Search This Blog

2013-10-04

Интернэт сэтгүүлзүйг тойрсон эрх зүйн зарим асуудал

/“Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулганд хэлэлцүүлсэн илтгэл/

           Интернэт сэтгүүл зүйн тухай ярихын өмнө манай улсын интернэт хэрэглээний талаар эхлэн ярилцая.

Интернэтийн хэрэглээ Монголд
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн гаргасан “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын цагаан ном-2013”-т дурдсанаар 2012 оны байдлаар 331 сум, сууринг холбосон 25909 км шилэн кабелийн сүлжээ, 128 сум, сууринг холбосон тоон радио релейний сүлжээ, 181 сум, сууринг холбосон сансрын холбооны сүлжээтэй болж Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ өргөжөөд байна. 2011 оноос 30 Гб/сек хүчин чадалтай Е вроп- Ази тивийг холбосон транзит сүлжээгээр олон улсын интернэтийн урсгалыг дамжуулж байна. Үүрэн телефон холбооны салбарт 4 оператор компани тогтвортой үйл ажиллагаа эрхэлж Монгол Улсын нийслэл хот, 21 аймаг, 330 сум, сууринд үйлчилгээ хүргэж байна. Өнөөгийн байдлаар интернэтийн зах зээлд 85 байгууллага үйл ажиллагаа эрхэлж, Dial-Up, DSL, FTTH-шилэн кабель, коксиал кабель, GPRS, 3G, EVDO, WiFi, Wimax, VSAТ технологи ашиглан хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэж байна.
Интернэтийн бүртгэлтэй хэрэглэгчид 641 мянга болж өмнөх оноос 40%-иар өсчээ. Монгол Улсын 2010 оны хүн амын тооллогын дүнгээр хүн амын 30,6% нь интернэт ашиглаж байгаа ба хэрэглэгчдийн тоо 709.6 мянга болсон дүн гарчээ. Улсын хэмжээнд 30 Гб/с буюу 2009 онынхоос 10 дахин нэмэгдсэн өндөр хурдаар дэлхийн мэдээллийн сүлжээнд холбогдож байна. Улсын хэмжээнд 200,000 орчим интернэтийн холболттой цэг байна.
Монгол Улс мэдээллийн технологийн хөгжлөөр Ази тивд 13-т орж байна. Өөрөөр хэлбэл интернэт Монгол Улсад аль хэдийнэ өргөн хэрэглээнд нэвтэрсэн.

Интернэт сэтгүүлзүй Монголд
Интернэт сэтгүүлзүй нь Монгол Улсын сэтгүүл зүйд хэр орон зай эзэлж байна вэ гэдгийг тодорхойлоё. 2011 онд МУИС-ийн дэргэдэх Нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд докторант С.Дэлгэрмаа “Монголын интернэт сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжил, тулгамдсан асуудал" сэдвээр сэтгүүл зүйн докторын зэрэг хамгаалсан байна. Мөн онд МУИС-НШУС-ийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд магистрант Ч.Болортуяа “Онлайн сэтгүүл зүй” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Эдгээр судалгааны ажлыг МУИС-ийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ удирдсан байна.
Эндээс харахад интернэт/онлайн сэтгүүл зүйн дэд салбар нь Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тодорхой судлаачидтай болсон байна.

Интернэт сэтгүүл зүйн зарим асуудал
Интернэт сэтгүүл зүй нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй зайлшгүй хамааралтай. Оюуны өмчийн асуудал бол Интернэт сэтгүүл зүйн хувьд тулгарч буй гол асуудлын нэг мөн. Ялангуяа сэтгүүл зүйн бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалах эсэх, бусдын зохиогчийн эрхийн интернэт сэтгүүлзүйд хэрхэн хангах вэ гэдэг талаар интернэт сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар харилцан адилгүй бөгөөд цаашид анхаарах асуудал болж байна.
Интернэт сэтгүүлчийн хувьд интернэтэд бичвэр, дуу, дүрс, компьютер, програм хангамжийг зөв ашиглах чадвар зайлшгүй шаардлагатай болдог. Үүнтэй уялдан эрх зүйн асуудал гарч ирдэг. Тухайлбал, вэб сайт дахь мэдээ, нийтлэлд эх сурвалжаа холбоос буюу гипертекст ашиглан шууд зааж өгөх боломжтой. Гэвч ийм холбоосгүй мэдээ, материал нь бусдын зохиогчийн эрхийг зөрчсөн байх магадлалтай бөгөөд байгаа холбоос нь зохих шаардлага хангахгүй, хуучирсан, хувь хүний мэдээллийг татан оруулсан зэрэг зөрчил түгээмэл байна.
Интернэт сэтгүүлзүйн эрх чөлөөний байдлаар манай улсын хувьд сайн үзүүлэлттэй. БНХАУ-ын хувьд интернэт хэрэглээний эрх чөлөө ямар түвшинд байгааг та бүхэн мэднэ. Тухайлбал яахоо хаяг ашиглаж буй хүний нууцад халдах, мөрдөж мөшгих тохиолдол байдаг.
Блог, фэйсбүүк, тивитэр зэрэг интернэтийн янз бүрийн хэрэгсэл хэрэглэхдээ санаатай болон санамсаргүйгээр хүний нэр төрд халдах байдал интернэт сэтгүүлч нарт тохиолддог. Үүнтэй адилаар зохиогчийн эрхийг зөрчсөн асуудал интернэт сэтгүүлч нарыг дагаж байдаг.
Гол анхаарах зүйл бол интернэт өөрөө дүрс бичлэг, зураг, бичвэр зэрэг олон зүйлээс бүрдсэн нийлмэл, цогц орчин гэдгийг санаж энэ онцлогт тохирсон эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх нь интернэт сэтгүүлчид учрах эрх зүйн эрсдэлээс хамгаална.

Интернэт сэтгүүл зүйн төлөвшил
За, зохион байгуулагчдын зүгээс тараасан, та бүхний гарт буй 2012 оны “Азийн хэвлэл мэдээллийн барометр” номын 28, 29 дүгээр хуудсыг харна уу. Эдгээр хуудаснаас манай улсын сэтгүүлч нар өөрснөө бие даан интернэт сэтгүүл зүйн төлөвшлийг тодорхойлсон. Тухайлбал, Төрийн зүгээс интернэтийн агуулгад цензур тавих ёсгүй бөгөөд энэ зарчим манай улсад хангагдаж байна гэж үзжээ. Харин хуулийн дарангуйлал сэтгүүлчдэд байгаа гэж үзжээ.
Вэб сайтууд зохих зөвшөөрөлгүйгээр мэдээ, нийтлэл хуулбарлаад байршуулж байгааг их шүүмжлэх болсон. Өдөр тутмын мэдээний хувьд зохиогчийн эрхийн зөрчлийн тухай ярих хэцүү байдаг. Харин сэтгүүлчийн оюуны ур чадвар бүхий нийтлэлийн хувьд түүн дээр зохиогчийн эрхийн хамгаалалт яригдах боломжтой.
Өмнө ярьсан номонд интернэтийг хатуу хянах буюу цензурдах хандлага Монголд харьцангуй бага, цаашид нэмэгдэх магадлал бага гэж үзжээ.
Сэтгэгдэл буюу уншигчийн саналын талаар энд ярих ёстой болов уу. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй зүй бус сэтгэгдэлтэй хийх тэмцэл нь сэтгүүл зүйг хязгаарласан буюу сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад болсон гэж үзэхгүй.  Энэ нь зөвхөн уншигчийн бичих эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал юм.

Дүгнэлт  
Интернэт сэтгүүлзүйд оюуны өмчийг хүндэтгэх, хамгаалах ажлыг хэрэгжүүлж хэвших хэрэгтэй байна.
Интернэт дэх сэтгүүлчийн мэргэжлийн хариуцлагыг иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхээр тодорхойлж байна.
Интернэтийн сэтгүүлчид интернэт үйлчилгээ, цахим хуудсыг сонгохдоо түүний хамгаалалтын түвшин, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмждэг эсэхийг харгалзаж хэвших хэрэгтэй байна.
Бусад улс оронтой харьцуулахад Монгол Улсад онлайн сэтгүүлчдийн эрхийн зөрчил харьцангуй бага байна.
Онлайн сэтгүүлчид интернэтэд эх сурвалж бичих арга зүйд суралцан хэвшүүлэх шаардлага байна.
Уншигчдыг төөрөгдүүлэхгүй байх, тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын нэр хүндийг хамгаалахын тулд Сэтгүүлчид хувийн болон ажлын цахим хуудсыг тусад нь хөтлөх нь зохистой.
Интернетийг хатуу хянадаг улс болох эрх зүйн эрсдэл Монгол Улсад харьцангуй бага байна. 
За, анхаарал тавьсанд баярлалаа.
2013.10.04

Read more...