Search This Blog

2010-03-26

Манай улсад компьютерийн эрх зүйн тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалтын механизм эхний шатандаа байна

эх сурвалж: "Үнэн" сонины 2010 оны 3 сарын 26-ны өдрийн дугаар
Иргэд, хуулийн сургуулийн оюутнуудын нийтлэг асуултад хариулт авахаар МУИС-Хууль зүйн сургуулийн эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхмийн ахлах багш Ц.Хүрэл-Очиртой ярилцлаа.
Л.Г: -Компьютерийн гэмт хэрэг, кибер гэмт хэрэг гэх ойпголтууд адил утгатай юу?
-Хүнд асуулт байна, өөрөөр хэлбэл цөөн үгээр хариулах боломжгүй гэсэн үг. Үүний тулд компьютерийн гэмт хэрэг, кибер гэмт хэрэг гэж юу вэ, кибер гэмт хэрэг гэж ойлголт байна уу? Хэрэв байдаг бол “кибер гэмт хэрэг”, “гэмт хэрэг” хоёр ямар ялгаатай вэ гэсэн асуудалд хууль зүйн шинжлэх ухааны үүднээс хариулт өгөх шаардлага гарна.
Кибер гэмт хэрэг гэдэг нь товчхондоо компьютерийн гэмт хэрэг, интернэтийн гэмт хэргийг нэрлэж буй хэвлэл, мэдээллийн чанартай нэр томъёо юм. Интернэтийн гэмт хэрэг гэдгийг “компьютерийн сүлжээгээр дамжин хийгдэж буй өөр өөр төрлийн гэмт хэргүүдийн нийлбэр” гэж томъёолж болох юм. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 226-229-р зүйлд тодорхойлсон гэмт хэргээс хавьгүй өргөн хүрээтэй ойлголт.
Компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээ гэмт халдлагын зүйл болсон нь компьютерийн гэмт хэргийн онцлог үр дагавар. Үүнээс үндэслэн тэрхүү хүрээнд халдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлан тогтоох шаардлага гарч ирсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн зүйлээр технологийн үсрэнгүй хурдаар хөгжиж буй мэдээллийн технологийн орчин дахь нийгмийн харилцааг зохих төвшинд хамгаалан зохицуулахад учир дутагдалтай бөгөөд үндэсний хэмжээнд “Компьютерийн эрх зүйн” тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалтын механизм эхний шатандаа байна. Гэтэл дэлхий нийтээр компьютерийн мэдээллийн орчин дахь эрх зүйн зохицуулалтад байнга анхаарал тавьж, бие даасан тогтолцоог ч аль хэдийн бүрдүүлжээ.
Кибер гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, түүнд ял оногдуулах хууль зүйн асуудлыг жичлэн авч үзсэн зүйл сүүлийн үед нэлээд гарах болов. Тухайлбал, компьютерийн гэмт хэрэг, компьютерийн арга хэрэгсэл ашиглан үйлдсэн гэмт хэрэг зэргийг нэрлэж болно. Гэвч энэ талаархи үзэл бодлын ихэнх нь манай нийгэмд гардаг дийлэнх шинэ үзэгдлийг ойлгож мэдэхийн нэгэн адил эхлэл төдий л байна. Тухайлбал, кибер гэмт хэрэг гэж байдаг, тэдгээр нь эрх зүйн шинэ зохицуулалт болон мөрдөн байцаалтын шинэ арга, техник бий болгож хөгжүүлэхийг шаарддаг, уламжлалт гэмт хэргээс ялгаатай гэж таамаглаж байна.
Энэхүү таамаглалыг эргэлзээнд оруулахад хүргэж буй кибер гэмт хэрэг бодитой байдаг эсэхэд анализ хийх нь нэн чухал. Кибер гэмт хэрэг нь өөр үзэгдэл мөн бол “уламжлалт” гэмт хэргээс материаллаг агуулгаараа ялгарах ёстой. Тиймээс кибер гэмт хэрэг “уламжлалт” гэмт хэргээс хэрхэн ялгагдах вэ гэдгийг тогтоох нь түүнийг бодитой оршдог эсэхийг тодорхойлох эхний алхам яах аргагүй мөн. Хэрэв кибер тэмт хэрэг болон бусад гэмт хэргийн хооронд материаллаг ялгаа байдгийг баталж чадвал кибер гэмт хэрэг үйлдэгдэх үед тийм ялгаа ажиглагдав уу, үгүй юу гэдгийг тодорхойлох явдал анализ хийх дараагийн алхам байх болно. Эс бөгөөс кибер гэмт хэрэг болон гэмт хэргийн хооронд ялгаа байдгийг нотолж чадахгүй бол энэхүү ойлголтууд хоёр өөр категори биш, харин кибер гэмт хэрэг нь өнөөг хүртэл оршиж ирсэн гэмт хэргүүдийн нэгэн хувилбар гэж үзэхэд хүрнэ.
Кибер гэмт хэрэг болон “ердийн” гэмт хэргийн хоорондын ялгааг тогтоох гэж оролдохоос өмнө эхлээд тэдний төсөөтэй талыг тогтоох нь чухал. Энэ нь тэдний хооронд байж болох ялгааг тодорхойлоход тусална. Тэдний төсөөтэй талыг гаргаж ирэх замаар чухамхүү ялгааг илэрхийлдэг асуудлаас “хөндийрч”, шууд нотолж чадахгүй байгаа төсөөтэй зүйлүүдтэй холбогдсон асуудлыг судлахад анхаарал хандуулж байна.
Л.Г: -Интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил, гүтгэлэг, доромжлол, садар самууныг сурталчилсан зөрчил нь кибер гэмт хэрэгт хамаарах уу?
-”Уламжлалт” гэж нэрлэж заншсан гэмт хэргийг бодит ертөнцөд буюу “физик бодит байдал”-д үйлддэг. Эдгээр гэмт хэргийн үйлдэл, үйлдэхтэй холбогдсон нөхцөл байдал, үйлдсэнээс учрах хор хохирол нийтийн эзэмшил болох гудамж, хувийн орон байр зэрэг бодит газарт гардаг. Гэмт хэргийн тухай одоо үйлчилж байгаа хууль нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, бусдын өмчийг зөвшөөрөлгүй авах зэрэг бодит хохирол бүхий зан үйлд хариуцлага, санкци оногдуулахад чиглэдэг. Үндсэндээ орчин үеийн эрүүгийн эрх зүй гадаад физик ертөнцөд үйлдсэн зарим зан үйл (үйлдэл, үйлдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй)-д хариуцлага хүлээлгэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн, зохисгүй бодол санаа зэрэг бодит бус зан үйлд хариуцлага хүлээлгэх үзлээс татгалзсан билээ.
Кибер орон зай нь физик ертөнцийн хажууд байдаг боловч түүнээс тусдаа орших үйл ажиллагааны талбар юм. Энэ нь физик ертөнц биш, харин үзэл бодлын бодит байдал, “хийсвэр ертөнц” юм. Энэ нь үйл ажиллагааны физик талбар биш учраас эрүүгийн эрх зүйн одоогийн зарчмууд кибер орон зайн өвөрмөц давуу талыг ашиглан үйлддэг гэмт хэрэгт хэрэглэхэд тохирох уу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ хоёр категори тус бүрт хамаарах гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зан үйл, үйлдэхтэй холбогдсон нөхцөл байдал, үйлдсэнээс учрах хор хохиролтой холбоотой кибер гэмт хэрэг болон гэмт хэргийн хооронд материаллаг ялгаа байхгүйгээр ийм үл тохирох байдал оршиж чадахгүй.
Хэрэв кибэр орон зай нь “уламжлалт” гэмт хэргийг үйлдэхэд хэрэглэдэг ердийн орон зай буюу арга хэрэгсэл мөн бол кибер гэмт хэрэт гэсэн тусгайлсан нэр томъёо гаргах, түүнийг зохицуулахын тулд тусгай хууль тогтоомж гаргах биш, одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор түүнийг зохицуулахад хангалттай. Өөрөөр хэлбэл, аргад нь үндэслэн гэмт хэргийн тусгай төрлийг бий болгодоггүй. Интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил, садар самууныг сурталчилсан зөрчил нь кибер гэмт хэрэгт хамаарна. АНУ-ын ихэнх муж улс болон Холбооны засгийн газар порнограф, ялангуяа хүүхдийн порнографид хөрөнгө оруулах буюу өмчлөхийг хууль бус гэж үздэг. Хууль тогтоомжоор тодорхойлсон стандартыг зөрчсөн порнограф материалыг санаатайгаар үзүүлэх үйлдлийг хуулийн дагуу гэмт хэрэгт тооцдог.
Л.Г: -Кибер гэмт хэргийн нийгмийн аюул, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар?
-Компьютерийн гэмт хэрэг нийгэмд маш аюултай, хор уршиг бүхий гэмт үйлдэл гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний соёлын бүх үнэт бүтээлүүдийг хулгайлсантай дүйцэхүйц хэмжээний хохирол учруулах чадвартай гэж олон орны шинжээчид санал нэгтэй үздэг. НҮБ-аас гаргасан тайланд өнөөгийн байдлаар компьютерийн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол хууль бусаар зэвсэг арилжаалах болон хар тамхи худалдаалах наймаатай дүйцэхүйц хэмжээнд хүрснийг цохон тэмдэглэжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Компьютерийн аюулгүй байдлын институтээс явуулсан хамтарсан судалгаанд өөрийн улсын болон гадаадын 250 компанийг хамруулж, сүүлийн жилүүдэд зөвхөн АНУ-ын эдийн засагт энэ төрлийн гэмт хэргийн улмаас 10.0 орчим тэрбум ам.долларын хохирол учирсан гэх тооцоо гарчээ (нэлээдгүй хохирлыг бүрэн илрүүлж чадаагүй, хохирогчид зарим хохирлоо мэдүүлээгүй зэргийг тооцоогүй.)
Орчин үед компьютерийн гэмт хэрэг эдийн засгийн салбарт хамгийн их хохирол учруулж байгаа төдийгүй банк-санхүүгийн салбарт энэ төрлийн халдлага улам эрчимжих болов. Олон улсын “Кассандра” судалгааны байгууллага дээрх асуудлаар хуульч, банк-санхүүгийн ажилтнуудын хүрээнд социологийн судалгаа хийж үзэхэд дээрх төрлийн гэмт хэргийн улмаас банк-санхүүгийн байгууллагуудын хүлээх хохирлын хэмжээ цаашид улам нэмэгдэнэ гэж судалгаанд оролцогсдын дийлэнх хариулсан нь уг гэмт үйлдэл нийгэмд аюултай бодит үзэгдэл болсныг харуулахын зэрэгцээ цаашид энэ хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж, улмаар таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлэхийг нийгмийн шаардлага харуулж байна.
Л.Г: -Иргэдийн эрх зүйн ухамсар хуульчдаас хамааралтай гэж үздэг. Монгол Улсад кибер мөрдөгч, интернэтийн хуульч бэлтгэх ажил ямар төвшинд байна вэ?
-Мэдээллийн технологийн олон талт харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг боловсруулан баталж, хэрэгжүүлэх хууль хяналтын байгууллагын ажилтнуудын энэ талын онолын мэдлэг, хэрэглээний дадал чадвар сул, ашиглаж буй техник хэрэгсэл хангалтгүй тул “мэргэшсэн” хуульчдыг бэлтгэх, давтан сургах асуудлыг шийдвэрлэх нь төрийн зохих шатны байгууллагуудын нэгэн тулгамдсан асуудал. Тухайлбал, АНУ-ын компьютерийн гэмт хэргийг мөрдөх шинжээчдийн холбоонд 180 гаруй итгэмжлэгдсэн мэргэжилтэн ажилладаг ба уг мөрдөгчдийг шүүхийн компьютерийн итгэмжлэгдсэн шинжээч гэж нэрлэдэг. Кибер-мөрдөгч нь эрх зүй, криминалистикийн мэргэжилтэй байгаад зогсохгүй мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэн байх нь дэлхий дахинд жишиг болсон.

1 comment:

ghgh said...

Saihan yariltslaga bn chi chin unen sonind ajilladag yum uu