Search This Blog

Showing posts with label contract law in cyberspace. Show all posts
Showing posts with label contract law in cyberspace. Show all posts

2011-06-11

Цахим шуудангийн санамж (Email disclaimers)


Бэлтгэсэн Л.Галбаатар
Цахим шуудангийн санамж буюу “Email disclaimers” гэдэгт юуг ойлгох вэ?
Цахим шуудангийн санамж (цаашид “санамж” гэнэ) гэдэг нь цахим шууданд хавсаргасан мэдэгдэл юм. Энэхүү мэдэгдэл нь ихэвчлэн хууль зүйн төдийгүй маркетингийн зорилгоор ашиглагддаг. Мөн санамж нь вэб хуудаст ашиглагддаг. Гэхдээ энэ бичлэгт зөвхөн цахим шууданд холбогдох хэсгийг авч үзье.
Яагаад танд санамж хэрэгтэй вэ?
Цахим шууданг санамжтай байлгах эсэхийг шийдэхэд туслах хэдэн шалтгаан бий. Эдгээр нь хууль зүйн, маркетингийн гэх үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Энэ бичлэгт зөвхөн хууль зүйн шалтгааныг нь авч үзье.
Хууль зүйн шалтгаан
Санамж нь таныг цахим шуудангийн агуулгаас болж хариуцагчаар татагдан бүтэлгүйтэх, улмаар шүүхийн өмнө хариуцлага хүлээхээс хамгаалах эсэх тодорхойгүй санагдаж болох юм. Гэхдээ энэ нь таны холбогдсон хэрэгт хариуцлагаас чөлөөлөгдөхөд тань зайлшгүй туслана.
Тодруулбал, санамж нь цахим шуудантай холбоотойгоор танай байгууллагын эсрэг олон хүн нөхөн төлбөр шаардаж шүүхэд зарга мэдүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлнэ.
Тиймээс ямагт санамж ашиглахыг зөвлөж байна. Санамж нь дор дурдаж буй хууль зүйн эрсдлээс таныг хамгаалж чадна. Үүнд:
  • Нууцлал алдагдах: Та санамжийн хэсэгт цахим шуудангийн агуулга нь нууц болохыг анхааруулах замаар хүлээн авагч нууц мэдээллийг задруулахаас байгууллагаа хамгаалж чадна. Хэрэв хүлээн авагч энэхүү нууцлалыг зөрчвөл тэрээр хариуцлага хүлээнэ.
  • Нууцлал санамсаргүйгээр алдагдах: Хэрэв ажилтан нууц цахим шууданг хэн нэгнээс хүлээн аваад санамсаргүйгээр буруу хүн рүү дамжуулан илгээвэл ажилтан төдийгүй байгууллага нь хариуцлага хүлээнэ. Ийм зүйл их тохиолддог. Жишээ нь буруу хаяглагдсан цахим шуудан постмастер-т илгээгдэж болох бөгөөд түүнд цахим шууданг унших эрх олгогдоогүй. Түүнчлэн, цахим шуудан амархан саатуулагддаг. Энэ тохиолдолд цахим шуудангийн тань төгсгөлд тухайн зурвас нь зөвхөн тухайлсан хүлээн авагчид зориулсан тухай мэдэгдэл оруулсан бөгөөд хэн нэгэн уг цахим шууданг эндүүрч хүлээн авсан бол тухайн этгээд нууцлалыг хангах ёстой ба ингэснээр та хамгаалагдана.
  • Вирус халдаах: Ажилтан вирус агуулсан цахим шууданг илгээх буюу дамжуулан илгээвэл үүнд танай байгууллага хариуцагчаар татагдана. Цахим шуудангаар дамжин вирус нэвтрэх, үлдэх явдалд саад болдог вирусын сайн илрүүлэгчийг байгууллага ажиллуулахаас гадна та бас санамждаа тус цахим шуудан нь вирус агуулсан байж болохыг анхааруулснаар хүлээн авагч нь вирусыг шалгаж, устгах явдлыг хариуцдаг.
  • Гэрээ байгуулах: Бичгэн харилцаа, тэр дундаа цахим шуудан нь хувь хүмүүсийн бодит, илэрхий үйлдлийн дагуу хууль зүйн гэрээ болж ашиглагддаг. Хэрэв тухайн ажилтан цахим шуудангаар гэрээ байгуулахыг хүсэхгүй бол санамжид аливаа гэрээ нь тухайн ажилтны удирдлагын зүгээс баталгаажсаны үндсэн дээр дагаж мөрдөгдөнө гэх утгыг тусгах хэрэгтэй.
  • Хайхрамжгүйгээр ташаа мэдээллэх: Хуулиар, тухайн этгээд нь гуравдагч этгээдэд бодит, тохиромжтой зөвлөгөө өгөх үүрэгтэй. Хэрэв ажилтан цахим шуудангаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг бол байгууллага тухайн зөвлөгөөний үр нөлөөг зөвлөгөө авагч, гуравдагч этгээдийн өмнө хариуцдаг. Зохистой санамж нь тухайн байгууллагыг хариуцлага хүлээх эрсдлээс хамгаална.
  • Ажилтны хариуцлага: Гэхдээ байгууллага нь эцсийн дүнд ажилтныхаа үйлдэл, эс үйлдэхүй, тэр дундаа илгээж буй аливаа цахим шуудангийн агуулгыг хариуцах бөгөөд санамж нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл юм. Харин байгууллага нь ажилтанд гүтгэлэг, доромжлол бүхий, бусдад гэм хор учруулсан бусад зохисгүй мэдэгдэл хийхгүй байх тухай тодорхой зааврыг танилцуулсан бөгөөд ажилтан тус дүрмийг зөрчсөн бол байгууллага ба ажилтны хувийн хариуцлага ялгамжтай байна. Энэ талаар байгууллага нотлох ёстой бөгөөд цахим шуудангийн санамжийг баримтлах, “цахим шуудангийн журам”-ыг хэрэгжүүлэх талаар ажилтанд тодорхой, хоёрдмол утгагүйгээр анхааруулж цахим шууданг зүй бусаар ашиглахгүй байхтай холбогдсон арга хэмжээ авсан байх ёстой юм.

