээдэд учруулсан хохирлын хэмжээнээс хамааран гэм хор, гэмт хэргийн аль нэгэн болох ба Оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгдөг, зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч торгодог зэргийг харгалзвал уг асуудал нь эрх зүйн бүх талын судалгааг хийх нөхцөл болж байна.

Энд дурдсан нэг хэлбэрээс нөгөөд шилжих, хослуулах нь судлаачийн эрмэлзлээс хамаарна л даа. Эрх зүйн туслалцаа үзүүлэгч, Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнх нь хүсэл зориг интернэтийн эрх зүйн туслалцааг тодорхойлох хандлагатай байна.

Интернэтийн эрх зүйн судалгаа улс орон бүрт өөр байгаа нь тэдний эрх зүйн тогтолцоотой холбоотой. Нөгөө талаар, интернэт хэрэглэгчдийнх нь эрх зүйн соёл зохих хэмжээгээр уг эрх зүйн хөгжлийг тодорхойлж байна.

Read more...

2010-01-23

Цахим сонингийн зарим зөрчил

Л.Галбаатар

Та өдөр тутмын аль нэг сонингийн цахим хаягаар зочилж мэдээлэл авч байсан биздээ? Аль ч сонины, ямар ч мэдээлэлд уншигчид сэтгэгдэл бичих боломжтой байдаг. Энэ боломжийн эрх зүйн үр дагавар юу болох талаар зарим сонины жишээн дээр ярих гэж байна. Миний сонгон авсан сонингууд бол, "Өнөөдөр", "Монцамэ", "Өдрийн сонин", "Нийгмийн толь", "Нийслэл таймс", "Улаанбаатар таймс" юм.

2010 оны 1 дүгээр сар 20-ны байдлаар "Өнөөдөр" сонины сэтгэгдэл бичих талбар ийм байна. Та харж байгаа байх, "Уншигчдийн оруулсан сэтгэгдлийн талаар манай вэб сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!" гэжээ.

Ийм анхааруулга уншигчийн бичих сэтгэгдлийг хэрхэн тодорхойлж байна вэ? Анхааруулгад дурдагдаагүй ч хэн нэгэн гүтгэх, доромжлох, заналхийлэх зэргээр бусдын эрх, эрх чөлөөнд халдах, садар самуун, хүчирхийллийг сурталчлах зэргээр хууль бус зүйлд уриалах ёсгүй. Энэ бол ёс суртахуун, нийтийн зан заншил, хуулийн хэм хэмжээ.

Тэгэхээр, хуулиар хориглоогүй, өөрөө хариуцлагыг нь хүлээх сэтгэгдлийг уншигч бичиж болох нь.

Бичсэн сэтгэгдэл хууль зөрчвөл яах вэ? Одоогоор ийм сэтгэгдлүүд мэдээ, мэдээллийн дор нэмэгдээд л байж байгаа, бүдүүлэг үг, хэллэг олшроод л. Үүнийг вэб сайтынхан зөнд нь орхиж байгаа нь түүнийг дэмжсэн, өөгшүүлсэнд тооцогдоно.

Нэг талаар, гүтгүүлж, доромжлуулж буй этгээд гомдол гаргах эрхээ хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Сонинг бүртгэсэн байгууллагад сонирхогч этгээд гомдол гаргах, сэтгэгдлийн хохирогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах нь хэцүү зүйл биш. Хамгийн амархан байх ёстой зүйл.

Тэгэхээр сонингууд минь ээ! Гомдол, нэхэмжлэлийн хариуцагчаар татагдах эрсдэл байна шүү. "Бид хамаагүй ээ, сэтгэгдэл бичигч этгээд хариуцагч нь юм биш үү?" гэж болох юм. Сэтгэгдэл бичигч этгээдийн мэдээллийг гарган өгч, хэн болохыг нь тодорхойлж чадвал сонин хариуцагч болохоос чөлөөлөгдөнө. Тэгж чадахгүй бол дангаараа хариуцагч болно. Энэ тохиолдолд, сонингийнхон сэтгэгдэл бичигчийн хэн болохыг илрүүлж чадсан үедээ хариуцагчаар татагдан хохирол барагдуулсан байдал, холбогдох үйл ажиллагааны зардал зэргээ сэтгэгдэл бичигчээс жич нэхэмжилж болно.


