Өдрийн мэдээ зохиогчийн эрхээр хамгаалагдах уу?
Л. Галбаатар
Мэдээллийн томоохон компаниуд болох Гүүгэл, Нью-Йорк
Таймс хоорондоо найзууд байсан гэнэ. Түүнийг нь мэдэж амжаагүй байтал тэд
нэгнийхээ эсрэг тал болжээ. Уг үйл явдал “шинэ мэдээ”-ний эрх зүйн асуудалтай
холбоотой юм байна. Энэ талаар ярилцая.
2010 оны 3 дугаар сард “Barclay’s Capital v. TheFlyOnTheWall.com”-ын эрх зүйн маргааныг
АНУ-ын Тойргийн шүүхийн
шүүгч Denise Cote шүүж, шийдвэрлэхдээ мэдээг нийтлэгдсэнээс нь хойш 4
цагийн дараа дахин нийтлэх, нийтэд хүргэхийг TheFlyOnTheWall.com болон түүнтэй төстэй үйл ажиллагаа бүхий бусад
байгууллагад хориглосон байна.
TheFlyOnTheWall.com уг шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.
Дээр дурдсан Fly вэб сайт бол Barclay’s Capital компанийн боловсруулсан банк, брокерийн үйл ажиллагаанд
холбогдох мэдээлэл, дүн шинжилгээг вэб сайтдаа зөвшөөрөлгүйгээр байршуулсан тул
2006 оны 6 дугаар сараас шүүхэд хэргийн оролцогчоор татагдсан юм. Тус вэб сайт
2010 оны 3 дугаар сард гарсан шүүхийн шийдвэрийн “мэдээлэл, дүн шинжилгээ бүхий нийтлэлийн зохиогчийн эрхийг зөрчсөн”
гэснийг хүлээн зөвшөөрч байгаа ч, “шинэ мэдээг хууль бусаар эзэмшсэн” гэх
хэсгийг нь эсэргүүцэж байгаа аж.
2010 оны 6 дугаар сарын 21-нд дээрх гомдлын хариу
тайлбарыг хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд Barclay’s Capital компанитай хамтран гаргажээ.
АНУ, Канад улсын 2000 гаруй өдөр тутмын сонины гишүүнчлэл
бүхий Америкийн сонины холбоо /Newspaper
Association of America/, 1.4 сая захиалагчтай The New York Times сонин болон NYTimes.com,
About.com зэрэг 50 гаруй вэб
сайтыг эрхлэгч The
New York Times компани, The Washington Post сонин, вэб сайтын WP
зэрэг компанийн хамтран
гаргасан хариу тайлбарт “шинэ мэдээг
хууль бусаар эзэмшсэн” гэх үндэслэлээ дахин дэмжсэн байна.
Энэ нь Гүүгэл, Твиттер компанийн зүгээс The New York Times
тэргүүтэй хэвлэл
мэдээллийн байгууллагуудыг эсэргүүцэх болсон шалтгаан юм. Тэдний байр суурийг авч үзье.
“Шинэ мэдээ”-ний талаар шийдвэрлэсэн хэрэг АНУ-ын эрх
зүйн түүхэнд хэд бий. Түүнээс өнөө үед хамаарах томоохон нь “Сагсан бөмбөгийн
Үндэсний Холбоо /NBA/ ба Моторола компанийн хэрэг” юм.
Уг хэрэгт NBA-н тоглолтын явцын талаарх мэдээг Моторолагаас SportTrax-д худалдсанаар буруутаж, NBA заргаа авсан билээ.
Энэ хэрэг бол Твиттер болон интернэтэд холбогдох гар
утасны эрин үеэс өмнө болсон л доо. Одоо бол дуртай нэг нь NBA-н тоглолтыг үзэнгээ тоглолтын талаар мэдээллэх боломжтой болсон.
Ийм үед “шинэ мэдээ”-г NBA бус, сагсан бөмбөгийн тоглолтын үзэгч бий болгож байгаа
юм. NBA-н
зүгээс “битгий мэдээллээрэй” гэх нь “та үзэж байгаа тоглолтынхоо талаар бусдад
битгий яриарай” гэж байгаагаас ялгаагүй юм. Хэрэв тэгвэл “үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх эрх”-д халдаж байгаа хэрэг л дээ.
Твиттерийн тухай: “An information network made up of 140
character messages from all over the world” буюу 140 тэмдэгтэд
багтаан дэлхийн чимээг дамжуулах сүлжээ нь 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлж,
өдгөө 100 сая гаруй хүний өдөр тутмын хэрэглээ болжээ. /”Миний компьютер”
сэтгүүл/
Гүүгэлийн олон үйлчилгээг бид мэднэ. Тэдгээрийн нэг нь
“Гүүглийн мэдээ” буюу Google
News юм. Түүнтэй энд яригдаж буй Fly вэб сайтын үйлчилгээ адил зарчимтай. Google
News бол хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, тухайлбал New
York Times, Washington Post-ын мэдээг News.Google.com вэб сайтад байршуулж, тухайн мэдээтэй холбоотой бусад
зүйлсийг үзүүлдэг үйлчилгээ юм. Google News-д зочилсноор тухайн нэг сэдвээр хэвлэл мэдээллийн
томоохон байгууллагуудын бэлтгэсэн цогц мэдээг хүртэх боломжтой.
