Онлайн орчинд та юу хийж байгаагаа бусад хүнд мэдэгдэхгүй байхыг хүсч байсан үе бий юу?
2014 оны 11 дүгээр сард "Каплан тест[1]"-судалгааны байгууллагын хийсэн нэгэн судалгаагаар коллежуудын элсэлтийн шалгалтын албаныхны 35 хувь нь элсэхээр өргөдөл гаргагчдын фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн цахим хуудсаар нь зочилж, дэлгэрэнгүй мэдээллийг нь хайдаг байна. 2008 онд энэ тоо 10 хувьтай байжээ.
"PewResearchCenter[2]"-ийн 2013 оны судалгаагаар, интернэтийн үйлчилгээ ашиглаж буй өсвөр настнуудын 59 хувь нь өмнө нь оруулсан мэдээллээ засварлах буюу устгадаг ажээ. Мөн 53 хувь нь түүний хувийн хуудаст бусад хүний бичсэн сэтгэгдлийг устгадаг байна. Энэ нь тэдний дийлэнх нь цахим орчин дах нэр хүнддээ санаа зовж буйг харуулж байгаа хэрэг юм. Мөн уг судалгаанд дурдсанаар өсвөр насныхны 91 хувь нь өөрсдийн зургийг нийтэлдэг бөгөөд энэ тоо 2006 онд 79 хувь байжээ. Тэдний 92 хувь нь жинхэнэ нэрээ онлайн орчинд нээлттэй зарладаг байна. Ийнхүү хүүхдүүдийн дийлэнх нь нээлттэй байлгадаг мэдээлэлд утасны дугаар, цахим шуудан, амьдардаг газар, сургуулийн нэр, төрсөн өдөр, өөрийнх нь дүрс бичлэг, үерхэл, сонирхол хамаарч байна. Дээрх судалгааны үр дүн АНУ-ын эцэг эхчүүдийн санааг зовоосон гол асуудал болж байгаа юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос хагас жил, жил тутам гаргадаг статистик тайлангаас харахад 2013 оны жилийн эцсээр интернэт хэрэглэгчдийн тоо 841 мянга байсан бол 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 сая гаруй болж өмнөх оноос 28%-иар өссөн дүн гарчээ. Мөн улсын хэмжээнд 30 Гб/с буюу 2009 оныхоос 10 дахин нэмэгдсэн өндөр хурдаар дэлхийн мэдээллийн сүлжээнд холбогдож байна. Энэ тоо нэмэгдсээр байгаатай маргахгүй биз ээ.
Тэгэхээр АНУ-ын төдийгүй Монгол эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ онлайн орчин дах зан үйлд сэтгэл зовних нь адилхан юм.
"Хэрвээ бусад хүнд харагдуулахыг хүсээгүй л бол тэрийгээ онлайн орчинд битгий бич" гэж АНУ-ын 17 настай нэгэн хүү бичсэн байна.
Дээрх асуудлуудтай холбоотойгоор, АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч "Арилгах товчлуурын хууль" гэж нэрлэгдээд буй эрх зүйн актад 2013 оны 9 дүгээр сард гарын үсэг зурж батламжилсан бөгөөд тус хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөж байна. Энэ нь тус муж улсын "Бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 8-р бүлэгт "Цахим орчинд насанд хүрээгүй хүний хувийн нууцыг хамгаалах" нэртэйгээр нэмэлтээр орсон байна.
Энэхүү хуулийн гол зохицуулалт нь, вэб сайт, онлайн үйлчилгээ, мобайл аппликейшний операторт насанд хүрээгүй хүнд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаа шууд хүргэхийг хориглосон байдаг. Энэ хүрээнд операторуудад маркетинг, зар сурталчилгааны зорилгоор насанд хүрээгүй хүний хувийн мэдээллийг ашиглах, задруулах, гуравдагч этгээдэд тийнхүү ашиглуулахыг хориглосон.
Өөр нэг чухал зохицуулалт нь, насанд хүрээгүй хүмүүст тухайн вэб сайт, онлайн үйлчилгээн дэх өөрийн нийтэлсэн мэдээллийг устгах, устгасан мэдээллээ олж авахыг зөвшөөрсөн бөгөөд операторуудад ийм нөхцлийг бүрдүүлэх, энэ тухай үйлчилгээний мэдээлэлдээ оруулах шаардлага тавьсан байна. Гэхдээ насанд хүрээгүй хүний хувьд гуравдагч этгээдийн оруулсан мэдээлэл, АНУ-ын Холбооны хуулиар устгахыг хориглосон мэдээллийн хувьд хязгаарлагдмал эрхтэй байх юм.
Дээрх хэм хэмжээг бүрэн хэрэглэхийн тулд дараах ойлголтыг тодорхой мэдэж байх шаардлагатай бөгөөд тус хуульд тодорхойлолтыг нь хамт бичсэн байна. Үүнд "вэб сайт, онлайн үйлчилгээ, онлайн аппликейшн, мобайл аппликейшн", "оператор", "насанд хүрээгүй хүн", "тодорхой төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ", "зар сурталчилгаа" гэх ойлголтууд хамаарч байна.
Энд гол анхаарах зүйл нь тодорхой төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаанд юу хамаарах вэ гэдэг асуудал юм. Үүнд согтууруулах, мансууруулах зүйл, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тамхи, тамхин бүтээгдэхүүн, хонжворт тоглоомын тасалбар, шивээс, зэвсгийн чанартай зүйл зэрэг 20 орчим төрлийн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй бараа, бүтээгдэхүүний сурталчилгаа хамаарч байна.
Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5-д зааснаар айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгаа бүтээх, түгээхийг хориглосон. Гэхдээ энэ нь Калифорни мужийн хууль шиг онлайн орчинтой холбоотой тусгайлсан зохицуулалт болж чадахгүй байгаа юм.
Калифорни мужийн тухайн үеийн хууль тогтоомжоор арилжааны вэб сайт, онлайн үйлчилгээний зүгээс "үйлчилгээний нөхцөл"-ийн хүрээнд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг интернэтээр дамжуулан цуглуулахыг шаардаж байв. Харин холбооны хуулиар арилжааны вэб сайт, онлайн үйлчилгээний операторын зүгээс хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж болох, ингэхдээ мэдээллийг нь цуглуулж байгаа, түүнийгээ юунд хэрхэн ашиглах талаар мэдэгдэх, хүүхдийнх нь мэдээллийг цуглуулахыг зөвшөөрөхгүй байх боломжийг эцэг, эхэд олгох нөхцөл тавьдаг байв.
Гэхдээ дээрх шинэ хуулийг шаардлагагүй гэж үзэж байгаа хэсэг байгаа юм. Энэхүү хэсгийн тайлбарлаж байгаагаар, ихэнх вэб сайтын хувьд оруулсан мэдээллээ устгах боломжтой байдаг тул үүнийг хуульчлах шаардлагагүй гэжээ. Нөгөө талаар “цахим орчинд хүүхдүүд өөрийн үйлдлийг ухамсарлаж хэвших ёстой, тэд том хүн болно шүү дээ” гэх хэсэг ч байгаа юм. Өөр нэг хэсгийн тайлбарлаж байгаагаар уг хууль нь Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан шинжтэй байна гэжээ. Гэхдээ уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор эрх зүйн маргаан одоогоор гараагүй бөгөөд шүүхээс уг хуулийг зөвтгөсөн юм уу буруутгасан шийдвэр гаргаагүй болохыг анхаарах хэрэгтэй.
Гэхдээ аль ч талын санал нэгтэй байгаа зүйл бол эцэг, эхчүүд цахим орчинд ч хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үзэл юм.
Монгол Улсын хувьд Калифорни мужийн дээрх хуулийн үзэл санаатай адил гэж үзэж болохоор байгаа юм. Тодруулбал, Засгийн газрын 2008 оны 284 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн зорилтыг хангах 3 дах шат (2008/2009)-ны үйл ажиллагааны чиглэлийн дараах зорилт нь хүүхдийг цахим орчинд хамгаалах асуудлыг чухлаар тавьж, тодорхойлсон байна. Үүнд:
Зорилт 17. Хүүхэд, өсвөр үеийнхэн мэдээллийг эрж хайх, сонгох, боловсруулах, ашиглах, түгээх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төр, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлнэ.
Мэдээлэл, ялангуяа цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс сэргийлэх, хүүхдийг хамгаалах сурталчилгааг өргөжүүлэх.
Хариуцах, хамтран хэрэгжүүлэх, дэмжих байгууллага: Хүүхдийн төлөө үндэсний газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага гэжээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн эрх, үүргийн хүрээнд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд хүүхдэд зүй бус контентийн хязгаарлалт буюу шүүлтүүртэй интернэтийг хэрэглэгчдэд санал болгож ажиллахыг нөхцөл, шаардлагаар үүрэг болгож байна. Энэ нь эцэг, эхчүүдэд өөрийн сонголтоор энэхүү үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал юм. Мөн вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд хэрэглэгчийн ёс бус сэтгэгдлийг устгах боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгодог.
Гэхдээ цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудлыг хөтөлбөр, зорилт, нөхцөл шаардлагаар бус, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болох хуулиар тодорхойлж, зохицуулах шаардлагатай юм.
Гэхдээ хууль батлагдахыг хүлээлгүйгээр манай улсын вэб сайтын үйлчилгээ эрхлэгч, операторууд өөрийн үйлчилгээний нөхцөлдөө тусган хэрэгжүүлэх нь чөлөөтэй юм.
Таны хүүхэд яг одоо онлайн байна уу?
Эх сурвалж
“New State Law Lets California Teens Erase Digital Footprints More Easily” Signe Okkels Larsen | December 28, 2014 | 1:06 p.m. PST http://www.neontommy.com/news/2014/12/new-state-law-lets-cal-teens-erase-digital-footprints-more-easily
Senate Bill No. 568, CHAPTER 336 http://leginfo.legislature.ca.gov/faces/billNavClient.xhtml?bill_id=201320140SB568
Kaplan Test Prep Survey: Percentage of College Admissions Officers Who Visit Applicants’ Social Networking Pages Continues to Grow — But Most Students Shrug http://press.kaptest.com/press-releases/kaplan-test-prep-survey-percentage-of-college-admissions-officers-who-visit-applicants-social-networking-pages-continues-to-grow-but-most-students-shrug
Teens, Social Media, and Privacy http://www.pewinternet.org/2013/05/21/teens-social-media-and-privacy/
[1] Kaplan Test Prep Survey: Percentage of College Admissions Officers Who Visit Applicants’ Social Networking Pages Continues to Grow — But Most Students Shrug http://press.kaptest.com/press-releases/kaplan-test-prep-survey-percentage-of-college-admissions-officers-who-visit-applicants-social-networking-pages-continues-to-grow-but-most-students-shrug
[2] Teens, Social Media, and Privacy http://www.pewinternet.org/2013/05/21/teens-social-media-and-privacy/
No comments:
Post a Comment