Search This Blog

2010-06-28

Цахим орон зайн гэрэл зургууд ба гэм хор


         Хэн бүхний хувьд интернэтэд гэрэл зургуудаа байршуулах нь хялбар болсоор байна. Тэрхүү гэрэл зургуудын талаар санал, бодлоо илэрхийлэх нь бүр хялбар болсон. Энэ нь эрх зүйн асуудлын нэг хэсэг болж байгаа юм. Энэ бичлэгт Монгол Улсын эрх зүйн хэм хэмжээг үндэслэн дараах бүтцийг баримтлав.

1. Цахим орон зайд гэрэл зураг нийтлэх асуудал

2. Эрх зүйн зөрчил

3. Дүгнэлт, санал, зөвлөмж
Цахим орон зайд гэрэл зураг нийтлэх асуудал

Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-р хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Ийм эрхээ эдлэх хэлбэрийн нэг нь цахим хуудаст гэрэл зураг нийтлэх, түүнд “сэтгэгдэл бичих” билээ.

Мөн Үндсэн хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэний хувьд гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх эрхтэй.

Эдгээр эрхийн хамт иргэн нь шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүрэгтэй.

Эрх зүйн зөрчил

Өнөөдөр иргэний дүрсийг гэрэл зураг хэлбэрээр нийтэлдэг монгол хэл дээрх цахим хуудсын жагсаалт урт болжээ. Миний мэдэж байгаагаар URL буюу дээрх цахим хуудсуудын хаягийг компьютер дээрх А4 хуудсын мөр бүрт бичихэд нэг хуудсанд багтахгүй байна. Тэдгээр цахим хуудсын “гэрэл зураг” бүхий хэсэг нь дараах нийтлэг нэртэй байна. Үүнд:

“Монгол охид”,
“Hi5-ын монгол охидууд”,
“Сайхан монгол бүсгүй”,
“Зургийн цомог-Залуус; Охид бүсгүйчүүд; Сак хосууд; Монгол хамтлаг, дуучид; Анги хамт олон; Вэб камер-нууц дуран”,
“Шилдэг зураг”,
“Хүмүүс”,
“Фото зураг”,
“Мongolian girls”,
“Элдэв зураг”.

Эдгээрт дараах нийтлэг зөрчил харагдаж байна.



- гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийн зөрчил /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Эрүүгийн хуулиар тодорхойлсон зөрчил/


Зарим цахим хуудаст гэрэл зургийг “тамгалсан” буюу тухайн цахим хуудаст нийтлэгдсэн гэрэл зураг бүрт вэб сайтынхаа нэр бүхий тэмдэглэгээг тавьсан байдаг. Тодорхой баримт, мэдээллээр бол вэб сайт дахь гэрэл зургийн тэмдэглэгээ нь хууль ёсны, үнэн, зөв гэж үзэх боломжгүй байна.


Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар гэрэл зургийн аргаар туурвисан бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл мөн бөгөөд түүнийг туурвисан хувь хүн нь бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох, бүтээлийг нь бүхий л арга, хэлбэрээр ашиглах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй.


Тухайн вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлээгүй, зохиогчийн эрхийн зөрчил гаргах нь гэрэл зураг бүхий цахим хуудсыг интернэтийн үйлчилгээ түгээгчийн зүгээс хаах үүргийг Зохиогчийн эрхийн хуулиар хүлээлгэсэн байдаг.


- Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил /Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд тодорхойлсон зөрчил/

Монголын цахим хуудсууд уншигч-хэрэглэгчидээсээ гэрэл зургийг цахим шуудангаар хүлээн авах, зарим хуудасны хувьд хэрэглэгч нь гэрэл зургийг шууд нийтлэх боломжтой байгаа нь хэн нэгэнд компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээг хууль бусаар ашиглаж хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглах шалтгаан, нөхцөл болж байна.


- Садар самууныг сурталчлах зөрчил /Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд тодорхойлсон зөрчил/


Монгол хэл дээрх цахим хуудаст нийтлэгдсэн гэрэл зургийн дор хязгаарлалтгүйгээр хэн бүхэн бүхий л хэлбэрээр “сэтгэгдэл үлдээх” боломжтой байгаа. Энэ нь бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэх тухай илэрхийлэх болон хүний бэлэг эрхтнийг илтээр гэрэл зураг, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэх нөхцөл болж байна.


- Доромжлох, гүтгэх зөрчил /Эрүүгийн хуульд тодорхойлсон зөрчил/


Цахим хуудас дахь гэрэл зургийн сэтгэгдлүүд нь иргэний дүрсийг доромжилсон, гүтгэсэн шинжтэй байгаа бөгөөд цагийн зүүний хөдөлгөөнийг үл хамааран байрласаар гэрэл зурагт дүрслэгдсэн тухайн иргэнд гэм хор учруулах түвшинд байна.


Гэрэл зураг бүхий нийтлэлд сэтгэгдэл бичих боломж нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой. Харин сэтгэгдэл бичихдээ хүний эрхийг зөрчих, хуулийг сахихаас чөлөөлөгдөх эрх хэн нэгэнд хуулиар олгогдоогүй юм. Сэтгэгдэл бичихийн өмнө, эрх зүйгээр тодорхойлсон хүний эрхийг хангах, хуулийг сахих үүргийг анхаарах хэрэгтэй болно.


Тодорхой шалтгаан, бодит байдалд нийцсэн эсэхээс үл хамааран хэн нэгнийг гүтгэх, доромжлох нь хууль зүйн хариуцлага хүлээлгэх үйлдэл юм.

“Үүргээ мэдээгүй” гэсэн шалтгаан хэлж хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх боломж үгүй.

- Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил /Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хуулиар тодорхойлсон зөрчил/



Олон нийтийн харилцааны вэб сайт буюу Social networking site нь түүний хэрэглэгчдийн хувийн орон зай, “цахим орон байр” гэж үзэх хандлага дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд төлөвшиж байна. /Lawsuit seeks information on how government uses social-networking site-12/02/2009 www.asisonline.org/ Ийм цахим орон байр дахь гэрэл зураг, мэдээлэл нь задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ гэж тооцогдож байгаа юм.


Түүний хажуугаар social networking site-г “олон нийтийн газар” гэж үзэх сөрөг хандлага бас байгаа юм. Энэхүү хандлага нь facebook.com, myspace.com, linkedin, flickr.com, hi5.com гэх мэт олон нийтийн харилцааны вэб сайт-цахим хуудсууд дахь хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглаж байгаа үйлдлээр илэрч байна.




Одоо гэрэл зурагт дүрслэгдсэн этгээдийн эрхийн талаар тусгайлан авч үзье.





Энэ талаарх суурь зохицуулалт нь Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.5, 21.6 хэсэг, 497, 511-р зүйл юм.

Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй бол бусдын эрх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.


Энд, цахим хуудас дахь гэрэл зураг нь түүнд дүрслэгдсэн этгээдийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатайг харуулж байгаа юм.


Цахим орон зайд гэрэл зураг нийтлэхэд хэд хэдэн этгээд оролцдог, тэрхүү нийтлэл нь олон нийтийн “бай” болдог зэрэг нь гэрэл зурагт дүрслүүлэгч этгээдэд учирсан гэм хорыг хэд хэдэн этгээд хариуцах үндэслэл болох ба ийм тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.


Гэм хор учруулсан гэх этгээдийн хувьд тийнхүү гэм хор учирсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох, хариуцлагаас чөлөөлөгдөх нь цахим орон зайн эрх зүй төлөвшөөгүй манай улсын хувьд нэн төвөгтэй билээ.


Харин иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөө дүрслүүлсний төлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй юм.



Дүгнэлт, санал, зөвлөмж





Цахим орон зайд гэрэл зураг нийтлэх нь хүний эрх, эрх чөлөөний асуудал төдийгүй бусдад гэм хор учруулах, эрх зүйн зөрчилд холбогдохоос сэргийлэхтэй холбоотой юм.

Дээр дурдсан эрх зүйн зөрчлүүдийг зөвхөн аль нэг нь үйлдэгддэг бус, холимог байдлаар, янз бүрийн үе шатаар дамжин хэрэгждэг гэж ойлгох нь зүйтэй.



Эрх зүйн зөрчлийн хохирогч нь зөвхөн гэрэл зурагт дүрслэгдсэн этгээд биш юм.


Гэрэл зураг бүхий тухайн цахим хуудас дахь зөрчил нь бүх уншигч-зочинд хамаарахгүй, хэн нэгний үйлдэл хэдий ч тийм үйлдлийг хориглоогүй, дэмжсэн этгээд нь зөрчлийн хамтран хариуцагч гэж тооцогдох юм.


Цахим хуудсын эрхлэгч буюу администратор нь гэрэл зургийг цахим орон зайд нийтлэхийн тулд эрх зүйн хэм хэмжээг баримтлан дараах алхамуудыг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд:


- Дүрслүүлэгчийн зөвшөөрлийг авах бүх ажиллагааг явуулсны үндсэн дээр гэрэл зургуудыг цахим хуудастаа нийтлэх,


- Цахим хуудаст нийтлүүлэхээр гэрэл зураг илгээсэн этгээд нь дүрслүүлэгч мөн эсэхийг шалгаж, тодорхойлох буюу гэрэл зураг бүхий бичиг баримтыг цахим шуудангаар хүлээж авах,


- Гэрэл зураг бүхий нийтлэлд сэтгэгдэл бичүүлэхгүй байх,


- Вэб сайт дахь анхааруулгын үг нь сэтгэгдэл бичсэн, бичүүлсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хүнд, хөнгөнийг тодорхойлоход хэрэглэгддэг тул сэтгэгдэл бичих этгээдэд зориулсан анхааруулгыг сэтгэгдлийн талбарт байрлуулах. Түүний утга нь “сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Ийм хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг администратор устгах эрхтэй”,


- Хууль, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг сонирхогч этгээдийн шаардсанаар буюу өөрийн эрх зүйн ухамсрын хүрээнд нэн даруй устгах,


- Сэтгэгдлийг хянасны дараа нийтлэх эсэхээ шийдвэрлэх,


- Сэтгэгдлээ устгуулсан этгээдийн бичсэн сэтгэгдлийг баримт болгон авч, хадгалж байх.


Цахим орон зайд хууль зүйн дагуу хэн нэгэнд гэм хор учруулахгүйгээр нийтлэгдсэн гэрэл зураг нь бидний сэтгэлийг сэргээж, нүдийг баясгах болно.



Read more...

2010-05-23

Хууль зүйн цахим туслалцаа

Л.Галбаатар

Монгол Улсын Үндсэн хуульд (16-р зүйлийн 14; 17-р зүйлийн 1; 19-р зүйлийн 3 дахь заалт) хууль зүйн туслалцаа авах хүний эрхийг баталгаажуулсан юм.

Хууль зүйн туслалцааг академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг” бүтээлдээ “иргэдийн эрх ба хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ба хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн хууль зүйн ба эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг ойлгох, зөв хэрэглэх ба сахин биелүүлэхэд хувь хүн мэргэжлийн туслалцаа үзүүлэх мэргэжлийн хуульчдын төрийн ба төрийн бус үйл ажиллагаа” хэмээн тайлбарласан байдаг.

Хууль зүйн туслалцааны олон хэлбэр бий. Ийм хэлбэрүүд нь хууль зүйн туслалцаа хүсэгчийн хүсэл сонирхлоос хамааралтай байдаг.

Танд энэ удаа монгол хэл дээрх хууль зүйн цахим туслалцааны талаар танилцуулж байна.

Цахим сүлжээгээр дамжих хууль зүйн туслалцаа манай улсад харьцангуй шинэ зүйл юм. Учир нь интернэт-цахим сүлжээ нь суурин болон гар утасны адил бидний өдөр тутмын хэрэглээ болоод удаагүй байна.

Өнөөдрийн байдлаар хууль зүйн цахим туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж буй зарим вэб сайтыг авч үзье.

1. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг төлдөг. Өмгөөлөл.МН буюу www.umguulul.mn вэб сайт нь улсын тэмдэгтийн хураамжийг бодох үйлчилгээтэй юм байна. Энэ бол бас нэг төрлийн хууль зүйн туслалцаа л даа.

2. Эрх зүйч Б.Батмөнх www.zuvluguu.wordpress.com цахим хуудсаараа эрүүгийн эрх зүйгээс бусад асуудлаар хууль зүйн цахим зөвлөгөө өгч байна. Түүний хуудсанд хандсанаар ажлын 5 өдөрт багтаан асуултынхаа хариултыг авах боломжтой. Та хууль зүйн асуулт-цахим зөвлөгөө авах хүсэлтийг сэтгэгдлийн хэсэгт бичих ёстой ба асуулт, хариулт нийтэд ил харагддаг нь тус сайтын нэг дутагдалтай тал байж болох юм.

3. 2003 онд үүсгэн байгуулагдсан “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм нь хууль зүйн төрөл бүрийн салбарт ажилладаг, бэлтгэгдсэн хуульчдаас бүрдсэн бөгөөд үйлчлүүлэгчийнхээ тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарч байдгийн нэг жишээ нь www.advocate.mn цахим хуудсаар өгч буй хууль зүйн онлайн зөвлөгөө юм. Та тус цахим хуудсаар зочилж нэр, цахим шуудан, харилцах утас, асуултаа илгээгээд цахим шуудангаараа ердийн боломжит хугацаанд хууль зүйн туслалцаа авах боломжтой.


4. МУИС-Хууль Зүйн Сургуулийн Практик сургалтын тэнхим, түүний Хууль зүйн туслалцааны төвөөс www.mongolianlaws.com вэб сайттай хамтран онлайнаар хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгдөг системийг ашиглалтанд оруулсан байна. Та www.mongolianlaws.com сайтад зочилж “Хууль, эрх зүйн зөвлөгөө” гэсэн хэсэгт асуулт болон өөрийн цахим шууданг (и-мэйл) бүрэн, зөв бичиж илгээхэд л болох юм. Таны асуултад дурьдагдсан асуудлаар судалгаа хийн 7 хоногийн дотор хариултыг www.mongolianlaws.com сайтад тэмдэглүүлсэн цахим шуудангаар явуулах юм байна.



Ингэхдээ тус үйлчилгээ нь тодорхой журмаар ажилладаг. Тухайлбал, хууль зүйн зөвлөгөө хүсэгчийн асуултыг “Админ хуульч” хүлээн авч, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүйн аль нэг хуульч руу шилжүүлнэ. Харин эрх зүйн чиглэлээр дагнасан хуульч цахим шууданд нь ирсэн мэдэгдлийн дагуу www.mongolianlaws.com/legalaid хуудаст нэвтэрч ороод бэлтгэсэн хууль зүйн хариултыг зохицуулагч буюу админ хуульч хүлээн авч хянаж үзээд үйлчлүүлэгчид илгээдэг.


Ингэж таны хүссэн хууль зүйн зөвлөгөө цахим шууданд тань ирсэн байдаг.

Зөвлөгөө хүсэгчийн анхаарах зүйлс: 

• Асуултаа латин галигаар буюу бидний гар утаснаас мессэж бичихэд ашигладаг хэлбэрээр бичиж байгаа үед үгээ аль болох товчлохгүй байх нь зүйтэй. Ингэх нь таны асуултыг хуульч зөв ойлгох гэж оролдох хугацааг хэмнэхээс гадна таны асуулт салаа утгагүй байх болно.

• Цахилгаан тасалдах, компьютерын ажиллагаа гацах, тухайн вэб сайтын ажиллагаанд доголдол гарах гэх мэт эрсдэл интернэт хэрэглэх явцад тулгардаг. Тэгэхээр асуултаа баримт бичгийн программ-MS Word дээр бичээд түүнийгээ онлайн зөвлөгөөний хэсэгт хуулах үйлдлийг (copy+paste) хийх нь эрсдэл, багахан бухимдалаас сэргийлнэ.

• Асуултандаа дурдах аливаа хугацааг аль болох ойлгомжтой бичих нь зөвлөгөө өгөгчийн ажилд дэмжлэг болно. Тухайлбал “5 сар”, “5-р сар” зэргийг ялгаж бичвэл зүгээр.

• Асуулт илгээхийн өмнө тогтмол хэрэглэдэг и–мэйл- цахим шуудангаа бүртгүүлэх нь тохиромжтой. Энэ нь асуултын хариултаа аль болох богино хугацаанд үзэх давуу талтай юм.

• Асуулт урт, богино байх нь хариултанд нөлөөлөхгүй бөгөөд асуултыг тодорхой бичиж, ямар асуудлаар зөвлөгөө хүлээн авахаа онцлох нь хуульчийн ажилд хэрэгтэй байдаг.

• Нэг удаа л цахим шуудангаар зөвлөгөө авах боломжтой гэж зарим хүн ойлгодог. Өмнөх асуултыг дахин илгээгээгүй л бол хариултыг тодруулж лавласан, шинэ асуултанд шинэ хариулт-зөвлөгөөг илгээх ба тус сайтуудын зөвлөгөө өгөх байранд очиж хуульчаас зөвлөгөө авах боломжтой. МУИС-Хууль Зүйн Сургуулийн Практик сургалтын тэнхим, түүний “Зөвлөгөө өгөх байр”-нд очсоноор ямар ч асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч болох ба дээр дурдсан бусад сайтын хуульч нь тантай эхний удаад “анхны ярилцлага” хийн, шаардлагатай бол “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан төлбөртэй үйлчлэх билээ.

• Хэрэв таны зөвлөгөө хүссэн асуултын нууцыг задруулах, хууль бусаар ашигласан гэж үзвэл хуульчийн ёс зүйн асуудлаар гомдол гаргах эрх танд бий.



Эцэст нь хэлэхэд, “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед” хууль зүйн туслалцааны талаар бодох бус, зурхай уншдаг шиг аливаа үл ойлголцол, маргаантай байдал бий болохоос өмнө хууль зүйн зөвлөгөөг цахим шуудангаар уншиж занших нь “эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэх”-эд таны хувь нэмэр болох юм.


Read more...