Бэлтгэсэн Л. Галбаатар
Бидэнд зөөврийн тооцоолуураа ажлын газраасаа авч явах, зөөх шаардлага их гардаг. Гэхдээ зөөврийн компьютер хулгайлагдах нь хаана ч нийтлэг үзэгдэл болжээ. Энэ нь зөөврийн тооцоолуур хэрэглэгч этгээдийн компанийн төдийгүй хувийн, санхүүгийн чухал мэдээллийг эрсдэлд оруулж байгаа юм. Иймд дараах 9 аргатай танилцаж зөөврийн тооцоолуурынхаа аюулгүй байдлыг хангана уу.
1. Тооцоолуурын цүнх ашиглахаас зайлсхий
Зориулалтын цүнх нь таныг зөөврийн тооцоолуур авч явааг илчилдэг. Тэгэхээр зөөврийн тооцоолуурыг тань хамгаалж чадах доторлосон цүнх буюу хайрцаг хэрэглэхийг зөвлөж байна.
2.Тооцоолуурынхаа нэвтрэх дугаар буюу нууц үгийг бүү үрэгдүүл
Зөөврийн тооцоолуурынхаа нэвтрэх үгийг хадгалах нь машины түлхүүрийг хадгалахтай л адил. Нэвтрэх дугаар буюу нууц үггүйгээр таны хувийн болон компанийн мэдээллийг хулгайлах нь хэцүү байдаг.
3.Тооцоолуураа биедээ авч яв
Таны тээшийг эрх бүхий этгээд шалгахаас бусад тохиолдолд онгоцонд, галт тэргэнд явахдаа зөөврийн тооцоолуураа байнга биедээ авч яв. Тээшээ алдах нь тооцоолуураа алдсанаас л дээр. Хэрвээ машинаар явж буй бол тооцоолуурыг хямгадахад хялбар. Тухайлбал, тооцоолуураа ашиглаагүй үедээ тээшиндээ хийгээд түгжчихэж болно.
4.Мэдээллээ цоожил
Шифрлэх буюу цоожлох нь хэн нэгэн таны тооцоолуурыг мэдэлдээ авч, файлуудад тань халдахаас хамгаалах бас нэг арга зам юм. Та аль ч файл, фолдер-оо цоожлох боломжтой. Ингэснээр хэн нэгэн таны чухал мэдээллийг олсон ч, түүнд нэвтэрч, мэдээлэлтэй танилцаж чадахгүй. Энэ аргыг хэрэглэхийн тулд хэрэгтэй мэдээллээ хэрхэн цоожлох талаар нэмж үзнэ биз.
5.Тооцоолуураасаа нүд бүү салга
Та нисэх онгоцны буудалд явж буй бол хамгаалагч нь таны тээшийг алдагдахгүй байхад анхаарал тавьж чадахгүй. Албаны хүн таны цүнхийг металл илрүүлэгчээр шалгахаас бусад үед тээшээ гараасаа бүү салга. Олон цүнх адилхан харагддаг бөгөөд таных холилдож алга болоход амархан юм.
6.Тооцоолуураа шалан дээр тавихаас зайлсхий
Шалан дээр тооцоолуураа тавих нь түүнийг мартах, алдах эрсдэлтэй. Та тооцоолуураа газар тавих болбол хөлийнхөө хооронд юмуу алхахад тань саад болох байрлалаар тавих хэрэгтэй.
7.Тооцоолуурын тоноглол худалдаж ав
Тооцоолуураа өрөө, ширээндээ орхих хэрэг гарвал “зөөврийн тооцоолуурын хамгаалалтын утас” ашиглаж, түүнийг хүнд жинтэй сандал, ширээ зэрэг найдвартай зүйлд бэхэл. Ингэх нь хэн нэгэн тооцоолуурыг авч явахад хэцүү болгоно. Мөн ийм утас нь алдагдсан тооцоолуурын байршлыг илтгэдэг програмтай байдаг. Тэрхүү програм нь тооцоолуурыг интернэтэд холбогдох үед ажиллаж, тооцоолуурын бодит байршлыг нарийвчлан илтгэдэг. Тийм програмын нэг нь “ComputracePlus” юм.
8.Дэлгэцний хамгаалалт ашигла
Ийм хамгаалалт нь олон нийтийн газар чухал мэдээлэлтэй ажиллаж байх үед хүмүүс таны мөрөн дээгүүр хийж буй зүйлийг тань гүйлгэн харахаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Энэ нь ялангуяа таныг аялан явах, хөл ихтэй газар ажиллах шаардлага гарсан үед туслах болно. Энд дурдсан дэлгэцийн хамгаалалтын жишээг дараах цахим хаягаас үзэж болно: Www.Secure-It.com/products/privacy_notebook.htm
9.Зочид буудлын өрөөнд тооцоолуураа бүү орхи
Маш олон эд зүйл зочид буудлын өрөөнөөс алдагддаг бөгөөд тэнд найдваргүй байдаг. Та тооцоолуураа өрөөндөө орхиж гарах шаардлагатай бол хаалгандаа “бүү саад бол” гэж бичих буюу тийм тэмдэглэгээ тавьж гарах нь илүүдэхгүй болов уу.
Хэрвээ зөөврийн тооцоолуураа алдчихсан бол юу хийх вэ?
- Сүлжээнийхээ нэвтрэх үгийг өөрчилж компанийн серверийн аюулгүй байдлыг хангахад тусал
- Алдсан тухайгаа орон нутгийн эрх бүхий байгууллага (цагдаа гэх мэт) болон компанийнхаа мэдээллийн технологийн хэлтэст яаралтай мэдэгд
- Зөөврийн тооцоолуурт хэрэглэгчийн мэдээлэл байсан бол компанийнхаа санхүүгийн төлөөлөгч, хууль зүйн төлөөлөгч зэрэг эрх бүхий этгээдтэй холбоо барих хэрэгтэй. Тэд зохих ажиллагааг явуулах болно.
Эх сурвалж:
Microsoft.com- 9 ways to increase the security of your laptop while on the road
No comments:
Post a Comment