Урт хугацааны туршид интернэт нь үндэсний хил хязгаарыг давсан дэлхий
нийтийн нөөц болж ирлээ. Энэ нь даяарчлалыг түргэвчилсэн зүйл байлаа. Гэвч
интернэтийн зорилго үндсэндээ 2013 онд болсон Сноудений асуудлаас болж хазайчихлаа. Өнөөгийн тэмцэл нь
интернэтийн засаглалыг шинэ хэлбэрт оруулах, түүнд Швейцари улс зуучлагчийн
үүрэг хүлээх нь чухал болж байна.
2014
оны эцэс гэхэд дэлхий даяарх цахим худалдааны борлуулалт 1.5 триллион ам.доллар
хүртэл өсөхөөр байна. Нэг минут бүрт 200 саяас багагүй и-мэйл илгээгдэж, аль
хэдийн хүний тооноосоо олон интернэтэд холбогдсон хөдөлгөөнт төхөөрөмж
хэрэглэгдэж байна. Энэ цаг үеэд интернэт нь мөрдөн мөшгихтэй холбоотой шуугиан,
төрийн цензур, кибер халдлагад иргэд төдийгүй компани, улс орнууд өртөж буй
явдэл зэрэг тодорхой сорилтуудтай тулгарч байна. Гэхдээ дэлхий нийт вэбт
итгэхээ больсон эсэх тодорхойгүй байна.
Цахим орчин нь олон улсын
зөрчилдөөний шинэ талбар боллоо. Засгийн газрууд интернэтийг төрийн бүрэн эрхт
байдал, түүнийг бэхжүүлэхтэй шууд холбон тайлбарлах явдал нэмэгдсээр байна. Мөн
үндэстэн дамнасан интернэтийн халдлагуудын эсрэг өөрсдийгөө хамгаалахын тулд
ихэнх улс орон өөрийн үндэснийхээ мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжуулах арга
хэмжээ авч байна. Улс орнуудын цахим орчин дахь батлан хамгаалах үйл ажиллагаа
21 дүгээр зууны үндэсний аюулгүй байдлын бодлогын бүрэлдэхүүн хэсэг болж байна.
Гэхдээ цахим орчныг бүх улс орон хянах ёстой юу? Хэрхэн интернэтийг дэлхий
нийтийн удирдлага, зохицуулалт болон хамгаалалтад байлгах вэ?
Сноудентай холбоотой үйл явдлаас
харахад, улс орнууд АНУ төвтэй интернэтийн удирдлагыг бий болгохын эсрэг байна.
Тэдгээр улсууд интернэтийн засаглал дахь шинэтгэл, вэб дэх иргэний нийгэм,
хувийн хэвшил, засгийн газрын үйл ажиллагааг хууль ёсны үр дүнтэй
зохицуулалттай байлгахыг шаардаж байна.
Олон хурал, зөвлөгөөнд барууны
орнууд интернэт өргөн хүрээтэй буюу олон талт удирдлагатай байх ёстой гэж үзэж
байна. Гэвч дэлхий даяар өрнөж буй үйл явдал зэргээс хамаарч барууны орнуудын
зөвшилцөл нь олон улс орны санааг зовоож, хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлд
тооцогдох боллоо. Энэхүү олон янзын зөрөөтэй ашиг сонирхлын дунд Швейцарь улсын
гүйцэтгэх зуучлагчийн үүрэг чухал болж байна.
АНУ төвтэй интернэтийн дэглэм
Интернэтийн технологийн онцлог
шинжтэй холбоотойгоор түүний техникийн асуудал АНУ-ын голлох зохицуулалттай явж
байна. Үүний жишээ бол “Интернэтийн инженерчлэлийн тусгай комисс-IETF”[2] болон ICANN[3] юм. ICANN байгуллагын тусгай
чиг үүрэг нь 1998 онд тодорхойлогдсон бөгөөд Калифорнийн хуулийн тус байгууллага
ашгийн төлөө бус нийтийн өмчит корпораци юм. Тодруулбал, домэйн нэрсийг хянаж,
түүнийг вэб сайтад хэрэглэх эсэхийг шийддэг чиг үүрэгтэй. Мөн шинэ домэйн
нэрсийг байршуулахыг хориглох бүрэн эрхтэй.
