Search This Blog

2011-02-07

Интернэт хэрэглээг хязгаарлах эрх зүйн асуудал


Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам”-ыг боловсронгуй болгох зорилгоор тус хорооноос “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалт” нэртэй журмын төсөл боловсруулснаа 2011 оны 1 дүгээр сарын 18-нд мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, тэдгээрийн төлөөлөлд танилцуулж, төсөлд сонирхлын бүлгүүдийн саналыг авч, “жинхэнэ журам” гаргахаар болсон билээ.

Энэхүү журмын төсөлд туссан “Шүүлтүүрийн програм”-тай холбоотой зохицуулалтад таны анхаарлыг хандуулъя.

Тус төслийн 4.5.1-д зааснаар, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчээс бусад Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь шинээр хэрэглэгч бүртгэхдээ хэрэглэгчидэд шүүлтүүр програм, хуулиар хориглосон контентид хандах хандалтыг хязгаарлах боломжийг санал болгоно гэжээ. Гэртээ, байгууллагадаа “интернэт тавиулах” хүмүүсийн хувьд шүүлтүүрийн програм, контентийг хянах бусад хэрэгслийг суулгуулах буюу тохируулж тооцоолууртаа хууль бус, сөрөг контентийг хүлээн авахгүй байх нөхцлийг энэ 4.5.1 агуулж байна. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ тооцоолуурыг интернэтэд холбуулахдаа “Шүүлтүүрийн програм” суулгуулах нь хүүхэддээ анхаарал тавьж буй хэрэг билээ.

Мөн 5.10.1-д Контентийн агрегатор нь хэрэглэгч контент үүсгэх боломжтой (UGC-user generated content), хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол Зохицуулах хорооноос ажиллуулж буй шүүлтүүр програмыг үйл ажиллагаандаа заавал нэвтрүүлэх үүрэгтэй. Эндээс харахад Төрийн мэргэжлийн байгууллага болох Зохицуулах хорооноос удирдан ажиллуулах шүүлтүүрийн програм нь улсынхаа нутаг дэвсгэрт хууль бус, сөрөг контент “нэвтрүүлэхгүй” байх “хилийн цэргийн үүрэг” хүлээж байгаа юм. 

5.10.3-д зааснаар Хэрэглэгч аль нэг өөр хэрэглэгчийн үүсгэсэн контент хууль бус, сөрөг контент байна гэж үзвэл контентийн агрегаторт мэдэгдэх боломжийг хэрэглэхэд хялбар, энгийнээр шийдэж өгсөн байх үүрэг Контентийн агрегаторт ногдож байна. Энэ нь шүүлтүүрийн програмд “өртөөгүй” сөрөг контентийг хэрэглэгч илрүүлж, мэдэгдэх нөхцлийг зохицуулсан хэсэг болжээ.

Дээр дурдагдсан зарим ойлголтыг дор дурдая.

Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч гэдэгт контентийг хүргэгч суваг ба контентийн үйлчилгээг өөрийн хэрэглэгчдэд дамжуулан хүргэх боломжийг хангасан сүлжээ бүхий эсвэл бусдын сүлжээ ашиглан дээрхи боломжийг хангасан, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг хэлж байгаа билээ.

Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээл бөгөөд түүнд Цахим шуудан, балк, спам захидал болон хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт) орохгүй юм.

Контентийн агрегатор (agreggator) гэдэгт контент нийлүүлэгч, Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн хооронд холбох гүүр болж, өөрийн тоног төхөөрөмж, програм хангамжийг ашиглан контентийг хувиргах, дамжуулахтай холбоотой харилцаанд орж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлж байгаа билээ.

Тэгэхээр хууль бус контент буюу Шүүлтүүр програмын ажиллагааг тодорхойлогчид юуг хамааруулж байна вэ? Төсөлд тусгаснаар дараах зүйлс нь хуулиар хориглосон контент болох юм. Үүнд:

1. Садар самуун явдал 
2. Хүчирхийлэл 
3. Хууль бус зар сурталчилгаа 
4. 18-аас доош насныханд хориотой контент 
5. Оюуны өмчийн эрхийн зөрчил

Эдгээрийг эрх зүйн үндэслэлийг өмнө нь би блогтоо оруулсан билээ. 

Эндээс харахад, төсөлд хууль бус контентийн зохицуулалтаар хүүхдийн эрхийг хамгаалах төдийгүй нийгмийн дэг журам, ёс суртахууныг хамгаалахад чиглэгджээ. Зохицуулах зүйл нь өргөн хүрээг хамарч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эрсдэлтэй болгож буй сул талтай ч, улс төрийн агуулга бүхий зүйлийг багтаагаагүй нь сайшаалтай юм.

Хууль бус, сөрөг контентийг хянах эрх зүйн болон зохион байгуулалтын тогтолцоо бүхий улс орнууд, тухайлбал АНУ, Австрали, Норвег, Финлянд, Их Британи, Дани, Нидерланд зэрэг улсууд Хүүхдийг интернэт дэх сөрөг мэдээллээс хамгаалахыг гол зорилгоо болгосон байдаг. 
Эдгээр улсын хууль тогтоомж нь “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д үндэслэдэг. Тодруулбал, 1990 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон тус конвенцийн 17 дугаар зүйлийн (е)-д дараах байдлаар хүүхдийн интернэт хэрэглээний зарчмыг тодорхойлжээ. 
Үүнд: Оролцогч улсууд 13, 18 дугаар зүйлийн заалтад үндэслэн хүүхдийн сайн сайхан байдалд хохирол учруулах мэдээлэл, материалаас түүнийг хамгаалах зарчим боловсруулахыг хөхиүлэн дэмжинэ. 

Энд яригдаж буй 13, 18 дугаар зүйлд хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл эрэх, олж авах, дамжуулах болон хүүхдийн хүмүүжил, хөгжилд эцэг эх, нийтийн, тэгш хариуцлага хүлээх зарчмыг тэнцвэржүүлжээ.

Одоо “Шүүлтүүр програм”-тай холбоотой бэрхшээл, бусад улсын туршлагыг үргэлжлүүлэн авч үзье. Интернэтэд шүүлтүүр хэрэглэх нь бидний хүсээгүй олон арван контенттой тэмцэх стандарт билээ. Гэхдээ энэ нь хууль ёсны, үр дүнтэй зүйл эсэхийг тус технологийг хэрэглэхийг эсэргүүцэгчид дэвшүүлэн мэтгэлцсээр байна. Контент хяналтын муухайн сонгодог жишээ болох Хятад улсын “Өндөр Галтхана” (Great Firewall) үйл ажиллагааг эсэргүүцэгчид АНУ тэргүүтэй улс орнуудад хандан Хятад улстай харилцах улс төрийн байр суурьтаа интернэтийн эрх чөлөөг дэмжихийг уриалж буй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Өндөр Галтхана”-ыг сайшаахгүй байгаагаа илэрхийлсэн нь бий.

Австрали бол шүүлтүүр хэрэглэдэг нэг орон. Тус улсын шүүлтүүрийн схемийг Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид (ISPs) хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээр нь хууль бус контентийг хаах үүрэгтэй. Харин тусгайлан хориглоогүй буюу хууль бус гэж тооцогдоогүй бусад контентийг тус улсын гэр бүлүүд өөрсдийн сонголтоор хаадаг. 

Австралийн хууль бус контент нь зөвхөн хүүхдийн порнографаар хязгаарлагддаггүй бөгөөд хууль тогтоомжид тусгайлан заасан бусад зүйлсийг агуулдаг. “Австралийн Харилцаа холбоо, мэдээллийн газар” (ACMA) Шүүлтүүр програмын нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлдэг бөгөөд хууль бус контент гэдэгт юуг багтаах эсэхийг тодорхойлох чиг үүрэгтэйгээр ажилладаг. 
Австралийн шүүлтүүрийн схем нь сонирхлын бүлгүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Ийм бүлгүүдийн томоохон төлөөлөгч “Австралийн Цахим Хил” (EFA) байгууллагын үзэж байгаагаар шүүлтүүр нь дараах сөрөг нөлөөтэй. 
Үүнд: Ил тод, бие даасан хяналтыг алдагдуулах; Хориотой контент/Хар дансанд юуг хамааруулах нь тодорхой үндэслэлгүй; Програм хангамж үйлдвэрлэгчидийн үйл ажиллагааг хязгаарладаг. “EFA”-ын тэргүүлэгч Colin Jacobs-н хэлснээр “Засгийн газраас Шүүлтүүрийн схемийг удирдах нь үр дүн багатай бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд эрсдэл учруулж байна. Хэрэв шүүлтүүр нь зөвхөн хууль бус материалтай тэмцдэг бол бид ингэж эсэргүүцэхгүй” гэжээ.

Шүүлтүүрийг эсэргүүцэх өөр нэг гол шалтгаан бол хар тамхи, амиа хорлох зэргийг илэрхийлсэн хууль бус мэдээлэлтэй сайтууд “ACMA”-гийн Шүүлтүүрийг “тойрч гарсан”  бөгөөд хууль ёсны, зохимжит сайтууд хориотой контент гэгдэж “Шүүлтүүр”-т бүртгэгдсэн тохиолдлууд юм. Үүнийг “ACMA” програм хангамжийн дутагдал, хөгжүүлэлттэй холбон тайлбарлаж байна. 

Барууны улсуудад хүүхдийн порнографийг зохион байгуулсан гэж үзвэл “Шүүлтүүр програм”-ын гадуур байсан ч,тодорхой сайтуудыг бүхий л арга хэлбэрээр хаадаг. 

2010 оны 2 дугаар сард Францын парламент LOPPSI 2 хэмээх хуулийг баталсан бөгөөд түүнд Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлж, хориглосон контент бүхий сайтуудыг хянахаар тусгажээ. 
2010 оны 4 дүгээр сарын эхээр Их Британи улс Тоон эдийн засгийн хуулийг (Digital Economy Bill) баталсан бөгөөд түүнд зааснаар Их Британийн шүүх зохиогчийн эрхийн зөрчил бүхий вэб сайтыг хаах шийдвэрийг гаргах, зохиогчийн эрхийн зөрчлийг давтан гаргасан интернэт хэрэглэгчийн холболтыг салгуулах эрхтэй болжээ. 
Дээрх хоёр улсын хуулиуд Австралийн шүүлтүүрийн хөтөлбөрийн адил хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Зохиогчийн эрхийн шүүлтүүр хэрэгжүүлдэг улс орнууд зохиогчийн эрхийн бүтээлийн зохистой ашиглалт (fair use)-ыг алдагдуулж шүүмжлэлд өртөж байна.

Шүүлтүүр хийхдээ техникийн болон процедурын механизмыг нэг удаа тодорхойлдог бөгөөд шүүлтүүр нь өргөн хүрээтэй, урвуугаар ашиглаж болох эрсдэлтэй гэж үзэх нь бий. 
1990 оны сүүлээр АНУ-ын Конгрессын зүгээс Интернэтийн хортой контентоос хүүхдийг хамгаалахаар хориглосон контентийн буюу шүүлтүүрийн хуулийг (Child Online Protection Act-COPA, Children’s Online Privacy Protection Act-COPPA) хоёр ч удаа баталсан байдаг. 

Гэхдээ дээрх хуулиудыг АНУ-ын шүүхээс хоёр ч хэрэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хууль гэж үзсэн байдаг. Харин АНУ-ын гуравдах оролдлого буюу Children's Internet Protection Act (CIPA) нь Үндсэн хуулийн эрхэд халдсан гэгдэж шүүхээр буруутгагдаагүй байна. Энэ бол, АНУ-ын сургууль, нийтийн номын сангуудын тооцоолуурт шүүлтүүрт хэрэглэх тухай бөгөөд шаардагдах санхүүжилтийг Холбооны Засгийн газраас хүлээн авах зохицуулалттай юм.

Хятад, Иран зэрэг улсад порнограф, мөрийтэй тоглоом, бэлгийн амьдралын мэдээлэл бүхий вэб сайтууд буюу нийгмийн контентоос гадна улс төрийн контентод шүүлт хийсээр байна. Куба улсад интернэт кафед тооцоолуур хэрэглэгчийн зүгээс “хориотой үгс”-ийн төрлийг сонгож хэрэглэх гэвэл үг зүйн програм юмуу интернэтийн хөтөч програмын зүгээс тус хэрэглээг автоматаар хаах бөгөөд “улсын аюулгүй байдал”-тай холбоотой сэрэмжлүүлэг өгдөг.
Одоо Шүүлтүүрийн програмын талаар хэдэн зүйл дурдая. Контентийн хяналтын програм хангамж (censor- ware) нь ямар контентийг интернэт хэрэглэгчид хүргэх вэ гэдгийг тодорхойлдог. Тус програм хангамжийг Засгийн газраас нутаг дэвсгэртээ, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчийн зүгээс үйлчлүүлэгчиддээ, ажил олгогчийн зүгээс ажилтнууддаа, сургууль нь оюутнууддаа, номын сангууд уншигчиддаа, эцэг эхчүүд хүүхдийнхээ тооцоолуурт, хувь хүмүүс өөрийнхөө тооцоолуурт хэрэглэдэг. Хэрэглэгчийн зүгээс зөвшөөрөлгүй контентод шилжихэд програм нь контентийн хяналтыг хэрэгжүүлдэг. Зарим контентийн хяналтын програм хангамжийн хувьд хэрэглээний цагийг тохируулах байдлаар ажилладаг. Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэтээр аялах, тоглоом тоглох зэрэг тооцоолуур дээрх үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг нь тохируулдаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ итгэлийг авч чадвал тэдний тооцоолуурын өмнө өнгөрөөх цаг нэмэгдэх нь.

Шүүлтүүрийн төрөл: Хувь хүний тооцоолуур дахь програм хангамж, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс Контентийн шүүлтүүрийн хэрэгжүүлдэг. Интернэтийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон гэртээ “интернэт тавиулах”-даа эцэг эхчүүд хүүхдүүддээ үзүүлэхэд зохисгүй материалуудыг хаалгадаг. Ихэнх контент хяналтын програмууд байгууллага, эцэг эхчүүдэд худалдаалагддаг. Нөгөө талаар ийм програмуудыг сурталчлах нь хүмүүсийг интернэтийн донтой тэмцэж, өөрийгөө хянахад тусалдаг. Интернэтийн донгийн эсрэг тэмцэл нь онлайн порнограф, мөрийтэй тоглоом, чатны орчны хэрэглээгээ хязгаарлах, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг.

