Search This Blog

2015-02-24

Цахим орчны контентын зохицуулалт


Харилцаа холбооны зохицуулах хорооны /ХХЗХ/ хувьд хуульд заасан эрх бүхий байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд контентийнзохицуулалтын асуудлаар хамтран ажиллаж байгаа явдлыг иргэд, олон нийтийн зүгээс ХХЗХ дангаараа контентийн цензур тавьж, интернэтийн эрх чөлөөг хязгаарлаж буй мэтээр өрөөсгөл ойлгох байдал ажиглагддаг.

Цахим орчны контентийн зохицуулалтын талаарх олон төрлийн санаачилга, арга зам байдаг. Манай улсын хувьд энэ талын маргаан, мэтгэлцээн, санаачилга 2010 оноос эрчимжсэн бөгөөд өдгөө зохицуулалт нь тодорхой болж уг харилцаанд оролцогч талуудын харилцааг зохицуулаж байна.

Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам”-ыг боловсронгуй болгох зорилгоор тус хорооноос “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалт” нэртэй журмын төсөл боловсруулан 2011 оны 01 дүгээр сард мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, тэдгээрийн төлөөлөлд танилцуулж, сонирхлын бүлгүүдийн саналыг авах уулзалт зохион байгуулж байсан. Үүний өмнө 2010 онд “Монголын вэб сайтын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” нэртэй семинар тус хорооны хурлын танхимд болсон. Үүгээр “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам”-ыг танилцуулж, боловсронгуй болгохтой холбоотой санал авсан. 

Үүнээс хойш Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралтаар “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” батлагдаж, тус хорооны 2012 оны 18 дугаар тогтоол, 2014 оны 40 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон Уг нөхцөл, шаардлагатай Хорооны цахим хуудсаас танилцаж болно.

Ингээд цахим орчны контентийн талаарх Монгол Улсын зохицуулалтыг бусад өндөр хөгжилтэй улсынхтай харьцууланхүрээнд үүсдэг бэрхшээл, түүнийг шийдвэрлэдэг байдлыг авч үзье.


Асуудлын мөн чанар:

Контентийг бүтээж, түгээх, сурталчилахад Монгол Улсын холбогдох хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдлөг болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор контентийг зохицуулдаг. Энэ нь контент бүтээх, түгээхийг хориглосон явдал биш бөгөөд контентийн үр дагаврыг зохицуулахад чиглэдэг юм. Өөрөөр хэлбэл, таны бүтээх, түгээх контент нь хуульд нийцсэн, сөрөг үр дагаваргүй байх шаардлагатай.


Хууль бус болон хортой контент:

Олон улсын туршлагаар хуулиар хориглосон агуулгыг хууль бус болон хортой контентид хамруулах бөгөөд дараах ерөнхий чиглэлтэй байна.
- Үндэсний аюулгүй байдлыг хангах (жишээ нь, тэсрэх бөмбөг хийх заавар, хууль бус мансууруулах бүтээгдэхүүн, террорист үйл ажиллагаа); 
- Цөөнхийг хамгаалах (жишээ нь, хүчирхийлэл, садар самуун, маркетингийн аливаа хэлбэрээр цөөнхийг доромжлох); 
- Хүний эрхэм чанарыг хамгаалах (жишээ нь, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах буюу түүнийг өдөөн турхирах); 
- Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах (жишээ нь, залилан, зээлийн картын мэдээллийг хулгайлах заавар); 
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах (жишээ нь, хорлон сүйтгэх хакердалт); 
- Нууцлалын хамгаалалтыг бэхжүүлэх (жишээ нь, хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй дамжуулах, цахим харилцаагаар дамжуулан дарамтлах); 
- Нэр хүндийг хамгаалах (жишээ нь, гүтгэлэг, өрсөлдөгч бүтээгдэхүүнээ гутаах чиглэлийн хууль бус зар сурталчилгаа ); 
- Оюуны өмчийг хамгаалах (жишээ нь, програм хангамж, хөгжим зэрэг зохиогчийн эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр түгээх). 


