Search This Blog

2011-06-11

Цахим шуудангийн санамж (Email disclaimers)


Бэлтгэсэн Л.Галбаатар
Цахим шуудангийн санамж буюу “Email disclaimers” гэдэгт юуг ойлгох вэ?
Цахим шуудангийн санамж (цаашид “санамж” гэнэ) гэдэг нь цахим шууданд хавсаргасан мэдэгдэл юм. Энэхүү мэдэгдэл нь ихэвчлэн хууль зүйн төдийгүй маркетингийн зорилгоор ашиглагддаг. Мөн санамж нь вэб хуудаст ашиглагддаг. Гэхдээ энэ бичлэгт зөвхөн цахим шууданд холбогдох хэсгийг авч үзье.
Яагаад танд санамж хэрэгтэй вэ?
Цахим шууданг санамжтай байлгах эсэхийг шийдэхэд туслах хэдэн шалтгаан бий. Эдгээр нь хууль зүйн, маркетингийн гэх үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Энэ бичлэгт зөвхөн хууль зүйн шалтгааныг нь авч үзье.
Хууль зүйн шалтгаан
Санамж нь таныг цахим шуудангийн агуулгаас болж хариуцагчаар татагдан бүтэлгүйтэх, улмаар шүүхийн өмнө хариуцлага хүлээхээс хамгаалах эсэх тодорхойгүй санагдаж болох юм. Гэхдээ энэ нь таны холбогдсон хэрэгт хариуцлагаас чөлөөлөгдөхөд тань зайлшгүй туслана.
Тодруулбал, санамж нь цахим шуудантай холбоотойгоор танай байгууллагын эсрэг олон хүн нөхөн төлбөр шаардаж шүүхэд зарга мэдүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлнэ.
Тиймээс ямагт санамж ашиглахыг зөвлөж байна. Санамж нь дор дурдаж буй хууль зүйн эрсдлээс таныг хамгаалж чадна. Үүнд:
  • Нууцлал алдагдах: Та санамжийн хэсэгт цахим шуудангийн агуулга нь нууц болохыг анхааруулах замаар хүлээн авагч нууц мэдээллийг задруулахаас байгууллагаа хамгаалж чадна. Хэрэв хүлээн авагч энэхүү нууцлалыг зөрчвөл тэрээр хариуцлага хүлээнэ.
  • Нууцлал санамсаргүйгээр алдагдах: Хэрэв ажилтан нууц цахим шууданг хэн нэгнээс хүлээн аваад санамсаргүйгээр буруу хүн рүү дамжуулан илгээвэл ажилтан төдийгүй байгууллага нь хариуцлага хүлээнэ. Ийм зүйл их тохиолддог. Жишээ нь буруу хаяглагдсан цахим шуудан постмастер-т илгээгдэж болох бөгөөд түүнд цахим шууданг унших эрх олгогдоогүй. Түүнчлэн, цахим шуудан амархан саатуулагддаг. Энэ тохиолдолд цахим шуудангийн тань төгсгөлд тухайн зурвас нь зөвхөн тухайлсан хүлээн авагчид зориулсан тухай мэдэгдэл оруулсан бөгөөд хэн нэгэн уг цахим шууданг эндүүрч хүлээн авсан бол тухайн этгээд нууцлалыг хангах ёстой ба ингэснээр та хамгаалагдана.
  • Вирус халдаах: Ажилтан вирус агуулсан цахим шууданг илгээх буюу дамжуулан илгээвэл үүнд танай байгууллага хариуцагчаар татагдана. Цахим шуудангаар дамжин вирус нэвтрэх, үлдэх явдалд саад болдог вирусын сайн илрүүлэгчийг байгууллага ажиллуулахаас гадна та бас санамждаа тус цахим шуудан нь вирус агуулсан байж болохыг анхааруулснаар хүлээн авагч нь вирусыг шалгаж, устгах явдлыг хариуцдаг.
  • Гэрээ байгуулах: Бичгэн харилцаа, тэр дундаа цахим шуудан нь хувь хүмүүсийн бодит, илэрхий үйлдлийн дагуу хууль зүйн гэрээ болж ашиглагддаг. Хэрэв тухайн ажилтан цахим шуудангаар гэрээ байгуулахыг хүсэхгүй бол санамжид аливаа гэрээ нь тухайн ажилтны удирдлагын зүгээс баталгаажсаны үндсэн дээр дагаж мөрдөгдөнө гэх утгыг тусгах хэрэгтэй.
  • Хайхрамжгүйгээр ташаа мэдээллэх: Хуулиар, тухайн этгээд нь гуравдагч этгээдэд бодит, тохиромжтой зөвлөгөө өгөх үүрэгтэй. Хэрэв ажилтан цахим шуудангаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг бол байгууллага тухайн зөвлөгөөний үр нөлөөг зөвлөгөө авагч, гуравдагч этгээдийн өмнө хариуцдаг. Зохистой санамж нь тухайн байгууллагыг хариуцлага хүлээх эрсдлээс хамгаална.
  • Ажилтны хариуцлага: Гэхдээ байгууллага нь эцсийн дүнд ажилтныхаа үйлдэл, эс үйлдэхүй, тэр дундаа илгээж буй аливаа цахим шуудангийн агуулгыг хариуцах бөгөөд санамж нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл юм. Харин байгууллага нь ажилтанд гүтгэлэг, доромжлол бүхий, бусдад гэм хор учруулсан бусад зохисгүй мэдэгдэл хийхгүй байх тухай тодорхой зааврыг танилцуулсан бөгөөд ажилтан тус дүрмийг зөрчсөн бол байгууллага ба ажилтны хувийн хариуцлага ялгамжтай байна. Энэ талаар байгууллага нотлох ёстой бөгөөд цахим шуудангийн санамжийг баримтлах, “цахим шуудангийн журам”-ыг хэрэгжүүлэх талаар ажилтанд тодорхой, хоёрдмол утгагүйгээр анхааруулж цахим шууданг зүй бусаар ашиглахгүй байхтай холбогдсон арга хэмжээ авсан байх ёстой юм.

Эцэст нь хэлэхэд, санамж нь хууль ёсны зорилгод үйлчлэх хэрэгсэл бөгөөд гүтгэлэг, доромжлол, бусдад гэм хор учруулсан агуулга илгээгч этгээдийг хамгаалахгүй. Ихэнх санамж нь ажилтан зөрчил гаргахаас сэргийлж байгууллагын зүгээс хийсэн бүх мэдээлэл бөгөөд холбогдох нөхцөл байдалд байгууллагын хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх явдалд үйлчилдэг.
 2010-06-25
Эх сурвалж: http://www.emaildisclaimers.com/


Read more...

2011-04-19

Цахим орчин дахь оюуны өмч- эрх зүйн хэм хэмжээний зөрчилдөөн


Швейцарийн Холбооны Улсын “Lausanne” болон Fribourg Их Сургуулийн профессор, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын “Арбитр, зуучлалын төв”-ийн арбитрч François Dessemontet

Өгүүллийг тоймчилсон Л. Галбаатар
         
 
Зөрчилдөөний хэм хэмжээ нь улс орнуудын эрх зүйн эрх зүйн хэм хэмжээ хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх зорилгод үйлчилдэг билээ. Хэдийгээр цахим орчинд тухайн улсын нутаг дэвсгэр зааглагдан ялгардаггүй ч[1] шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг зарим онцгой байгууллага нь хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ аливаа улсын нутаг дэвсгэрийг тодорхойлдог. 
Тэдгээр байгууллагад “ICANN”-н журмын дагуу домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх арбитр, Дэлхийн Худалдааны Байгууллагын Маргаан шийдвэрлэх байгууллага зэргийг нэрлэж болно[2].

Тиймээс, оюуны өмчийн ихэнх салбарт хэрэг харьяалан шийдвэрлэх эрх мэдлийн зөрчилдөөн чухал асуудал юм. Энэ нь бүх Европ даяар Патентын нэг шүүх байгуулахад хүртэл хүргэж байна. Үүний цаана оюуны өмчийн эрх зүйг уялдуулан зохицуулах асуудал байгаа хэдий ч, энэ нь одоогийн хөндөх зүйл биш юм.

Дараах салбар эрх зүй нь интернэт дэх харилцаанд маш чухалд тооцогдох боллоо. Үүнд:
-          Барааны тэмдэг, худалдааны нэрийн эрх зүй
-          Патентийн эрх зүй
-          Лиценз-зөвшөөрлийн эрх зүй
-          Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах эрх зүй
-          Худалдааны нууцын эрх зүй
-          ТВ, зар сурталчилгааны эрх зүй.

Оюуны өмчийн эрхтэй холбоотой худалдааны хэлэлцээр (ТРИПС Хэлэлцээр) нь[3] зөвхөн худалдаанд оюуны өмчийг хамгаалах тухай анхдагч зөвшилцөлийг хангадаг бол, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын 1996 оны гэрээнүүд[4] нь зөвхөн зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн талаар зохицуулсан байдаг.

Энэ байдал нь Оюуны өмчийн эрх зүй дэх зөрчилдөөний хэм хэмжээг боловсронгуй болгох шаардлагыг бий болгож байгаа юм.

Европод, “Гэрээний бус үүргийн харилцаанд хэрэглэгдэх эрх зүйн тухай конвенц” (“Rome II”) нь хэм хэмжээний төрөлжүүлэлтийн үйл явцад зохих дэмжлэг болж байгаа ч хангалтгүй байгаа тул “Олон улсын хувийн эрх зүйн тухай Гаагийн бага хурал” зэрэг байнгын үйл ажиллагаа бүхий байгууллага энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. 

Дагаж мөрдөгдөж буй олон улсын конвенцууд нь хэм хэмжээний зөрчилдөөнийг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа тул зөрчилдөөний хэм хэмжээг уялдуулан нийцүүлэх шаардлага улам бүр тулгарсаар байна. 

Профессор François Dessemontet уг өгүүллээ дараах бүтцээр бичиж, зохих санал, дүгнэлтийг танилцуулжээ. Үүнд:
  1. Олон улсын конвенцууд болон нутаг дэвсгэрийн харьяалал
А. Оюуны өмчийн олон улсын конвенцуудын хамрах хүрээ
1. Олон улсын конвенцуудаар зохицуулагдаж буй салбар
2. Суурь эрх
3. Үндэсний дэглэм
Б. Оюуны өмчийн эрх зүй хэрэглэгдэх байдал
1. “Улсуудын хоорондох анхдагч худалдаа” гэх онол
2. Нутаг дэвсгэрийн харьяалал ба нийгмийн дэг журам
  1. Олон улсын хувийн эрх зүй ба интернэт дэх олон улсын өмчийн эрх
А. ОУХЭЗ-н арга хэрэгсэл
Б. Гэрээний харилцаа
В. Гэрээний бус үүрэг
Дэлгэрүүлж уншин судлах: http://www.unil.ch/webdav/site/cedidac/shared/Articles/Conflict%20of%20Laws%20in%20Cyberspace.pdf 


Дүгнэлт.

Оюуны өмчийн эрх интернэтэд зөрчигдөх явдал өнөөдөр шинэ тутам зүйл байхаа нэгэнт больжээ. Үүнтэй холбоотой нэг удаагийн шийдвэр нь бүхий л шатыг хамарч зөв зүйл бий болгох боломжгүй юм. Хоёр болон түүнээс дээш удаа зөв практик нь зохих амжилт болно биз ээ. Онцгой зүйл тохиолдохоос бусад үед нэхэмжлэгчийн хувийн хуулийг интернэт дэх оюуны өмчийн зөрчилд хэрэглэх хандлагатай байна.
Зөрчилдөөний хэм хэмжээг уялдуулан зохицуулах замаар Оюуны өмчийн эрхийг интернэтэд хамгаалах ажлын үр дүн нь мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээс шууд хамааралтайг холбогдох мэргэжилтнүүд ямагт санаж явах хэрэгтэй билээ.

Интернэт дэх зөрчилдөөний хэм хэмжээний талаар тойм мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор зочилж болох юм. 

Илүү бодитой мэдээлэл авах хүсвэл эргэн тойронд болж интернэт дэх зөрчилтэй холбоотой эрх зүйн маргаан, түүнийг шийдвэрлэж буй хандлагад дүн шинжилгээ хийх нь зохистой:


Jovan Kurbalija




[1] Дэлгэрүүлж харах:
M. R. Burnstein, Conflicts on the Net: Choice
of Law in Transnational Cyberspace, 29 VAND. J. TRANSNAT’L L. 82 (1996);
P.E. Geller, International Intellectual Property, Conflicts of Laws and
Internet Remedies, EIPR 2000.125; L. LESSIG, CODE AND OTHER LAWS OF CYBERSPACE 42-60 (Cambridge 1999)

[2] Uniform Domain Name Dispute Resolution Policy,

Supplemental Rules for Uniform Domain Name Dispute Resolution Policy,

Understanding on Rules and Procedures
Governing the Settlement of Disputes, WTO

[3] ТРИПС хэлэлцээр нь Дэлхийн Худалдааны Байгууллагаас 1994 оны 4 сарын 15-нд батлан гаргасан Марракешийн хэлэлцээрийн 1С хавсралт юм.

[4] Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас (ДОӨБ) 1996 оны 12 сард батлагдаж, 2000 оны 3 сард хүчин төгөлдөр болсон 2 гэрээ буюу “Зохиогчийн эрхийн асуудлаарх гэрээ” “Тоглолт ба дуу авианы бичлэгийн тухай гэрээ”

Read more...