Search This Blog

2010-01-21

Интернэтийн эрх зүйн талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Л.Галбаатар

Интернэтийн эрх зүйн талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Интернэт дэх харилцааг бүхэлд нь авч үзсэн судалгаа ховор байдаг. Энэ нь интернэт гэдэг нэн төвөгтэй орчин болохтой холбоотой байх. Энэ удаа нэгэн судлаачийн BBC-гийн вэб сайтад бичсэн Интернэт дэх харилцааны талаарх тойм нийтлэлийг танд хүргэж байна.

Ихэнх хүн, онлайн зан үйлийг зохицуулах эрх зүй нь “тодорхой бус, ямар ч байсан хөгжиж байгаа зүйл” гэж алдаатай боддог. Энэ нь интернэт бол харьцангуй шинэ зүйл болохтой холбоотой. Интернэтийн эрх зүй нь онлайн орон зайг зохицуулдаг.

Та интернэтэд ямар нэгэн зүйлийг худалдан авах, бичих, татаж авах болгонд чухамдаа хэрэглэгч, зохиогчийн эрхийн харилцааны оролцогч болдог.


Онлайн эд юмсыг хэн эзэмшдэг вэ?

Интернэтийн талаарх нийтлэг төөрөгдлийн нэг бол, интернэт дэх бүх материал олон нийтэд үнэгүй, чөлөөтэй байдаг гэсэн бодол юм.

Бодит орон зайн адил аливаа зураг, өгүүлбэр, аудио, видео клип хэн нэгэнд хамаарагддаг бөгөөд хэрвээ та эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглах юм бол хууль зөрчиж байгаа хэрэг.

Ихэвчлэн онлайн хөгжим, видеонд мэдээллийн хэрэгслийн зохиогчийн эрхийг зөрчсөн байдаг. Гэхдээ та текст, зургуудыг чөлөөтэй хуулж болно гэж ойлгож болохгүй. Хэрвээ та Харри Поттерийн шинэ романыг онлайнаар тараагаад эхэлчихсэн, Харри Поттерийн sound track-г онлайнаар тавьчихсан бол өөртөө төвөг учруулна. Зохиогчийн эрх зөрчсөн материалыг сүүлд нь хэрэглэсэн этгээд ял, шийтгэл хүлээсэн гэж дуулдаагүй байна. Үүнийг шууд утгаар нь хүлээж авч болохгүй. Ийм этгээдүүд ихэвчлэн тухайн материалын зохиогчийн эрх зөрчигдсөнийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нь тогтоогдвол хариуцлагаас мултардаг юм. Ихэнх мэдээллийн компаниуд Morpheus, iMesh шиг файл түгээх /file sharing/ компаниудыг хурц шүүмжилдэг. Гэхдээ ийм технологи нь зохиогчийн эрхийн тэмдэглэгээг бичвэр /текст/ болон зурагт шигтгэдэг. Энэ нь видео, дуу хөгжимд илүү дэвшилттэй байдаг төдийгүй өөрчлөх боломжтой байдаг.


Хаа нэг газар зочлохдоо болгоомжтой бай

Үнэхээр, хүн бүхэн мэдлэгтэй байх эрхтэй ба өөрийн вэб сайтаараа бага хэмжээний мөнгө өгж болно. Гэхдээ мөнгө олохоор нийтэлсэн бүхэн хууль ёсны байна гэсэн үг биш. Вэб сайтын сонирхогчийн түвшний эрхлэгчид интернэтэд вэб сайтуудыг олноор нь үүсгэдэг бөгөөд түүн дэх материал нь худлаа юмуу хууль бус байдаг. Учир нь интернэтэд сайттай болох чөлөөтэй бөгөөд үүнийг хууль ёсны байдаг гэж үзэж болохгүй. Тухайлбал, хүүхдийн порнограф бол ямар ч тохиолдолд хууль бус, ба тийм зүйл танд байгаа бол түүнийг зарж болохгүй. Гэхдээ “үнэгүй өг” гэсэн үг биш шүү, ;-). Бас нэг зүйлийг сануулахад таны амьдарч буй улсад хууль ёсны байх зүйл вэб сайтын тань байрлаж буй улсад хууль бус байж болно. Та бас, ямар нэг зохимжгүй агуулгыг Интернэтийг хянах санд /Internet Watch Foundation/ мэдэгдэж болно.

Хэрэглэгчийн эрх зүй

Та өөрийгөө хэрэглэгч гэдгийг ойлгох ёстой ба “өргөн гудам”-д гарахдаа эрхээ мэддэг байгаарай. Та өөрийн зээлийн картаар болон бусад аргаар онлайн горимд юм худалдан авахын өмнө тухайн вэб сайтын баталгаатай байдал, нэр хүндийг шалгаарай. Таны статусын самбар дээр хэлцэл тань цоож, хамгаалалттай байгаа эсэхийг анхаараарай. Энэ бол чухал бөгөөд таны картыг ашиглан залилан мэхлэх зөрчил гаргахгүй байх ёстой. Ямар нэг сэжиг байгаа тохиолдолд зээлийн картын компани нь төлбөр төлөхөөс татгалзана.

Их Британы Засгийн газрын “хэрэглэгчийн сайт”-аас онлайн горим дахь эрхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


Гүтгэх үйлдэл ба Чат өрөөн дэх зан үйл /chat room behaviour/

Хуулийн этгээд, хувь хүнд хохирол учруулах мэдээ, мэдээлэл бүхий гүтгэсэн ямар нэгэн материалыг вэб сайтад агуулахгүй байлгах нь вэб мастерийн үүрэг юм. Энэ нь чат өрөө, мессэж самбарыг зохион байгуулж, ашиглаж байгаа хэн бүхэнд хамаатай.

Хэрэв таны бичсэн мессэжэнд хэн нэгний тухай гүтгэсэн өгүүлбэр байвал та хүн гүтгэсэн үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн зарим тохиолдолд мессэж самбарыг зохион байгуулсан этгээд нь хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ нь өөрөө хэн нэгнийг гүтгээгүй ч бусад этгээдэд гүтгэх орон зай бий болгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж байгаа хэрэг юм.

Бас таны найздаа илгээсэн хувийн мэйл өөр шинэ хаяг руу илгээгдэж /forward mail/, бусад хүн таны мэйлийг унших магадлалтай. Тэгэхээр, найздаа хандаж, мэйлээ бусад хүнд илгээж болохгүй талаар сануулах юмуу мэйлээ ямар хэлбэрээр илгээх вэ гэдгийг анхаараарай.

Файл түгээх /file sharing/

Зохиогчийн эрх бол үг, зураг, хөгжим бүтээгчдийг хуулиар хамгаалах хэлбэр юм. Энэ эрхээр бүтээлийнхээ ашиглалтанд хяналт тавьдаг. Зохиогчийн эрх эдлэх этгээд нь бүтээлийг ашиглах онцгой эрхээ бусад этгээдэд түрээслэх, зарах зэргээр бүрэн болон бүрэн бус, хэсэгчлэн шилжүүлэхийг зөвшөөрөх замаар бүтээлээ хэрхэн ашиглагдаж байгааг хянадаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн зохиогчийн эрх эдлэх этгээдийн зөвшөөрөлгүйгээр зохиогчийн эрхийн бүтээлийг хуулах, мэдэлдээ авах нь хууль бус юм.

Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл нь өргөн хүрээтэй бөгөөд үүнд ном, DVD, видео тоглоом, кино гэх мэт шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл, хөгжмийн урлагийн бүх төрлийн бүтээл, дуу авиа бүхийн дүрст бүтээл багтдаг.

Эдгээр бүх зүйлийг хууль бусаар хуулах нь интернэтэд маш амархан байдагт гол асуудал байгаа юм. Зохиогчийн эрхийн энэ асуудал дуу авиа, дүрст бүтээлд маш их байдаг, ялангуяа хөгжмийн бүтээлийг хуулахтай холбоотой яригддаг. Онлайн хөгжмийг түгээх үйлчилгээ болон түүн шиг бусад програм хангамж нь хөгжмийн бүтээлийг хуулах, солилцох явдлыг амархан болгодог.

Их Британид /бас Монгол Улсад/ зөвшөөрөлгүйгээр хөгжмийн бүтээлийг хуулах, дамжуулах, CD-нээс track хуулах нь хууль бус, таны эзэмшиж байгаа дижитал хөгжим тоглуулагч /MP3 player/ бол зохиогчийн эрхийн зөрчил юм.


Интернэт дэх нийтлэл

Хэрэв та өөрийн вэб хуудас, блогийг үүсгэж, ажиллуулж байгаа бол юу нийтлэх ёстойг анхааралдаа аваарай. Интернэтэд таны нийтэлсэн ямар ч үгс, зурагнуудад бодит орон зай дахь сэтгүүл, сонинтой адил эрх зүйн акт үйлчилнэ. Бичвэрийг хуулж зөвшөөрөлгүйгээр өөрийн вэб сайтад тавих нь хууль бус юм. Өөр хүний бичвэрийн холбоосыг хийх нь хууль бус байж болно. Энэ нь ямар зорилгоор, ямар хэлбэрээр линк хийснээс хамаарна. Вэб сайт зурагтай байвал сайхан харагдах нь тодорхой. Интернэтэд зургийг хулганаараа дараад л татаж авч, өөртөө ашиглаж болно. Энэ бол амархан. Гэхдээ энэ нь тухайн зургийг та эзэмших эрхтэй боллоо гэсэн үг биш. Ямар нэгэн зураг, бичвэрийг өөр сайтаас зохиогчийн зөвшөөрөл авалгүйгээр хуулах нь зөрчилд тооцогддог юм.


Товчоор хэлбэл, интернэтэд бүх л харилцаа өрнөж байна. Эдгээр харилцаа бодит орон зай дахь харилцаатай адил тул таны мэдэх эрх зүй интернэтэд бас үйлчилнэ. Таны эрх зүйн соёл интернэтэд бас хамаатай. Хууль мэдээгүй гэдэг шалтгаанаар хариуцлагаас мултрах боломж байдаггүй. Гэхдээ интернэтэд үйлчлэх хэм хэмжээ тийм ч төвөгтэй биш. Та бусдын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж болохгүй. Бусдын зохиогчийн эрхийг хүндэтгэ. Ингээд л боллоо. Интернэтэд ч бас өөрийн болон бусдын хувийн орон зайг хүндэтгэж хандаарай.

www.BBC.co.uk/webwise/askbruce/articles/cool/law_1.shtml

No comments: