Search This Blog

2010-01-31

Цахим орон зай дахь Хүний эрхийн түгээмэл тунхаглал

UNIVERSIAL DECLARATION OF HUMAN RIGHTS IN CYBERSPACE

1948 оны 12 сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан билээ. Тэгвэл 50 жилийн дараа уг тунхаглалын өөр нэг хувилбарыг Robert B.Gelman хэмээх судлаач боловсруулжээ. Энэ төсөл нь ХЭТТунхаглалыг дэлхийн улс орнуудын хил хязгаарыг “шинэчилж” байгаа цахим орон зайд бэхжүүлэх хэрэгтэй гэж үзсэний илрэл юм. Мөн уг төсөл цахим орон зайг зохицуулах хэм хэмжээний зарчим, жишиг гэж тооцогдож байна.

/ эх сурвалжийг үзэх бол энд дарна уу /

Оршил

Цахим орон зайн ард түмэн бид:

Интернэт, түүн дэх бусад сүлжээг нээлттэй байлгах нь хүн төрөлхтөний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, бүх нийтийн энх тайвны иш үндэс мөнийг хүлээн зөвшөөрч,
Нийгэмд эд хөрөнгөөс илүү мэдээлэл үнэ цэнэтэй болж, мэдээлэл олж авах, харилцаа холбооны хэрэгсэл ашиглах чадвар зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгож,
Даяаршил бодит зүйл болсныг анхаарч,
Хүн төрөлхтөнд угаас заяасан, салшгүй эрхүүдийг, тэр дундаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, өмчтэй байх, халдашгүй байх эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгаснаар бахархаж,
Сүлжээнд бүхэлдээ холбогдсон мэдээллийн нийгэмд хүний суурь эрхүүдийг эрх зүйгээр хамгаалж, өргөжүүлэх шаардлагатайг ухамсарлан,
Мэдээллийг хүртээмжтэй байлгах нь амин чухал хэмээн,
Цахим орон зай нь хүний суурь эрх, эрх чөлөөг хангаж, бусад орчин дахь амьдралын нөхцлийг сайжруулна гэж
ЦАХИМ ОРОН ЗАЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-ыг даяар олноо зарлан тунхаглаж байна.

1 дүгээр зүйл.
Хүн бүр санаа бодол, илэрхийллийг шууд болон шууд бусаар бий болгох, хэлэлцэх, түгээх зохих ёсны, адил боломжтой.

2 дугаар зүйл.
Хүн бүр энэ тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг аливаа ялгаваргүйгээр, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эдлэнэ. Хүн бүр цахим сүлжээний этгээд байна.

3 дугаар зүйл.
Хүн бүр хувийн орон зайтай байж нэр, онлайн хэлцлээ нууцлах эрхтэй.

4 дүгээр зүйл.
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, вэб сайтын алинаас ч хэн нэгний хувийн мэдээллийг гаргаж өгөхийг шаардаж болохгүй. Шаардлагатай үед зохих зөвшөөрлийн үндсэн дээр шаардлагыг хэрэгжүүлж болно.

5 дугаар зүйл.
Хэн ч урьд нь тохиролцоогүйгээр нийтэд хандсан хүсээгүй мэйл, сервэрт ачаалал үүсгэх хавсралт файл, бусад зүйлийг илгээх эрхгүй.

6 дугаар зүйл.
Хүн бүр интернэтэд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Энэхүү эрхээ эдлэхдээ тухайн харилцаанд тогтоосон зан үйлийн хэм хэмжээг сахин мөрдөнө.

7 дугаар зүйл.
Цахим ба бодит орон зайд цөөнхийн болон хэрэглэгчийг тусгайлан хамгаална. Газарзүйн харьяаллын гэрээ ёсоор тэдэнд ял оногдуулах бол тэдний оршин байгаа эрх зүйн тогтолцооноос үл хамааран хувь хүний суурь эрхийг хүндэтгэнэ.

8 дугаар зүйл.
Хүн бүр эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, хувийн мэдээллээ хортойгоор ашиглуулахын эсрэг хууль зүйн үр нөлөө бүхий хамгаалалттай байх эрхтэй.

9 дүгээр зүйл.
Хэнийг ч дур зоргоор хянаж, шалгахыг хориглоно.

10 дугаар зүйл.
Хүн бүр эрх, үүргээ тодорхойлуулах, ял тулгавал түүний үндэслэлийг тогтоолгохоор хараат бус, шударга шүүхээр хууль ёсны, нээлттэй дэгээр шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл.
Хүн бүр төрийн байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс хуулиар тусгайлан нууцалснаас бусад мэдээлэл авах эрхтэй.

12 дугаар зүйл.
Хүн бүр харилцаа холбоо, хэлцлээ хамгаалахаар нууц технологи сонгох эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ технологийн мөн чанарт харшлахыг хориглоно.

13 дугаар зүйл.
Хүн бүр итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ янз бүрийн зан үйлээр илэрхийлэх эрхтэй. Хэний ч сүсэг бишрэлийг илэрхийлсэн зан үйлийн хэлбэрт нь ял, зэм хүлээлгэхийг хориглоно.

14 дүгээр зүйл.
Хүн бүр интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийг чөлөөтэй сонгох, түүнийгээ солих эрхтэй. Мөн үйлчилгээний төлбөртэй холбоотойгоор байрлал үл харгалзан “үнэгүй, чөлөөтэй” “нийтийн” үйлчилгээг сонгох эрхтэй.

15 дугаар зүйл.
Хэний ч и-мэйл болон бусад бүртгэлийг үйлчилгээний гэнэтийн өөрчлөлт гэх мэт зохисгүй шалтгаан, дур зоргоор хаах, устгахыг хориглоно.

16 дугаар зүйл.
Хүн бүр онлайнаар нэгдэх, нийлэх этгээдээ чөлөөтэй сонгох эрхтэй. Хэнийг ч тодорхой нэгдэлд хамруулах, сайтад зочлуулахаар албадахыг хориглоно.

17 дугаар зүйл.
Хэн бүхний хувийн мэдээлэл, онлайн үйл ажиллагаа нь хувийн өмч бөгөөд түүнийг тухайн этгээд өөрөө хянана. Хүн бүр өмчөө үнэлж, ил болгох, солилцох эсэхээ шийдэх эрхтэй.

18 дугаар зүйл.
Хүн бүр ашиг сонирхол, үнэт зүйл, чиг үүргийн нэгдэл бий болгох эрхтэй.

19 дүгээр зүйл.
Хүн бүр шинэ технологид суралцах эрхтэй. Төрийн байгууллагаас сургалтын хөтөлбөрийг бүгдэд бүх төрлийн арга хэрэгсэл, үүнд онлайнаар хүсэлтийнх нь дагуу үнэгүй эзэмшүүлнэ. Амьдралын хүнд нөхцөлд байгаа болон өндөр настангуудад зориулсан сургалт тусгай хөтөлбөртэй байж болно.

20 дугаар зүйл.
Эцэг, эх хүүхдийнхээ онлайн харилцаан дахь боловсрол, зан үйлийг хариуцна.

21 дүгээр зүйл.
Хүн бүр зохиогчийн эрхээр хамгаалагдах утга зохиол, урлагийн болон шинжлэх ухааны ажлаа онлайнаар хуваалцах эрхтэй.

22 дугаар зүйл.
Хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хувьдаа ашиг, орлоготой болох эрхтэй.

23 дугаар зүйл.
Хүн бүр зан үйл, илэрхийллээ хариуцах бөгөөд өөрийн байр суурьтай байх эрхтэй.

24 дүгээр зүйл.
Энэ тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс орон, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг үгүйсгэхэд чиглэсэн аливаа ажиллагааг хэрэгжүүлэх, тийм эрх, бололцоо олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж, хэрэглэхийг хориглоно.

No comments: