Search This Blog

2023-11-15

Халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалсан шийдвэрээ Үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо

Хувь хүн өөрийн халдашгүй байдлыг хамгаалах буюу өөрийгөө хууль бус тагнах үйл ажиллагаанд өртөж байгаа эсэх, хууль бус нууц камерын бичлэгт өртөж байгаа эсэхээ шалгах боломжтой байдаг.

Тиймээс бусад оронд нууц камер илрүүлэгч, чагнах төхөөрөмж илрүүлэгч буюу илрүүлэх зориулалттай техник хэрэгслийг олон нийтэд чөлөөтэй худалдаалдаг. Хамгийн энгийн жишээ нь дэлхийн онлайн худалдааны Amazon.com, ebay.com, alibaba.com зэрэг сайтад Hidden Camera Detector, Spy camer detector, bug hunter зэрэг нэрийн дор эдгээр төхөөрөмжийг худалдаалж байна.

Гэтэл УИХ-аас 2020 оны 1 сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2-т “...гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хэсэг, Гүйцэтгэх ажлын тухай хуульд 2015 оны 7 сарын 9-ний өдрийн хуулиар шинээр нэмэгдсэн хэсэг болох 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг буюу “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэж ... 'илрүүлэхэд' зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн хэсэг дээрх боломжийг хязгаарлаж, жирийн иргэн ийм илрүүлэх төхөөрөмж авах, ашиглахыг гэмт хэрэг болгосон.

Иймд иргэн П.Ундрах-Эрдэнэ бид хоёр хамтран Цэцэд мэдээлэл, гомдол гаргасан.

Үүний дагуу 2023.05.17-ны өдөр Цэцийн дунд суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “… илрүүлэх …” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож улмаар тус заалтыг түдгэлзүүлсэн.

Гэвч Цэцийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай УИХ-ын 2023.06.08-ны өдрийн 41 дүгээр тогтоол гаргасан, Цэцийн их суудлын хуралдаанаар 2023.11.15-ны өдөр гаргасан тогтоолдоо "Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хүний эрхийг баталгаажуулах хүрээнд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгон нэр томьёог хоёрдмол утгагүйгээр хуульчлах нь зүйтэй байгааг тэмдэглэж байна" гэж дурдаад өмнөх дүгнэлтээ хүчингүй болгосон.
 
Эх сурвалж:

Үндсэн хуулийн цэцийн 2023.05.17-ны дүгнэлтийн албан мэдээ

Үндсэн хуулийн Цэцийн 2023.05.17-ны дүгнэлт

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай УИХ-ын 2023.06.08-ны өдрийн 41 дүгээр тогтоол

Үндсэн хуулийн Цэцийн 2023.11.15-ны өдрийн тогтоол 


Read more...