Эцэст нь хэлэхэд, санамж нь хууль ёсны зорилгод үйлчлэх хэрэгсэл бөгөөд гүтгэлэг, доромжлол, бусдад гэм хор учруулсан агуулга илгээгч этгээдийг хамгаалахгүй. Ихэнх санамж нь ажилтан зөрчил гаргахаас сэргийлж байгууллагын зүгээс хийсэн бүх мэдээлэл бөгөөд холбогдох нөхцөл байдалд байгууллагын хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх явдалд үйлчилдэг.
 2010-06-25
Эх сурвалж: http://www.emaildisclaimers.com/


Read more...

2010-07-30

Өдрийн мэдээ ба зохиогчийн эрх

Өдрийн мэдээ зохиогчийн эрхээр хамгаалагдах уу?

Л. Галбаатар

Мэдээллийн томоохон компаниуд болох Гүүгэл, Нью-Йорк Таймс хоорондоо найзууд байсан гэнэ. Түүнийг нь мэдэж амжаагүй байтал тэд нэгнийхээ эсрэг тал болжээ. Уг үйл явдал “шинэ мэдээ”-ний эрх зүйн асуудалтай холбоотой юм байна. Энэ талаар ярилцая.

            2010 оны 3 дугаар сард Barclay’s Capital v. TheFlyOnTheWall.com”-ын эрх зүйн маргааныг АНУ-ын Тойргийн шүүхийн шүүгч Denise Cote шүүж, шийдвэрлэхдээ мэдээг нийтлэгдсэнээс нь хойш 4 цагийн дараа дахин нийтлэх, нийтэд хүргэхийг TheFlyOnTheWall.com болон түүнтэй төстэй үйл ажиллагаа бүхий бусад байгууллагад хориглосон байна.

TheFlyOnTheWall.com уг шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

Дээр дурдсан Fly вэб сайт бол Barclay’s Capital компанийн боловсруулсан банк, брокерийн үйл ажиллагаанд холбогдох мэдээлэл, дүн шинжилгээг вэб сайтдаа зөвшөөрөлгүйгээр байршуулсан тул 2006 оны 6 дугаар сараас шүүхэд хэргийн оролцогчоор татагдсан юм. Тус вэб сайт 2010 оны 3 дугаар сард гарсан шүүхийн шийдвэрийн “мэдээлэл, дүн шинжилгээ бүхий нийтлэлийн зохиогчийн эрхийг зөрчсөн” гэснийг хүлээн зөвшөөрч байгаа ч,  “шинэ мэдээг хууль бусаар эзэмшсэн” гэх хэсгийг нь эсэргүүцэж байгаа аж.

2010 оны 6 дугаар сарын 21-нд дээрх гомдлын хариу тайлбарыг хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд Barclay’s Capital компанитай хамтран гаргажээ.

АНУ, Канад улсын 2000 гаруй өдөр тутмын сонины гишүүнчлэл бүхий Америкийн сонины холбоо /Newspaper Association of America/, 1.4 сая захиалагчтай The New York Times сонин болон NYTimes.com, About.com зэрэг 50 гаруй вэб сайтыг эрхлэгч The New York Times компани, The Washington Post сонин, вэб сайтын WP зэрэг компанийн хамтран гаргасан хариу тайлбарт “шинэ мэдээг хууль бусаар эзэмшсэн” гэх үндэслэлээ дахин дэмжсэн байна.

Энэ нь Гүүгэл, Твиттер компанийн зүгээс The New York Times тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эсэргүүцэх болсон шалтгаан юм. Тэдний  байр суурийг авч үзье.

“Шинэ мэдээ”-ний талаар шийдвэрлэсэн хэрэг АНУ-ын эрх зүйн түүхэнд хэд бий. Түүнээс өнөө үед хамаарах томоохон нь “Сагсан бөмбөгийн Үндэсний Холбоо /NBA/ ба Моторола компанийн хэрэг” юм.
Уг хэрэгт NBA-н тоглолтын явцын талаарх мэдээг Моторолагаас SportTrax-д худалдсанаар буруутаж, NBA заргаа авсан билээ.

Энэ хэрэг бол Твиттер болон интернэтэд холбогдох гар утасны эрин үеэс өмнө болсон л доо. Одоо бол дуртай нэг нь NBA-н тоглолтыг үзэнгээ тоглолтын талаар мэдээллэх боломжтой болсон. Ийм үед “шинэ мэдээ”-г NBA бус, сагсан бөмбөгийн тоглолтын үзэгч бий болгож байгаа юм. NBA-н зүгээс “битгий мэдээллээрэй” гэх нь “та үзэж байгаа тоглолтынхоо талаар бусдад битгий яриарай” гэж байгаагаас ялгаагүй юм. Хэрэв тэгвэл “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”-д халдаж байгаа хэрэг л дээ.

Твиттерийн тухай: “An information network made up of 140 character messages from all over the world” буюу 140 тэмдэгтэд багтаан дэлхийн чимээг дамжуулах сүлжээ нь 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө 100 сая гаруй хүний өдөр тутмын хэрэглээ болжээ. /”Миний компьютер” сэтгүүл/

Гүүгэлийн олон үйлчилгээг бид мэднэ. Тэдгээрийн нэг нь “Гүүглийн мэдээ” буюу Google News юм. Түүнтэй энд яригдаж буй Fly вэб сайтын үйлчилгээ адил зарчимтай. Google News бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тухайлбал New York Times, Washington Post-ын мэдээг News.Google.com вэб сайтад байршуулж, тухайн мэдээтэй холбоотой бусад зүйлсийг үзүүлдэг үйлчилгээ юм. Google News-д зочилсноор тухайн нэг сэдвээр хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудын бэлтгэсэн цогц мэдээг хүртэх боломжтой.

 “Шинэ мэдээг хууль бусаар эзэмших” гэсэн ойлголт яригдаж байгаад Гүүгэл дургүйцэж байгаа бөгөөд “талбайд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа”, “хар салхи айсуй”, “олон нийт эмх замбараагүй боллоо”-ын талаар бусдад мэдээллэх нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын зорилго байх ёстой гэв. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага-агентлагууд тухайн мэдээг олон нийтэд хүргэх гэж хүч, хөрөнгөө их хэмжээгээр зарцуулдаг нь тодорхой юм. Энэ нь тэдний хувьд давуу эрх олгох ёстой. Харин тэр давуу эрх нь юу вэ гэдэг дээр л бид санал зөрж байгаа гэлээ.

Дэлхийн ихэнх улсын даган мөрдөж буй Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 2-р зүйлийн 8 дахь хэсэгт: Өдрийн шинэ мэдээ буюу хэвлэлийн энгийн сонордуулгын чанартай үйл явдлын тухай мэдээлэл нь тус конвенцоор хамгаалагдахгүй. гэжээ.
/Berne Convention for the Protection of literary and artistic works- Article 2-  8. News- (8) The protection of this Convention shall not apply to news of the day or to miscellaneous facts having the character of mere items of press information./

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл нь хувь хүнд давуу байдал олгох, тэр нь бусад хүнд хохирол учруулахгүй байх ёстой гэх зарчмыг удирдлага болговол дээрх байгууллагуудын бэлтгэн хүргэж буй мэдээ нь зохиогчийн эрхийн бүтээл гэж тооцогдохгүй юм.
Өөрөөр хэлбэл, Х үйл явдал нь түүнийг анх мэдэж бусад хүнд хүргэсэн этгээдийн өмч болохгүй. Харин Х үйл явдлын талаарх нийтлэл, нэвтрүүлэг, түгээлт нь зохиогчийн эрхээр хамгаалагдана.

Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.6-д “болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл”-ийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэжээ. 2008 оны 11 сард Монголын өдөр тутмын сонины холбоо мэдэгдэлдээ “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа вэб сайтууд гэрээгээ зөрчиж сонины мэдээг зөвшөөрөлгүй байрлуулж сэтгүүлчийн оюуны хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна” гэжээ. Энэ мэдэгдлийг дэмжиж болохоор байна. Учир нь тус мэдэгдэлд “мэдээ” бол бидний мэдлийнх гэж хэлээгүй, мэдээг бэлтгэсэн сэтгүүлчийн хөдөлмөрт зохих ёсны үнэлгээ, хүндэтгэл байх ёстой гэсэн байна.

Болсон үйл явдлыг бус, тухайн үйл явдлын талаарх илэрхийллийг зохиогчийн эрхийн хуулиар хамгаалах нь  өдөр тутмын сонинууд дахь мэдээг чөлөөтэй авч ашиглахыг зөвшөөрч байгаа хэрэг бус юм. Тус зохицуулалт нь мэдээ бүхий нийтлэлийг зохиогчийн эрхээр хамгаалж, нийтлэл дэх мэдээллийг ашиглах, түүний талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглоогүй юм.

Өнөөдөр монгол хэл дээрх мэдээг түлхүүр үг буюу гарчигаар нь хайлтын вэб сайтад хайвал хэд хэдэн вэб сайт илэрч байгаа. Шинээр ямар вэб сайт нэмэгдсэнийг мэдэж болох энэ “арга” нь хэвлэл мэдээллийн байгууллагууд ба вэб сайтын компани хоорондын эрх зүйн харилцаа тодорхой бус, зохих төлөвшилөө олоогүй байгаагийн илрэл юм.

Дэлхийн хэвлэл мэдээллийн нөлөө бүхий байгууллагууд “шинэ мэдээ” буюу hot news-н талаар эрх зүйн хүрээнд мэтгэлцэж байгаа энэ үед монголын хэвлэл мэдээллийнхэн цахим орон зайн эрх зүйн баримжаатай байж чадвал орон зай, нөлөөгөө хадгалж чадах юм.

Read more...

2010-01-29

Цахим хуудсууд дахь зарим үйлдлийн үр дагавар




Л. Галбаатар


Интернэт дэх олон төрлийн харилцааны нэг нь гэрээ,хэлцэлтэй холбоотой харилцаа билээ. Түүний талаар олон үзэл баримтлал бий.


Дэлхийн цахим сүлжээн дэх харилцан үйлдлүүд нь гэрээний харилцаанд ямар “хүндрэл” учруулж байна вэ? Бид өдөр тутмын амьдралдаа интернэт дэх гэрээг хэрхэн байгуулах вэ? зэрэг асуудлаар ярилцая.

Талууд эрх тэгш, чөлөөтэй байж, харилцан тохиролцох бол гэрээний суурь зарчим юм. Энэ зарчим ёсоор гэрээ байгуулагдсанд тооцоход дараах алхам байх ёстой гэж үздэг.
Үүнд:
1. Нэг тал нь санал гаргах
2. Түүнийг нь нөгөө тал хүлээн авах юм. Мөн талуудын хооронд тохиролцоо байх ёстой. Үүнийг амлалттай адилтгаж болохгүй. Тохиролцоо нь шүүх дээр аль нэг талд албадан хүлээлгэх үүрэг үүсгэ
дэг.

Эндээс урган гарч буй “саналыг хэрхэн хүлээн авах вэ?” гэсэн асуултанд анхаарлаа хандуулъя. Энэ бол хууль зүйн чухал ойлголт мөн.
Үүнийг дараах бодит бус жишээгээр авч үзье. Зочилж буй вэб сайтад тань дараах үгс тааралдана:
“www.XYZ.com-д тавтай морил. Таныг манай сайтад зочилж байгаад бид баяртай байна. Энд зочилвол манай “XYZNews” сонингийн захиалагч болох ба 7 хоногийн 5$ бүхий цахим хувилбарыг танд илгээх болно. Бид танд сар бүр төлбөрийн нэхэмжлэх хуудас илгээх болно. Та захиалгаа хэдийд ч цуцалж болно”.
Энэ нь хүчин төгөлдөр гэрээ мөн үү? та ямар нэгэн сонин х
үлээж аваад төлбөр төлөх үүрэгтэй болж байна уу?

Энд гэрээний талаарх үзэл баримтлалын хоёр зүйл хамаатай байна.
1-р нийтлэг зарчим бол, санал гаргагч нь бусад этгээдэд хандахдаа илүү санаачлагатай байх юм. XYZ.com саналаа хялбар аргаар илэрхийлж байгаа бөгөөд саналыг хүлээж авах аргыг мөн хялбар болгосон байна.

Өөрөөр хэлбэл, XYZ.com нь Та захиалагч болохыг хүсвэл OK товчийг дарах буюу subscribe@xyz.com руу захиа бичих, 1-800-124-4567 руу залгаж нэр, хаягаа дуут шуудангаар үлдээж болно” гэж байгаа ба та XYZ.com-д хандсан ямар нэг тодорхой үйлдэл хийснээрээ саналыг хүлээн авсанд тооцогдох, төлбөр төлөх үүрэгтэй болж байна.

2-р нийтлэг зарчим буюу эхний зарчмын эсрэг өөр нэг нийтлэг зарчим бол дуугүй байх нь саналыг хүлээн авсанд тооцогдохгүй тухай юм. Санал гаргагч тал нь бусад этгээдийн эс үйлдэхүйг /дуугүй байдал/ гэрээ байгуулах саналыг зөвшөөрсний илрэл гэж үзэж болохгүй. Тэгэхээр дээрх жишээнд таныг тодорхой үйлдэл хийгээгүй байхад танд ирсэн цахим сонингийн төлбөрийг төлөхийг XYZ.com танаас албадаж эрхгүй.

Энд “гэрээ байгуулах санал гаргах дуудлага”, “гэрээ байгуулах санал”-ын ялгааг тодруулъя. Монгол Улсын Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.4-т “тодорхой бус этгээдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ. 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай, тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”.


Тэгэхээр XYZ.com нь тодорхойгүй үр дагавар бүхий өмнөх үгсийг дараах байдлаар өөрчилвөл гэрээ байгуулах санал бүрэн хэлбэржинэ.
“Та манай XYZNEWS сонинг бүтэн жилийн хугацаагаар захиалахыг хүсвэл ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ товч дээр даран үзэж ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ-ний нөхцлийг зөвшөөрсөн байх ёстой ба доорх талбарт нэр, и-мэйл хаягаа бичин ЗАХИАЛАХ товчийг дарна уу”


Ийм тохиолдолд та XYZ.com-той гэрээ байгуулав уу? энэ бол танд 7 хоног тутмийн сонин хүргэх санал бөгөөд ЗАХИАЛАХ товчийг дарснаар таныг саналыг хүлээн авсан гэж үзэх нөхцөл болно.
Угтаа санал гаргагч тал танд сонин хүргэж өгнө, та хариуд нь сар тутмын дугаарт 5$ төлөхөөр гэрээ байгуулагдсан хэрэг юм. Ийм гэрээг “clickwrap contract” буюу товчлуурт хэлцэл гэх бөгөөд гэрээний нөхцөл нь таалагдахгүй бол та ийм саналыг зүгээр л орхих хэрэгтэй болох нь.

Тиймээ, чухал асуулт бол “гэрээний нөхцөл” гэж юу вэ? 

Хэрэв ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ-ний нөхцлийг уншилгүйгээр ЗАХИАЛАХ товчийг дарсан бол яах вэ? Энэ гэрээгээр хориглосон ямар нэг зүйлийг хийвэл XYZ таныг гэрээгээ зөрчсөн гэж шаардлага хэрэгжүүлэх үү?
Монгол Улсын Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.3-т тодорхойлсноор, гэрээний гол нөхцөл бол гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл юм.

Иймд үйлдэл гүйцэтгэх ЗАХИАЛАХ товчийг дарах нь гэрээний нөхцлийг зөвшөөрч тэрхүү нөхцлөөр гэрээ байгууллаа гэсэн үг. Анхааралтай, хариуцлагатай байх хэрэгтэй байгаа биз? /Хэрэв тухайн гэрээний нөхцлийг чухалчилж байгаа бол тэрхүү нөхцлийг баримтжуулах-зураг болгон хадгалах, хэвлэхийг зөвлөж байна. Учир нь маргаан гарвал танд өөрийгөө хамгаалах нотолгоо болох зүйл хэрэгтэй.

Тухайн гэрээний нөхцөл нь хууль бус, зохисгүй биш л бол XYZ нь таны эсрэг шаардлага хэрэгжүүлэх эрхтэй. Гэхдээ гэрээгээр олж авсан зүйл буюу сонингийн мэдээллийг хуулбарлан хэрэглэх зэрэг нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор давхар зохицуулагдана.

Харин, бидний жишээн дэх “clickwrap contract”-д тавигдах хэлбэрийн шаардлага юу вэ? 
Монгол Улсын Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.1-д зааснаар, хэлцлийг /гэрээг/ хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. 

Тухайн гэрээ хуульд заасан хэлбэр, бичгэн хэлбэрийг хангасан эсэх дээр олон үзэл баримтлал бий. Ийм гэрээг бичгэн хэлбэртэй гэж үзэх эсэх, бичгэн хэлбэрт байх гарын үсгийг “clickwrap contract” яаж тодорхойлох вэ? Ийм гэрээ нь аман гэрээнд хамаарагдах уу? Гэрээний үнийн дүнгээс хамааран гэрээний хэлбэрийг тодорхойлох хэрэгтэй гэм мэт хандлага бий.

Ямартай ч, “clickwrap contract”-тай холбогдсон тухайн нэг тохиолдлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Тэрхүү шийдвэрийг интернэт дэх гэрээний нийтлэг зохицуулалт болгон авч үзэх эсэх нь одоогийн асуудал биш юм.


Read more...

2009-03-14

Интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчлийн шалтгаан, нөхцөл

"Интернэт дэх бичмэл бүтээлийн зохиогчийн эрхийн зөрчил, түүний шалтгаан, нөхцөл" судалгааны ажлын товчлол


 
                                                                                                       Л. Галбаатар


Энд албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой асуудлуудыг түр орхилоо.

Интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчилд ямар үйлдүүд хамаарах вэ?

