Хувь судлаачийн хувиар 2017 оны 3 дугаар сарын 7-9-ний өдөр Энэтхэг улсын нийслэлд болсон "Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хурал"-д амжилттай оролцоод ирлээ. Энэхүү хуралд хэрхэн оролцсон, хуралд ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн, цаашид анхаарах юу байгаа талаарх товч тэмдэглэлийг үүгээр хүргэж байна.
Нэг. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд шилдэг 100 өгүүлэл/илтгэлийг сонгосон нь
Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хуралд оролцсон гэрчилгээ |
Анх 2016 оны 7 дугаар сард зарласны дагуу 9 дүгээр сард өөрийн бичсэн "Cybersecurity Cooperation of Countries: Impact of Draft International Code of Conduct for Information Security on Sphere of International Information Security" гэх нэртэй өгүүллийг https://easychair.org хаягаар дамжуулан "Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хурал"-ын зохион байгуулагчдад илгээв. Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр нийт 560 өгүүллийг тус хуралд зориулан илгээсэн байна.
Үүний дараа миний өгүүллийг хурал зохион байгуулагчид 2016.09.26-ны өдөр хүлээн авч, нэр, хувийн мэдээллийг нууцалсны үндсэн дээр хөндлөнгийн шинжээч, мэргэжилтнүүдэд илгээж, шүүмж бичүүлэв. 'Peer Review' буюу хөндлөнгийн, хараат бус шүүмжийг 3 мэргэжилтэн бичсэн. Ингэхдээ товч агуулга /summary/, давуу тал /strengths/, сул тал /weaknesses/, сайжруулах зүйл /improvements/, үнэлгээ /assessment/ гэсэн үзүүлэлт тус бүрээр илгээсэн өгүүллийг олон улсын эрдэм шинжилгээний хурлын шаардлага хангах эсэхийг дүгнэв. Ямар хүмүүс өгүүлэлд шүүмж бичсэнийг би мэдэх боломжгүй, харин юу гэж бичсэнийг л мэдэх боломжтой. Энэ нь шүүмжийн чанар, шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй болгож байгаа юм. Үүнээс гадна миний хувьд тус хурлын Хөтөлбөрийн хорооны гишүүнээр ажиллаж, гурван өгүүлэлд шүүмж бичсэн билээ.
Ингээд 2016.11.29-ний өдөр дээрх хурал дахь Хөтөлбөрийн даргалагчаас мэдэгдэл ирүүлсэн бөгөөд түүндээ хөндлөнгийн шүүмжийн дагуу олон улсын хурлын шаардлага хангасан өгүүлэл, илтгэл ирүүлсэнд баяр хүргэж, "Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хурал"-д танилцуулга илтгэл /poster/-ээр оролцохыг урив. Мөн хуралд цахим хэлбэрээр 2016.12.15-ны дотор бүртгүүлэх, 2016.12.19-ний өдрийн дотор хөндлөнгийн шүүмжийн дагуу өөрийн өгүүллийг шинэчлэн, сүүлийн хувилбарыг илгээх талаар мэдэгдэв. Энэхүү сүүлийн хувилбарыг зохих загварын дагуу бэлтгэх ёстой.
Ийнхүү 2016 оны намар эхэлсэн ажлын үр дүн гарч 2016 оны өвөл буюу 2016.12.20-ны өдөр "Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хурал"-д оролцох албан ёсны урилгыг Энэтхэг улсын засгийн газар болон НҮБ-ын Их сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудаас хүлээн авав.
Хоёр. Монгол Улсаас "Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хурал"-д оролцсон нь
Постер илтгэлийн үзэсгэлэнгийн хэсэг |
Тус хурал 2007 оноос эхлэн өмнө нь 9 удаа, жил бүр өөр газар болсон. Энэ удаагийн 10 дугаар хурлыг Энэтхэг улсын Засгийн газар, НҮБ-ын Их Сургууль, ЮНЕСКО хамтран 2017 оны 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо зохион байгуулсан.
Тус хуралд хэлэлцүүлэхээр шалгарсан 100 илтгэлийг эмхтгэн Proceedings of the 10th International Conference on Theory and Practice of Electronic Governance (ISBN: 978-1-4503-4825-6) нэртэйгээр хэвлэсэн. Тус эмхтгэлийг цахим хэлбэрээр удахгүй байршуулна.
Цахим засгийн онол, практикийн ОУ-ын хурлын зохицуулагчийн
үүргийг НҮБ-ын Их Сургууль гүйцэтгэдэг
|
Хурал үндсэн 3 өдрийн хөтөлбөртэй бөгөөд үндсэн хуралдаан, салбар хуралдаан, танилцуулга илтгэл гэсэн үндсэн хэлбэртэй. Хурлын онцлогоос дурдвал, "Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хурал"-д засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, олон нийтийн байгууллагуудын олон талт төлөөлөл оролцдог бөгөөд судалгаа, практикийг хослуулсан, оролцогчид тухайн асуудлаар шийдэл санал болгож хэлэлцүүлдэг. Мөн тус хурал нь хэрхэн технологиор дамжуулан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, үндэсний хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулахад төвлөрдөг олон улсын хөгжлийн хурал юм. Үүнээс гадна тус хурлыг НҮБ-ын хуралд тооцдог. Учир нь энэ хурлыг НҮБ-ын байгууллагууд хамтран зохион байгуулж, идэвхтэй оролцдог, НҮБ-ын Их сургууль зохицуулагчаар, ЮНЕСКО хамтран зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд Цахим засгийн онол, практикийн олон улсын хурал нь НҮБ-ын дүрмийн зорилгод бүрэн нийцдэг, түүний хэрэгжилттэй шууд холбоотой байдаг.
Миний хувьд хурлын хөтөлбөр ёсоор 2017.03.07-ны өдөр 18-19 цагт өөрийн постер илтгэлийг хуралд оролцогчдод танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулж, зарим үед санал, зөвлөгөө авав. Бусад шалгарсан постер илтгэл, зохиогчийн нэрсийг эндээс үзнэ үү.
Постер илтгэлийн үзэсгэлэнгийн хэсгээс |
Постер илтгэлийн үзэсгэлэнгийн хэсгээс |
Гурав. Цахим засгийн онол, практикийн чиг хандлага
Хурал 14 дэд хэсэгтэй бөгөөд үүнээс 12 нь дараах тухайлсан сэдвийн хүрээнд болсон.
Цахим засгийн онол, практикийн ОУ-ын
хурлын албан ёсны хуудас icegov.org
|
Track 1: Digitization /Дижиталчлах/
Track 2: Transformation /Шилжилт/
Track 3: Engagement /Холбоо, хамаарал/
Track 4: Contextualization /Хам шинж/
Track 5: Ethics and the Dark Side /Ёс зүй ба муу тал/
Track 6: Open Government /Нээлттэй засгийн газар/
Track 7: Digital Citizenship /Цахим иргэншил/
Track 8: Digital Culture and Inclusion /Цахим соёл/
Track 9: Digital Healthcare and Education /Цахим эрүүл мэнд ба боловсрол/
Track 10: Smart Cities, Villages and Regions /Ухаалаг хот, тосгод ба бүс нутаг/
Track 11: Policy, Research and Innovation /Бодлого, судалгаа, инноваци/
Track 12: e-Government and Applications /Цахим засгийн газарт холбогдох програм хангамж/
Хурлын апп: ICEGOV-2017 |
Дээр дурдсан сэдвээрх илтгэлүүдийн үндсэн агуулга нь үндсэндээ "Тоон засгийн газрыг бий болгох, шинэчлэх 4 давлагаа"-ны тухай байв. Үүнийг дараах байдлаар тоймлож болох юм.
1/ Дижиталчлах - Засгийн газрын дотоод үйл ажиллагааг сайжруулах, төрийн албыг илүү хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх
2/ Шилжилт - Засгийн газарт захиргааны болон институцийн шинэчлэлийг дэмжих
3/ Холбоо, хамаарал - Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд, төрийн бус оролцогсдыг татан оролцуулах
4/ Хам шинж - Тодорхой салбар, орон нутгийн бодлого, хөгжлийн зорилтуудыг дэмжих. Орон нутаг, салбарын болон үндэсний түвшинд өөрөө удирдах, өөрийгөө хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Энэ үе шат нь мэдлэгийн нийгэмтэй шууд холбоотой.
Хамгийн анхаарал татсан илтгэгч болох Цахим засгийн онол, практикийн олон улсын хурлыг санаачлагч, профессор Tomasz Janowski-н хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 онд баталсан "2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр"-ийг цахим засгийн үндсэн дээр хэрэгжүүлэх тухай илтгэв. Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хувьд 17 зорилго, 169 зорилттой бөгөөд Мянганы хөгжлийн зорилгын үнэлгээнд суурилсан, бүх улс орны хөгжлийн асуудлыг хамарсан цогц баримт бичиг юм.
Цахим засгийн онол, практикийн олон улсын хурлыг санаачлагч,
профессор Tomasz Janowski илтгэж байна
|
Tomasz Janowski-н илтгэлд дурдсанаар ТХХ-ийн 169 зорилтын 87% нь цахим засгийн чадавхийг шаардсан буюу түүнээс хамааралтай байна. Мөн НҮБ-ын гишүүн орнуудын 31%-иас дээшгүй хэсэг нь цахим засгийн үе шатанд хүрсэн, 55% нь цахимжих үе шатыг хүрээгүй байна. Энэхүү илтгэлд дүгнэснээр, цахим засгийн хувьд Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй байх хэдий ч одоогийн байдлаар хүсэл эрмэлзэл (Тогтвортой хөгжлийн хөтөлбөр) болон хүчин чадал (Цахим засаг) хоорондын ялгаа нь гишүүн орнуудын 69%-иас багагүй хэсэгт нөлөөлж байна. Энэ ялгааг ойлгох, шийдвэрлэхийн тулд цаашид судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны үр дүнг ялгаатай улс орнуудын нөхцөл байдал, бодлогын орчинг өөрчлөхөд чиглүүлэх шаардлагатай байна.
"Цахим засгийн онол, практикийн олон улсын 10 дугаар хурал"-ын албан ёсны хаяг: www.icegov.org #ICEGOV2017
No comments:
Post a Comment