Search This Blog

2010-01-27

Интернэтийн эрх зүйн судалгааны тухайд

Л.Галбаатар

Миний мэдэж байгаагаар, интернэтийн эрх зүйг судлах хоёр хэлбэр байх шиг байна.

Эхнийх нь, эрх зүйн үндсэн салбаруудыг интернэтийн орчинд авч үзэх.
Тухайлбал, интернэт дэх нийтийн эрх зүй, хувийн эрх зүй- эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй /Олон улсын хувийн эрх зүй/, захиргааны эрх зүй, эдгээрийн процессийн эрх зүй-нотлох баримттай холбогдох ажиллагаа юм.

Дараагийнх нь интернэт дэх тусгай асуудлыг эрх зүйн салбаруудад авч үзэх хэлбэр. Тухайлбал, интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил нь зохиогчийн эрх эдлэх этгээдэд учруулсан хохирлын хэмжээнээс хамааран гэм хор, гэмт хэргийн аль нэгэн болох ба Оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгдөг, зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч торгодог зэргийг харгалзвал уг асуудал нь эрх зүйн бүх талын судалгааг хийх нөхцөл болж байна.

Энд дурдсан нэг хэлбэрээс нөгөөд шилжих, хослуулах нь судлаачийн эрмэлзлээс хамаарна л даа. Эрх зүйн туслалцаа үзүүлэгч, Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнх нь хүсэл зориг интернэтийн эрх зүйн туслалцааг тодорхойлох хандлагатай байна.

Интернэтийн эрх зүйн судалгаа улс орон бүрт өөр байгаа нь тэдний эрх зүйн тогтолцоотой холбоотой. Нөгөө талаар, интернэт хэрэглэгчдийнх нь эрх зүйн соёл зохих хэмжээгээр уг эрх зүйн хөгжлийг тодорхойлж байна.

No comments: