Search This Blog

2015-01-14

Цахим орчин дахь гүтгэлгийн эрх зүйн зарим асуудал: шүүхийн шийдвэрийн жишээн дээр

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд “Гүтгэх” гэмт хэргийг хуульчилсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд цахим орчин дахь гүтгэлэгтэй холбоотой 2 шүүгдэгчтэй хэрэгт шүүхээс нийт 9 удаагийн шийдвэр гарсан байна.


Энэ нь шүүхээс цахим орчинд бусдыг гүтгэх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэж буйд дүгнэлт хийх, интернэт хэрэглэгчид энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарахыг тогтоох шаардлагыг бий болгож байна. Иймд уг асуудлыг иргэн Л.Даваапил, Ц.Бат нарын холбогдсон хэргийн шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх замаар танилцуулж байна. 


Хүснэгт 1. Цахим орчны гүтгэлгийн /Эрүүгийн хуулийн 111-р зүйл/[1] гэмт хэргийг шийдвэрлэсэн мэдээлэл
Огноо, шийдвэрийн төрөл, дугаар
Шүүхийн нэр
Шийдвэрлэсэн байдал
Л.Даваапил нь 2013.10.17-ны өдөр Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхийн твитер хуудсандаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэсэн мэдээлэл тавихад нь 2013.10.18-ны өдөр “Самсунгтай 1 километр төмөр замыг хэдээр гэрээлсэн юм бэ сайдаа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 чинь хол давна” хэмээн түүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор олон нийтэд тарааж гүтгэх гэмт хэрэгт холбогджээ.
1
2014.05.27, Шийтгэх тогтоол, №650
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Л.Даваапилыг Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Даваапилийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
2
2014.08.07, Магадлал, №695
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.05.27-ны өдрийн 650 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Даваапилд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.
3
2014.09.18, Цагаатгах тогтоол, №650/А
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Л.Даваапилд холбогдох  хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2[2], 208 дугаар зүйлийн 208.1.2[3] дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгасугай. 
4
2014.11.11, Магадлал, №980
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.18-ны өдрийн 650А дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Л.Даваапилд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.[4]
5
2015.01.06, Шийтгэх тогтоол, №40
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Л.Даваапилийг хүний тэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Л.Даваапилийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
6
2015.02.17, Магадлал, №32
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.06-ны өдрийн 40 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...111.1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосон.
7
2015.02.17, Магадлал, №132
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.06-ны өдрийн 40 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...түүнийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосон.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Даваапилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Л.Даваапилийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн.
8
2015.04.29, Тогтоол, №134
Улсын дээд шүүх
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.02.17-ны өдрийн 132 дугаар  магадлалыг хүчингүй болгож, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.
Шүүгдэгч Ц.Бат нь МИАТ ХК-ний Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2013.09.30-ны өдрөөс 2013.10.17-ны өдөр хүртэлх хугацаанд цахим сүлжээ болох Твиттер хуудсаар Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүхийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
9
2014.08.18, Шийтгэх тогтоол, №941
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгдэгч Ц.Батыг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Ц.Батад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн.



Энэ хүснэгтээс харахад, цахим орчинд хүнийг гүтгэх гэмт хэргийг шийдвэрлэхдээ шүүгч нар харилцан адилгүй дүгнэлт хийж, шийдвэр гаргасан байна. Энэ нь энэ төрлийн хэргийг шийдвэрлэх практик бүрэн тогтоогүйтэй холбоотой байж болох юм.

Хуульд зааснаар болон шүүхийн шийдвэрүүдэд дурдсанаар цахим орчинд хүнийг гүтгэх нь зөрчил мөн. Иймд шүүхээс дараах дүгнэлтүүд хийж байгааг интернэт хэрэглэгчид үзэл бодлоо илэрхийлэхдээ онцгой анхаарах нь зүйтэй. Үүнд: 

- - “твиттер” хуудсаар нийтлэгдсэн баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Твиттер хуудас болон цахим сүлжээгээр нийтлэгдсэн баримтууд болон СД бичлэг нь энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай

- - твитер хуудаснаа бичсэн нь олон нийт буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тараасан гэж үзэхэд эргэлзээтэй байх

- - илт худал мэдээлэл твиттерийн сүлжээгээр тарсныг хэн нэгэн нь олж үзсэн эсэхийг нотлох шаардлага байхгүй ба харин олон нийтэд мэдээлэгдсэнээр энэ хэргийн бүрдэл төгссөн. 




[1] Эрүүгийн хууль. 111 дүгээр зүйл. Гүтгэх

111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

[2] 13.2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.

[3] 208.1.Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:

208.1.2.нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал;

[4] Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь заалтыг зөрчсөн байх тул хохирогчийн өмгөөлөгчийн “...шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлтийг урьдчилан хүргүүлсэн атал шүүх хуралдааныг үргэлжлүүлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

No comments: