Search This Blog

Showing posts with label introduction. Show all posts
Showing posts with label introduction. Show all posts

2011-01-15

"Цахим эрх зүй" номын өмнөх үг

Зохиогчоос

Уншигч Танд барьж буй “Цахим эрх зүй” номоор Монголын үндэсний өдөр тутмын “Үнэн” сонин болон мэдээллийн технологийн “Миний компьютер” сэтгүүлийн хууль зүйн буланд нийтлүүлсэн өгүүлэл, мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Интернэт хэрэглэх үйл явц Монгол Улсын хувьд 1996 оноос эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш, өдгөө тооцоолуур (компьютер), цахим сүлжээ (интернэт) монголчуудын салшгүй хэрэглээ болсон нь энэхүү ном хэвлэгдэх нөхцөл боллоо. 

Номоор дамжуулан цахим сүлжээний оролцогсдод тулгарч буй зарим асуудлыг эрх зүйн талаас нь тодорхойлж, шийдэх санаа, бодлоо уншигч Тантай хуваалцаж байна.

Мөн галт зэвсгийн өмчлөл, ажил үүргийн хуваарь ба ашиг сонирхлын зөрчил, цаазаар авах ял, хүний наймаа, хамтын амьдрал, эрх зүйн боловсролыг хөндсөн өгүүлэл, ярилцлагуудаа хавсаргалаа. 

Та гарчиг тус бүрийн дор тавьсан он, сар, өдрийг анхааралдаа авснаар миний бичсэн зүйлийн утга санааг бүрэн ойлгож хүлээж авах биз ээ. 

Судалгаа, шинжилгээний үр дүнгээ нэгтгэн энэхүү номыг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын их сургууль-Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхмийн багш, ажилтнууд, 
“Олон улсын эрх зүйч, доктор, профессор Л.Хашбатын нэрэмжит тэтгэлэг”-ийн хороо-доктор Х.Хулан, 
энэ өдрүүдэд 90 жилийн ой нь тохиож буй “Үнэн” сонины хамт олон-сэтгүүлч Л.Эрдэнэмаа, 
“Миний компьютер” сэтгүүлийн эрхлэгч Н.Нандин-Эрдэнэ, ерөнхий редактор С.Уянга, 
Амстердамын Компьютер, эрх зүйн хүрээлэнгийн судлаач, доктор Александр Пастухов, 
“Оюутолгой” ХХК-ийн хуульчид болон гэр бүлийнхэн, ах, эгч, дүү, найз нартаа талархлаа илэрхийлье.
Л. Галбаатар
2010 оны 10 сарын 10

Read more...

2010-11-07

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь цахим нотлох баримт

МУИС-Хууль Зүйн Сургуулийн Эрдмийн танхимд 2010 оны 11 сарын 3-ны өдрийн 14.00-16.30 цагт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь цахим нотлох баримт" сэдэвт санаа хөгжүүлэх уулзалт боллоо.

Энэхүү уулзалтыг тус сургуулийн Мэргэжлийн ёс зүй, Практик сургалтын тэнхим зохион байгуулсан билээ.

Уулзалтад
МУИС-Хууль Зүйн Сургуулийн захирал, академич С.Нарангэрэл, сургалтын албаны эрхлэгч Ц.Хүрэл-Очир, Практик сургалтын тэнхимийн эрхлэгч Н.Туяа, Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч Т.Мэндсайхан, доктор Б.Амарсанаа,

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, Практик сургалтын тэнхимийн багш Ц.Цогт,
Монголын Кибер довтолгоотой тэмцэх төв (MonCIRT)-ийн тэргүүн, доктор Т.Халтар,
Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Д.Нэргүй,
Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан Б.Болорсайхан
болон хууль зүйн ахлах ангийн оюутнууд оролцов.

Уулзалтын эхэнд "Л.Галбаатар. Цахим эрх зүй-хууль зүйн өгүүлэл, ярилцлага, УБ., 2010" номын нээлтийн ажиллагаа болов.

Үндсэн 5 сэдвийн хүрээнд оролцогсод илтгэл тавьж, санаагаа хэлэлцүүлсэн бөгөөд оролцогсдын онцолсноор,
тус уулзалт нь мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон хуульчид хоорондоо хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бүхий л үйл ажиллагаанд хамтран ажиллах арга зам, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн нь уулзалтын зохих үр дүн юм.

Эхний бөгөөд цаашид үргэлжлэх чухал уулзалт МУИС-ХЗС-ийн эрдэмтэн багш, ажилчдын санаачилга, идэвх чармайлтаар амжилттай боллоо.



Read more...

2010-05-23

Хууль зүйн цахим туслалцаа

Л.Галбаатар

Монгол Улсын Үндсэн хуульд (16-р зүйлийн 14; 17-р зүйлийн 1; 19-р зүйлийн 3 дахь заалт) хууль зүйн туслалцаа авах хүний эрхийг баталгаажуулсан юм.

Хууль зүйн туслалцааг академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг” бүтээлдээ “иргэдийн эрх ба хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ба хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн хууль зүйн ба эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг ойлгох, зөв хэрэглэх ба сахин биелүүлэхэд хувь хүн мэргэжлийн туслалцаа үзүүлэх мэргэжлийн хуульчдын төрийн ба төрийн бус үйл ажиллагаа” хэмээн тайлбарласан байдаг.

Хууль зүйн туслалцааны олон хэлбэр бий. Ийм хэлбэрүүд нь хууль зүйн туслалцаа хүсэгчийн хүсэл сонирхлоос хамааралтай байдаг.

Танд энэ удаа монгол хэл дээрх хууль зүйн цахим туслалцааны талаар танилцуулж байна.

Цахим сүлжээгээр дамжих хууль зүйн туслалцаа манай улсад харьцангуй шинэ зүйл юм. Учир нь интернэт-цахим сүлжээ нь суурин болон гар утасны адил бидний өдөр тутмын хэрэглээ болоод удаагүй байна.

Өнөөдрийн байдлаар хууль зүйн цахим туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж буй зарим вэб сайтыг авч үзье.

1. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг төлдөг. Өмгөөлөл.МН буюу www.umguulul.mn вэб сайт нь улсын тэмдэгтийн хураамжийг бодох үйлчилгээтэй юм байна. Энэ бол бас нэг төрлийн хууль зүйн туслалцаа л даа.

2. Эрх зүйч Б.Батмөнх www.zuvluguu.wordpress.com цахим хуудсаараа эрүүгийн эрх зүйгээс бусад асуудлаар хууль зүйн цахим зөвлөгөө өгч байна. Түүний хуудсанд хандсанаар ажлын 5 өдөрт багтаан асуултынхаа хариултыг авах боломжтой. Та хууль зүйн асуулт-цахим зөвлөгөө авах хүсэлтийг сэтгэгдлийн хэсэгт бичих ёстой ба асуулт, хариулт нийтэд ил харагддаг нь тус сайтын нэг дутагдалтай тал байж болох юм.

3. 2003 онд үүсгэн байгуулагдсан “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм нь хууль зүйн төрөл бүрийн салбарт ажилладаг, бэлтгэгдсэн хуульчдаас бүрдсэн бөгөөд үйлчлүүлэгчийнхээ тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарч байдгийн нэг жишээ нь www.advocate.mn цахим хуудсаар өгч буй хууль зүйн онлайн зөвлөгөө юм. Та тус цахим хуудсаар зочилж нэр, цахим шуудан, харилцах утас, асуултаа илгээгээд цахим шуудангаараа ердийн боломжит хугацаанд хууль зүйн туслалцаа авах боломжтой.


4. МУИС-Хууль Зүйн Сургуулийн Практик сургалтын тэнхим, түүний Хууль зүйн туслалцааны төвөөс www.mongolianlaws.com вэб сайттай хамтран онлайнаар хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгдөг системийг ашиглалтанд оруулсан байна. Та www.mongolianlaws.com сайтад зочилж “Хууль, эрх зүйн зөвлөгөө” гэсэн хэсэгт асуулт болон өөрийн цахим шууданг (и-мэйл) бүрэн, зөв бичиж илгээхэд л болох юм. Таны асуултад дурьдагдсан асуудлаар судалгаа хийн 7 хоногийн дотор хариултыг www.mongolianlaws.com сайтад тэмдэглүүлсэн цахим шуудангаар явуулах юм байна.



Ингэхдээ тус үйлчилгээ нь тодорхой журмаар ажилладаг. Тухайлбал, хууль зүйн зөвлөгөө хүсэгчийн асуултыг “Админ хуульч” хүлээн авч, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүйн аль нэг хуульч руу шилжүүлнэ. Харин эрх зүйн чиглэлээр дагнасан хуульч цахим шууданд нь ирсэн мэдэгдлийн дагуу www.mongolianlaws.com/legalaid хуудаст нэвтэрч ороод бэлтгэсэн хууль зүйн хариултыг зохицуулагч буюу админ хуульч хүлээн авч хянаж үзээд үйлчлүүлэгчид илгээдэг.


Ингэж таны хүссэн хууль зүйн зөвлөгөө цахим шууданд тань ирсэн байдаг.

Зөвлөгөө хүсэгчийн анхаарах зүйлс: 

• Асуултаа латин галигаар буюу бидний гар утаснаас мессэж бичихэд ашигладаг хэлбэрээр бичиж байгаа үед үгээ аль болох товчлохгүй байх нь зүйтэй. Ингэх нь таны асуултыг хуульч зөв ойлгох гэж оролдох хугацааг хэмнэхээс гадна таны асуулт салаа утгагүй байх болно.

• Цахилгаан тасалдах, компьютерын ажиллагаа гацах, тухайн вэб сайтын ажиллагаанд доголдол гарах гэх мэт эрсдэл интернэт хэрэглэх явцад тулгардаг. Тэгэхээр асуултаа баримт бичгийн программ-MS Word дээр бичээд түүнийгээ онлайн зөвлөгөөний хэсэгт хуулах үйлдлийг (copy+paste) хийх нь эрсдэл, багахан бухимдалаас сэргийлнэ.

• Асуултандаа дурдах аливаа хугацааг аль болох ойлгомжтой бичих нь зөвлөгөө өгөгчийн ажилд дэмжлэг болно. Тухайлбал “5 сар”, “5-р сар” зэргийг ялгаж бичвэл зүгээр.

• Асуулт илгээхийн өмнө тогтмол хэрэглэдэг и–мэйл- цахим шуудангаа бүртгүүлэх нь тохиромжтой. Энэ нь асуултын хариултаа аль болох богино хугацаанд үзэх давуу талтай юм.

• Асуулт урт, богино байх нь хариултанд нөлөөлөхгүй бөгөөд асуултыг тодорхой бичиж, ямар асуудлаар зөвлөгөө хүлээн авахаа онцлох нь хуульчийн ажилд хэрэгтэй байдаг.

• Нэг удаа л цахим шуудангаар зөвлөгөө авах боломжтой гэж зарим хүн ойлгодог. Өмнөх асуултыг дахин илгээгээгүй л бол хариултыг тодруулж лавласан, шинэ асуултанд шинэ хариулт-зөвлөгөөг илгээх ба тус сайтуудын зөвлөгөө өгөх байранд очиж хуульчаас зөвлөгөө авах боломжтой. МУИС-Хууль Зүйн Сургуулийн Практик сургалтын тэнхим, түүний “Зөвлөгөө өгөх байр”-нд очсоноор ямар ч асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч болох ба дээр дурдсан бусад сайтын хуульч нь тантай эхний удаад “анхны ярилцлага” хийн, шаардлагатай бол “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан төлбөртэй үйлчлэх билээ.

• Хэрэв таны зөвлөгөө хүссэн асуултын нууцыг задруулах, хууль бусаар ашигласан гэж үзвэл хуульчийн ёс зүйн асуудлаар гомдол гаргах эрх танд бий.



Эцэст нь хэлэхэд, “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед” хууль зүйн туслалцааны талаар бодох бус, зурхай уншдаг шиг аливаа үл ойлголцол, маргаантай байдал бий болохоос өмнө хууль зүйн зөвлөгөөг цахим шуудангаар уншиж занших нь “эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэх”-эд таны хувь нэмэр болох юм.


Read more...

2010-02-26

Интернэтэд эрх зүйн соёл төлөвшөөгүй байна

/"Үнэн" сонины 2010-2-25-ны 11 дүгээр талд нийтлэгдсэн ярилцлагаас хэсэглэн авав. /

Л. Эрдэнэмаа
... хуулийн зөвлөх Л.Галбаатартай ярилцлаа. Тэрбээр интернэт дэх хүмүүсийн эрх зүйн соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй юм.


-Интернэт, цахим-кибер орон зай гэхчилэн нэрлэж байгаа энэ орон зай маань бидний физик ертөнцийн үргэлжлэл юм. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран аль ч орны иргэд цахим орон зайд амьдарч, ажиллаж  нийгмийн бүхий л харилцаа явагдаж байна.  Нийгмийн харилцаа байгаа газар хууль байдаг.

Цахим орон зайд эрх зүйн зохицуулалт зайлшгүй зүйлийн нэг боллоо гэдэг нь бидэнд мэдэгдэж буй үйл явдлуудаас тодорхой харагдаж байгаа юм. Хуульчид тэрхүү орон зайд байгаа хүмүүст хуулийн туслалцаа үзүүлэх шаардлага гарч байгаа. 


Интернэтэд хүний эрх ихээхэн зөрчигдөж байна. Халдашгүй байх, хэвлэн нийтлэх, зохиогчийн эрх илүүтэй зөрчигдсөөр байна. Ер нь физик ертөнц дээр  байгаа бүхий л  харилцаа  интернэт дээр байгаа. Тэгэхээр бидний физик ертөнц дэх асуудлууд цахим орон зайд ямар өнгө төрх, хэлбэртэй байгааг тодруулах нь тэрхүү орон зайд байгаа хүмүүс болон хуульчдад гол ажил болж байна.


Энэ нь судлаачдын дунд “интернэтийн эрх зүйн зохицуулалт” нэрийн дор яригдаж байгаа л даа. Гэхдээ дээрх нэр томьёог эрх зүйн бие даасан салбар гэхээсээ интернэтийг эрх зүйгээр зохицуулж буй арга, хэрэгсэл гэж ойлгох нь түгээмэл юм. 
... Эрх зүйн зохицуулалт нь интернэтэд өрнөж буй үйл явцыг хязгаарлах, боомилох гэхээсээ илүү байгаа харилцаанд нь хууль зүйн талаас үнэлэлт дүгнэлт өгч, хэн нэгний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах зорилготойгоор үйлчилж байна. Интернэтийн эрх зүйн онцлог нь даяаршилтай шууд холбоотой. Интернэтийн харилцаа болон түүний зохицуулалт олон улсын эрх зүйтэй илүү холбогддог.

...Ихэвчлэн зохиогчийн эрхийн зөрчил, нэр төрд хандсантай холбоотой туслалцаа үзүүлж байна. Манай орны хувьд бусад оронтой харьцуулахад интернэтийн харилцаа хөгжиж эхэлж байгаа. Ийм тохиолдолд маргааныг зохицуулахад илүү хялбар байна. Интернэт өндөр хөгжсөн орнуудад эрх зүйн зохицуулалт нь илүү нарийвчлалтай байдаг.

-Манайд энэ талын хууль эрх зүйн ямар зохицуулалт байдаг вэ?
-Интернэтийн онцлогтой холбоотойгоор, интернэтэд зориулсан тусгай хууль байх нь зохимжгүй гэж үздэг. Учир интернэтийн хөгжил цаг, минутаар хэмжигддэг.  Тэгэхээр түүнд тохируулсан хууль гаргана гэхээр хууль нь өөрөө интернэтийн хөгжлөөс  хоцрогддог.

Хуульчид ямар зохицуулалт хэрэглэж байна гэвэл, олон улс хооронд байгуулсан нийтлэг хэм хэмжээ, гэрээ конвенцийн зарчмыг баримталж байна л даа. Энэ нь ч зөв гэж би боддог. Зарчим байгаа тохиолдолд түүнийг хэрэглэх чадвар хуульчаас нь хамаарна.  ... Гол нь ерөнхий зарчим, хэм хэмжээ байхад хангалттай юм.


-Интернэтийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн гаргадаг гол алдаа юу вэ? 
... Интернэтийг дур зоргийн ертөнц гэж ойлгоод байдаг. Энэ л хамгийн том алдаа юм. Үүний шалтгаан олон хүчин зүйлсээр тайлбарлагдана л даа.
... Ер нь интернэтэд эрх зүйн соёл хангалтгүй байна. 


-Интернэтэд зохиогчийн хамгийн ихээр зөрчигдөж буй. Өдөр тутмын сонины  сэтгүүлчдээр жишээлэхэд бүтээлийг нь дурын сайтууд ямар ч зөвшөөрөлгүй аваад тавьчихдаг. Мөн зохиолчдын бүтээлүүд, дуу, кино гээд зохиогчийн эрх дээд зэргээр зөрчигдөж байна. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол оо? 

-Оюуны хөдөлмөрөөр мөнгө олох ажил хаагдаж байна гэсэн үг л дээ.  Тухайн зөрчлүүдэд ямар байдлаар хариу барих вэ гэдэг чухал. Миний бодлоор оюуны хөдөлмөр эрхлэгчид хуульчаа зөв сонгоод, асуудлаа зөв тодорхойлох хэрэгтэй юм. Зөрчилд олон хариу өгч болно. Гол нь ямар хариу өгөх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй байна. 

-Тэгэхээр интернэтэд эрхээ зөрчүүлэхээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Ажлаа баримтжуулах хэрэгтэй. Баримтжуулаагүй тохиолдолд өөрөө эрсдэлд орж болзошгүй. Баримтжуулах тийм хэцүү биш шүү дээ. Он, сар, өдөртэй нь баримтжуул. Тэгээд хэнд хандах вэ гэдгээ сонго. Заавал шүүхэд хандах албагүй. Эрхээ зөрчүүлсэн хүний хүсэл зорилгоос л хамаарна. Оюуны өмчийн газар хандаж болж байна. Шүүхэд хандаж болно. Хоорондоо тохиролцож болно. Хоорондын маш сайн тохиролцоо байхад шүүхийн зохицуулалтаас ч илүү үйлчлэл үзүүлж болдог. Шүүхэд хандах нь эцсийн арга зам байвал зүгээр.

... интернэтийн орчинд ажиллаж, үйлчлүүлж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ? 
-Хамгийн гол нь тогтоосон хэм хэмжээ, хуулиудаа битгийн зөрчөөрэй. Зөрчвөл таны эсрэг хэн нэгэн гомдол гаргах тийм ч хэцүү зүйл биш шүү. Тэр гомдлын дагуу ажиллах чадвартай хүмүүс Монголд олон болсон байна. Зөрчил санаатай болон санамсаргүй үйлдэгддэг. Санамсаргүй гэж бодож буй үйлдэл тань ч хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгийг сана. Таны эрх битгий зөрчигдөөсэй гэж хүсч байгаа бол өөрөө бас хэн нэгний эрхийг зөрчихгүй байхад анхаарах хэрэгтэй.  
         


Read more...

2010-01-31

Цахим орон зай дахь Хүний эрхийн түгээмэл тунхаглал

UNIVERSIAL DECLARATION OF HUMAN RIGHTS IN CYBERSPACE

1948 оны 12 сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан билээ. Тэгвэл 50 жилийн дараа уг тунхаглалын өөр нэг хувилбарыг Robert B.Gelman хэмээх судлаач боловсруулжээ. Энэ төсөл нь ХЭТТунхаглалыг дэлхийн улс орнуудын хил хязгаарыг “шинэчилж” байгаа цахим орон зайд бэхжүүлэх хэрэгтэй гэж үзсэний илрэл юм. Мөн уг төсөл цахим орон зайг зохицуулах хэм хэмжээний зарчим, жишиг гэж тооцогдож байна.

/ эх сурвалжийг үзэх бол энд дарна уу /

Оршил

Цахим орон зайн ард түмэн бид:

Интернэт, түүн дэх бусад сүлжээг нээлттэй байлгах нь хүн төрөлхтөний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, бүх нийтийн энх тайвны иш үндэс мөнийг хүлээн зөвшөөрч,
Нийгэмд эд хөрөнгөөс илүү мэдээлэл үнэ цэнэтэй болж, мэдээлэл олж авах, харилцаа холбооны хэрэгсэл ашиглах чадвар зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгож,
Даяаршил бодит зүйл болсныг анхаарч,
Хүн төрөлхтөнд угаас заяасан, салшгүй эрхүүдийг, тэр дундаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, өмчтэй байх, халдашгүй байх эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгаснаар бахархаж,
Сүлжээнд бүхэлдээ холбогдсон мэдээллийн нийгэмд хүний суурь эрхүүдийг эрх зүйгээр хамгаалж, өргөжүүлэх шаардлагатайг ухамсарлан,
Мэдээллийг хүртээмжтэй байлгах нь амин чухал хэмээн,
Цахим орон зай нь хүний суурь эрх, эрх чөлөөг хангаж, бусад орчин дахь амьдралын нөхцлийг сайжруулна гэж
ЦАХИМ ОРОН ЗАЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-ыг даяар олноо зарлан тунхаглаж байна.

1 дүгээр зүйл.
Хүн бүр санаа бодол, илэрхийллийг шууд болон шууд бусаар бий болгох, хэлэлцэх, түгээх зохих ёсны, адил боломжтой.

2 дугаар зүйл.
Хүн бүр энэ тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг аливаа ялгаваргүйгээр, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эдлэнэ. Хүн бүр цахим сүлжээний этгээд байна.

3 дугаар зүйл.
Хүн бүр хувийн орон зайтай байж нэр, онлайн хэлцлээ нууцлах эрхтэй.

4 дүгээр зүйл.
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, вэб сайтын алинаас ч хэн нэгний хувийн мэдээллийг гаргаж өгөхийг шаардаж болохгүй. Шаардлагатай үед зохих зөвшөөрлийн үндсэн дээр шаардлагыг хэрэгжүүлж болно.

5 дугаар зүйл.
Хэн ч урьд нь тохиролцоогүйгээр нийтэд хандсан хүсээгүй мэйл, сервэрт ачаалал үүсгэх хавсралт файл, бусад зүйлийг илгээх эрхгүй.

6 дугаар зүйл.
Хүн бүр интернэтэд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Энэхүү эрхээ эдлэхдээ тухайн харилцаанд тогтоосон зан үйлийн хэм хэмжээг сахин мөрдөнө.

7 дугаар зүйл.
Цахим ба бодит орон зайд цөөнхийн болон хэрэглэгчийг тусгайлан хамгаална. Газарзүйн харьяаллын гэрээ ёсоор тэдэнд ял оногдуулах бол тэдний оршин байгаа эрх зүйн тогтолцооноос үл хамааран хувь хүний суурь эрхийг хүндэтгэнэ.

8 дугаар зүйл.
Хүн бүр эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, хувийн мэдээллээ хортойгоор ашиглуулахын эсрэг хууль зүйн үр нөлөө бүхий хамгаалалттай байх эрхтэй.

9 дүгээр зүйл.
Хэнийг ч дур зоргоор хянаж, шалгахыг хориглоно.

10 дугаар зүйл.
Хүн бүр эрх, үүргээ тодорхойлуулах, ял тулгавал түүний үндэслэлийг тогтоолгохоор хараат бус, шударга шүүхээр хууль ёсны, нээлттэй дэгээр шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл.
Хүн бүр төрийн байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс хуулиар тусгайлан нууцалснаас бусад мэдээлэл авах эрхтэй.

12 дугаар зүйл.
Хүн бүр харилцаа холбоо, хэлцлээ хамгаалахаар нууц технологи сонгох эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ технологийн мөн чанарт харшлахыг хориглоно.

13 дугаар зүйл.
Хүн бүр итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ янз бүрийн зан үйлээр илэрхийлэх эрхтэй. Хэний ч сүсэг бишрэлийг илэрхийлсэн зан үйлийн хэлбэрт нь ял, зэм хүлээлгэхийг хориглоно.

14 дүгээр зүйл.
Хүн бүр интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийг чөлөөтэй сонгох, түүнийгээ солих эрхтэй. Мөн үйлчилгээний төлбөртэй холбоотойгоор байрлал үл харгалзан “үнэгүй, чөлөөтэй” “нийтийн” үйлчилгээг сонгох эрхтэй.

15 дугаар зүйл.
Хэний ч и-мэйл болон бусад бүртгэлийг үйлчилгээний гэнэтийн өөрчлөлт гэх мэт зохисгүй шалтгаан, дур зоргоор хаах, устгахыг хориглоно.

16 дугаар зүйл.
Хүн бүр онлайнаар нэгдэх, нийлэх этгээдээ чөлөөтэй сонгох эрхтэй. Хэнийг ч тодорхой нэгдэлд хамруулах, сайтад зочлуулахаар албадахыг хориглоно.

17 дугаар зүйл.
Хэн бүхний хувийн мэдээлэл, онлайн үйл ажиллагаа нь хувийн өмч бөгөөд түүнийг тухайн этгээд өөрөө хянана. Хүн бүр өмчөө үнэлж, ил болгох, солилцох эсэхээ шийдэх эрхтэй.

18 дугаар зүйл.
Хүн бүр ашиг сонирхол, үнэт зүйл, чиг үүргийн нэгдэл бий болгох эрхтэй.

19 дүгээр зүйл.
Хүн бүр шинэ технологид суралцах эрхтэй. Төрийн байгууллагаас сургалтын хөтөлбөрийг бүгдэд бүх төрлийн арга хэрэгсэл, үүнд онлайнаар хүсэлтийнх нь дагуу үнэгүй эзэмшүүлнэ. Амьдралын хүнд нөхцөлд байгаа болон өндөр настангуудад зориулсан сургалт тусгай хөтөлбөртэй байж болно.

20 дугаар зүйл.
Эцэг, эх хүүхдийнхээ онлайн харилцаан дахь боловсрол, зан үйлийг хариуцна.

21 дүгээр зүйл.
Хүн бүр зохиогчийн эрхээр хамгаалагдах утга зохиол, урлагийн болон шинжлэх ухааны ажлаа онлайнаар хуваалцах эрхтэй.

22 дугаар зүйл.
Хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хувьдаа ашиг, орлоготой болох эрхтэй.

23 дугаар зүйл.
Хүн бүр зан үйл, илэрхийллээ хариуцах бөгөөд өөрийн байр суурьтай байх эрхтэй.

24 дүгээр зүйл.
Энэ тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс орон, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг үгүйсгэхэд чиглэсэн аливаа ажиллагааг хэрэгжүүлэх, тийм эрх, бололцоо олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж, хэрэглэхийг хориглоно.

Read more...

2010-01-27

Интернэтийн эрх зүйн судалгааны тухайд

Л.Галбаатар

Миний мэдэж байгаагаар, интернэтийн эрх зүйг судлах хоёр хэлбэр байх шиг байна.

Эхнийх нь, эрх зүйн үндсэн салбаруудыг интернэтийн орчинд авч үзэх.
Тухайлбал, интернэт дэх нийтийн эрх зүй, хувийн эрх зүй- эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй /Олон улсын хувийн эрх зүй/, захиргааны эрх зүй, эдгээрийн процессийн эрх зүй-нотлох баримттай холбогдох ажиллагаа юм.

Дараагийнх нь интернэт дэх тусгай асуудлыг эрх зүйн салбаруудад авч үзэх хэлбэр. Тухайлбал, интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил нь зохиогчийн эрх эдлэх этгээдэд учруулсан хохирлын хэмжээнээс хамааран гэм хор, гэмт хэргийн аль нэгэн болох ба Оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгдөг, зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч торгодог зэргийг харгалзвал уг асуудал нь эрх зүйн бүх талын судалгааг хийх нөхцөл болж байна.

Энд дурдсан нэг хэлбэрээс нөгөөд шилжих, хослуулах нь судлаачийн эрмэлзлээс хамаарна л даа. Эрх зүйн туслалцаа үзүүлэгч, Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнх нь хүсэл зориг интернэтийн эрх зүйн туслалцааг тодорхойлох хандлагатай байна.

Интернэтийн эрх зүйн судалгаа улс орон бүрт өөр байгаа нь тэдний эрх зүйн тогтолцоотой холбоотой. Нөгөө талаар, интернэт хэрэглэгчдийнх нь эрх зүйн соёл зохих хэмжээгээр уг эрх зүйн хөгжлийг тодорхойлж байна.

Read more...

2010-01-21

Интернэтийн эрх зүйн талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Л.Галбаатар

Интернэтийн эрх зүйн талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Интернэт дэх харилцааг бүхэлд нь авч үзсэн судалгаа ховор байдаг. Энэ нь интернэт гэдэг нэн төвөгтэй орчин болохтой холбоотой байх. Энэ удаа нэгэн судлаачийн BBC-гийн вэб сайтад бичсэн Интернэт дэх харилцааны талаарх тойм нийтлэлийг танд хүргэж байна.

Ихэнх хүн, онлайн зан үйлийг зохицуулах эрх зүй нь “тодорхой бус, ямар ч байсан хөгжиж байгаа зүйл” гэж алдаатай боддог. Энэ нь интернэт бол харьцангуй шинэ зүйл болохтой холбоотой. Интернэтийн эрх зүй нь онлайн орон зайг зохицуулдаг.

Та интернэтэд ямар нэгэн зүйлийг худалдан авах, бичих, татаж авах болгонд чухамдаа хэрэглэгч, зохиогчийн эрхийн харилцааны оролцогч болдог.


Онлайн эд юмсыг хэн эзэмшдэг вэ?

Интернэтийн талаарх нийтлэг төөрөгдлийн нэг бол, интернэт дэх бүх материал олон нийтэд үнэгүй, чөлөөтэй байдаг гэсэн бодол юм.

Бодит орон зайн адил аливаа зураг, өгүүлбэр, аудио, видео клип хэн нэгэнд хамаарагддаг бөгөөд хэрвээ та эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглах юм бол хууль зөрчиж байгаа хэрэг.

Ихэвчлэн онлайн хөгжим, видеонд мэдээллийн хэрэгслийн зохиогчийн эрхийг зөрчсөн байдаг. Гэхдээ та текст, зургуудыг чөлөөтэй хуулж болно гэж ойлгож болохгүй. Хэрвээ та Харри Поттерийн шинэ романыг онлайнаар тараагаад эхэлчихсэн, Харри Поттерийн sound track-г онлайнаар тавьчихсан бол өөртөө төвөг учруулна. Зохиогчийн эрх зөрчсөн материалыг сүүлд нь хэрэглэсэн этгээд ял, шийтгэл хүлээсэн гэж дуулдаагүй байна. Үүнийг шууд утгаар нь хүлээж авч болохгүй. Ийм этгээдүүд ихэвчлэн тухайн материалын зохиогчийн эрх зөрчигдсөнийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нь тогтоогдвол хариуцлагаас мултардаг юм. Ихэнх мэдээллийн компаниуд Morpheus, iMesh шиг файл түгээх /file sharing/ компаниудыг хурц шүүмжилдэг. Гэхдээ ийм технологи нь зохиогчийн эрхийн тэмдэглэгээг бичвэр /текст/ болон зурагт шигтгэдэг. Энэ нь видео, дуу хөгжимд илүү дэвшилттэй байдаг төдийгүй өөрчлөх боломжтой байдаг.


Хаа нэг газар зочлохдоо болгоомжтой бай

Үнэхээр, хүн бүхэн мэдлэгтэй байх эрхтэй ба өөрийн вэб сайтаараа бага хэмжээний мөнгө өгж болно. Гэхдээ мөнгө олохоор нийтэлсэн бүхэн хууль ёсны байна гэсэн үг биш. Вэб сайтын сонирхогчийн түвшний эрхлэгчид интернэтэд вэб сайтуудыг олноор нь үүсгэдэг бөгөөд түүн дэх материал нь худлаа юмуу хууль бус байдаг. Учир нь интернэтэд сайттай болох чөлөөтэй бөгөөд үүнийг хууль ёсны байдаг гэж үзэж болохгүй. Тухайлбал, хүүхдийн порнограф бол ямар ч тохиолдолд хууль бус, ба тийм зүйл танд байгаа бол түүнийг зарж болохгүй. Гэхдээ “үнэгүй өг” гэсэн үг биш шүү, ;-). Бас нэг зүйлийг сануулахад таны амьдарч буй улсад хууль ёсны байх зүйл вэб сайтын тань байрлаж буй улсад хууль бус байж болно. Та бас, ямар нэг зохимжгүй агуулгыг Интернэтийг хянах санд /Internet Watch Foundation/ мэдэгдэж болно.

Хэрэглэгчийн эрх зүй

Та өөрийгөө хэрэглэгч гэдгийг ойлгох ёстой ба “өргөн гудам”-д гарахдаа эрхээ мэддэг байгаарай. Та өөрийн зээлийн картаар болон бусад аргаар онлайн горимд юм худалдан авахын өмнө тухайн вэб сайтын баталгаатай байдал, нэр хүндийг шалгаарай. Таны статусын самбар дээр хэлцэл тань цоож, хамгаалалттай байгаа эсэхийг анхаараарай. Энэ бол чухал бөгөөд таны картыг ашиглан залилан мэхлэх зөрчил гаргахгүй байх ёстой. Ямар нэг сэжиг байгаа тохиолдолд зээлийн картын компани нь төлбөр төлөхөөс татгалзана.

Их Британы Засгийн газрын “хэрэглэгчийн сайт”-аас онлайн горим дахь эрхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


Гүтгэх үйлдэл ба Чат өрөөн дэх зан үйл /chat room behaviour/

Хуулийн этгээд, хувь хүнд хохирол учруулах мэдээ, мэдээлэл бүхий гүтгэсэн ямар нэгэн материалыг вэб сайтад агуулахгүй байлгах нь вэб мастерийн үүрэг юм. Энэ нь чат өрөө, мессэж самбарыг зохион байгуулж, ашиглаж байгаа хэн бүхэнд хамаатай.

Хэрэв таны бичсэн мессэжэнд хэн нэгний тухай гүтгэсэн өгүүлбэр байвал та хүн гүтгэсэн үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн зарим тохиолдолд мессэж самбарыг зохион байгуулсан этгээд нь хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ нь өөрөө хэн нэгнийг гүтгээгүй ч бусад этгээдэд гүтгэх орон зай бий болгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж байгаа хэрэг юм.

Бас таны найздаа илгээсэн хувийн мэйл өөр шинэ хаяг руу илгээгдэж /forward mail/, бусад хүн таны мэйлийг унших магадлалтай. Тэгэхээр, найздаа хандаж, мэйлээ бусад хүнд илгээж болохгүй талаар сануулах юмуу мэйлээ ямар хэлбэрээр илгээх вэ гэдгийг анхаараарай.

Файл түгээх /file sharing/

Зохиогчийн эрх бол үг, зураг, хөгжим бүтээгчдийг хуулиар хамгаалах хэлбэр юм. Энэ эрхээр бүтээлийнхээ ашиглалтанд хяналт тавьдаг. Зохиогчийн эрх эдлэх этгээд нь бүтээлийг ашиглах онцгой эрхээ бусад этгээдэд түрээслэх, зарах зэргээр бүрэн болон бүрэн бус, хэсэгчлэн шилжүүлэхийг зөвшөөрөх замаар бүтээлээ хэрхэн ашиглагдаж байгааг хянадаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн зохиогчийн эрх эдлэх этгээдийн зөвшөөрөлгүйгээр зохиогчийн эрхийн бүтээлийг хуулах, мэдэлдээ авах нь хууль бус юм.

Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл нь өргөн хүрээтэй бөгөөд үүнд ном, DVD, видео тоглоом, кино гэх мэт шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл, хөгжмийн урлагийн бүх төрлийн бүтээл, дуу авиа бүхийн дүрст бүтээл багтдаг.

Эдгээр бүх зүйлийг хууль бусаар хуулах нь интернэтэд маш амархан байдагт гол асуудал байгаа юм. Зохиогчийн эрхийн энэ асуудал дуу авиа, дүрст бүтээлд маш их байдаг, ялангуяа хөгжмийн бүтээлийг хуулахтай холбоотой яригддаг. Онлайн хөгжмийг түгээх үйлчилгээ болон түүн шиг бусад програм хангамж нь хөгжмийн бүтээлийг хуулах, солилцох явдлыг амархан болгодог.

Их Британид /бас Монгол Улсад/ зөвшөөрөлгүйгээр хөгжмийн бүтээлийг хуулах, дамжуулах, CD-нээс track хуулах нь хууль бус, таны эзэмшиж байгаа дижитал хөгжим тоглуулагч /MP3 player/ бол зохиогчийн эрхийн зөрчил юм.


Интернэт дэх нийтлэл

Хэрэв та өөрийн вэб хуудас, блогийг үүсгэж, ажиллуулж байгаа бол юу нийтлэх ёстойг анхааралдаа аваарай. Интернэтэд таны нийтэлсэн ямар ч үгс, зурагнуудад бодит орон зай дахь сэтгүүл, сонинтой адил эрх зүйн акт үйлчилнэ. Бичвэрийг хуулж зөвшөөрөлгүйгээр өөрийн вэб сайтад тавих нь хууль бус юм. Өөр хүний бичвэрийн холбоосыг хийх нь хууль бус байж болно. Энэ нь ямар зорилгоор, ямар хэлбэрээр линк хийснээс хамаарна. Вэб сайт зурагтай байвал сайхан харагдах нь тодорхой. Интернэтэд зургийг хулганаараа дараад л татаж авч, өөртөө ашиглаж болно. Энэ бол амархан. Гэхдээ энэ нь тухайн зургийг та эзэмших эрхтэй боллоо гэсэн үг биш. Ямар нэгэн зураг, бичвэрийг өөр сайтаас зохиогчийн зөвшөөрөл авалгүйгээр хуулах нь зөрчилд тооцогддог юм.


Товчоор хэлбэл, интернэтэд бүх л харилцаа өрнөж байна. Эдгээр харилцаа бодит орон зай дахь харилцаатай адил тул таны мэдэх эрх зүй интернэтэд бас үйлчилнэ. Таны эрх зүйн соёл интернэтэд бас хамаатай. Хууль мэдээгүй гэдэг шалтгаанаар хариуцлагаас мултрах боломж байдаггүй. Гэхдээ интернэтэд үйлчлэх хэм хэмжээ тийм ч төвөгтэй биш. Та бусдын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж болохгүй. Бусдын зохиогчийн эрхийг хүндэтгэ. Ингээд л боллоо. Интернэтэд ч бас өөрийн болон бусдын хувийн орон зайг хүндэтгэж хандаарай.

www.BBC.co.uk/webwise/askbruce/articles/cool/law_1.shtml

Read more...