Search This Blog

2010-02-01

Цахим хуудсаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах ажиллагаа

Л.Галбаатар

Эрх бүхий албан тушаалтнууд /цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг билээ.

Иргэний гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргах зохицуулалт нь тус хуулийн 167-р зүйл юм. Энд иргэн холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан гомдол гаргаж болохыг зөвшөөрсөн юм.

Энэ л ёсоор, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26-р зүйлийн 26.1, 27-р зүйлийн 27.2-т зааснаар тагнуул, Цагдаагийн байгууллагын ажилтан, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүргийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь вэб сайтаараа дамжуулан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

Мөн Авлигатай тэмцэх газар ЭБШХуулийн дагуу вэб сайтаараа дамжуулан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

Эдгээр хуудас ( www.epmba.gov.mn , www.iaac.mn )ЭБШХуулийн шаардлагыг хангажээ.

Харин гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах үүрэгтэй бусад байгууллагын вэб хуудсанд дээрхийн адил тусгай хуудас байхгүй байна.

Уг нь ийм хуудас иргэдэд хэрэгтэй юм. Цахим сүлжээ ашиглах нь хугацаа хожих зэрэг олон талын ач холбогдолтой.
Гэхдээ цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь ЭБШХ-ийн 170-р зүйлийн дагуу гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг заавал хүлээн авах үүрэгтэй тул иргэний хувьд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газрын харьяаллын бус гэмт хэргийн тухай гомдол, мэдээллээ уг цахим хуудсаар дамжуулан өгөх боломжтой. Таны гомдол, мэдээллийг харьяаллын байгууллагад нь шилжүүлэн, энэ тухай танд мэдэгдэх болно.

No comments: