Search This Blog

2021-11-24

Цахим орчин дахь мэдээллийн төөрөгдөл, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаас хамгаалах зохицуулалт

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын гуравдугаар форумын "Мэдээллийн төөрөгдөл, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаас хамгаалах хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын мэдлэг, ур чадвар" сэдэвт хэлэлцүүлэгт миний хувьд дараах агуулгаар ярихаар бэлтгэлээ:


1/ Эрх зүйн зохицуулалт
....

2/ Технологийн буюу өөрийн зохицуулалт

Монголд интернэт хэрэглэгчдийн 78.7% нь ямар нэг сошиал медиа апп ашиглаж байгаа бөгөөд хэрэглэгчдийн 83% нь Facebook ашиглаж байна. Фэйсбүүкт Монголын 1 хэрэглэгчийн дунджаар 8 гегабайт хэмжээтэй мэдээлэл /гэрэл зураг, дүрс бичлэг, зурвас гэх мэт/ хадгалагдаж байна.

Энэ нь цахим орчин дахь мэдээллийн төөрөгдөл, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгын дийлэнх нь Фэйсбүүк платформд төвлөрөх нөхцөл болж байна. Тэрхүү мэдээллийн төөрөгдөл үүсгэх, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгыг тархах, тэрхүү агуулгын нөлөөнд автахаас сэргийлэх арга зам нь хэрэглэгчийн мэдлэг, чадвараас гадна тэрхүү агуулгыг устгах юм.

2020 оны УИХ, Орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр фэйсбүүк дэх агуулгатай холбоотой нийт 914 гомдол Харилцаа холбооны зохицуулах хороонд иржээ. Тэдгээр гомдлыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос Фэйсбүүкт шилжүүлсэн бөгөөд түүний 68%-д нь ямар нэгэн хариу өгч, 50%-г шийдвэрлэсэн бол 17%-г зөрчилгүй гэж үзсэн байна. 

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээсэн бөгөөд “Ногоон суваг”-ын хамтын ажиллагааг сайжруулах, хууль бус контентын талаарх гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор 2021 оны 4 дүгээр сараас “Content Reporting System”-ийг нэвтрүүлэн Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна. Энэхүү хууль бус контентын талаарх гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд баримтлах хэм хэмжээ нь “Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)” юм. Энэхүү хэм хэмжээгээр тогтоосон хууль бус контент нь Монгол Улсын дотоодын хууль тогтоомжоор тогтоосон хууль бус контенттой адил хэдий ч энэ талаарх гомдол, хүсэлтийг Фэйсбүүкээс хэсэгчлэн шийдвэрлэж байгаа нь анхаарал татаж байна.

Энэ байдал нь зөвхөн Монгол Улсын эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын дүгнэлт, санал үндэслэл бүхий эсэхээс хамаарахгүй, Фэйсбүүкийн өөрийн зохицуулалт, үйл ажиллагаанаас хамаарч байна. Тодруулбал, Фэйсбүүкийн шүгэл үлээгч Софи Жангийн мэдээлснээр, зохион байгуулалттай олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараах явдлыг Фэйсбүүк зогсоох талаар анхаардаггүй, жишээ нь Монгол Улсын 2019 оны Үндсэн хуулийн хямралын үеэр улс төрчийг дэмжихэд чиглэсэн хуурамч хариу үйлдэл, сэтгэгдэл бүхий Фэйсбүүк дэх хуурамч хаягуудыг мөрдөн шалгах, түүнийг устгах арга хэмжээ огт аваагүй байна. 


Мөн Фэйсбүүкийн хэдэн арван мянганд дотоод баримт бичиг, судалгааг түгээсэн шүгэл үлээгч Фрэнсис Хаугены мэдээлснээр, АНУ зэрэг англи хэлтэй барууны орнуудад хууль бус, хортой контентын эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авдаг бол хөгжиж буй орнууд дахь хууль бус, хортой контентын зөвхөн 16%-д хариу арга хэмжээ авч, тэдгээр контент өргөн хэмжээнд тархахад тусалж байна. Мөн улс орнуудын улс төрийн нөхцөл байдал нь Фэйсбүүкээс хуурамч мэдээллийн эсрэг үр нөлөөтэй ажиллахад саад болж байна. Тухайлбал, Вьетнам улсад Фэйсбүүкийг блоклоно гэсэн аюул заналтай холбоотойгоор тус улс дахь өөр санаа бодол, дуу хоолойг цензурдаж буйгаа Фэйсбүүкийн Марк Зукерберг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна

Цахим орчинд буюу фэйсбүүк, твиттер, “WhatsApp”, “YouTube”, “Instagram” хэрэглэгчид рүү чиглэсэн төөрөгдүүлэх, тархи угаах үйл ажиллагаа явуулж буй улсын тоо нэмэгдсээр байна. Эдгээр улсад ийнхүү цахим орчинд төөрөгдүүлэх, тархи угаахдаа хүний үндсэн эрхийг зөрчих, улс төрийн өрсөлдөгчийг гутаан доромжлох, эсрэг буюу ялгаатай үзэл бодлыг хаах байдлаар нийгэм дэх мэдээллийг хянаж байна.

Санал:

- ...

-2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсад өгсөн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах” гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2020 оны А/200, А/169 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” тус тус өөрчлөх. 

Энэ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх журмуудын дагуу шийдвэрлэж буй гомдлын агуулга, шийдвэрийн талаар тухай бүр цахим хуудсаараа дамжуулан ил тод мэдээлж байх; цахим орчин дахь агуулгыг хязгаарлах, устгахад чиглэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт, саналаас гадна хөндлөнгийн этгээд буюу шинжээчийн дүгнэлтийг заавал гаргуулах.

-Улсын Их Хурлын хувьд цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан хууль тогтоомж баталсаар байгаа үед “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай” хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үе шатанд нийгмийн бүх талын оролцогч онцгой анхаарал хандуулах, тэрхүү хууль нь хэрэглэгч буюу иргэдэд цензур тогтоох бус Фэйсбүүк гэх мэт технологийн том тоглогчид буюу платформ үүрэг хүлээлгэхэд чиглэсэн байх.

No comments: