Search This Blog

2015-10-29

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном хэвлүүллээ

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй хоёр дахь номоо хэвлүүллээ. Тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулж бичлээ.





“МУИС Пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргасан.


Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой.

Номын нээлтийн ёслол 2015.10.28-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болсон. 

Нээлтэнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар, МУИС болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн төлөөлөл оролцов.


МУИС-ийн ахлах багш Ц.Хүрэл-Очир кибер гэмт хэргийн эрх зүйн асуудлаар оролцогсдод сүүлийн үеийн мэдээлэл өгч, шавьдаа эрдэм шинжилгээний ажлын амжилт хүсэв.

Ташрамд дурдахад тус бүтээл нь Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын 2015 оны шалгаруулалтад нэр дэвшсэн болно. Энэ талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.


Номын нээлттэй холбоотой мэдээ: 









Read more...

2015-09-17

Монгол охидын зургийг зөвшөөрөлгүй нийтэлж болох уу?



Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон “Facebook” нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Түүний хэрэглэгчид нэг өдөрт 350 сая, 1 секунт тутамд 4,501 гэрэл зургийг нийтлэж байна.[1]

Харин инстаграмын хувьд 182 сая хэрэглэгчтэй бөгөөд тэдгээр хэрэглэгч өдөрт дунджаар 58 сая зураг нийтлэж байна. [2] Тэдгээр хэрэглэгчийн 90% нь 35-аас доош насныхан байна.[3]

Их тоо шүү.  Энэ давалгаа монгол охидод ч хамаатай.  

Цахим орон зайд гэрэл зураг нийтлэх асуудал

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Ийм эрхээ эдлэх хэлбэрийн нэг нь цахим хуудаст гэрэл зураг нийтлэх юм.

Мөн Үндсэн хууль, Зохиогчийн эрхийн хуульд зааснаар Монгол Улсын иргэний хувьд гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх эрхтэй.

Эрх зүйн зөрчил

Өнөөдөр монгол охидын гэрэл зургийг нийтэлдэг монгол хэл дээрх цахим хуудсын жагсаалт өргөжсөөр байна. Тэдгээр цахим хуудаст “Хэт халуун зурагнууд”, “Монгол охидын нүцгэн зурагнууд” гэсэн булан ч бий болжээ.

Ийм булан нь монгол охидын зургийг дээр дурдсан фэйсбүүк, инстаграмаас нь “хулгайлж” нийтлэсэн гомдол дагуулсаар байдаг бөгөөд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ч энэ талын зөрчил бүртгэгдсэн байдаг.

Эдгээр зөрчлийг дараах байдлаар ангилж болохоор байна.

-          Зохиогчийн эрхийн зөрчил
-          Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил
-          Садар самууныг сурталчлах зөрчил
-          Доромжлох, гүтгэх зөрчил
-          Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил.

Үүнийг тус бүрт нь авч үзэе.

1.      Зохиогчийн эрхийн зөрчил

Зарим цахим хуудаст гэрэл зургийг “тамгалсан” буюу тухайн цахим хуудаст нийтлэгдсэн гэрэл зураг бүрт вэб сайтынхаа нэр бүхий тэмдэглэгээг тавьсан байдаг. Тодорхой баримт, мэдээллээр бол вэб сайт дахь гэрэл зургийн тэмдэглэгээ нь хууль ёсны, үнэн, зөв гэж үзэх боломжгүй байна.

Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар гэрэл зургийн аргаар туурвисан бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл мөн бөгөөд түүнийг туурвисан хувь хүн нь бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох, бүтээлийг нь бүхий л арга, хэлбэрээр ашиглах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй.

Тухайн вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлээгүй, зохиогчийн эрхийн зөрчил гаргах нь гэрэл зураг бүхий цахим хуудсыг интернэтийн үйлчилгээ түгээгчийн зүгээс хаах үүргийг Зохиогчийн эрхийн хуулиар хүлээлгэсэн байдаг.

2.      Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил

Монголын цахим хуудсууд уншигч-хэрэглэгчидээсээ гэрэл зургийг цахим шуудангаар хүлээн авах, зарим хуудасны хувьд хэрэглэгч нь гэрэл зургийг шууд нийтлэх боломжтой байгаа нь хэн нэгэнд компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээг хууль бусаар ашиглаж хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглах шалтгаан, нөхцөл болж байна.

3.      Садар самууныг сурталчлах зөрчил

Монгол хэл дээрх цахим хуудсуудад нийтлэгдсэн гэрэл зургууд нь хүний бэлэг эрхтнийг илтээр гэрэл зураг, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэх нөхцөл болж байна.

4.      Доромжлох, гүтгэх зөрчил

Цахим хуудас дахь гэрэл зургийн сэтгэгдлүүд нь тухайн зураг дахь хүнийг доромжилсон, гүтгэсэн шинжтэй байгаа бөгөөд устахгүй байрласаар байгаа нь гэрэл зурагт дүрслэгдсэн тухайн иргэнд гэм хор учруулах түвшинд байна. Гэрэл зураг бүхий нийтлэлд сэтгэгдэл бичих боломж нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой. Харин сэтгэгдэл бичихдээ хүний эрхийг зөрчих, хуулийг сахихаас чөлөөлөгдөх эрх хэн нэгэнд хуулиар олгогдоогүй юм.

5.      Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил

Олон нийтийн харилцааны вэб сайт буюу Social networking site нь түүний хэрэглэгчдийн хувийн орон зай, “цахим орон байр” гэж үзэх хандлага дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд төлөвшиж байна. Ийм цахим орон байр дахь гэрэл зураг, мэдээлэл нь задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ гэж тооцогдож байгаа юм.

Түүний хажуугаар social networking site-г “олон нийтийн газар” гэж үзэх сөрөг хандлага бас байгаа юм. Энэхүү хандлага нь facebook.com, myspace.com, flickr.com гэх мэт олон нийтийн харилцааны вэб сайт-цахим хуудсууд дахь хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглаж байгаа үйлдлээр илэрч байна.

Дүгнэлт

Монгол охидын зургийг зөвшөөрөлгүй нийтлэх нь эрх зүйн зөрчил болж байна. Энэ зөрчлийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгөөр хохирол хүлээх охид нэмэгдэж байгаа таагүй үр дагавартай байна.

Ийм таагүй зүйлээс сэргийлэхийн тулд хүн бүр цахим орчинд гэрэл зургаа нийтлэх эсэх, ямар зураг нийтлэх, ямар хүнийг цахим орчны найзаа болгох тал дээр болгоомжтой байх, бусдадаа анхаарал тавих нь зүйтэй байна.





[1] Kimberlee Morrison. “How Many Photos Are Uploaded to Snapchat Every Second?”. Jun. 9, 2015 http://www.adweek.com/socialtimes/how-many-photos-are-uploaded-to-snapchat-every-second/621488

[2] Instagram Company Statistics http://www.statisticbrain.com/instagram-company-statistics/

[3] Instagram user statistics http://expandedramblings.com/index.php/important-instagram-stats/2/


Read more...

2015-09-13

Монгол Улсад интернэтээр садар самуун явдал сурталчилж болох уу?


Англи хэлний “pornography” гэх үгийг монгол хэлэнд садар самуун гэж орчуулсан байдаг.[1] Дэлхий даяар 4.2 сая садар самууны вэб сайт байна. Энэ нь нийт вэб сайтын 12 хувь болж байна. Ийм вэб сайтыг үзсэн этгээдийн тоо 72 сая байжээ. Түүний 40 сая нь америкчууд байжээ. Мөн өдөр бүр интернэтийн хайлтын 1/4 (68 сая) нь садар самуун явдал сурталчилсан материалыг хайсан байдаг.[2] Үүнээс гадна интернэт хэрэглэгчдийн 42.7 хувь нь садар самууныг үздэг бол, 34 хувь нь садар самуун материалд “өртөж” үздэг байна. Үүнээс гадна нэг ноцтой зүйл нь интернэтээт садар самууныг үздэг хүүхдийн дундаж нас 11 байгаа явдал юм.[3]   

Энэ нь дэлхийн улс орнуудад садар самуун явдал хууль ёсны зүйл эсэх тухай асуухад хүргэж байна. Улс бүр бүрэн эрхт, тусгаар тогтносон болохын хувьд эрх зүйн зохицуулалт нь харилцан адилгүй. Иймээс садар самуун явдлын эрх зүйн зохицуулалтаар нь улс орнуудыг дараах байдлаар ангилж болно. Үүнд:

-          Садар самуун явдлыг хууль ёсны гэж үздэг улс
-          Садар самуун явдлыг хууль ёсны бөгөөд зарим хязгаарлалттай улс
-          Садар самуун явдлыг хууль бус гэж үздэг улс.[4]

Монгол Улсын хувьд 1998 онд “Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуультай болсон. Тус хуульд тодорхойлсноор "садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг ойлгоно.[5]

Тус хууль батлагдах үед интернэтийн хэрэглээ түгээмэл бус, хэрэглэгчийн тоо цөөн байсан. Гэвч хуульд “бусад хэлбэрээр” гэх хэллэгийг оруулсан нь тус хуулийн зүйл, заалт нь интернэтээр садар самууныг үзүүлэхэд хамаарахаар байна.

Хуулийн 5.1-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно”, 5.2-т “садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно” гэж нас харгалзахгүйгээр тус тус заасан.
Эндээс дараах асуулт урган гарч байгаа юм. Үүнд:
1. интернэт нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн үү?
2. интернэт дэх садар самууны бичлэг нь кино, дүрс бичлэг мөн үү?

Энэ асуултад хариулахын тулд интернэт дэх садар самууны материалын онцлогийг тодорхойлоё. Интернэт дэх садар самуун нь зураг, дүрс бичлэг хэлбэртэй байдаг. Энэ нь дээр дурдсан хоёр дахь асуултад “мөн” гэж хариулах нөхцөл болж байна.

Иймд Монгол Улсад интернэтээр садар самуун явдал сурталчилж болохгүй бөгөөд тийм зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, хадгалахыг хориглоно.
Гэвч Монгол Улсад интернэтээр садар самуун явдал бүхий дүрс бичлэг, зураг үзэх боломж байсаар байгаа. Энэ нь дээр дурдсанаар дэлхий даяар монголчуудын тооноос хоёр дахин их садар самууны вэб сайт байгаатай холбоотой байж болох юм.

Ийм шалтгаанаар хуулийн хэрэгжилтийг хангахгүй байх, хүүхэд багачууддаа садар самуун явдал сурталчилсан зүйлсийг үзүүлсээр байх уу?

Монгол Улсын “Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуулийн 13.3.2-т зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тус хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулна.
Энэ нь интернэтээр садар самуун явдал сурталчлахтай тэмцэх үүрэг цагдаагийн байгууллагад байгаа болохыг харуулж байна. Энэ чиг үүргийг цагдаагийн байгууллага дангаар гүйцэтгэж чадах уу?

Цагдаагийн албаны тухай хуулийн 4.1-т зааснаар цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг баримтална.[6]
Тэгвэл цагдаагийн албатай хамтран ажиллах төрийн байгууллага бий юу?

Харилцаа холбооны зохицуулах хорооны [7] 2011 оны 08 тоот тогтоолын хавсралт “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-д зааснаар тус хороо нь контентийн үйлчилгээтэй холбогдсон харилцаанд төрийг төлөөлөн оролцоно. Энэ нь интернэтээр садар самуун явдал сурталчлахтай тэмцэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээсэн болохыг харуулж байна.

Гэхдээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас гадна иргэд, олон нийт буюу эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүд интернэтээр садар самуун явдал сурталчилсан зүйл үзэж буй эсэхэд хяналт тавих нь зохистой.





[1] Pornography: The representation in books, magazines, photographs, films, and other media of scenes of sexual behavior that are erotic or lewd and are designed to arouse sexual interest. http://legal-dictionary.thefreedictionary.com/Pornography

[2] Internet pornography. http://internetlaw.uslegal.com/pornography/
[3] Internet Pornography Statistics http://internet-filter-review.toptenreviews.com/internet-pornography-statistics.html

[4] Pornography by region https://en.wikipedia.org/wiki/Pornography_by_region

[5] Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль. “Төрийн мэдээлэл”. 1998 он, №3
[6] Цагдаагийн албаны тухай хууль. 2013 он, №29 
[7] Харилцаа холбооны зохицуулах хороо. Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага http://crc.gov.mn/file/newfile/togtool-2014-40.pdf

Read more...

2015-08-28

“Нээлттэй интернэтийн дүрэм”–ийн зохицуулалт


            Өмнөх бичвэрт “Нээлттэй интернэтийн дүрэм” гэгдэх эрх зүйн зохицуулалт хэрхэн батлагдсан талаар хүргэсэн билээ.[1] Энэ удаа тус зохицуулалтын баримт бичгийн агуулгатай танилцуулж байна.
            АНУ-ын “Холбооны зохицуулалтын Дүрэм”-д Харилцаа холбооны хорооны бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Энэ дүрмийн 1, 8 болон 20 дугаар хэсэгт нэмэлт оруулсаныг “Нээлттэй интернэтийн дүрэм” гэж нэрлэж байгаа билээ.
АНУ-ын Харилцаа холбооны хорооны цахим хуудаст “Нээлттэй интернэтийн дүрэм” болон түүний тайлбарыг нэг баримт бичиг болгон байршуулсан байна.[2]

Түүний 283-290 дугаар талд буй “Хавсралт А” нь “нээлттэй интернэтийн дүрэм”-ийн асуудлаар Харилцаа холбооны хорооны бүрэн эрхийг өргөтгөсөн зүйл, заалтууд юм. 
Энэ нь дараах бүтэцтэй.[3] Үүнд:

-          1-р хэсэг. Практик ба үе шат

/1.49. Баримт бичгийг хэрэглэх: Тус дүрмийн дагуу гомдол гаргахад бусад ерөнхий зохицуулалтыг нэгэн адил хэрэглэнэ./  

-          8-р хэсэг. Нээлттэй интернэтийг хамгаалах, дэмжих

/8.1. Зорилго: Энэ хэсгийн зорилго нь хэрэглэгчийн сонголт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эцсийн хэрэглэгчийн хяналт, өрсөлдөөн, инноваци чөлөөтэй нэвтрүүлэх эрх чөлөөг бий болгох интернэтийг хамгаалах, дэмжихэд чиглэнэ. Ингэснээр харилцаа холбооны дэвшилтэт чадварыг дэмжих, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын саад бэрхшээлийг арилгана.

8.2. Нэр томъёо, тодорхойлолт:
а. Өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ;
б. Интернэтийн контент, аппликэйшн, үйлчилгээ үзүүлэгч;
в. Эцсийн хэрэглэгч;
г. Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ;
д. Хөдөлгөөнт өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ;
е. Сүлжээний удирдлага.

8.5. Хаалт тавихгүй байх

8.7. Хязгаарлахгүй байх

8.9. Дарааллыг төлбөртэй тогтоохгүй байх

8.11. Интернэтийн үйлчилгээнд стандартыг шалтгаангүйгээр баримтлахгүй байх буюу стандарт хэрэглэхээс үндэслэлгүйгээр зайлсхийхгүй байх

8.13. Өргөдөл, гомдол гаргахад тавигдах ерөнхий шаардлага  

8.14. Гомдол хянан шийдвэрлэх нийтлэг журам

8.16. Хувийн мэдээллийн нууцыг хадгалах

8.18. Зөвлөмж хүсэх, зөвлөмж өгөх/

-          20-р хэсэг. Худалдааны зориулалттай мобайл үйлчилгээ
/20.3. Нэр томъёо, тодорхойлолт:
а. Худалдааны зориулалттай мобайл радио үйлчилгээ;
б. Хоорондоо уялдаа холбоотой үйлчилгээ;
в. Олон нийтийн сүлжээний унтраалга.

Дээр дурдсан зүйл, заалт нь нээлттэй интернэтийн үзэл санаа, зохицуулалтыг агуулж байх бөгөөд түүний хэрэгжилтийг АНУ-ын Харилцаа холбооны хороо дангаар хариуцах бүрэн эрхтэй болжээ.
Түүнийг дагаж мөрдөх, тайлбарлахтай холбоотой асуудлыг АНУ-ын Харилцаа холбооны хорооны 2015.02.26-ны өдөр батласан, 2015.03.12-ны өдөр танилцуулсан баримт бичгийн “Хавсралт Б” нэртэйгээр 291-313 дугаар хуудсанд тусгажээ.


[1] “Нээлттэй интернетийн дүрэм” хүчин төгөлдөр боллоо http://happywebs.mn/more.php?id=24

[2] FCC Releases Open Internet Order https://www.fcc.gov/document/fcc-releases-open-internet-order

[3] Code of Federal Regulations http://www.ecfr.gov/cgi-bin/text-idx?tpl=/ecfrbrowse/Title47/47tab_02.tpl

Read more...

2015-07-29

“Нээлттэй интернэтийн дүрэм” хүчин төгөлдөр боллоо


АНУ-ын Холбооны шүүхээс 2015.06.12-ны Баасан гаригт интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын гаргасан “Холбооны харилцаа холбооны комиссын баталсан дүрмийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.[1] 

Ингэснээр АНУ-ын Харилцаа холбооны комиссоос 2015.02.26-ны өдөр батласан “Нээлттэй интернэтийн дүрэм” буюу харилцаа холбооны салбарт “Net neutrality” гэгдэх дүрэм нь заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн акт болж байгаа юм.[2] 

Ингээд 400 хуудас бүхийн тус дүрмийн талаар товч танилцуулая. 

- “Net Neutrality” гэж юу вэ?

“Net Neutrality” гэдэг нь онлайнаар чөлөөтэй харилцах эрхийг хамгаалсан интернэтийн голлох зарчим юм. Өөрөөр хэлбэл нээлттэй интернэтийн тодорхойлолт бөгөөд монгол хэлэнд “интернэт дэх төвийг сахих дүрэм” гэж орчуулж болох юм. 

Үүнийг интернэт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах буюу түүний боломжийг нэмэгдүүлдэг гэж ойлгоно. Тодруулбал, “net neutrality” нь интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид биднийг нээлттэй сүлжээгээр хангах ёстой бөгөөд сүлжээгээр дамжих аливаа агуулга, хэрэглээний эсрэг саад хийх, ялгаварлах ёсгүй гэж үздэг. 

Жишээлбэл, таны гар утасны компани нь хэн тан руу залгах, залгаад юу хэлэхийг шийдэх ёсгүй, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид нь таны үзэж байгаа болон онлайнаар нийтлэж буй агуулга /контент/-ыг сонирхох ёсгүй. 

“Интернэт дэх төвийг сахих” дүрэмгүйгээр кабел, үүрэн утасны компаниуд интернэтийн хурдыг хувааж, удаашруулна. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч /ISP/-ийн хувьд өрсөлдөгчийнхөө контентыг удаашруулах буюу улс төрийн эсрэг санаа бодлыг хязгаарлана. Мөн интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид нь цөөн хэдэн контентын компаниас тэдгээрийг үйлчилгээний бага хурдаас чөлөөлсөн давуу эрхийн нэмэлт төлбөр авна. 

Энэ байдлыг нээлттэй интернэт болиулж, үгүй хийнэ.[3] 

- Дүрмийн дагуу хийх үйл ажиллагаа юу вэ?

Энд 3 үндсэн дүрэм бий. Үүнд: 

- хаалт тавихгүй
- хязгаарлахгүй
- дарааллыг төлбөртэй тогтоохгүй. 

Дээрх 3 дүрмийг тус бүрт нь тайлбарлая. 

“Хаалт тавихгүй” гэдэгт интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид тэдний сүлжээн дэх хууль ёсны хөдөлгөөнд хаалт тавихыг хориглохыг ойлгох бөгөөд хэрэв та хүсээд порно вэб сайтуудад зочлох бол тэд үүнийг зогсоож чадахгүй. 

“Хязгаарлахгүй” гэдэгт интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид цахим хуудсуудыг удаашруулах замаар таны вэбийн хэрэглээг багасгахгүй байхыг ойлгоно. 

“Дарааллыг төлбөртэй тогтоохгүй” гэдэгт интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид Netflix зэрэг вэб сайтын операторуудаас төлбөр түүний агуулгыг шилж сонгосон хурдаар нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байхыг ойлгоно. 

- Хэнд энэ дүрэм үйлчлэх вэ?

“Comcast” зэрэг кабелийн компаниуд, “Verizon” зэрэг харилцаа холбооны компаниуд, “T-Mobile”, “Sprint” зэрэг утасгүй сүлжээ эрхлэгчид гэх мэт интернэтийн үйлчилгээ эрхэлж буй хэн бүхэнд тус дүрэм үйлчилнэ. 

Тус дүрмийг сахиулах, хэрэгжилтэд хяналт тавих этгээд нь АНУ-ын Харилцаа холбооны комисс юм. Тус комиссын эрх хэмжээ нь АНУ-ын 1934 оны Харилцаа холбооны тухай хуулийн дагуу интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийг харилцаа холбооны компаниудтай адилтган үзсэний үндсэн дээр тодорхойлогдож байгаа юм. 

- Цаашид урт хугацаанд юу болж өрнөх вэ?

Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид тус дүрмийг хүчингүй болгуулахаар шүүхдэж байгаа. Тус салбарынхны таамаглаж байгаагаар шүүхийн хянан шийдвэрлэх хэргийн хуралдаан арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын хугацаанд болж магадгүй байна. Хэрэв АНУ-ын Харилцаа холбооны комисс шүүх дээр ялвал байрандаа хэвээр үлдэх бөгөөд ялагдвал дүрмийн үйлчлэл зогсоно. 

Конгрессийн зүгээс АНУ-ын Харилцаа холбооны комиссын дүрмийг өөрчлөх хууль батлахаар оролдож магадгүй юм. Энэ нь одоогийн зохицуулалтыг дордуулж магадгүй гэж зарим шинжээч, өмгөөлөгч нар үзэж байгаа юм байна. 

Дүрмийг эсэргүүцэгчдийн тайлбараар тус зохицуулалт нь интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, сүлжээний шинэчлэл хийх хурдыг бууруулна гэжээ. 

