Ажил
дээрээ тооцоолуур ашиглах хязгаар
Л.Галбаатар
Монгол Улсад
зохицуулалтын эхний шатандаа байгаа Тооцоолуурын эрх зүйн тогтолцоонд нөлөөлж
болох нэгэн хэргийн талаар танилцуулж байна.
АНУ-ын Засгийн
газрын нэхэмжлэлтэй, Дэвид Нозалын эсрэг давж заалдсан маргаан нь компанийн
“Тооцоолуур ашиглах журам” зөрчсөнийг Холбооны улсын тооцоолуурын гэмт хэрэг (computer crime) үйлдсэн
гэж үзэх эсэх тухай юм.
Давж заалдах
шатанд буй уг маргааны талаар “Цахим Хил” Сангаас байр сууриа илэрхийлж, шүүхэд
Amicus Curiae дүгнэлтээ
мэдүүлжээ.
Amicus Curiae буюу “Шүүхэд
туслах” хэмээх ойлголт Англи-Америкийн эрх зүйн тогтолцоонд хэрэглэгддэг. Энэ
нь шүүхэд хэлэлцэгдэж буй хэргийн талаар байр сууриа илэрхийлж, шүүхэд өргөн
барьсан “хууль зүйн дүгнэлт” юм. Үүнийг тухайн хэрэг, маргааны оролцогч бус
этгээд үйлддэг тул Amicus
Curiae-г нийтийн эрх ашгийн илэрхийлэл гэж үзэх нь бий. Ямартай ч, тус хууль зүйн
дүгнэлтэд хэлбэрийн зохих шаардлага тавигдаж, тодорхой аргачлалын дагуу үйлдэгддэг
бөгөөд хэргийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болдог.
“Цахим Хил”
Сангаас 2010 оны 9 дүгээр сарын 14-нд АНУ-ын 9-р бүсийн Давж заалдах
шатны шүүхэд өргөн барьсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн уг асуудалтай
танилцая.
АНУ-ын Засгийн
газар (үүнд CFAA буюу “Тооцоолуурын
мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль”- ТМАБТХ-ийг хэрэгжүүлэх үүрэгтэй
Засгийн газрын байгууллага, албан тушаалтнуудыг ойлгоно)-ын тайлбарлаж
байгаагаар, Дэвид Нозал нь компанийн тооцоолуурт нэвтрэх эрх бүхий хуучин
ажлынхаа гурван ажилтанд хандан Мэдээллийн сангаас мэдээлэл гаргуулж, түүнийгээ
бизнесийн өрсөлдөөнд ашиглаж эхлэснээр Компанийн дотоод журам төдийгүй ТМАБТХ- ийг
зөрчсөн аж.
“Цахим Хил”
Сангийн үзэж байгаагаар, компанийн тооцоолуурын мэдээллийг хувьдаа ашигласан
зөрчилд компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага
хүлээлгэсэн атал АНУ-ын Засгийн газраас уг зөрчилд ТМАБТХ-ийн дагуу эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээр оролдож байгаа нь зөвхөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн
үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа хэрэг бус, эрүүгийн хариуцлагын хүрээг
үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх оролдлого бөгөөд хууль хэрэгжүүлэх ажиллагаанд
ялгаварлан гадуурхалт бий болгох эрсдэлтэй байгаа аж.
Дэвид Нозал нь
2004 оны 10 сард компаниасаа гарсан бөгөөд түүнээс хойш хууль, гэрээний дагуу
нэг жилийн хугацаанд ажиллаж байсан компанийн үйл ажиллагаатай адил төрлийн үйл
ажиллагаа явуулаагүй байна. Дэвидтэй хамтран хариуцагчаар татагдсан гурван
ажилтны хувьд түүнд дамжуулсан компанийн мэдээлэлтэй ажиллах эрхтэй, холбогдох
бүртгэл, нэвтрэх үгийг хөдөлмөрийн гэрээний дагуу ашигладаг байжээ.
АНУ-ын Засгийн
газраас дээр дурдсан зөрчилд дараах үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх
бодлогыг баримталж байгаа юм. Үүнд:
-
“...компанийн
тооцоолуур, түүний мэдээллийг зөвхөн түүний ажилтан хэрэглэнэ” гэж дотоод
журам, хөдөлмөрийн гэрээнд заасан;
-
Компанийн
ажилтан бүр дараах санамжийг уншсаны дараа тооцоолуурт нэвтрэх боломжтойгоор
тооцоолуур бүрт тохиргоо хийгдсэн:
“Тооцоолуурын мэдээлэл нь компанийн өмч мөн. Компанийн
өмчийг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан нь сахилгын болон эрүүгийн хариуцлага
хүлээлгэх үйлдэл болно”;
-
Компанийн
бүх ажилтан хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахдаа компанийн өмч болох
тооцоолуурын мэдээллийг компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад зорилгоор
ашиглахыг хориглох тухай нөхцлийг хүлээн зөвшөөрсөн.
-
Тус компани
холбогдох мэдээлэлдээ “...компанийн өмч бөгөөд нууц” гэж тэмдэглэсэн байдаг.
АНУ-ын Засгийн
газраас Дэвид Нозал болон бусад гурван ажилтныг “18 U.S.C 1030 (a)(4)” заалтаар
хориглосон “хамгаалагдсан тооцоолуурыг зохих зөвшөөрөлгүй ашиглах, ашиглах эрхээ
хэтрүүлэх, үнэ цэнэтэй аливаа мэдээлэл олж авахад чиглэсэн шууд санаа, зорилго
бүхий бусад үйлдэл”-д буруутгаж байгаа юм.
2009 оны 4 сарын
13-нд АНУ-ын 9-р бүсийн Анхан шатны шүүхийн зүгээс Компанийн Дэвид Нозал
тэргүүтэнд хүлээлгэсэн сахилгын шийтгэлийг дэмжсэн бөгөөд эрүүгийн хариуцлага
хүлээлгэх Засгийн газрын саналыг хэрэгсэхгүй орхисон билээ.
“Цахим Хил”
Сангийн зүгээс дараах үндэслэлүүдээр Засгийн газрын байр суурийг үгүйсгэж
байгаа юм. Үүнд:
ТМАБТХ-ийн 1030(a)(4)-т заасан
“хамгаалагдсан тооцоолуурыг зохих зөвшөөрөлгүй ашиглах” гэдэгт анхнаасаа
тооцоолуурыг ашиглах эрхгүй этгээдийн үйлдэл хамаарна. Харин “хамгаалагдсан
тооцоолуурыг ашиглах эрхээ хэтрүүлэх” гэдэгт албан ёсоор ашиглахыг зөвшөөрөөгүй
өгөгдөл, мэдээлэл дээр ажиллах хамаарна. Мөн “...үнэ цэнэтэй аливаа мэдээлэл
олж авахад чиглэсэн шууд санаа, зорилго бүхий бусад үйлдэл” гэдгийн “үнэ
цэнэтэй аливаа мэдээлэл”-ийг компани өөрөө тогтоох нь тодорхой бөгөөд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх хэмжээний бус мэдээлэл алдагдсан гэж компани үзэж байгаа
юм.
АНУ-ын Засгийн
газар болон “Цахим Хил” Сангийн харилцан адилгүй байр суурийг http://www.eff.org/files/filenode/us_v_nosal/NosalAmicusFinal091410.pdf
-с үзэж болно.
“Цахим Хил”
Сангийн өмгөөлөгч Марсия Хофманы хэлснээр, “Компаниудын дотоод журмаар ихэвчлэн
компанийн тооцоолуурыг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглодог. Гэхдээ ажилтнууд
ажлын бус цагаар, компанис илүү зардал гарахааргүй, ажил үүргийн гүйцэтгэлд
сөргөөр нөлөөлөхөөргүй бол тооцоолуурыг хувийн хэрэгцээндээ ашиглах боломжтой. Засгийн
газрын үндэслэлүүд нь ажилтнуудыг ажил дээрээ Сагсан бөмбөгийн багийн тоглолтын
оноог шалгах, Facebook.com
–н статусаа шинэчлэвэл гэмт хэрэгтэн болоход чиглэж байна.
Компаниуд тооцоолуур
ашиглах дотоод журам зөрчсөн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдлээс ялгахад
анхаарч, журмаа нарийвчлан боловсруулах нь зүйтэй. Тэгэхгүй бол, тооцоолуур
ашиглалтын журам байгаад ч онцын ялгаагүй болох нь. Яваандаа, дотоод журам
зөрчсөн асуудал нь компанийн мэдэх зүйл биш болж хувирах эрсдэлтэй байна.”
Энэхүү асуудал
нь тооцоолуур ашиглалтын журмыг зөрчихийг зөвтгөөгүй бөгөөд зөрчил бүхий этгээд
холбогдох үйлдэлдээ тохирох хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагийн илрэл
юм.
No comments:
Post a Comment