Утга зохиол, урлагийн тухай Бернийн Конвенц болон Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-д бататгасан эрхүүдийг интернэтэд зөрчсөн үйлдлийг интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил гэж үздэг.

Тэдгээр эрхийг дурдвал,

- 1. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх:

1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;

1.2.зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;

1.3.бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;

1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.



- 2.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:

2.1. бүтээлийг хуулбарлах;

2.2. бүтээлийг нийтлэх;

2.3. бүтээлийг нийтэд түгээх;

2.4. үүсмэл бүтээл болгон өөрчлөх;

2.5. түрээсээр ашиглуулах.



- Дээр дурдсан, 2 дахь хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ.

Хэн зохиогчийн эрхийг зөрчдөг вэ? – бидний л адил “нэг нөхөр” буюу хуулийн хэллэгээр бол иргэн, хуулийн этгээд.

Интернэтэд зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийг олон янзаар ангилж болохоор байгаа. Үүнийг дэлгэрэнгүй авч үзье.





Зориуд: Энэ нь зорилгоороо “ашиг олох” болон “өөрийгөө таниулах” гэж ангилагдаж байна.

- “Ашиг олох” гэдэгт тухайн бичмэл бүтээлийг худалдаанд байгаагаас нь хямд үнээр татаж авах нөхцлийг бүрдүүлсэнийг ойлгоно. Мөн нэгэнт худалдаанд байхгүй байгаа, уншигчийн хүсэлттэй номыг татаж авах боломж олгосон үйлдлийг тооцно.

Харин үнэгүй татаж авах нөхцөл бүрдүүлсэн боловч ашиг олох зорилготой зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл бас байна аа. Энэ нь вэб сайтдаа олон зочинтой байж, Google Adsence буюу рекламын самбар /баннер/ дээр товшиж, аялах нөхцөл бүрдүүлсэн байдаг. Үүнийг зохиогчийн эрх зөрчсөн үйлдлээрээ шууд бусаар мөнгө олох сэдэлттэй холбож тайлбарлаж байна.

Бас татаж авах зүйл байхгүй боловч, шинээр худалдаанд байгаа бүтээлийн хэсгээс байрлуулах нь уг сайтад зочлох хүний тоо ихсэхэд, Google Ads- с мөнгөтэй болох боломж нь нэмэгдэхэд зориулагддаг.



- “Өөрийгөө таниулах” гэдэгт, үзэл бодлоо хуваалцах болон зохиогчийг “чадах” гэсэн 2 өөр ойлголтыг багтаалаа.



Үзэл бодлоо хуваалцах:

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг вэб сайтад байрлуулснаар, бусад уншигч- вэб сайтаар зочлогчидод “сайн үйл” хийж, тус болж байна гэж боддог үйлдэл. Энэ үйлдэл нь зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж мэддэггүйтэй холбоотой. Гэвч хуулийн зохицуулалт мэдээгүй гэсэн үндэслэлээр хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүйг хууль зүйн шинжлэх ухаанд мөрддөг.

Зарим зохиогчийн эрхийн бүтээлийн агуулга тухайн сайтыг эрхлэгчийн үзэл бодлыг “хөглөдөг”, түүний үнэт зүйлс болдог бол түүнийгээ бусад хүнд хүргэх, санал бодлоо хуваалцах талбар нь зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл болдог.

Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах үйлдэлдээ зөвшөөрөл авах ёстой байдгийг мэддэг ч зөвшөөрөл хүсдэггүй нь “зохиогч зөвшөөрөхгүй байх” гэх бодолтой холбоотой. Зохиогчийн зүгээс зөвшөөрөл өгөхгүй гэсэн таамаглал ихэвчлэн алдаатай байдаг.

Харин “зохиогчийг чадах” гэдэгт хувийн шалтгаанаар зохиогчийн эрхийн бүтээлийг бүрэн буюу хэсгээр нь сайтад тавьж түүнийг буруутгах буюу шүүмжлэх үйлдэл хамаарна.

Ихэвчлэн зохиолыг файл /file/ болгосон юмуу тийм файлыг олж авсан үйлдэл байдаг бөгөөд өөрсдөө шивэх нь ч бий.



