"Интернэт дэх бичмэл бүтээлийн зохиогчийн эрхийн зөрчил, түүний шалтгаан, нөхцөл" судалгааны ажлын товчлол
Л. Галбаатар
Энд албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой асуудлуудыг түр орхилоо.
Интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчилд ямар үйлдүүд хамаарах вэ?
Утга зохиол, урлагийн тухай Бернийн Конвенц болон Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-д бататгасан эрхүүдийг интернэтэд зөрчсөн үйлдлийг интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил гэж үздэг.
Тэдгээр эрхийг дурдвал,
- 1. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх:
1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
1.2.зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
1.3.бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.
- 2.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:
2.1. бүтээлийг хуулбарлах;
2.2. бүтээлийг нийтлэх;
2.3. бүтээлийг нийтэд түгээх;
2.4. үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
2.5. түрээсээр ашиглуулах.
- Дээр дурдсан, 2 дахь хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ.
Хэн зохиогчийн эрхийг зөрчдөг вэ? – бидний л адил “нэг нөхөр” буюу хуулийн хэллэгээр бол иргэн, хуулийн этгээд.
Интернэтэд зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийг олон янзаар ангилж болохоор байгаа. Үүнийг дэлгэрэнгүй авч үзье.
Зориуд: Энэ нь зорилгоороо “ашиг олох” болон “өөрийгөө таниулах” гэж ангилагдаж байна.
- “Ашиг олох” гэдэгт тухайн бичмэл бүтээлийг худалдаанд байгаагаас нь хямд үнээр татаж авах нөхцлийг бүрдүүлсэнийг ойлгоно. Мөн нэгэнт худалдаанд байхгүй байгаа, уншигчийн хүсэлттэй номыг татаж авах боломж олгосон үйлдлийг тооцно.
Харин үнэгүй татаж авах нөхцөл бүрдүүлсэн боловч ашиг олох зорилготой зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл бас байна аа. Энэ нь вэб сайтдаа олон зочинтой байж, Google Adsence буюу рекламын самбар /баннер/ дээр товшиж, аялах нөхцөл бүрдүүлсэн байдаг. Үүнийг зохиогчийн эрх зөрчсөн үйлдлээрээ шууд бусаар мөнгө олох сэдэлттэй холбож тайлбарлаж байна.
Бас татаж авах зүйл байхгүй боловч, шинээр худалдаанд байгаа бүтээлийн хэсгээс байрлуулах нь уг сайтад зочлох хүний тоо ихсэхэд, Google Ads- с мөнгөтэй болох боломж нь нэмэгдэхэд зориулагддаг.
- “Өөрийгөө таниулах” гэдэгт, үзэл бодлоо хуваалцах болон зохиогчийг “чадах” гэсэн 2 өөр ойлголтыг багтаалаа.
Үзэл бодлоо хуваалцах:
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг вэб сайтад байрлуулснаар, бусад уншигч- вэб сайтаар зочлогчидод “сайн үйл” хийж, тус болж байна гэж боддог үйлдэл. Энэ үйлдэл нь зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж мэддэггүйтэй холбоотой. Гэвч хуулийн зохицуулалт мэдээгүй гэсэн үндэслэлээр хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүйг хууль зүйн шинжлэх ухаанд мөрддөг.
Зарим зохиогчийн эрхийн бүтээлийн агуулга тухайн сайтыг эрхлэгчийн үзэл бодлыг “хөглөдөг”, түүний үнэт зүйлс болдог бол түүнийгээ бусад хүнд хүргэх, санал бодлоо хуваалцах талбар нь зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл болдог.
Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах үйлдэлдээ зөвшөөрөл авах ёстой байдгийг мэддэг ч зөвшөөрөл хүсдэггүй нь “зохиогч зөвшөөрөхгүй байх” гэх бодолтой холбоотой. Зохиогчийн зүгээс зөвшөөрөл өгөхгүй гэсэн таамаглал ихэвчлэн алдаатай байдаг.
Харин “зохиогчийг чадах” гэдэгт хувийн шалтгаанаар зохиогчийн эрхийн бүтээлийг бүрэн буюу хэсгээр нь сайтад тавьж түүнийг буруутгах буюу шүүмжлэх үйлдэл хамаарна.
Ихэвчлэн зохиолыг файл /file/ болгосон юмуу тийм файлыг олж авсан үйлдэл байдаг бөгөөд өөрсдөө шивэх нь ч бий.
“чадах”:
Энэ үйлдэлд зохиогчийн эрхийн бүтээлийг татаж авахаар тавих буюу бүтээлийг бүрэн буюу хэсэгчлэн сайтад тавихдаа зарим хэсгийг нь өөрчлөн, утга санааг алдагдуулсан үйлдэл хамаарна. Энэ нь зохиогчийн үзэл бодлыг бусад хүнд буруугаар, гажуудуулж хүргэх зорилгоор тайлбарлагдана.
Зохиогчийн эрх зөрчсөн үйлдлээр зохиогчид ямар сөрөг үр дагавар учруулж байна вэ?
-худалдаанд байгаа бүтээлийн хувьд орох ёстой байсан орлого буурах
- зохиогчийн эрхийн бүтээлийн хувь заяа /агуулга/-г зохиогчоос өөр хүн “шийдэж байгаа нь” зохиогчийн сэтгэл санааг таагүй болгодог.
- нэр төр, алдар хүндийг гутаахдаа зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдлээ ашигладаг.
Үүнээс илүү муу зүйл гэж юу байхав.
Зохиогчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухайд
Энэ нь зохиогч болон түүний хамтрагч, найз нөхдийн идэвх, оролцоогоор тодорхойлогдоно.
Зохиогч тодорхой давтамжтайгаар өөрийн бүтээлийн нэр, өөрийн нэрээp хайлт хийх хэрэгтэй. Ингэхдээ крилл, латин, англи болон бусад хэлийг ашиглах нь үр дүнтэй.
Зохиогчийн эрх эзэмшигчийн тэмдэглэгээн дэх үгээ илүү уян болгох- зохиогчоос зөвшөөрөл авах, түүнтэй гэрээ хийх сэтгэгдэл төрүүлэхээр болгох. Жишээлбэл, та тухайн бүтээлийг аливаа хэлбэрээр ашиглахын өмнө зохиогчид мэдэгдэх ёстойг анхаарна уу.
Мөн уншигч, найз нөхөддөө зохиогчийн эрхийн бүтээлийнх нь талаарх аливаа мэдээллийг өгөх буюу анхаарал тавих нөхцлийг бүрдүүлэх, тухайлбал цахим шуудан /зарим тохиолдолд утас/-ыг зохиогчийн эрхийн бүтээлдээ байрлуулах.
Зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл дэх хууль зүйн хариуцлагын онцлог
Зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл хэр үргэлжилсэнээс түүнд хүлээлгэх хариуцлага тодорхойлогдоно. Үйлдлийн үргэлжлэлээс хамааран хууль зүйн хариуцлага нь иргэний эрх зүйн, захиргааны эрх зүйн, эрүүгийн эрх зүйн хариуцлага юм.
Зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийг эрт зогсоох нь нэг талаар зөрчигч этгээдэд тусалж байгаа, бага хариуцлага хүлээлгэх сэдэлттэй байх нь ээ.
Зохиогчийн эрхийг сэргээх арга замын тухайд
-эрх зөрчсөн үйлдлийг баримтжуулж авах
-тэгээд, зөрчигчид хуулийн шаардлага тавих юмуу холбогдох байгууллага /Интернэтийн үйлчилгээ түгээгч, Оюуны өмчийн газар, шүүх/-д эрх зөрчсөн үйлдлийг мэдэгдэж маргааныг шийдвэрлүүлэх.
Хуулийн шаардлага тавихын зарчим нь Иргэний хуульд зааснаар,
“Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”;
“Учруулсан хохирлыг арилгуулах”;
“Эдийн бус гэм хорыг арилгуулах”;
“Өөртөө туслах” билээ.
Үүний дагуу сайт тэр чигээрээ зохиогчийн эрх зөрчсөн бол сайтыг хаалгах, сайтын бүх бичлэгийг авахуулах;
Сайт дэх зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийн хувьд, зохиогчийн эрхийн бүтээлийг уг сайтаас авахыг шаардах;
Зохиогчийн эрх зөрчсөн этгээдээс төлбөр нэхэмжлэх нь зүйтэй.
No comments:
Post a Comment