“Шинэ мэдээг хууль
бусаар эзэмших” гэсэн ойлголт яригдаж байгаад Гүүгэл дургүйцэж байгаа бөгөөд “талбайд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа”,
“хар салхи айсуй”, “олон нийт эмх замбараагүй боллоо”-ын талаар бусдад
мэдээллэх нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын зорилго байх ёстой гэв. Мөн хэвлэл
мэдээллийн байгууллага-агентлагууд тухайн мэдээг олон нийтэд хүргэх гэж хүч,
хөрөнгөө их хэмжээгээр зарцуулдаг нь тодорхой юм. Энэ нь тэдний хувьд давуу эрх
олгох ёстой. Харин тэр давуу эрх нь юу вэ гэдэг дээр л бид санал зөрж байгаа гэлээ.
Дэлхийн ихэнх улсын даган мөрдөж буй Утга зохиол,
урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 2-р зүйлийн 8 дахь
хэсэгт: Өдрийн шинэ мэдээ буюу хэвлэлийн
энгийн сонордуулгын чанартай үйл явдлын тухай мэдээлэл нь тус конвенцоор
хамгаалагдахгүй. гэжээ.
/Berne Convention for the
Protection of literary and artistic works- Article 2- 8. News- (8) The protection
of this Convention shall not apply to news of the day or to miscellaneous facts
having the character of mere items of press information./
Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл нь хувь хүнд давуу
байдал олгох, тэр нь бусад хүнд хохирол учруулахгүй байх ёстой гэх зарчмыг
удирдлага болговол дээрх байгууллагуудын бэлтгэн хүргэж буй мэдээ нь зохиогчийн
эрхийн бүтээл гэж тооцогдохгүй юм.
Өөрөөр хэлбэл, Х үйл явдал нь түүнийг анх мэдэж бусад
хүнд хүргэсэн этгээдийн өмч болохгүй. Харин Х үйл явдлын талаарх нийтлэл,
нэвтрүүлэг, түгээлт нь зохиогчийн эрхээр хамгаалагдана.
Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн
тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.6-д “болсон үйл явдал, түүний үр дагавар болон
тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл”-ийг зохиогчийн
эрхээр хамгаалахгүй гэжээ. 2008 оны 11 сард Монголын өдөр тутмын сонины холбоо мэдэгдэлдээ “Монгол Улсад
үйл ажиллагаа явуулж байгаа вэб сайтууд гэрээгээ зөрчиж сонины мэдээг
зөвшөөрөлгүй байрлуулж сэтгүүлчийн оюуны хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна” гэжээ. Энэ
мэдэгдлийг дэмжиж болохоор байна. Учир нь тус мэдэгдэлд “мэдээ” бол бидний
мэдлийнх гэж хэлээгүй, мэдээг бэлтгэсэн сэтгүүлчийн хөдөлмөрт зохих ёсны
үнэлгээ, хүндэтгэл байх ёстой гэсэн байна.
Болсон үйл явдлыг
бус, тухайн үйл явдлын талаарх илэрхийллийг зохиогчийн эрхийн хуулиар хамгаалах
нь өдөр тутмын сонинууд дахь мэдээг
чөлөөтэй авч ашиглахыг зөвшөөрч байгаа хэрэг бус юм. Тус зохицуулалт нь мэдээ
бүхий нийтлэлийг зохиогчийн эрхээр хамгаалж, нийтлэл дэх мэдээллийг ашиглах,
түүний талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглоогүй юм.
Өнөөдөр монгол хэл
дээрх мэдээг түлхүүр үг буюу гарчигаар нь хайлтын вэб сайтад хайвал хэд хэдэн
вэб сайт илэрч байгаа. Шинээр ямар вэб сайт нэмэгдсэнийг мэдэж болох энэ “арга”
нь хэвлэл мэдээллийн байгууллагууд ба вэб сайтын компани хоорондын эрх зүйн
харилцаа тодорхой бус, зохих төлөвшилөө олоогүй байгаагийн илрэл юм.
Дэлхийн хэвлэл
мэдээллийн нөлөө бүхий байгууллагууд “шинэ мэдээ” буюу hot
news-н талаар эрх зүйн хүрээнд мэтгэлцэж байгаа энэ үед монголын хэвлэл
мэдээллийнхэн цахим орон зайн эрх зүйн баримжаатай байж чадвал орон зай, нөлөөгөө
хадгалж чадах юм.
No comments:
Post a Comment