“чадах”:

Энэ үйлдэлд зохиогчийн эрхийн бүтээлийг татаж авахаар тавих буюу бүтээлийг бүрэн буюу хэсэгчлэн сайтад тавихдаа зарим хэсгийг нь өөрчлөн, утга санааг алдагдуулсан үйлдэл хамаарна. Энэ нь зохиогчийн үзэл бодлыг бусад хүнд буруугаар, гажуудуулж хүргэх зорилгоор тайлбарлагдана.



Зохиогчийн эрх зөрчсөн үйлдлээр зохиогчид ямар сөрөг үр дагавар учруулж байна вэ?

-худалдаанд байгаа бүтээлийн хувьд орох ёстой байсан орлого буурах

- зохиогчийн эрхийн бүтээлийн хувь заяа /агуулга/-г зохиогчоос өөр хүн “шийдэж байгаа нь” зохиогчийн сэтгэл санааг таагүй болгодог.

- нэр төр, алдар хүндийг гутаахдаа зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдлээ ашигладаг.

Үүнээс илүү муу зүйл гэж юу байхав.



Зохиогчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухайд

Энэ нь зохиогч болон түүний хамтрагч, найз нөхдийн идэвх, оролцоогоор тодорхойлогдоно.

Зохиогч тодорхой давтамжтайгаар өөрийн бүтээлийн нэр, өөрийн нэрээp хайлт хийх хэрэгтэй. Ингэхдээ крилл, латин, англи болон бусад хэлийг ашиглах нь үр дүнтэй.

Зохиогчийн эрх эзэмшигчийн тэмдэглэгээн дэх үгээ илүү уян болгох- зохиогчоос зөвшөөрөл авах, түүнтэй гэрээ хийх сэтгэгдэл төрүүлэхээр болгох. Жишээлбэл, та тухайн бүтээлийг аливаа хэлбэрээр ашиглахын өмнө зохиогчид мэдэгдэх ёстойг анхаарна уу.

Мөн уншигч, найз нөхөддөө зохиогчийн эрхийн бүтээлийнх нь талаарх аливаа мэдээллийг өгөх буюу анхаарал тавих нөхцлийг бүрдүүлэх, тухайлбал цахим шуудан /зарим тохиолдолд утас/-ыг зохиогчийн эрхийн бүтээлдээ байрлуулах.



Зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл дэх хууль зүйн хариуцлагын онцлог

Зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл хэр үргэлжилсэнээс түүнд хүлээлгэх хариуцлага тодорхойлогдоно. Үйлдлийн үргэлжлэлээс хамааран хууль зүйн хариуцлага нь иргэний эрх зүйн, захиргааны эрх зүйн, эрүүгийн эрх зүйн хариуцлага юм.

Зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийг эрт зогсоох нь нэг талаар зөрчигч этгээдэд тусалж байгаа, бага хариуцлага хүлээлгэх сэдэлттэй байх нь ээ.



Зохиогчийн эрхийг сэргээх арга замын тухайд

-эрх зөрчсөн үйлдлийг баримтжуулж авах

-тэгээд, зөрчигчид хуулийн шаардлага тавих юмуу холбогдох байгууллага /Интернэтийн үйлчилгээ түгээгч, Оюуны өмчийн газар, шүүх/-д эрх зөрчсөн үйлдлийг мэдэгдэж маргааныг шийдвэрлүүлэх.



Хуулийн шаардлага тавихын зарчим нь Иргэний хуульд зааснаар,

“Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”;

“Учруулсан хохирлыг арилгуулах”;

“Эдийн бус гэм хорыг арилгуулах”;

“Өөртөө туслах” билээ.



Үүний дагуу сайт тэр чигээрээ зохиогчийн эрх зөрчсөн бол сайтыг хаалгах, сайтын бүх бичлэгийг авахуулах;

Сайт дэх зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийн хувьд, зохиогчийн эрхийн бүтээлийг уг сайтаас авахыг шаардах;

Зохиогчийн эрх зөрчсөн этгээдээс төлбөр нэхэмжлэх нь зүйтэй.

Read more...