Дүрмийн хоёр талын аль алинд нь дэмжсэн, үгүйсгэсэн өчнөөн баримт, судалгаа, тайлбар байгаа хэдий ч одоогоор тодорхой байгаа зүйл бол засгийн газрын хувьд интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих хүчтэй хэрэгсэлтэй болсон явдал юм.[4] 



[1] A federal court just refused to block the FCC’s net neutrality rules from taking effect By Brian Fung 2015.06.11 https://www.washingtonpost.com/blogs/the-switch/wp/2015/06/11/a-federal-court-just-refused-to-block-the-fccs-net-neutrality-rules-from-taking-effect/

[2] FCC Releases Open Internet Order - In the Matter of Protecting and Promoting the Open Internet REPORT AND ORDER ON REMAND, DECLARATORY RULING, AND ORDER http://transition.fcc.gov/Daily_Releases/Daily_Business/2015/db0312/FCC-15-24A1.pdf

[3] Net Neutrality: What You Need to Know Now http://www.savetheinternet.com/net-neutrality-what-you-need-know-now

[4] Net neutrality takes effect today. Here’s how it affects you. https://www.washingtonpost.com/blogs/the-switch/wp/2015/06/12/net-neutrality-takes-effect-today-heres-how-it-affects-you/

Read more...

2015-07-09

Цахим орчинд нэвтрэх үгээ халдлагаас хэрхэн хамгаалах вэ?



Ингэхэд та хэдэн онлайн данс, түүнийг дагалдсан нэвтрэх үгтэй вэ?


2010 оны судалгаагаар интернэт хэрэглэгчид дунджаар 26 өөр онлайн данс, 5 өөр нэвтрэх үгтэй байжээ. Харин 25-34 насны хэрэглэгчдийн хувьд дунджаар хүн тус бүр 40-өөс багагүй онлайн данстай байжээ. Энэ үед гэмт хэрэгтнүүд 4 сарын хугацаанд 12 сая хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, дамжуулсан байна.[1]

Англид хийсэн судалгаагаар 2013 онд тус улсын интернэт хэрэглэгч насанд хүрэгчдийн 55%-иас багагүй нь дийлэнх онлайн дансандаа адилхан нэвтрэх үг хэрэглэгдэг гэжээ.[2] 

Энд дурдсан статистик 2015 онд сэтгэл түгшээсэн хэвээр байна уу?

Асуудал хэвээр үргэлжилсээр байна. Интернэт хэрэглэгчдийн онлайн данс улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд нэвтрэх үгээ халдлагаас хэрхэн хамгаалах нь чухал байсаар байна.

Энэ тохиолдолд мэргэжилтнүүдийн зүгээс “нэвтрэх үгийн зохицуулагч” буюу “password manager”-г хэрэглэхийг санал болгож байна. Гэвч энэ нь аюулгүй, найдвартай юу?

Үүнд хариулахын өмнө “нэвтрэх үгийн зохицуулагч” гэж юу болох талаар цухас авч үзэе. Энэ нь хэрэглэгч өөрийн нэвтрэх үгсийг шифрлэн хадгалах, цэгцлэхэд тусалдаг нэг төрлийн програм хангамж буюу апп юм. Тус апп нь найдвартай, хялбар тайлагдахгүй нэг нэвтрэх үг буюу мастер нэвтрэх үгийг үүсгэхийг шаардах бөгөөд энэ нэвтрэх үгээрээ хэрэглэгч өөрийн бүх нэвтрэх үгийн мэдээллийн санд хандах баталгаа болдог.[3] 

Энэ төрлийн програм хангамж өргөн сонголттой бөгөөд 2015 оны шилдэг “нэвтрэх үгийн зохицуулагч”-ийг нэрлэсэн байх нь ч бий.[4]

Өмнөх сард буюу 2015 оны 6 дугаар сард “LastPass” хэмээх өргөн хэрэглэгддэг “нэвтрэх үгийн зохицуулагч” хакеруудын халдлагад өртжээ. Хакерууд цахим шуудангийн данс, нэвтрэх үгийн сануулга зэргийг хулгайлжээ.[5] 

Гэхдээ мэдээллийн технологийн мэргэжилтнүүд “Abc17” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “нэвтрэх үгийн зохицуулагч” нь одоог хүртэл хамгийн зөв арга, хэрэгсэл хэвээр байгаа бөгөөд хэрэглэгчид санаа зовох зүйлгүй гэжээ. Тодруулбал, мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар хүн бүрийн онлайн данс аюулгүй хэвээр байгаа бөгөөд хакеруудын хувьд нэвтрэх үгийн шифрлэлтийн маягтыг л хулгайлсан. Гэхдээ хэрэглэгчид эрсдэлд байгаа учраас мастер нэвтрэх үгээ солих нь зөв гэжээ. 

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зүгээс интернэт хэрэглэгчдийг хувийн мэдээллээ хамгаалахын тулд 3 зүйлийг хийх ёстой гэжээ. Үүнд: 

- хэцүү нэвтрэх үг үүсгэх. 

- хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /“two-factor authentication”/. 

- мастер нэвтрэх үгээ үргэлж сольж байх. 

Дээр дурдсан 3 зүйлийг тус бүрт нь товч авч үзэе. 

Хэцүү нэвтрэх үг: Олон төрлийн тэмдэгттэй, урт буюу 8-12 тэмдэгтээс багагүй байх нэвтрэх үгийг ойлгоно. 

Хоёр нөхцөлт нэвтрэлт: “Нэвтрэх үгийн зохицуулагч”-ийнхан зөв хүнд нь код илгээх бөгөөд тухайн кодыг авсаны дараа данс руугаа нэвтрэхийг ойлгоно. Энэ арга нь хурууны хээгээр танихтай адил бичвэр бүхий зурвас /мессеж/, биометрик хэлбэртэй байж болно. 

Мастер нэвтрэх үг: Энэ нь хакерийн халдлагад өртөхгүй 100 хувийн баталгаатай вэб сайт гэж байдаггүйтэй холбоотой. Тодруулбал, компаниуд үргэлж шифрлэлтийн шинэ төрлүүд бий болгодог ч түүнийг тодорхой хугацааны дараа “учрыг нь олох” хакерууд ямагт байдаг. Тиймээс хэрэглэгчид нэвтрэх үгээ шинэчилж байх нь хамгийн сайн туршлага болж байна. Мэргэжилтнүүд таныг 3-6 сар тутамд нэвтрэх үгээ сольж байхыг зөвлөж байна. 

Та нэвтрэх үгээ нэг жилээс ч дээш хугацаанд солиогүй юм биш биз? 

“Abc17” мэдээллийн агентлагт оролцсон мэргэжилтнүүдийн ярьсанаар, нэвтрэх үгийн зохицуулагч бол хакеруудын “сонирхол”-ыг ямагт татдаг хэдий ч энэ нь нэвтрэх үгээ хувийн компьютерт сануулах, цаасан дээр бичих, толгойдоо хадгалахаас илүү аюулгүй хэвээр байсаар байна. 


[1] Anurag Tagat. Online fraud: too many accounts, too few passwords. 2012.07.18 http://www.techradar.com/news/internet/online-fraud-too-many-accounts-too-few-passwords-1089283

[2] Ofcom. UK adults taking online password security risks 2013.04.23 http://media.ofcom.org.uk/news/2013/uk-adults-taking-online-password-security-risks/


[3] Password manager 2015.07.09 https://en.wikipedia.org/wiki/Password_manager


[4] Neil J. Rubenking. The Best Password Managers for 2015. 2015.06.02 http://www.pcmag.com/article2/0,2817,2407168,00.asp


[5] Lindsey Berning, Reporter. Special report: Protecting information online from hackers


2015.07.06 http://www.abc17news.com/news/protecting-information-online-from-hackers/34025432

Read more...

2015-06-14

Интернэт дэх оюуны өмчийг хамгаалах эрх зүйн зарим асуудал


Монголчууд интернэт хэрэглэж эхлэхээс өмнө тэртээх 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын бүрэн эрхт гишүүн болжээ.[1] Үүнээс хойш 1992 оны Үндсэн хуулиас эхлэн оюуны өмчийг хамгаалах чиглэлээр бие даасан 4 хуультай, олон улсын 15 гэрээнд нэгдэж оржээ.[2] 

Харин интернэтэд оюуны өмчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт 2006 оноос эхлэн төлөвшиж эхэлсэн гэж үзэж болно. Тодруулбал, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн 2006 он шинэчилсэн найруулгад “Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах” гэсэн 25 дугаар зүйл шинээр орж ирсэн юм.

Тус зүйлд зааснаар интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. 

Мөн интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ. 

Энд дурдсан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч, улсын байцаагч хуульд заасан хариуцлага ногдуулна. Мөн вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ. 

“Шүүхийн шийдвэрийн цахим сан”-гаас харахад анхан шатны шүүхээс зохиогчийн эрхтэй холбоотой 10 маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх хуулийн 25 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэр гаргасан тохиолдол гараагүй байна.[3]

Харин “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн “Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах”-тай холбоотой эрх зүйн маргаан шүүхийн өмнөх шатанд буюу шүүхийн бус журмаар нэлээн өргөн хүрээнд зохицуулагдаж байна. Тодруулбал, 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралт “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”[4]-ын 4.11-т зааснаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1 –д заасныг зөрчиж, зохиогч эсхүл эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь ашигласан агуулга буюу контентийг хууль бус контентод хамааруулсан. Энэ нь хуулийн заалтыг интернэтийн орчинд хэрэгжүүлэхтэй холбоотой тусгайлсан зохицуулалт юм. 

Тус ерөнхий нөхцөл, шаардлагын 7.3-т заасны дагуу интернэт орчин дахь агуулга зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх хяналтыг холбогдох хуульд заасан эрх бүхий хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. Зохиогчийн эрхийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Оюуны өмчийн газар эрхлэн холбогдох чиг үүргийг гүйцэтгэнэ.

Эндээс харахад Оюуны өмчийн газар нь интернэт дэх зохиогчийн эрхийн хяналтыг хэрэгжүүлэх нь ээ. Ерөнхий нөхцөл, шаардлагын 9.4-т зааснаар Оюуны өмчийн газраас Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн тухайн веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлэхгүйгээр веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарлаж болно. Мөн 9.5-т зааснаар гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлнэ. 

Дээр дурдсанаас харахад интернэт дэх зохиогчийн эрхийг дараах байдлаар хамгаалах нь. Үүнд: 

1. Тухайн вэб сайтад зохиогчийн эрхийг зөрчсөн гэдгийг Оюуны өмчийн газраас тогтоох /дүгнэлт, шийдвэр, тогтоол хэлбэртэй байж болно/

2. Зохиогчийн эрхийг зөрчсөн вэб сайтыг Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны албан бичиг үйлдэх, түүнийг хавсралтын хамт нэн даруй Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх

3. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Оюуны өмчийн газрын албан бичиг, түүний хавсралтыг судалж үзэх

4. Харилцаа холбооны зохицуулах хорооноос веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлэх буюу хүргүүлэхгүйгээр веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарлах

5. Гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлэх.

Энд дурдсан 5 үе шатны үр дүнд 2015.03.30-ны байдлаар нийт 214 вэб сайт холбогдох хуулийг зөрчсөн байна. Гэхдээ үүнээс хэдэн вэб сайт нь зохиогчийн эрхийг зөрчсөн болох нь тодорхойгүй буюу нээлттэй биш байгаа юм.

Нарийвчилсан тоо Оюуны өмчийн газрын ipom.gov.mn цахим хуудас болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн ажиллуулдаг “Зөрчилтэй домэйний жагсаалт”-ын black-list.mn цахим хуудасны алинд нь ч байгүй. 

Энэ нь дээр дурдсан 5 үе шатны 5 дахь нь буюу сүүлийн үе шат хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна. 

Интернэт дэх агуулгын хяналтыг хэрэгжүүлдэг төрийн эрх бүхий байгууллагууд энэ талын үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг бүрэн, зохих ёсоор нь хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай 2011 оны хуулинд тодорхой заасан.

Дээрх хэсэгт зохиогчийн эрхийг зөрчсөн вэб сайттай хэрхэн “тэмцэх” үе шат, зохицуулалтын талаар бичлээ. Харин зөрчлийг арилгасан тохиолдолд Оюуны Өмчийн Газрын Улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр “зөрчилтэй домэйны жагсаалт”-аас хасч, хандалтыг нээх боломжтой. Өөрөөр хэлбэл, дээрх 5 үе шат нь зөрчилгүй болсон вэб сайтын хувьд нэгэн адил давтагдана.


[1] Contracting Parties > WIPO Convention > Mongolia - http://www.wipo.int/treaties/en/remarks.jsp?cnty_id=108C

[2] http://www.wipo.int/treaties/en/summary.jsp

[3] 2013.12.19-ний өдрөөс өмнөх болон хойших шүүхийн шийдвэрүүд http://old.shuukh.mn/irgenanhan; http://www.shuukh.mn/irgenanhan

[4] Тус нөхцөл, шаардлагад 2012 оны 18 дугаар тогтоол, 2014 оны 40 тоот тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. http://crc.gov.mn/file/newfile/togtool-2014-40.pdf

Read more...

2015-05-27

Кибер аюулгүй байдлыг хангах олон талт олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох асуудал

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба олон улсын гэрээ”
сэдэвт 2015.05.27-ны өдрийн эрдэм шинжилгээний хуралд[1]

Товч агуулга: Орчин цагт мэдээллийн аюулгүй байдлын нэг чухал хэсэг нь кибер аюулгүй байдал боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар тусгаж ирсэн. Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон талт хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох Монгол Улсын бодлого хэвээр байгаа. Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт хамтын ажиллагааны нэг чухал баримт бичиг нь “Кибер гэмт хэргийн тухай” Европын холбооны конвенц болж байна. Тус конвенцид Европын холбооны гишүүн бус улс нэгдэн орох боломжтой бөгөөд Монгол Улс тус конвенцид нэгдэн орох хэрэгцээ, шаардлага юу болохыг энэ илтгэлд олон улсын эрх зүйн үүднээс шинжлэн дүгнэлээ.
Түлхүүр үг: кибер гэмт хэрэг; кибер терроризм; конвенц; гишүүн бус улс.

Оршил
Солонгосын хойгийн тогтворгүй байдал буюу цөмийн зэвсэг, пуужингийн асуудал нь кибер аюулгүй байдлын түвшинд нэн түрүүнд илрэх болов[2]. АНУ нь БНСУ-тай кибер аюулгүй байдлын түншлэл өрнүүлж БНАСАУ-ын кибер халдлагатай хамтран тэмцэхээр болж байна.[3] Энэ цаг үед БНАСАУ-тай найрсаг харилцаатай[4], цөмийн зэвсэггүй статусыг баримтлагч[5] Монгол Улсын хувьд кибер аюулгүй байдлын зохицуулалтын байдлыг шинжлэн үзэх шаардлагатай байна.
Мөн кибер халдлага нь үндэстэн дамнасан шинжтэй бөгөөд аль нэг улс дангаар харьяалан шийдвэрлэхэд төвөгтэй, хэд хэдэн улс, орны дэд бүтцэд хохирол учруулдаг тул кибер аюулгүй байдлыг хангах нь олон улсын эрх зүйн хүрээнд олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагыг бий болгодог байна.[6] Ази, номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага Ази, номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг 2014 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд[7] сүүлийн үед Монгол Улс кибер халдлагад өртөх магадлалтай орнуудын тоонд дээгүүрт жагсаж байгаа бөгөөд энэ талаар олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр болжээ.[8]

Иймд кибер аюулгүй байдлыг хангах олон талт олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх боломжтойг судлан, дүгнэлт хийлээ.

Нэг. Кибер терроризмын үндэсний эрх зүйн зохицуулалт

            Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хууль, Терроризмтой тэмцэх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2010 оны 141-р тогтоолын 2-р хавсралт “Mэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” болон шүүхийн шийдвэрийн цахим санд тулгуурлан зохих дүгнэлт хийв.

1. “Кибер терроризм” нь терроризмын төрөл мөн эсэх?
Хууль тогтоогч, аюулгүй байдлын судлаачид кибер терроризмыг терроризмын нэг төрөл гэж тодорхойлсон байдаг.[9] Кибер терроризм (cyber terrorism) гэдэгт мэдээллийн технологи, компьютерийн систем, харилцаа холбоог терроризмын зорилгоор ашигласан үйлдлийг хамааруулжээ. Уг үйлдлийг хийсэн этгээдийг кибер террорист (cyber terrorist) гэнэ

2. “Кибер терроризм” нь террорист ажиллагаа мөн эсэх?
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1781 дугаар зүйл, Терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.1-д зааснаас харахад Монгол Улсын хувьд терроризм нь террорист ажиллагааны нийлбэр цогцыг илэрхийлж байгаа бөгөөд, Терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.3.4-д терроризмын зорилгоор мэдээллийн цахим сүлжээнд халдах явдлыг террорист ажиллагаанд хамааруулсанаар агуулгын хувьд кибер (цахим) терроризмыг терроризмын төрөл болгон хуульчилсан байна.

3. “Кибер терроризм”-ын зохицуулалт Монгол Улсад ямар түвшинд байна вэ?
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд[10] мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг бууруулах, хариу үйлдэл хийх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ гэжээ. Үүнд: /2.3.5/ Мэдээллийн аюулгүй байдлын будлиан (incident), кибер гэмт хэрэг, кибер терроризмоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хариу үйлдэл хийх. Мөн төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ гэжээ. Үүнд: /2.3.16/ Кибер гэмт хэрэг, кибер терроризмтой тэмцэх чадавхийг хөгжүүлэх, тэдгээртэй тэмцэх.

Эндээс харахад кибер гэмт хэрэг, кибер терроризмыг Үндэсний аюулгүй байдлын түвшинд ялгаж байгаа ч, зохицуулалт, зохион байгуулалт нь бодлогын хувьд ижил түвшинд байхаар тусгажээ.

Засгийн газрын 2010 оны 141-р тогтоолын 2-р хавсралт болох “Mэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”[11]-нд зааснаар, мэдээллийн аюулгүй байдлын будлиан /incident/, кибер гэмт хэрэг, кибер терроризмоос урьдчилан сэргийлэх, хариу хариу үйлдэл хийх зорилтын хүрээнд кибер халдлага, довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх тогтолцоог бий болгох, кибер довтолгоотой тэмцэх үндэсний багийн (MonCIRT) үйл ажиллагааг тогтворжуулах, үндэсний CERT бий болгох, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх (APCERT, FIRST, CERT/CC гэх мэт) ажлыг 2010-2012 онд гүйцэтгэхээр заасан байна.

Үүний үр дүнд олон улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх мэргэжлийн техникийн баг бий болcон байна. Хариуцах байгууллага нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Тагнуулын ерөнхий газар юм. Мөн дараах арга хэмжээг тус төлөвлөгөөнд заасан. Үүнд:
Хүснэгт 1.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа
Хүрэх үр дүн
Хариуцах байгууллага
Шалгуур үзүүлэлт
Зэвсэгт хүчинд кибер халдлага, довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх үүрэг бүхий нэгж байгуулах, кибер халдлага, довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх чадавхийг нэмэгдүүлэх (2011-2012 он)
Зэвсэгт хүчний мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бий болно
БХЯ,
ЗХЖШ
Зэвсэгт хүчний кибер довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх нэгж бий болсон байна.
Энд дурдсан “хариу үйлдэл хийх” гэдгийг хариу довтлох, кибер дайралт хийх гэж ойлгох нь өрөөсгөл болно. Учир нь кибер халдлага нь ботнет, логик бөмбөг, трояаны морь, вирус, өт, зомби гэх зэрэг олон төрөлтэй[12] бөгөөд хариу үйлдэл хийж байна гээд вирус буюу нянтай программ бүтээх, ашиглах, тараах үйлдэл хийх нь зүй бус юм.

Хоёр. Кибер гэмт хэргийн үндэсний эрх зүйн зохицуулалт
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 25-р бүлэг буюу 226-229 дүгээр зүйлд дараах төрлийн гэмт хэргийг хуульчилсан бөгөөд энэ нь кибер гэмт хэргийн талаарх тусгай зохицуулалт болж байна. Үүнд:

226 дугаар зүйл. Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх; 227 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах; 228 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах; 229 дүгээр зүйл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах гэмт хэрэг.

Эдгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дараах нөхцлөөр тодорхойлох нь оновчтой юм. Үүнд: Халдлагын  зүйл; Гэмт үйлдэл; Гэм буруугийн хэлбэр; Материаллаг хохирол; Эрүүгийн  хариуцлага.

Дээрх нөхцлөөр шалгахад, Эрүүгийн хуульд тусгагдсан кибер гэмт хэрэг нь материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүндэвтэр болон хүнд гэмт хэргүүд бөгөөд халдлагын зүйлс нь:
  1. компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж
  2. компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл
  3. компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ
  4. компьютерийн мэдээлэл байна.
Эрүүгийн хуулиар хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь иргэн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27-р зүйлийн 27.1-д зааснаар Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч Терроризмд мөрдөн байцаалт явуулна. Энэ нь ТЕГ-ын мөрдөн байцаагч кибер терроризмд нэгэн адил мөрдөн байцаалт явуулахыг хэлж байна. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2011 оны 312-р тогтоолоор төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Кибер аюулгүй байдлын газрыг[13] байгуулсан бөгөөд уг газар компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулах эрх хэмжээгүй.[14] 

Цагдаагийн байгууллага нь компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу кибер гэмт хэрэг төдийгүй кибер терроризмтэй тэмцэх чиг үүрэг нээлттэй байгаа. Ийм байдал нь тус хоёр газрын ажил үүргийн зарим давхардлыг бий болгож буй байдал ажиглагдаж байна.

