Л.Галбаатар
Та өдөр тутмын аль нэг сонингийн цахим хаягаар зочилж мэдээлэл авч байсан биздээ? Аль ч сонины, ямар ч мэдээлэлд уншигчид сэтгэгдэл бичих боломжтой байдаг. Энэ боломжийн эрх зүйн үр дагавар юу болох талаар зарим сонины жишээн дээр ярих гэж байна. Миний сонгон авсан сонингууд бол, "Өнөөдөр", "Монцамэ", "Өдрийн сонин", "Нийгмийн толь", "Нийслэл таймс", "Улаанбаатар таймс" юм.
2010 оны 1 дүгээр сар 20-ны байдлаар "Өнөөдөр" сонины сэтгэгдэл бичих талбар ийм байна. Та харж байгаа байх, "Уншигчдийн оруулсан сэтгэгдлийн талаар манай вэб сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!" гэжээ.
Ийм анхааруулга уншигчийн бичих сэтгэгдлийг хэрхэн тодорхойлж байна вэ? Анхааруулгад дурдагдаагүй ч хэн нэгэн гүтгэх, доромжлох, заналхийлэх зэргээр бусдын эрх, эрх чөлөөнд халдах, садар самуун, хүчирхийллийг сурталчлах зэргээр хууль бус зүйлд уриалах ёсгүй. Энэ бол ёс суртахуун, нийтийн зан заншил, хуулийн хэм хэмжээ.
Тэгэхээр, хуулиар хориглоогүй, өөрөө хариуцлагыг нь хүлээх сэтгэгдлийг уншигч бичиж болох нь.
Бичсэн сэтгэгдэл хууль зөрчвөл яах вэ? Одоогоор ийм сэтгэгдлүүд мэдээ, мэдээллийн дор нэмэгдээд л байж байгаа, бүдүүлэг үг, хэллэг олшроод л. Үүнийг вэб сайтынхан зөнд нь орхиж байгаа нь түүнийг дэмжсэн, өөгшүүлсэнд тооцогдоно.
Нэг талаар, гүтгүүлж, доромжлуулж буй этгээд гомдол гаргах эрхээ хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Сонинг бүртгэсэн байгууллагад сонирхогч этгээд гомдол гаргах, сэтгэгдлийн хохирогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах нь хэцүү зүйл биш. Хамгийн амархан байх ёстой зүйл.
Тэгэхээр сонингууд минь ээ! Гомдол, нэхэмжлэлийн хариуцагчаар татагдах эрсдэл байна шүү. "Бид хамаагүй ээ, сэтгэгдэл бичигч этгээд хариуцагч нь юм биш үү?" гэж болох юм. Сэтгэгдэл бичигч этгээдийн мэдээллийг гарган өгч, хэн болохыг нь тодорхойлж чадвал сонин хариуцагч болохоос чөлөөлөгдөнө. Тэгж чадахгүй бол дангаараа хариуцагч болно. Энэ тохиолдолд, сонингийнхон сэтгэгдэл бичигчийн хэн болохыг илрүүлж чадсан үедээ хариуцагчаар татагдан хохирол барагдуулсан байдал, холбогдох үйл ажиллагааны зардал зэргээ сэтгэгдэл бичигчээс жич нэхэмжилж болно.
Бодит байдал дээр сэтгэгдэл бичигчийг хэн болохыг батлах нь хэцүү. Гэхдээ хэн нэгнийг хохироогоод орхиж болохгүй тул шүүхээс сонингийн вэб сайтынхныг хариуцагчаар татан хохирогчийн нэхэмжлэлийг хангана.
Иймд миний өгөх зөвлөгөө бол, "Өдрийн сонин", "Нийгмийн толь", "Нийслэл таймс", "Улаанбаатар таймс" сонингууд сэтгэгдэл бичих этгээдэд зориулсан анхааруулгын үг сэтгэгдлийн талбарт бий болгох, "Өнөөдөр" сонингийн хувьд анхааруулгын үгээ тодорхой болгон, сэтгэгдэлд тавих шаардлага болгох хэрэгтэй. Ийм анхааруулгийн үг /legal small print, remark/ нь сонингийн вэб сайтын хүлээх хариуцлагын хүнд хөнгөнийг тодорхойлдог юм.
Мөн дээрх сонингууд "Монцамэ"-гийн адил, сэтгэгдэл бичихийн тулд бүртгүүлдэг байх шаардлагыг хэрэгжүүлэх нь тохиромжтой. Ингэснээр уншигчиддаа хүндрэл учруулж байгаа мэт боловч уншигчийн дураараа бичих үйлдлийг хязгаарлана. Ийм бүртгэл нь уншигчийг сэтгэгдэл үлдээх эсэх, сэтгэгдэл үлдээхээр шийдсэн бол сэтгэгдэл нь ямар байх талаар зохистой шийдвэр гаргахад нөлөөлдөг юм.
Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх ба нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах эрхийн аль нэг нь нэгдүгээр эрэмбэд бичигдэхгүй. Мэдээллийн эрхээ эдлэхдээ бусдын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдах, тийнхүү зөрчих нөхцөл бүрдүүлэхгүй байх ёстой. Нэр төрөө хамгаалах нь мэдээллийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Энэ бол эрх зүйн зарчим, хэрэг маргааны шийдвэрлэхэд баримтлах зүйл.
No comments:
Post a Comment