Бодит байдал дээр сэтгэгдэл бичигчийг хэн болохыг батлах нь хэцүү. Гэхдээ хэн нэгнийг хохироогоод орхиж болохгүй тул шүүхээс сонингийн вэб сайтынхныг хариуцагчаар татан хохирогчийн нэхэмжлэлийг хангана.


Иймд миний өгөх зөвлөгөө бол, "Өдрийн сонин", "Нийгмийн толь", "Нийслэл таймс", "Улаанбаатар таймс" сонингууд сэтгэгдэл бичих этгээдэд зориулсан анхааруулгын үг сэтгэгдлийн талбарт бий болгох, "Өнөөдөр" сонингийн хувьд анхааруулгын үгээ тодорхой болгон, сэтгэгдэлд тавих шаардлага болгох хэрэгтэй. Ийм анхааруулгийн үг /legal small print, remark/ нь сонингийн вэб сайтын хүлээх хариуцлагын хүнд хөнгөнийг тодорхойлдог юм.

Мөн дээрх сонингууд "Монцамэ"-гийн адил, сэтгэгдэл бичихийн тулд бүртгүүлдэг байх шаардлагыг хэрэгжүүлэх нь тохиромжтой. Ингэснээр уншигчиддаа хүндрэл учруулж байгаа мэт боловч уншигчийн дураараа бичих үйлдлийг хязгаарлана. Ийм бүртгэл нь уншигчийг сэтгэгдэл үлдээх эсэх, сэтгэгдэл үлдээхээр шийдсэн бол сэтгэгдэл нь ямар байх талаар зохистой шийдвэр гаргахад нөлөөлдөг юм.


Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх ба нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах эрхийн аль нэг нь нэгдүгээр эрэмбэд бичигдэхгүй. Мэдээллийн эрхээ эдлэхдээ бусдын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах, тийнхүү зөрчих нөхцөл бүрдүүлэхгүй байх ёстой. Нэр төрөө хамгаалах нь мэдээллийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Энэ бол эрх зүйн зарчим, хэрэг маргааны шийдвэрлэхэд баримтлах зүйл.

Read more...

2010-01-21

Интернэтийн эрх зүйн талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Л.Галбаатар

Интернэтийн эрх зүйн талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Интернэт дэх харилцааг бүхэлд нь авч үзсэн судалгаа ховор байдаг. Энэ нь интернэт гэдэг нэн төвөгтэй орчин болохтой холбоотой байх. Энэ удаа нэгэн судлаачийн BBC-гийн вэб сайтад бичсэн Интернэт дэх харилцааны талаарх тойм нийтлэлийг танд хүргэж байна.

Ихэнх хүн, онлайн зан үйлийг зохицуулах эрх зүй нь “тодорхой бус, ямар ч байсан хөгжиж байгаа зүйл” гэж алдаатай боддог. Энэ нь интернэт бол харьцангуй шинэ зүйл болохтой холбоотой. Интернэтийн эрх зүй нь онлайн орон зайг зохицуулдаг.

Та интернэтэд ямар нэгэн зүйлийг худалдан авах, бичих, татаж авах болгонд чухамдаа хэрэглэгч, зохиогчийн эрхийн харилцааны оролцогч болдог.


Онлайн эд юмсыг хэн эзэмшдэг вэ?

Интернэтийн талаарх нийтлэг төөрөгдлийн нэг бол, интернэт дэх бүх материал олон нийтэд үнэгүй, чөлөөтэй байдаг гэсэн бодол юм.

Бодит орон зайн адил аливаа зураг, өгүүлбэр, аудио, видео клип хэн нэгэнд хамаарагддаг бөгөөд хэрвээ та эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглах юм бол хууль зөрчиж байгаа хэрэг.

Ихэвчлэн онлайн хөгжим, видеонд мэдээллийн хэрэгслийн зохиогчийн эрхийг зөрчсөн байдаг. Гэхдээ та текст, зургуудыг чөлөөтэй хуулж болно гэж ойлгож болохгүй. Хэрвээ та Харри Поттерийн шинэ романыг онлайнаар тараагаад эхэлчихсэн, Харри Поттерийн sound track-г онлайнаар тавьчихсан бол өөртөө төвөг учруулна. Зохиогчийн эрх зөрчсөн материалыг сүүлд нь хэрэглэсэн этгээд ял, шийтгэл хүлээсэн гэж дуулдаагүй байна. Үүнийг шууд утгаар нь хүлээж авч болохгүй. Ийм этгээдүүд ихэвчлэн тухайн материалын зохиогчийн эрх зөрчигдсөнийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нь тогтоогдвол хариуцлагаас мултардаг юм. Ихэнх мэдээллийн компаниуд Morpheus, iMesh шиг файл түгээх /file sharing/ компаниудыг хурц шүүмжилдэг. Гэхдээ ийм технологи нь зохиогчийн эрхийн тэмдэглэгээг бичвэр /текст/ болон зурагт шигтгэдэг. Энэ нь видео, дуу хөгжимд илүү дэвшилттэй байдаг төдийгүй өөрчлөх боломжтой байдаг.


Хаа нэг газар зочлохдоо болгоомжтой бай

Үнэхээр, хүн бүхэн мэдлэгтэй байх эрхтэй ба өөрийн вэб сайтаараа бага хэмжээний мөнгө өгж болно. Гэхдээ мөнгө олохоор нийтэлсэн бүхэн хууль ёсны байна гэсэн үг биш. Вэб сайтын сонирхогчийн түвшний эрхлэгчид интернэтэд вэб сайтуудыг олноор нь үүсгэдэг бөгөөд түүн дэх материал нь худлаа юмуу хууль бус байдаг. Учир нь интернэтэд сайттай болох чөлөөтэй бөгөөд үүнийг хууль ёсны байдаг гэж үзэж болохгүй. Тухайлбал, хүүхдийн порнограф бол ямар ч тохиолдолд хууль бус, ба тийм зүйл танд байгаа бол түүнийг зарж болохгүй. Гэхдээ “үнэгүй өг” гэсэн үг биш шүү, ;-). Бас нэг зүйлийг сануулахад таны амьдарч буй улсад хууль ёсны байх зүйл вэб сайтын тань байрлаж буй улсад хууль бус байж болно. Та бас, ямар нэг зохимжгүй агуулгыг Интернэтийг хянах санд /Internet Watch Foundation/ мэдэгдэж болно.

Хэрэглэгчийн эрх зүй

Та өөрийгөө хэрэглэгч гэдгийг ойлгох ёстой ба “өргөн гудам”-д гарахдаа эрхээ мэддэг байгаарай. Та өөрийн зээлийн картаар болон бусад аргаар онлайн горимд юм худалдан авахын өмнө тухайн вэб сайтын баталгаатай байдал, нэр хүндийг шалгаарай. Таны статусын самбар дээр хэлцэл тань цоож, хамгаалалттай байгаа эсэхийг анхаараарай. Энэ бол чухал бөгөөд таны картыг ашиглан залилан мэхлэх зөрчил гаргахгүй байх ёстой. Ямар нэг сэжиг байгаа тохиолдолд зээлийн картын компани нь төлбөр төлөхөөс татгалзана.

Их Британы Засгийн газрын “хэрэглэгчийн сайт”-аас онлайн горим дахь эрхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


Гүтгэх үйлдэл ба Чат өрөөн дэх зан үйл /chat room behaviour/

Хуулийн этгээд, хувь хүнд хохирол учруулах мэдээ, мэдээлэл бүхий гүтгэсэн ямар нэгэн материалыг вэб сайтад агуулахгүй байлгах нь вэб мастерийн үүрэг юм. Энэ нь чат өрөө, мессэж самбарыг зохион байгуулж, ашиглаж байгаа хэн бүхэнд хамаатай.

Хэрэв таны бичсэн мессэжэнд хэн нэгний тухай гүтгэсэн өгүүлбэр байвал та хүн гүтгэсэн үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн зарим тохиолдолд мессэж самбарыг зохион байгуулсан этгээд нь хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ нь өөрөө хэн нэгнийг гүтгээгүй ч бусад этгээдэд гүтгэх орон зай бий болгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж байгаа хэрэг юм.

Бас таны найздаа илгээсэн хувийн мэйл өөр шинэ хаяг руу илгээгдэж /forward mail/, бусад хүн таны мэйлийг унших магадлалтай. Тэгэхээр, найздаа хандаж, мэйлээ бусад хүнд илгээж болохгүй талаар сануулах юмуу мэйлээ ямар хэлбэрээр илгээх вэ гэдгийг анхаараарай.

Файл түгээх /file sharing/

Зохиогчийн эрх бол үг, зураг, хөгжим бүтээгчдийг хуулиар хамгаалах хэлбэр юм. Энэ эрхээр бүтээлийнхээ ашиглалтанд хяналт тавьдаг. Зохиогчийн эрх эдлэх этгээд нь бүтээлийг ашиглах онцгой эрхээ бусад этгээдэд түрээслэх, зарах зэргээр бүрэн болон бүрэн бус, хэсэгчлэн шилжүүлэхийг зөвшөөрөх замаар бүтээлээ хэрхэн ашиглагдаж байгааг хянадаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн зохиогчийн эрх эдлэх этгээдийн зөвшөөрөлгүйгээр зохиогчийн эрхийн бүтээлийг хуулах, мэдэлдээ авах нь хууль бус юм.

Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл нь өргөн хүрээтэй бөгөөд үүнд ном, DVD, видео тоглоом, кино гэх мэт шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл, хөгжмийн урлагийн бүх төрлийн бүтээл, дуу авиа бүхийн дүрст бүтээл багтдаг.

Эдгээр бүх зүйлийг хууль бусаар хуулах нь интернэтэд маш амархан байдагт гол асуудал байгаа юм. Зохиогчийн эрхийн энэ асуудал дуу авиа, дүрст бүтээлд маш их байдаг, ялангуяа хөгжмийн бүтээлийг хуулахтай холбоотой яригддаг. Онлайн хөгжмийг түгээх үйлчилгээ болон түүн шиг бусад програм хангамж нь хөгжмийн бүтээлийг хуулах, солилцох явдлыг амархан болгодог.

Их Британид /бас Монгол Улсад/ зөвшөөрөлгүйгээр хөгжмийн бүтээлийг хуулах, дамжуулах, CD-нээс track хуулах нь хууль бус, таны эзэмшиж байгаа дижитал хөгжим тоглуулагч /MP3 player/ бол зохиогчийн эрхийн зөрчил юм.


Интернэт дэх нийтлэл

Хэрэв та өөрийн вэб хуудас, блогийг үүсгэж, ажиллуулж байгаа бол юу нийтлэх ёстойг анхааралдаа аваарай. Интернэтэд таны нийтэлсэн ямар ч үгс, зурагнуудад бодит орон зай дахь сэтгүүл, сонинтой адил эрх зүйн акт үйлчилнэ. Бичвэрийг хуулж зөвшөөрөлгүйгээр өөрийн вэб сайтад тавих нь хууль бус юм. Өөр хүний бичвэрийн холбоосыг хийх нь хууль бус байж болно. Энэ нь ямар зорилгоор, ямар хэлбэрээр линк хийснээс хамаарна. Вэб сайт зурагтай байвал сайхан харагдах нь тодорхой. Интернэтэд зургийг хулганаараа дараад л татаж авч, өөртөө ашиглаж болно. Энэ бол амархан. Гэхдээ энэ нь тухайн зургийг та эзэмших эрхтэй боллоо гэсэн үг биш. Ямар нэгэн зураг, бичвэрийг өөр сайтаас зохиогчийн зөвшөөрөл авалгүйгээр хуулах нь зөрчилд тооцогддог юм.