2010 оны 141-р тогтоолын 2-р хавсралт “Mэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд кибер гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний талаар дараах байдлаар тусгасан байна. /Хүснэгт 2/
Хүснэгт 2.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа
Хүрэх үр дүн
Хариуцах байгууллага
Шалгуур үзүүлэлт
Кибер гэмт хэрэг, кибер терроризмтой тэмцэх асуудал хариуцсан нэгжийг  Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт бий болгох асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх (2010-2012 он)
Кибер гэмт хэргийн илрүүлэлт, хэрэг бүртгэл, шүүхийн шинжилгээний чадавхи сайжирна

ТЕГ,
ЦЕГ

Шүүн таслагдсан кибер гэмт хэргийн тоо
Кибер терроризмтой тэмцэх, кибер гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг бэхжүүлэх, хэргийн газрын үзлэг хийх, компьютерийн криминалистик техникийн шинжилгээ (forensic analyze) хийх үндэсний чадавхийг бий болгох, холбогдох техник хэрэгсэл, программ хангамжаар хангах, хүний нөөцийг хөгжүүлэх (2010-2015 он)
Цагдаа, хууль хяналтын байгууллагын чадавхи сайжирсан   байна
ЦЕГ, ТЕГ
Илрүүлсэн кибер гэмт хэргийн тоо
Кибер гэмт хэргийг мөрдөх аргачлал, хэргийн газрын үзлэг хийх аргачлалын удирдамж, гарын авлага боловсруулах, хэвлүүлэх, нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, криминалистикийн шинжээчдийг сургалтад хамруулах,   кибер гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар бий болгох, хөгжүүлэх (2010-2015 он)
Цагдаа, хууль хяналтын байгууллагын ажилтнуудын мэдлэг чадвар дээшлэх болно
МШХХТГ,
ЦЕГ,
ТЕГ
Сургалтад хамрагдсан ажилтны тоо

Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд байршсан шүүн таслагдсан кибер гэмт хэргийн талаарх мэдээллийг дараах хүснэгтээр авч үзэе.[15] /Хүснэгт 3/

Хүснэгт 3.
Шийдвэрийн товч утга
1
Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг:
135.2 - Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих
229.1 - Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах
Огноо: 2015.03.12 Дугаар: 314[16]
Шийдвэрийн нэр: Шийтгэх тогтоол /Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх/
Шүүгдэгчийн байдал: 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй Э.Ш
Шийдвэрийн утга: 1. Э.Ш-ийг нянтай программ зохион бүтээж, ашиглах, тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
2
Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг:
135.2 - Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих
229.1 - Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах
Огноо: 2015.03.12 Дугаар: 317[17]
Шийдвэрийн нэр: Шийтгэх тогтоол /Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх/
Шүүгдэгчийн байдал: 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй Э.М; 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ф” нэртэй компьютер тоглоомын газарт ажилладаг, урьд ял шийтгэлгүй
Шийдвэрийн утга: 1. Э.М, Н.Б нарыг компьютерийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх, хуулбарлах зорилгоор компьютерийн программ зохион бүтээсэн, түүнийг мэдсээр байж ашигласан тараасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосон. 2. Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосон. 3.Шүүгдэгч Э.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.1 болгон хөнгөрүүлж өөрчилсөн. 4.Э.М-г нэр бүхий 4 иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 5.Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул Э.М-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
         
   Эндээс харахад цахим гэмт хэргийг шүүхээс хянан шийдвэрлэсэн тоо цөөн бөгөөд нийт 9 зүйлийн 7 хэсэгт заасан компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн зөвхөн 1 хэсэгт хамаарах гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт зааснаас гадна өөр гэмт хэргээр давхар зүйлчлэн ял төлөвлөж байгаа нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нийгэмд аюултай үйлдэлтэй тэмцэх кибер гэмт хэргийн бүрэлдэхүүний зохицуулалт дутмаг байгаатай холбоотой байж болох юм.
  
         Дурдсан гэмт хэрэгт холбогдож буй этгээдүүд дээд боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй байна. Энэ нь кибер гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл олон нийтэд нээлттэй, хязгаарлалтгүй байгаа бөгөөд тус гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлгийн хяналт сул байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна.   

Кибер гэмт хэрэгт холбогдож, ял сонсож буй этгээдүүд “мэргэжлийн бус” буюу сонирхогч байгаа нь тус гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй бүлэгт зориулсан нөлөөллийн болон мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Дээр дурдсан гэмт хэргийн хохирогчдын дунд насанд хүрээгүй хүн, хүүхдүүд нэлээд байгаа бөгөөд гэмт хэргийн золиос болж байгаагаа ч мэдээгүй, ямар хохирол амссан болохоо ч таньж мэдээгүй байдал шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээс харагдаж байгаа юм.

Кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолоос кибер гэмт хэргийн гаралт бага буюу үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан ноцтой асуудал биш гэж өнгөц дүгнэх боломжгүй юм. Энэ нь кибер гэмт хэрэгт хохирсон этгээдүүд энэ талаар мөрдөн шалгах байгууллага, мэдээллийн аюулгүй байдлын байгууллагад мэдэгддэгүй буюу бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор нуун дарагдуулдагтай холбоотой гэж үзэж болох юм. Тодруулбал, ШУТИС-КТМС-ийн ахлах багш Ч.Эрдэнэбатын 2012.12.14-ний өдрийн “Монголын банкны вэб сайтуудын МАБ-ын зарим судалгаа: SSL, WAF, метадата” илтгэлд дурдсанаар, “...улсын хэмжээнд хамгийн олон салбар нэгжтэй Хаан банкны сүлжээ орон даяар тaсарсан тохиолдол гарсан. Нийслэл төдийгүй орон нутаг дахь бүх салбарууд гүйлгээ хийх боломжгүй болжээ. Мөн ATM-р үйлчлүүлж болохгүй байв. Сүлжээ өглөө 09.20 цагийн орчимд тасарсан байна. Улмаар 21 цаг хүртэл ажлын цагийг уртасган ажиллажээ. 2007-2008 онд Засгийн газар түүний харъяа газруудын 66, олон нийтийн байгууллагын 40, боловсролын чиглэлийн 64, банкны 6, компанийн 64, сонин болон мэдээллийн 10, бусад чиглэлийн 80 орчим вэб хуудас хакеруудын дайралтанд өртжээ”.

Гурав. Кибер аюулгүй байдлыг хангах олон улсын эрх зүйн зохицуулалт
Засгийн газрын 2010 оны 141-р тогтоолын 2-р хавсралт болох “Mэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”[18]-нд кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар дараах байдлаар тусгажээ. /Хүснэгт 4/
Хүснэгт 4.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа
Хүрэх үр дүн
Хариуцах байгууллага
Шалгуур үзүүлэлт
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенци, гэрээ хэлэлцээрт нэгдэн орох, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх (2010-2015 он)
Олон улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэнэ
ТЕГ,
МШХХТГ,
ГХЯ
Нэгдэн орсон олон улсын гэрээний тоо

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенци бол Европын зөвлөлийн сайд нарын хорооны 109 дүгээр чуулганаас[19] 2001.11.23-нд Будапешт хотноо батласан, 2004.07.01-нд хүчин төгөлдөр болсон Кибер гэмт хэргийн тухай конвенц юм.[20] Конвенц нь түүнд нэгдэн орсон, соёрхон баталсан 45 оролцогч улстай бөгөөд конвенцид гарын үсэг зурсан 8 улс байна.

Монгол Улсад одоогоор тус конвенцийн орчуулгыг[21] Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцан бэлтгэсэн, Кибер аюулгүй байдлын газрын мэргэжилтнүүд тус конвенцийн талаар гадаад мэргэжилтнээс номын дуу сонссон байдалтай байна.[22]

Тус конвенц нь Европын холбооны конвенц хэдий ч конвенцийн 37 дугаар зүйлд зааснаар Европын холбооны гишүүн бус улс орон түүнд нэгдэн орох боломжтой юм.[23] Тодруулбал, тус конвенцийн оролцогч орнуудад Европын зөвлөлийн гишүүн бус 21 орон хамаарч байна.[24]  /Урт хугацаанд тогтсон жишгээр бол, Европын зөвлөлийн Сайд нарын хороо конвенцийн оролцогч улсуудтай зөвшилцсөний дараагаар өөрийн санаачлагаар буюу хүсэлтээр Гишүүн бус улсыг конвенцид нэгдэн орохыг урьдаг байна. Харин конвенцийн оролцогч аль нэг улс нь тухайн гишүүн бус улсыг конвенцид нэгдэн орохыг дэмжээгүй буюу эсэргүүцвэл Сайд нарын хороо нь гишүүн бус улсыг конвенцид нэгдэн орохыг урьдаггүй. Гэхдээ онолын хувьд конвенцийн оролцогч бөгөөд Европын зөвлөлийн гишүүн бус улс татгалзсан нь Сайд нарын хорооноос гишүүн бус улсыг конвенцид нэгдэн орохыг урих явдалд нөлөөлөхгүй.

Эндээс харахад, конвенцийн оролцогч улсууд Европын зөвлөлийн гишүүн бус улс тухайн конвенцид нэгдэн орох эсэхийг тодорхойлдог байна. Гэхдээ албан ёсны шийдвэрийг Сайд нарын хороонд суудалтай конвенцийн оролцогч улсуудын төлөөлөгчид гаргана. Европын зөвлөлийн дүрмийн 20.d-д зааснаар энэ шийдвэрийг дийлэнх олонхи буюу 2/3-ын саналаар гаргах бөгөөд ингэхдээ Сайд нарын хороонд суудалтай конвенцийн оролцогч улсуудын төлөөлөгчид санал нэгтэй байх шаардлага тавигддаг.[25]

Манай хойд хөрш ОХУ-ын хувьд Европын зөвлөлийн гишүүн хэдий ч тус конвенцод нэгдэж ороогүй. Урд хөрш БНХАУ-ын хувьд мөн тус конвенцид нэгдэж ороогүй байна.

Монгол Улсын хувьд хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгасан.[26]

Энэ нь кибер гэмт хэрэг, кибер терроризмтэй тэмцэх үйл ажиллагаанд нэгэн адил хамаарна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх нэг хэлбэр нь дээр дурдсан конвенцод нэгдэн орох явдал байж болох юм.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын гэрээнд нэгдэж орох өөр нэг чухал нөхцөл бол кибер аюулгүй байдлыг хангах асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны зохицуулалт юм. Тодруулбал, Кибер гэмт хэргийн тухай конвенцийн 3 дугаар бүлэг, 23-35 дугаар зүйлд олон улсын хамтын ажиллагааны талаар зохицуулсан.

Конвенцийн 23 дугаар зүйлд олон улсын хамтын ажиллагаатай холбоотой үндсэн зарчмыг тогтоосон бөгөөд тус конвенцийн оролцогч талууд гэмт хэргийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааны холбогдох баримт бичгүүд, нэгдэн орсон ба хоёр талын хууль тогтоомж, түүнчлэн дотоодын хуульд үндэслэн тус конвенцийн дагуу компьютерийн сүлжээ, өгөгдөлтэй холбоотой буюу кибер гэмт хэргийн асуудлыг мөрдөн байцаах, шүүн таслах, гэмт хэргийн зөрчлийн цахим нотлох баримт цуглуулах зэрэг боломжит бүхий л хувилбараар бие биетэйгээ хамтран ажиллана.
Мөн конвенцийн 25 дугаар зүйлд зааснаар энэхүү конвенцийн оролцогч талууд компьютерийн сүлжээ, өгөгдөлтэй холбоотой гэмт хэргийн асуудлыг мөрдөн байцаах, шүүн таслах, цахим нотлох баримт цуглуулах зорилгоор хамгийн өргөн боломжоор нэг нэгэндээ харилцан тусламж үзүүлнэ. 35 дугаар зүйлд зааснаар Талууд компьютерийн сүлжээ болон өгөгдөлтэй холбоотой гэмт хэргийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулах эсвэл гэмт хэргийн цахим нотлох баримт цуглуулах зорилгоор шууд туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд долоо хоногт 7 өдрөөр, 24 цагаар холбоо барих сүлжээг ажиллуулна.[27]

Кибер гэмт хэргийн тухай конвенцийн 2-10-р зүйлд кибер гэмт хэргийн 4 төрлийн талаар тусгасан байна. Тодруулбал,
1. компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг
2. компьютерийн гэмт хэрэг
3. зохисгүй агуулгатай холбоотой гэмт хэрэг
4. зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг
 Эдгээр цахим гэмт хэргийн халдлагын зүйлс нь:
1.      компьютерийн мэдээлэл, сүлжээ
2.      компьютер
3.      ёс зүйтэй агуулга
4.      зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх.

Тус конвенцоор хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалт болон хүүхэд, гэр бүл, нийгмийн цахим аюулгүй байдал, зохиогчийн эрх байна. Эндээс харахад, кибер гэмт хэргийг комьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ба компьютер, мэдээллийн бусад төхөөрөмжийг ашиглаж үйлдсэн гэмт хэрэг гэж үндсэнд нь хоёр ангилж болохоор байна. 

Монгол Улсын Эрүүгийн хуульд компьютер, мэдээллийн бусад төхөөрөмжийг ашиглаж үйлдсэн гэмт хэргийн талаар тусгайлан зааж өгөөгүй нь цахим гэмт хэргийн талаар бүрэн зохицуулаагүй гэж үзэх нөхцөл болж байна.
     
       Дээр дурдсан нөхцөл, шаардлагын үүднээс Кибер гэмт хэргийн тухай конвенцид Монгол Улс нэгдэн орох шаардлагатай болох нь харагдаж байна. Үүний тулд Конвенцийн оролцогч улсуудын дэмжлэгийг авах ёстой.

Үүнд Монгол Улсын Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд болсон “Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын 5 дугаар бага хурлын үр дүн зохих нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Учир нь тус эвслийг Монгол Улс 2014-2015 онд тэргүүлж байгаа[28] бөгөөд одоогоор эвсэлд 26 гишүүн улс[29] нэгдсэн. Түүний 20 улс нь Кибер гэмт хэргийн тухай конвенцийн оролцогч улс юм. Эвслийн гишүүн Гана, Кени, Мальдив, Тунис гэсэн Европын зөвлөлийн гишүүн бус 4 улсын хувьд Кибер гэмт хэргийн тухай конвенцийн оролцогч болоогүй байна.  


Дүгнэлт
Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн хэсэг нь кибер аюулгүй байдал бөгөөд түүнийг хэрхэн хангах талаар Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой тусгасан байна. Гэвч кибер аюулгүй байдлыг хангах нь олон улсын олон талт хамтын ажиллагаанаас улам бүр хамааралтай болж байна.
Ийм нөхцөлд кибер аюулгүй байдлыг хангах асуудлаарх олон талт хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхитэй оролцох шаардлагатай болж байна. Кибер аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагааны эрх зүйн үндэс нь Кибер гэмт хэргийн тухай Будапештийн конвенц юм.
Тус конвенцид Европын холбооны гишүүн бус улс нэгдэн орох боломжтой. Үүний тод илрэл нь Европын холбооны гишүүн бус 21 улс тус конвенцийн оролцогч болсоноос харагдаж байна.
Монгол Улс Кибер гэмт хэргийн тухай конвенцийн оролцогч болохын тулд түүний оролцогч 45 улсаас дэмжлэг авах шаардлагатай юм. Монгол Улс Ази, номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг 2014 оны 5 дугаар сард, “Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын 5 дугаар бага хурлыг 2015 оны 5 дугаар сард тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь Монгол Улс олон улсын өмнө кибер гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах бодит хүсэлт эрмэлзэл байгааг илтгэх төдийгүй Кибер гэмт хэргийн тухай конвенцид нэгдэн орох шаардлагад эерэг үзүүлэлт болж байна.
Харин Монгол Улсын хоёр хөрш болох ОХУ, БНХАУ “Кибер гэмт хэргийн тухай” Будапештийн конвенцийн оролцогч болоогүй нь конвенцийн оролцогч улсууд Монгол Улсад итгэл хүлээлгэн конвенцийн оролцогч улс болгоход сөргөөр нөлөөлөх нөхцөл болж магадгүйг үгүйсгэх боломжгүй байна.


Read more...