Харин Монгол Улсын хувьд “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-аар хууль бус контент болон хортой контентид дараах чиглэлийг хамааруулсан. Үүнд: 
- Садар самуун явдал; 
- Хүчирхийлэл; 
- Хууль бус зар сурталчилгаа; 
- 18-аас доош насныханд хориотой контент; 
- Ёс зүйгүй хэллэг; 
- Оюуны өмчийн эрхийн зөрчил. 


Дээр дурдсан чиглэлийг дараах хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтаар тодруулсан байна. Үүнд: 
- Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 
- Эрүүгийн хууль, 
- Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, 
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 
- Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, 
- Зар сурталчилгааны тухай хууль, 
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, 
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 
- Их хурлын сонгуулийн тухай хууль, 
- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. 


Хууль бус, хортой контентийн эсрэг төрийн байгууллагын авах арга хэмжээ:

Харилцаа холбооны зохицуулах хороо хууль бус болон хортой контенттой холбоотой хяналтыг хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгслийг ашиглана: 
- интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд хүүхдэд зүй бус контентийн хязгаарлалт буюу шүүлтүүртэй интернэтийг хэрэглэгчдэд санал болгож ажиллахыг үүрэг болгох, 
- вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд хэрэглэгчийн ёс бус сэтгэгдлийг устгах боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгох, 
- хэрэглэгч, байгууллагын өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийх, 
- үйлчилгээ эрхлэгчдээс шаардлагатай мэдээ, тайлан гаргуулах; 

Харин “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-д дурдсан агуулгын хяналтыг холбогдох хуульд заасан эрх бүхий хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. Энэхүү эрх бүхий байгууллага гэдэгт Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ,Цагдаагийн ерөнхий газар, Хүүхдийн эрхийн байгууллага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Тагнуулын ерөнхий газар хамаарна. 

Дээрх эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хууль, тогтоомж зөрчсөн тухай албан ёсны шийдвэр, дүгнэлтийг үндэслэн дор заасан тодорхой арга хэмжээ авахыг контентийн агрегатор, вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ. Үүнд: 
- энэ талаар мэдэгдсэнээс хойш 24 хүртэлх цагийн дотор, шаардлагатай гэж үзвэл нэн даруй уг зөрчлийг арилгах арга хэмжээ авч хариуг мэдэгдэх, 
- хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол зөрчил арилтал контент агрегаторын үйлчилгээг зогсоох болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаж Зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх, 
- эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн тухайн веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлэхгүйгээр веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарлах, 
- гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлэх, 
- контент агрегатор, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглах. 


Өөрийгөө зохицуулах арга зам:

Дээр дурдсанаас харахад, контент агрегатор, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь ХХЗХ-ноос тавьж буй шаардлагыг хангах, хүлээлгэж буй үүргийг биелүүлэхийн тулд өөрийн үйлчилгээний нөхцөлдөө хууль бус болон хортой контентийн эсрэг авах арга хэмжээг тусгаж, үйлчлүүлэгч нараараа мөрдүүлэх ёстой болж байна. Энэ хүрээнд асуудлыг хэрхэн, яаж шийдэх нь ерөнхийдөө тухайн контент агрегатор, интернэтийн үйлчилгээ эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал болж байгаа юм. Үүнийг “Үйлчилгээний нөхцөл”-д тодорхой тусгах шаардлагатай. Харин “Үйлчилгээний нөхцөл”-ийг боловсруулах, мөрдүүлэхдээ хууль тогтоомж зөрчихгүй байх, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстойг контент агрегатор, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нар онцгой анхаарах шаардлагатай.


Үүний тулд “Үйлчилгээний нөхцөл”-өө тогтмол шинэчлэх, энэ тухай үйлчлүүлэгч нар болон ХХЗХ-нд тухай бүр мэдэгдэж байх нь үр дүнтэй арга юм.


“Контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээгдэхүүн бөгөөд дараахь зүйлс хамаарахгүй.Үүнд: Цахим шуудан, балк болон спам захидал; Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, Айпи телефон яриа гэх мэт)[1].


Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол http://crc.gov.mn/main.php?cid=2&do=6&did=327

Дараах нийтлэлийн бүтцэд тулгуурлав. Internet content regulation /UK government and the control of internet content/ by Yaman Akdenizhttp://www.cyber-rights.org/documents/clsr17_5_01.pdf

How Countries Are Regulating Internet Content. Peng Hwa Ang /tphang@ntu.edu.sg/. Nanyang Technological University Singapore.https://www.isoc.org/inet97/proceedings/B1/B1_3.HTM


Read more...

2015-02-11

Цахим орчин дахь хүүхдийн хүмүүжил


Онлайн орчинд та юу хийж байгаагаа бусад хүнд мэдэгдэхгүй байхыг хүсч байсан үе бий юу?

2014 оны 11 дүгээр сард "Каплан тест[1]"-судалгааны байгууллагын хийсэн нэгэн судалгаагаар коллежуудын элсэлтийн шалгалтын албаныхны 35 хувь нь элсэхээр өргөдөл гаргагчдын фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн цахим хуудсаар нь зочилж, дэлгэрэнгүй мэдээллийг нь хайдаг байна. 2008 онд энэ тоо 10 хувьтай байжээ.

"PewResearchCenter[2]"-ийн 2013 оны судалгаагаар, интернэтийн үйлчилгээ ашиглаж буй өсвөр настнуудын 59 хувь нь өмнө нь оруулсан мэдээллээ засварлах буюу устгадаг ажээ. Мөн 53 хувь нь түүний хувийн хуудаст бусад хүний бичсэн сэтгэгдлийг устгадаг байна. Энэ нь тэдний дийлэнх нь цахим орчин дах нэр хүнддээ санаа зовж буйг харуулж байгаа хэрэг юм. Мөн уг судалгаанд дурдсанаар өсвөр насныхны 91 хувь нь өөрсдийн зургийг нийтэлдэг бөгөөд энэ тоо 2006 онд 79 хувь байжээ. Тэдний 92 хувь нь жинхэнэ нэрээ онлайн орчинд нээлттэй зарладаг байна. Ийнхүү хүүхдүүдийн дийлэнх нь нээлттэй байлгадаг мэдээлэлд утасны дугаар, цахим шуудан, амьдардаг газар, сургуулийн нэр, төрсөн өдөр, өөрийнх нь дүрс бичлэг, үерхэл, сонирхол хамаарч байна. Дээрх судалгааны үр дүн АНУ-ын эцэг эхчүүдийн санааг зовоосон гол асуудал болж байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хагас жил, жил тутам гаргадаг статистик тайлангаас харахад 2013 оны жилийн эцсээр интернэт хэрэглэгчдийн тоо 841 мянга байсан бол 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 сая гаруй болж өмнөх оноос 28%-иар өссөн дүн гарчээ. Мөн улсын хэмжээнд 30 Гб/с буюу 2009 оныхоос 10 дахин нэмэгдсэн өндөр хурдаар дэлхийн мэдээллийн сүлжээнд холбогдож байна. Энэ тоо нэмэгдсээр байгаатай маргахгүй биз ээ.

Тэгэхээр АНУ-ын төдийгүй Монгол эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ онлайн орчин дах зан үйлд сэтгэл зовних нь адилхан юм.

"Хэрвээ бусад хүнд харагдуулахыг хүсээгүй л бол тэрийгээ онлайн орчинд битгий бич" гэж АНУ-ын 17 настай нэгэн хүү бичсэн байна.

Дээрх асуудлуудтай холбоотойгоор, АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч "Арилгах товчлуурын хууль" гэж нэрлэгдээд буй эрх зүйн актад 2013 оны 9 дүгээр сард гарын үсэг зурж батламжилсан бөгөөд тус хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөж байна. Энэ нь тус муж улсын "Бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 8-р бүлэгт "Цахим орчинд насанд хүрээгүй хүний хувийн нууцыг хамгаалах" нэртэйгээр нэмэлтээр орсон байна. 

Энэхүү хуулийн гол зохицуулалт нь, вэб сайт, онлайн үйлчилгээ, мобайл аппликейшний операторт насанд хүрээгүй хүнд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаа шууд хүргэхийг хориглосон байдаг. Энэ хүрээнд операторуудад маркетинг, зар сурталчилгааны зорилгоор насанд хүрээгүй хүний хувийн мэдээллийг ашиглах, задруулах, гуравдагч этгээдэд тийнхүү ашиглуулахыг хориглосон. 

Өөр нэг чухал зохицуулалт нь, насанд хүрээгүй хүмүүст тухайн вэб сайт, онлайн үйлчилгээн дэх өөрийн нийтэлсэн мэдээллийг устгах, устгасан мэдээллээ олж авахыг зөвшөөрсөн бөгөөд операторуудад ийм нөхцлийг бүрдүүлэх, энэ тухай үйлчилгээний мэдээлэлдээ оруулах шаардлага тавьсан байна. Гэхдээ насанд хүрээгүй хүний хувьд гуравдагч этгээдийн оруулсан мэдээлэл, АНУ-ын Холбооны хуулиар устгахыг хориглосон мэдээллийн хувьд хязгаарлагдмал эрхтэй байх юм. 

Дээрх хэм хэмжээг бүрэн хэрэглэхийн тулд дараах ойлголтыг тодорхой мэдэж байх шаардлагатай бөгөөд тус хуульд тодорхойлолтыг нь хамт бичсэн байна. Үүнд "вэб сайт, онлайн үйлчилгээ, онлайн аппликейшн, мобайл аппликейшн", "оператор", "насанд хүрээгүй хүн", "тодорхой төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ", "зар сурталчилгаа" гэх ойлголтууд хамаарч байна.

Энд гол анхаарах зүйл нь тодорхой төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаанд юу хамаарах вэ гэдэг асуудал юм. Үүнд согтууруулах, мансууруулах зүйл, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тамхи, тамхин бүтээгдэхүүн, хонжворт тоглоомын тасалбар, шивээс, зэвсгийн чанартай зүйл зэрэг 20 орчим төрлийн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй бараа, бүтээгдэхүүний сурталчилгаа хамаарч байна.

Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5-д зааснаар айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгаа бүтээх, түгээхийг хориглосон. Гэхдээ энэ нь Калифорни мужийн хууль шиг онлайн орчинтой холбоотой тусгайлсан зохицуулалт болж чадахгүй байгаа юм.

Калифорни мужийн тухайн үеийн хууль тогтоомжоор арилжааны вэб сайт, онлайн үйлчилгээний зүгээс "үйлчилгээний нөхцөл"-ийн хүрээнд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг интернэтээр дамжуулан цуглуулахыг шаардаж байв. Харин холбооны хуулиар арилжааны вэб сайт, онлайн үйлчилгээний операторын зүгээс хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж болох, ингэхдээ мэдээллийг нь цуглуулж байгаа, түүнийгээ юунд хэрхэн ашиглах талаар мэдэгдэх, хүүхдийнх нь мэдээллийг цуглуулахыг зөвшөөрөхгүй байх боломжийг эцэг, эхэд олгох нөхцөл тавьдаг байв.

Гэхдээ дээрх шинэ хуулийг шаардлагагүй гэж үзэж байгаа хэсэг байгаа юм. Энэхүү хэсгийн тайлбарлаж байгаагаар, ихэнх вэб сайтын хувьд оруулсан мэдээллээ устгах боломжтой байдаг тул үүнийг хуульчлах шаардлагагүй гэжээ. Нөгөө талаар “цахим орчинд хүүхдүүд өөрийн үйлдлийг ухамсарлаж хэвших ёстой, тэд том хүн болно шүү дээ” гэх хэсэг ч байгаа юм. Өөр нэг хэсгийн тайлбарлаж байгаагаар уг хууль нь Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан шинжтэй байна гэжээ. Гэхдээ уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор эрх зүйн маргаан одоогоор гараагүй бөгөөд шүүхээс уг хуулийг зөвтгөсөн юм уу буруутгасан шийдвэр гаргаагүй болохыг анхаарах хэрэгтэй. 

Гэхдээ аль ч талын санал нэгтэй байгаа зүйл бол эцэг, эхчүүд цахим орчинд ч хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үзэл юм. 

Монгол Улсын хувьд Калифорни мужийн дээрх хуулийн үзэл санаатай адил гэж үзэж болохоор байгаа юм. Тодруулбал, Засгийн газрын 2008 оны 284 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн зорилтыг хангах 3 дах шат (2008/2009)-ны үйл ажиллагааны чиглэлийн дараах зорилт нь хүүхдийг цахим орчинд хамгаалах асуудлыг чухлаар тавьж, тодорхойлсон байна. Үүнд:

Зорилт 17. Хүүхэд, өсвөр үеийнхэн мэдээллийг эрж хайх, сонгох, боловсруулах, ашиглах, түгээх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төр, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлнэ.

Мэдээлэл, ялангуяа цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс сэргийлэх, хүүхдийг хамгаалах сурталчилгааг өргөжүүлэх.

Хариуцах, хамтран хэрэгжүүлэх, дэмжих байгууллага: Хүүхдийн төлөө үндэсний газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага гэжээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн эрх, үүргийн хүрээнд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд хүүхдэд зүй бус контентийн хязгаарлалт буюу шүүлтүүртэй интернэтийг хэрэглэгчдэд санал болгож ажиллахыг нөхцөл, шаардлагаар үүрэг болгож байна. Энэ нь эцэг, эхчүүдэд өөрийн сонголтоор энэхүү үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал юм. Мөн вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд хэрэглэгчийн ёс бус сэтгэгдлийг устгах боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгодог.

Гэхдээ цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудлыг хөтөлбөр, зорилт, нөхцөл шаардлагаар бус, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болох хуулиар тодорхойлж, зохицуулах шаардлагатай юм.

Гэхдээ хууль батлагдахыг хүлээлгүйгээр манай улсын вэб сайтын үйлчилгээ эрхлэгч, операторууд өөрийн үйлчилгээний нөхцөлдөө тусган хэрэгжүүлэх нь чөлөөтэй юм.

Таны хүүхэд яг одоо онлайн байна уу?


Эх сурвалж 

“New State Law Lets California Teens Erase Digital Footprints More Easily” Signe Okkels Larsen | December 28, 2014 | 1:06 p.m. PST http://www.neontommy.com/news/2014/12/new-state-law-lets-cal-teens-erase-digital-footprints-more-easily
Kaplan Test Prep Survey: Percentage of College Admissions Officers Who Visit Applicants’ Social Networking Pages Continues to Grow — But Most Students Shrug http://press.kaptest.com/press-releases/kaplan-test-prep-survey-percentage-of-college-admissions-officers-who-visit-applicants-social-networking-pages-continues-to-grow-but-most-students-shrug


[1] Kaplan Test Prep Survey: Percentage of College Admissions Officers Who Visit Applicants’ Social Networking Pages Continues to Grow — But Most Students Shrug http://press.kaptest.com/press-releases/kaplan-test-prep-survey-percentage-of-college-admissions-officers-who-visit-applicants-social-networking-pages-continues-to-grow-but-most-students-shrug


Read more...