Бэлтгэсэн Л.Галбаатар
Цахим шуудангийн санамж (цаашид “санамж” гэнэ) гэдэг нь цахим шууданд хавсаргасан мэдэгдэл
юм. Энэхүү мэдэгдэл нь ихэвчлэн хууль зүйн төдийгүй маркетингийн зорилгоор
ашиглагддаг. Мөн санамж нь вэб хуудаст ашиглагддаг. Гэхдээ энэ бичлэгт
зөвхөн цахим шууданд холбогдох хэсгийг авч үзье.
Цахим шууданг санамжтай байлгах эсэхийг
шийдэхэд туслах хэдэн шалтгаан бий. Эдгээр нь хууль зүйн, маркетингийн гэх үндсэн
хоёр хэсэгт хуваагддаг. Энэ бичлэгт зөвхөн хууль зүйн шалтгааныг нь авч үзье.
Хууль зүйн
шалтгаан
Санамж нь таныг цахим шуудангийн
агуулгаас болж хариуцагчаар татагдан бүтэлгүйтэх, улмаар шүүхийн өмнө
хариуцлага хүлээхээс хамгаалах эсэх тодорхойгүй санагдаж болох юм. Гэхдээ энэ
нь таны холбогдсон хэрэгт хариуцлагаас чөлөөлөгдөхөд тань зайлшгүй туслана.
Тодруулбал, санамж нь цахим шуудантай
холбоотойгоор танай байгууллагын эсрэг олон хүн нөхөн төлбөр шаардаж шүүхэд зарга
мэдүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлнэ.
Тиймээс ямагт санамж ашиглахыг зөвлөж
байна. Санамж нь дор дурдаж буй хууль зүйн эрсдлээс таныг хамгаалж чадна. Үүнд:
- Нууцлал алдагдах:
Та санамжийн хэсэгт цахим шуудангийн агуулга нь нууц
болохыг анхааруулах замаар хүлээн авагч нууц мэдээллийг задруулахаас байгууллагаа
хамгаалж чадна. Хэрэв хүлээн авагч энэхүү нууцлалыг зөрчвөл тэрээр хариуцлага
хүлээнэ.
- Нууцлал
санамсаргүйгээр алдагдах: Хэрэв ажилтан нууц цахим шууданг
хэн нэгнээс хүлээн аваад санамсаргүйгээр буруу хүн рүү дамжуулан илгээвэл
ажилтан төдийгүй байгууллага нь хариуцлага хүлээнэ. Ийм зүйл их тохиолддог.
Жишээ нь буруу хаяглагдсан цахим шуудан постмастер-т илгээгдэж болох
бөгөөд түүнд цахим шууданг унших эрх олгогдоогүй. Түүнчлэн, цахим шуудан
амархан саатуулагддаг. Энэ тохиолдолд цахим шуудангийн тань төгсгөлд тухайн
зурвас нь зөвхөн тухайлсан хүлээн авагчид зориулсан тухай мэдэгдэл
оруулсан бөгөөд хэн нэгэн уг цахим шууданг эндүүрч хүлээн авсан бол тухайн
этгээд нууцлалыг хангах ёстой ба ингэснээр та хамгаалагдана.
- Вирус
халдаах: Ажилтан вирус агуулсан цахим шууданг илгээх буюу
дамжуулан илгээвэл үүнд танай байгууллага хариуцагчаар татагдана. Цахим
шуудангаар дамжин вирус нэвтрэх, үлдэх явдалд саад болдог вирусын сайн илрүүлэгчийг
байгууллага ажиллуулахаас гадна та бас санамждаа тус цахим шуудан нь вирус
агуулсан байж болохыг анхааруулснаар хүлээн авагч нь вирусыг шалгаж,
устгах явдлыг хариуцдаг.
- Гэрээ
байгуулах: Бичгэн харилцаа, тэр дундаа цахим шуудан нь хувь
хүмүүсийн бодит, илэрхий үйлдлийн дагуу хууль зүйн гэрээ болж ашиглагддаг.
Хэрэв тухайн ажилтан цахим шуудангаар гэрээ байгуулахыг хүсэхгүй бол санамжид
аливаа гэрээ нь тухайн ажилтны удирдлагын зүгээс баталгаажсаны үндсэн дээр
дагаж мөрдөгдөнө гэх утгыг тусгах хэрэгтэй.
- Хайхрамжгүйгээр
ташаа мэдээллэх: Хуулиар,
тухайн этгээд нь гуравдагч этгээдэд бодит, тохиромжтой зөвлөгөө өгөх
үүрэгтэй. Хэрэв ажилтан цахим шуудангаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг бол
байгууллага тухайн зөвлөгөөний үр нөлөөг зөвлөгөө авагч, гуравдагч
этгээдийн өмнө хариуцдаг. Зохистой санамж нь тухайн байгууллагыг
хариуцлага хүлээх эрсдлээс хамгаална.
- Ажилтны
хариуцлага: Гэхдээ байгууллага нь эцсийн дүнд ажилтныхаа үйлдэл,
эс үйлдэхүй, тэр дундаа илгээж буй аливаа цахим шуудангийн агуулгыг
хариуцах бөгөөд санамж нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл юм. Харин
байгууллага нь ажилтанд гүтгэлэг, доромжлол бүхий, бусдад гэм хор
учруулсан бусад зохисгүй мэдэгдэл хийхгүй байх тухай тодорхой зааврыг танилцуулсан
бөгөөд ажилтан тус дүрмийг зөрчсөн бол байгууллага ба ажилтны хувийн хариуцлага
ялгамжтай байна. Энэ талаар байгууллага нотлох ёстой бөгөөд цахим
шуудангийн санамжийг баримтлах, “цахим шуудангийн журам”-ыг хэрэгжүүлэх талаар
ажилтанд тодорхой, хоёрдмол утгагүйгээр анхааруулж цахим шууданг зүй
бусаар ашиглахгүй байхтай холбогдсон арга хэмжээ авсан байх ёстой юм.
Эцэст нь хэлэхэд, санамж нь хууль ёсны
зорилгод үйлчлэх хэрэгсэл бөгөөд гүтгэлэг, доромжлол, бусдад гэм хор учруулсан
агуулга илгээгч этгээдийг хамгаалахгүй. Ихэнх санамж нь ажилтан зөрчил
гаргахаас сэргийлж байгууллагын зүгээс хийсэн бүх мэдээлэл бөгөөд холбогдох нөхцөл
байдалд байгууллагын хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх явдалд үйлчилдэг.
2010-06-25
Эх сурвалж: http://www.emaildisclaimers.com/
No comments:
Post a Comment