Интернэтийн ноёрхолын төлөөх хүчин
чармайлт
2013 оны зунаас эхлэн АНУ-ын
Тагнуулын төв байгууллагын үйл ажиллагааг илчилсэн Сноудений үйл явдалтай
холбоотойгоор олон улсууд АНУ төвтэй интернэтийн засаглалын зохицуулалтад
шинэтгэл хийхийг шаардах болов. Ялангуяа, интернэтийн ирээдүйн төлөөх тэмцэл нь
эсрэг тэсрэг үндсэн хоёр хүчний хооронд өрнөж байна. Эхнийх нь “Таван нүд”-ын
улсууд буюу АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд гэсэн тагнуулын
зорилгоор мэдээлэл цуглуулах явдлаар танигдаж буй улсууд юм. Тэдгээр улсууд
интернэт бол нээлттэй, чөлөөтэй байлгахыг зөвлөдөг. Хоёр дахь хүчин нь интернэтийн
шинэтгэлийн асуудлыг хамгийн их хөндөж буй Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ
юм. Ойролцоогоор нийт интернэт хэрэглэгчийн 50 хувь нь Ази тивээс ханддаг
бөгөөд 22 хувь БНХАУ-аас ханддаг байна. Энэ нь АНУ-аас ханддаг интернэт
хэрэглэгчдийн тооноос хоёр дахин их юм. Хэд хэдэн улс, ялангуяа ОХУ нь Олон
улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) зэрэг
засгийн газар хоорондын хэлэлцүүлэг дээр интернэтийн засаглалийн асуудлаарх
маргааныг түлхүү өдөөдөг. Энэхүү хоёр дахь эвсэл нь 2 радикал бүлэгт
хуваагддаг. Эхнийх нь “цензур” бүхий улс буюу Иран, Куб, БНХАУ, Сири, Саудын
Араб, Египт, ОХУ юм. Хоёр дахь нь “өөрчлөн шинэтгэгчид” буюу Бразил, Энэтхэг,
Өмнөд Африк юм.
Хувьсгалын өмнөх шинэтгэл
2014 оны 3 дугаар сард АНУ-ын
Худалдааны яамнаас ICANN –н
гэрээний хугацаа 2015.09.30-нд
дуусахад IANA-н чиг
үүрэг хэвээр байна гэж мэдэгдсэнээрээ АНУ нь интернэтийн хяналтыг алдах
болоогүй гэсэн дарамт болж байна.
Интернэтийн засаглалын форум 2005 онд үүссэн бөгөөд
2014 оны 9 дүгээр сард Истамбулд болсон уулзалтаар олон талын оролцоог өнгөрсөн
үеийнхээс хэрхэн сайжруулж, хангах талаар хэлэлцсэн байна. Үүнд голлох
эсэргүүцэгчид нь ОХУ, БНХАУ, Иран улс байв.
Швейцарь улс зуучлагч байж чадах уу?
Европын холбооны гишүүд, Бразил улс
зэрэг бусад улсын хамт Швейцарь улс нь засгийн газар хоорондын болон олон талт
оролцооны арга замын хооронд шийдэл олох, харилцан буулт хийх явдлыг дэмждэг. Энэ
нь нэлээн хэдэн үе шаттай.
Нэгдүгээрт, Швейцарь улс нь Женевийн интернэтийн платформыг 2014 оны 4 дүгээр сард эхлүүлсэн. Энэ нь интернэт дэх хүний эрх, цахилгаан холбоо, цахим худалдааны салбар дахь олон тоглогчдын хооронд хамтын ажиллагаа өрнүүлэх явдлыг дэмжих зорилготой.
Хоёрдугаарт, Швейцарь улсын ICANN–н чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа нь өргөжиж байгаа. Тодруулбал, Харилцаа холбооны газрын Thomas Schneider нь 2014 оны 10 дугаар сард болсон ICANN-н 51 дэх удаагийн чуулганд ICANN-н засгийн газрын зөвлөлдөх хорооны даргаар сонгогдсон. Энэ хороо нь 140 орныг төлөөлдөг бөгөөд улс орнуудын ашиг сонирхлоо илэрхийлэх гол индэр юм. Тус хорооноос ICANN-н захирлуудын зөвлөлд хандан зөвлөмж өгдөг. Хорооны даргын хувьд ICANN-н хэлэлцэх асуудалд нөлөөлөх боломжтой. Түүнчлэн тэрээр засгийн газар хоорондын хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх, зөвшилцөхөд нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэх бололцоотой юм.
Гуравдугаарт, Женевийн газарзүйн байрлал нь интернэтийн засаглалын асуудлаар итгэлцэлд хүрэхэд туслах ач холбогдолтой. Одоогоор ICANN-н төв байр нь АНУ-ын Лос Энжелес хотноо байрладаг. Женевт ICANN-г Женевт байлгаснаар интернэтийн засаглалын асуудлаар ойлголцолд хүрэхэд зохих үр дүнд хүрэх боломжтой. Нөгөө талаар АНУ-ын засгийн газар нь ICANN-н төв байрыг Женев шиг АНУ-ын бус хотод дахин байршуулах эсэхийг зөвшөөрч байгааг тодорхойлох шаардлагатай.
[1] Livio Pigoni. Internet governance: Time
for update?. CSS Analyses in Security Policy. No. 163, November
2014, Editor: Christian Nünlist
[2]
Internet Engineering Task Force
[3]
Internet Corporation for Assigned Names and Numbers
No comments:
Post a Comment