Үйлчлүүлэгч төвтэй шүүлтүүр- Энэ төрлийн шүүлтүүр нь таны тооцоолуур дээр суулгасан програм хангамж юм. Тус   шүүлтүүр нь гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд нууц үгээр нэвтэрч байж л ажиллагааг нь зогсоох боломжтой. Мөн тус шүүлтүүр нь номын сан шиг газруудад үр дүнтэй ажилладаг. Учир нь хүүхдүүдийн тоглож байгаа болон уншлагын хэсэгт шүүлтүүр тавих зэргээр тодорхой хэсгүүдэд хяналт тавих нь чирэгдэл багатай байдаг.
Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс Контентийг хязгаарлах- Интернэтийн үйлчилгээ авч буй эцэг эхчүүд ISP буюу Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн санал болгосон зохисгүй контентийг өргөтгөх, хязгаарлах боломжтой байдаг. Ямар контентод шүүлтүүр хэрэглэх, эс хэрэглэхийг үйлчлүүлэгч сонгох боломжтой байдаг тул энд интернэтийн эрх чөлөөг боомилох тухай зүйл яригдахгүй юм.
Серверийн шүүлтүүр- Энэ нь интернэт хэрэглээний системийг хамарсан шүүлтүүр юм. Тухайн нэг дүүргийн ахлах сургуулийн сурагчдын “интернэтийн аялал” бусад сургуулийнхнаас ялгаатай байх юм.
Хайлтын шүүлтүүр- “Google”, “Alta Vista” гэх мэт хайлтын ихэнх хэрэгслүүд хэрэглэгчиддээ аюулгүй байдлын шүүлтүүрийг санал болгодог. Энэ нь хайлтын бүх илэрцээс зохисгүй контент бүхий холбоосуудыг хэрэглэгчид харуулдаггүй горим юм. Гэхдээ бэлгийн эрээ цээргүй, +18 контент бүхий вэб сайтуудын “URL” буюу хаягийг нь мэдэж буй этгээд түүнийг нь бичээд тус вэб сайтад нэвтрэх боломжтой юм. “Yahoo”, “Bing” гэх мэт хайлтын хэрэгслүүдийн хүүхдэд зориулсан хувилбар нь зөвхөн хүүхдэд зориулсан вэб сайтуудыг илрүүлдэг.

Эцэст нь хэлэхэд, Зохицуулах хорооноос иргэдийнхээ интернэтийн аюулгүй хэрэглээг хангах чиг үүргийнхээ хүрээнд “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалт” нэртэй журмын төсөл бэлтгэж, хэлэлцүүлэх замаар Контентийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолын хавсралт дахь “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” нь дээрх төслийг бэлтгэж, батлах эрх зүйн нөхцөл болж байгаа билээ. 
Мөн интернэт хэрэглээд 15 жил болсон, цаашид ч хэрэглэсээр байх манай улсын хувьд интернэт дэх агуулга буюу контентийг журамлан зохицуулах нь Төрийн байгууллагын зайлшгүй хийх ажил юм. 
Харин уг зохицуулалт нь Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө болон түүнийг хязгаарлах нөхцлийг тэнцвэржүүлэн хэрэгжихэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Төсөлд тусгаснаар, хууль бус контентийн нэгдсэн удирдлагыг Зохицуулах хороо хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн, гэр бүл, байгууллагын хувьд Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч, контентийн агрегатороор дамжуулан ямар контентийг хязгаарлахаа шийдэх боломжтой. 
Ийм байдал нь Австрали улсын зохицуулалттай төстэй байна. Австрали бол Хятад биш хэдий ч, манай улсын эрх бүхий байгууллагууд бусад улсын туршлагаас суралцан, алдааг нь давтахгүйгээр ажиллах боломж бий. Брүүклиний Хуулийн сургуулийн профессор Derek E. Bambauer-ийн үгийг энд дурдая. “Интернэтийн цэнзүүр бол үр дүнтэй хэрэгсэл төдийгүй аюултай зүйл юм. Үүнийг Австралийн жишээ батлана”. 
Контентийн эрх зүйн зохицуулалтын оролцогсод хууль бус контентийн төрөл тус бүрээр хэлэлцэн, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх их ажил бий.

2 comments:

Galbaatar Lkhagvasuren said...

Харилцаа холбооны зохицуулах хорооны
2011 оны .... дугаар тогтоолын хавсралт

ТООН КОНТЕНТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА

http://www.crc.gov.mn/file/juram/contentjuram.pdf

Unknown said...

sain uu? shuultuuriin angilal buguud edgeer medeellin eh survalj ni yu ve?
Amjilt!!!