Товчоор хэлбэл, интернэтэд бүх л харилцаа өрнөж байна. Эдгээр харилцаа бодит орон зай дахь харилцаатай адил тул таны мэдэх эрх зүй интернэтэд бас үйлчилнэ. Таны эрх зүйн соёл интернэтэд бас хамаатай. Хууль мэдээгүй гэдэг шалтгаанаар хариуцлагаас мултрах боломж байдаггүй. Гэхдээ интернэтэд үйлчлэх хэм хэмжээ тийм ч төвөгтэй биш. Та бусдын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж болохгүй. Бусдын зохиогчийн эрхийг хүндэтгэ. Ингээд л боллоо. Интернэтэд ч бас өөрийн болон бусдын хувийн орон зайг хүндэтгэж хандаарай.

www.BBC.co.uk/webwise/askbruce/articles/cool/law_1.shtml

Read more...

2010-01-16

Гүүгл Хятадын Засгийн газрыг сүрдүүлнэ гэж үү?

Л.Галбаатар
Энэ мягмар гаригт Гүүгл компанийн Хятад дахь салбар мэдэгдэл хийсэн байна. Үүндээ: "компьтерийн систем дэх хакеруудын дайралт, вэб дэх үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах зэрэг Хятадын интернэт хяналт нь тухайн улс дахь үйл ажиллагаагаа бүхэлд нь зогсооход хүргэж байна" гэжээ. Хэрэв энэ мэдэгдэл биелэлээ олвол, энэ нь вэб хэрэглэгч Хятадын 300 сая иргэнд үйлчилж буй томоохон, технологийн дэвшилттэй компаниудад Хятадын өгөх онцгой сануулгын нэг болох нээ.

Гүүгл 2006 онд Хятадад хүрэлцэн ирснээсээ хойш Хятадын Засгийн газраас хориглосон сэдвүүдийг хайлтын үр дүнд гаргах болж, иргэдийнх нь онлайнаар унших сэдвийн хязгаарлалтыг чөлөөлж "гал дээр тос нэмсэн" юм.

"Хятадын Засгийн газрын үйл ажиллагааг gmail-н хэрэглэгч бүхий хятадын хүний эрхийн идэвхтнүүд рүү чиглэсэн кибер довтолгоо юмуу түүний нэг хэсэг гэж сэжиглэх болсон билээ. Тэдгээр дайралт өнгөрсөн 7 хоногт "газар авч", түүнд томоохон 34 компани өртсөн байна.

Ийм дайралтууд нь сайтар боловсруулагдсан байдаг бөгөөд, корпорацийн чухал мэдээллийн сан, програм хангамжийн эх кодыг олж авсан байх магадлалтай. Бид өөрсөддөө хохирол учруулах ийм зүйл хийхгүй гэж Гүүгл мэдэгдлээ.

Хятадын өргөн зах зээлд үндэстэн дамнасан томоохон компаниуд өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа нь тодорхой. Үүнд Хятадын эрх баригчид дургуйцэж байгаа, интернэтийг хатуу хянадаг гэдгээ үгүйсгэдэг юм. Мөн гадаад улсын компаниудын практикт Хятадын хэм хэмжээг уялдуулдаг гэж ярьдаг билээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэлдээ: "Бид Гүүглээс мэдэгдлийнх нь талаар товч мэдээлэл авсан. Энэ нь сэтгэл зовоосон, маш ноцтой асуудлыг бий болгож байна. Бид Хятадын засгийн газрын тайлбарыг хүлээж байна. Орчин үеийн нийгэм, эдийн засгийн гол хүчин зүйл бол цахим орон зайн аюулгүй байдал юм, ... энэ асуудлаар өрнөж буй үйл явдлууд нааштайгаар шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна" гэлээ.

Гүүгл мэдэгдэхдээ: google.cn хайлтын сайтад хатуу хяналт тавихгүй байлгахын тулд бид хэлэлцээрт оролцохыг хүсч байна. хэрэв ийм хэлэлцээр болохгүй бол, google.cn-н ажиллагааг зогсоох бөгөөд Хятад дахь манай салбар хаагдах болно. Ингэхэд, програм хангамжийн инженер давамгайлсан 700 ажилтны амьдралд хүндрэл учрах нь тодорхой. Гэхдээ бидэнд өөр зам байхгүй".

Хятадын хайлтын 1/3-г л Гүүгл удирддаг юм. Харин Хятад дахь хайлтын системийн тэргүүлэгч Baidu компани нь Хятадын засгийн газраас удирддаг компани юм.

"Бид google.cn -г хуулийн хүрээнд, хатуу хяналтаас ангид ажиллуулахаар Хятадын засгийн газартай тохиролцохыг хүсч байна." гэж хууль зүйн албаны дарга нь болох David Drummond хэллээ.

Нью-Йорк дахь Хятадын Консулын газрын төлөөлөгч Wenqi Gao: "google.cn-д ямар нэг асуудал байгаа гэж бодохгүй байна. Манай улс гадны компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг гэдгийг би баталж байна" хэмээн The New York Times –д утсаар өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Хятадад "Тяньмений талбайд үй олноор хөнөөсөн хэрэг", "Далай лам" гэсэн утгаар хайлт хийхэд илэрц байдаггүй билээ. Сүүлийн сард Хятадын засгийн газар Youtube, видео байрлуулах Гүүглийн үйлчилгээг хаасан юм.

"Хувийн орон зай дахь Олон улс дамнасан дайралт бол жихүүцэм бөгөөд Гүүглийн мэдэгдэл үүний маш том жишээ боллоо" гэж Human Rights Watch-н хүний эрхийн хөтөлбөрийн захирал Arvind Ganesan хэллээ.

"Энэ цагт өрнөж буй үйл явдал нь Засгийн газрууд, компаниуд хүний эрхийн баталгааны бодлогыг хөгжүүлэх хэрэгтэйг сануулж байна, ... дээрх үйл явдлыг хэн нэгэн мушгин тайлбарлах ёсгүй" гэж Харвардын "Интернэт ба нийгэм" төв дэх хууль зүйн эрдэмтэн Jonathan Zittrain мэдэгдлээ.

"Сүүлийн хэдэн сар Гүүгл элдэв дайралтыг тэсч байгаа бөгөөд тэдний үйл ажиллагаа Хятад дахь хэрэглэгчдийнх нь аюулгүй байдлыг эрсдэлтэй болгож байна. Хятадын ихэнх тэрслүү үзэлтнүүд буюу хүний эрхийн идэвхтнүүд gmail-г хэрэглэдэг бөгөөд тэдэнд өөр найдвартай, Хятадын засгийн газарт үйлчилдэггүй мэйлийн үйлчилгээ алга. Хятадын ижил төстэй компаниуд үйл ажиллагаагаа зогсоодоггүй л юм бол Гүүглийн энэ мэдэгдэл тэдэнд эдийн засгийн ашиг авчрахгүй" гэж "Нээлттэй нийгэмлэг" хүрээлэнгийн гишүүн, Хятадын интернэтийн асуудлаарх шинжээч Rebecca Mackinnun хэллээ.

/эх сурвалж: The New York Times- Google, Citing Attack, Threatens to Exit China. by Andrew Jacobs, Miguel Helft and John Markoff/

Жич: Өнөөдөр буюу 2010-1-15-нд 25-р суваг ТВ-ийн мэдээгээр “Гүүгл үйл ажиллагаагаа зогсооно гэж Хятадын засгийн газрыг сүрдүүллээ” гэж байна лээ. Ингэж нэг талыг барьсан, үндэслэлгүй, хөнгөмсөг мэдээлэл цацаж болохгүй ээ, “найзаа”.

Read more...