Search This Blog

2015-07-29

“Нээлттэй интернэтийн дүрэм” хүчин төгөлдөр боллоо


АНУ-ын Холбооны шүүхээс 2015.06.12-ны Баасан гаригт интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын гаргасан “Холбооны харилцаа холбооны комиссын баталсан дүрмийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.[1] 

Ингэснээр АНУ-ын Харилцаа холбооны комиссоос 2015.02.26-ны өдөр батласан “Нээлттэй интернэтийн дүрэм” буюу харилцаа холбооны салбарт “Net neutrality” гэгдэх дүрэм нь заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн акт болж байгаа юм.[2] 

Ингээд 400 хуудас бүхийн тус дүрмийн талаар товч танилцуулая. 

- “Net Neutrality” гэж юу вэ?

“Net Neutrality” гэдэг нь онлайнаар чөлөөтэй харилцах эрхийг хамгаалсан интернэтийн голлох зарчим юм. Өөрөөр хэлбэл нээлттэй интернэтийн тодорхойлолт бөгөөд монгол хэлэнд “интернэт дэх төвийг сахих дүрэм” гэж орчуулж болох юм. 

Үүнийг интернэт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах буюу түүний боломжийг нэмэгдүүлдэг гэж ойлгоно. Тодруулбал, “net neutrality” нь интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид биднийг нээлттэй сүлжээгээр хангах ёстой бөгөөд сүлжээгээр дамжих аливаа агуулга, хэрэглээний эсрэг саад хийх, ялгаварлах ёсгүй гэж үздэг. 

Жишээлбэл, таны гар утасны компани нь хэн тан руу залгах, залгаад юу хэлэхийг шийдэх ёсгүй, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид нь таны үзэж байгаа болон онлайнаар нийтлэж буй агуулга /контент/-ыг сонирхох ёсгүй. 

“Интернэт дэх төвийг сахих” дүрэмгүйгээр кабел, үүрэн утасны компаниуд интернэтийн хурдыг хувааж, удаашруулна. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч /ISP/-ийн хувьд өрсөлдөгчийнхөө контентыг удаашруулах буюу улс төрийн эсрэг санаа бодлыг хязгаарлана. Мөн интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид нь цөөн хэдэн контентын компаниас тэдгээрийг үйлчилгээний бага хурдаас чөлөөлсөн давуу эрхийн нэмэлт төлбөр авна. 

Энэ байдлыг нээлттэй интернэт болиулж, үгүй хийнэ.[3] 

- Дүрмийн дагуу хийх үйл ажиллагаа юу вэ?

Энд 3 үндсэн дүрэм бий. Үүнд: 

- хаалт тавихгүй
- хязгаарлахгүй
- дарааллыг төлбөртэй тогтоохгүй. 

Дээрх 3 дүрмийг тус бүрт нь тайлбарлая. 

“Хаалт тавихгүй” гэдэгт интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид тэдний сүлжээн дэх хууль ёсны хөдөлгөөнд хаалт тавихыг хориглохыг ойлгох бөгөөд хэрэв та хүсээд порно вэб сайтуудад зочлох бол тэд үүнийг зогсоож чадахгүй. 

“Хязгаарлахгүй” гэдэгт интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид цахим хуудсуудыг удаашруулах замаар таны вэбийн хэрэглээг багасгахгүй байхыг ойлгоно. 

“Дарааллыг төлбөртэй тогтоохгүй” гэдэгт интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид Netflix зэрэг вэб сайтын операторуудаас төлбөр түүний агуулгыг шилж сонгосон хурдаар нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байхыг ойлгоно. 

- Хэнд энэ дүрэм үйлчлэх вэ?

“Comcast” зэрэг кабелийн компаниуд, “Verizon” зэрэг харилцаа холбооны компаниуд, “T-Mobile”, “Sprint” зэрэг утасгүй сүлжээ эрхлэгчид гэх мэт интернэтийн үйлчилгээ эрхэлж буй хэн бүхэнд тус дүрэм үйлчилнэ. 

Тус дүрмийг сахиулах, хэрэгжилтэд хяналт тавих этгээд нь АНУ-ын Харилцаа холбооны комисс юм. Тус комиссын эрх хэмжээ нь АНУ-ын 1934 оны Харилцаа холбооны тухай хуулийн дагуу интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийг харилцаа холбооны компаниудтай адилтган үзсэний үндсэн дээр тодорхойлогдож байгаа юм. 

- Цаашид урт хугацаанд юу болж өрнөх вэ?

Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид тус дүрмийг хүчингүй болгуулахаар шүүхдэж байгаа. Тус салбарынхны таамаглаж байгаагаар шүүхийн хянан шийдвэрлэх хэргийн хуралдаан арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын хугацаанд болж магадгүй байна. Хэрэв АНУ-ын Харилцаа холбооны комисс шүүх дээр ялвал байрандаа хэвээр үлдэх бөгөөд ялагдвал дүрмийн үйлчлэл зогсоно. 

Конгрессийн зүгээс АНУ-ын Харилцаа холбооны комиссын дүрмийг өөрчлөх хууль батлахаар оролдож магадгүй юм. Энэ нь одоогийн зохицуулалтыг дордуулж магадгүй гэж зарим шинжээч, өмгөөлөгч нар үзэж байгаа юм байна. 

Дүрмийг эсэргүүцэгчдийн тайлбараар тус зохицуулалт нь интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, сүлжээний шинэчлэл хийх хурдыг бууруулна гэжээ. 

Дүрмийн хоёр талын аль алинд нь дэмжсэн, үгүйсгэсэн өчнөөн баримт, судалгаа, тайлбар байгаа хэдий ч одоогоор тодорхой байгаа зүйл бол засгийн газрын хувьд интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих хүчтэй хэрэгсэлтэй болсон явдал юм.[4] 



[1] A federal court just refused to block the FCC’s net neutrality rules from taking effect By Brian Fung 2015.06.11 https://www.washingtonpost.com/blogs/the-switch/wp/2015/06/11/a-federal-court-just-refused-to-block-the-fccs-net-neutrality-rules-from-taking-effect/

[2] FCC Releases Open Internet Order - In the Matter of Protecting and Promoting the Open Internet REPORT AND ORDER ON REMAND, DECLARATORY RULING, AND ORDER http://transition.fcc.gov/Daily_Releases/Daily_Business/2015/db0312/FCC-15-24A1.pdf

[3] Net Neutrality: What You Need to Know Now http://www.savetheinternet.com/net-neutrality-what-you-need-know-now

[4] Net neutrality takes effect today. Here’s how it affects you. https://www.washingtonpost.com/blogs/the-switch/wp/2015/06/12/net-neutrality-takes-effect-today-heres-how-it-affects-you/

No comments: