Search This Blog

2012-12-02

Жиргээ ба зохиогчийн эрхийн зөрчил


Энэ сэдвээр бичих болсоны учир гэвэл, twitter.com буюу олон хүний нэрлэж заншсанаар “жиргээ”-г хэрэглэгч зарим залуу жиргээгээрээ дамжуулан зохиогчийн эрхийг зөрчих, түүнийгээ зөв зүйл хийсэн гэж төөрөгдөх байдал илтэд мэдэгдэх болсонтой холбоотой юм.
Иймд санаатай болон санамсаргүйгээс үл хамааран ямар төөрөгдөл залуусыг жиргээгээр зохиогчийн эрхийг зөрчихөд хүргэж байгааг дараах хүснэгтээр харуулж байна. 
Төөрөгдөл
Залруулга
1
Жиргээ нь хувийн орон зай мөн. Жиргээнд зохиогчийн эрхийн бүтээлийг амины хэрэгцээгээр ашиглаж байгаа тул түүнд зохиогчийн эрхийн зөрчил гэж байх ёсгүй.
Ингэж төөрөгдөж буй залуус жиргээгээ “түгжээгүй”, нэгээс олон дагагч (follower)-тай байгаа бөгөөд миний хэлэх залруулга бол “Жиргээ нь олон нийтийн газар” юм.
Иймд жиргээгээр бусдын зохиогчийн эрхийн бүтээл (шүлэг, утга зохиолын бусад бүтэл)-ийг зохиогчоос зөвшөөрөл авалгүйгээр бичиж, дагагч нартаа уншуулж байгаа нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол Улсын хуулийн 12-р зүйлийн 12.2, 12.3.-т заасан “Зохиогч нь бүтээлийг утсан болон утасгүй холбоогоор нийтэд түгээх үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй. Бүтээлийг нийтлэх, түгээх эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ” гэсэн зохицуулалтыг зөрчиж байна.
2
Жиргээ нь АНУ-д бүртгэлтэй компанийн бүтээгдэхүүн тул түүнд Монгол Улсын хууль үйлчлэхгүй.
Жиргээнд Монгол улсын хууль үйлчилнэ.
АНУ болон Монгол Улс нь Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын бусад гэрээ, конвенцид нэгдэн орсон эрх тэгш, хамтын ажиллагаатай, адил зохицуулалт бүхий улс орнууд юм.
3
Худалдаж авсан номынхоо шүлэг, бүтээлийг жиргээнд бичих бүрэн эрхтэй.
Худалдаж авсан ном хэмээх биет нь зүйл нь түүнийг худалдаж авсан этгээдийн өмч бөгөөд номонд агуулагдаж буй утга зохиол, урлагийн бүтээлийн ашиглалттай холбоотой аливаа эрх нь зөвхөн түүнийг туурвисан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид хадгалагдана.
4
Зохиогчийн эрхийн тэмдэглэгээ нь зохиогчийн хүсэл зоригийг илэрхийлдэггүй, “үхмэл үгс”.
Зохиогчийн эрхийн тэмдэглэгээг тухайн ном, бүтээлийн эхний хуудаснаас уншиж болох бөгөөд тэнд буй “Зохиогчийн эрх © 2010, Л.Галбаатар.
Оюуны өмчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан. Эшлэх, хувилах, цахим сүлжээнд оруулах, санааг өөр бүтээлд ашиглах аливаа оролдлогыг хатуу хориглоно” гэсэн загвараар бичигдсэн үгс нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.3-т зааснаар зохиогчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болно. Гэхдээ энэ нь зохиогчоос бичгээр зөвшөөрөл авсаны үндсэн дээр зохиогчийн бүтээлийг ашиглах эрхийг хөндөхгүй.
5
Ямар нэг байдлаар ишлэл авах нь зохиогчийн эрхийг зөрчсөнд тооцохгүй.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1, 24.2, 24.3-т зааснаар зөвхөн
-      ашиг олох зорилгогүй,
-      бүтээлээс багахан хэсгийг ашигласан,
-      бүтээлийн үнэ цэнийг алдагдуулаагүй
дор дурдсанаас бусад ишлэл нь зохиогчийн эрхийн зөрчилд тооцогдоно. Үүнд:
-      хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах,
-      эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах.
Ийнхүү ишлэл авч бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.
6
Хуулиар хориглосон зөрчил үйлдсэн ч ёс зүйн зөрчил үйлдээгүй бол түүнийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй
Хууль зүйн зөрчлийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэнэ. Онолын хувьд, ёс зүйн зөрчил нь хууль зүйн зөрчилтэй давхцахгүй байж болох ч, хуульд тусгагдсан ёс зүйг баримтлахгүй, хэн нэгний хийсвэрлэн бодож буй, бичигдээгүй ёс зүйгээр аливаа буруутай үйлдлийг зөвтгөх, хариуцлагаас мултрах гэх нь зохисгүй. Энэ нь орчин үеийн, ардчилсан нийгэмд бүдүүлэг хэрэг.
7
Тухайн зохиогчийн бүтээлийг эртнээс (багаасаа) yншсан, зохиогчийг зүс танидаг, зохиогчийн бүх номыг (оюутан байхдаа) худалдаж авсан байх нь зохиогчийн эрхийн бүтээлээс жиргээнд ашиглахдаа зохиогчоос зөвшөөрөл авах шаардлага бий болгохгүй.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.4.-т зааснаар “Зохиогч нь бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох эрхтэй”. Жиргээний талбар буюу 140 тэмдэгтээр зохиогчийн бүтээлийг хуваан бичих, алдаатай бичих зэргээр хувиргах, гажуудуулах нь зохиогчийн зөвшөөрөл шаардах үйлдэл мөн.

За тэгэхээр “төөрөгдсөөр” байгаа зохиогчийн эрх зөрчигчийн үйлдлийг Жиргээний түвшинд хэрхэн зогсоох вэ?

Тоон систем дэх зохиогчийн эрхийн хууль (DMCA), түүний 512-р зүйлд зааснаар зохиогчийн эрхийн зөрчлийг мэдээлэх шаардлагатай арга хэрэгслийг бий болгох, тэрхүү хэрэгслээр дамжуулсан гомдлыг хянан шийдвэрлэх үүргийг тухайн вэб сайтын үйлчилгээ үзүүлэгчид үүрэг болгосон. 

Тивитэр буюу жиргээний үйлчилгээ үзүүлэгч Twitter.com нь Зохиогчийн эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан аливаа зөрчлийн талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй. Ийм зөрчлийн жишээг дурдвал, жиргэгчийн танилцуулга, үндсэн дэвсгэр гэх мэт зураг тавьж болох аливаа талбарт бусдын зохиогчийн эрхтэй зургийг зөвшөөрөлгүйгээр авч ашиглах, зохиогчийн эрхээр хамгаалагдсан зургийг хуулбарлах, зохиогчийн эрх зөрчсөн материалын холбоос бүхий жиргээ бичих, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шүлэг, утга зохиолын бусад бүтээлийг 140 тэмдэгтээр таслан бичих байдлаар зохиогчийн эрхийн бүтээлийг хувиргах, гажуудуулах, өөрчлөх.
Харин таны болон танай байгууллагын нэр, брэндийн хууль ёсны ашиглалтыг зөрчсөн тохиолдол нь зохиогчийн эрхийн бус, “Барааны тэмдэг” (Trademark Policy)-ийн зохицуулалтад хамаарах юм.

Хүссэн хэн бүхэн зохиогчийн эрхийн зөрчлийн талаар мэдээлж болох уу? гэдэг асуулт урган гарах нь тодорхой. Зарчмын хувьд зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохиогчийн эрхийн зөрчлийг зогсоолгох, зохиогчийн эрхийг сэргээх шаардлага тавих эрхтэй. Гэхдээ бусад хүний хувьд дээр дурдсан хүмүүст мэдээлэл өгч туслах нь зүйтэй.

Зохиогчийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохын тулд зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон бусад мэдээлэл шаардлагатай. Үүнд:
-      Гарын үсэг (цахим гарын үсэг)
-      Мэдээлэлд дурдаж буй зохиогчийн эрхийн бүтээлийн тодорхойлолт буюу нотолгоо
-      Тивитэрийн вэб сайт, үйлчилгээнд байршиж буй зохиогчийн эрх зөрчсөн материал, жиргээний хаяг буюу холбоос (URL)
-      Зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо барих хаяг (утасны дугаар, цахим шуудан)
-      Зөрчил бүхий материал, жиргээг зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тийнхүү тивитэрт байршуулаагүй тухай мэдэгдэл
-      Зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн болох, түүнчлэн тивитэрт худал мэдээлэл өгөөгүй гэдгээ баталсан мэдэгдэл

За ингээд дээр дурдсан мэдээлэл бэлэн бол, Тwitter.com -н “Тусламжийн төв” хэсэг дэх “Зохиогчийн эрхийн зөрчлийг мэдээлэх” (Copyright Report- http://support.twitter.com/forms/dmca) хэсэгт зочилж зохиогчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хандах нь ээ.

Энд анхаарах зүйл бол, зохиогчийн эрх зөрчигдөөгүй болох нь тогтоогдвол уг асуудалтай холбоотой бусдад учруулсан аливаа хохирол (үйл ажиллагааны зардал, хуульчийн хөлс гэх мэт)-ыг хариуцан төлөх үр дагавар бий. Иймд зөрчлийг мэдээлэхдээ хянамгай байх, хуульчаас зөвлөгөө авах нь илүүдэхгүй.

Зөрчлийн талаарх мэдээллийг Тивитэр хэрхэн шийдвэрлэх вэ?
Зөрчлийн талаарх мэдэгдлийг хүлээн авангуутаа Тивитэрийн зүгээс зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид цахим шуудангаар энэ тухай мэдэгдэж хүсэл зоригийг нь баталгаажуулна.

Тивитэрээс цахим орчин дахь зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхийн зөрчил бүхий материал, жиргээг устгахаар шийдвэрлэвэл тийнхүү устгасны дараа зөрчил гаргасан этгээдэд энэ тухай мэдээлэл өгнө. Ингэж мэдээлж байгаа нь тухайн этгээдийг сөрөг нэхэмжлэл гаргах, давж заалдах эрхээр хангаж байгаа явдал юм. Хэрэв сөрөг нэхэмжлэл гарсан бол зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тивитэрт ажлын 10 хоногын дотор хариу тайлбараа ирүүлж, шийдвэрлүүлэх нь тохиромжтой.

Тивитэрээс зохиогчийн эрхийн зөрчил бүхий материал, жиргээг устгаснаар тухайн жиргээ нь зохиогчийн эрхийг зөрчсөн тул устгасан тухай товч мэдэгдлийг уг жиргээ байсан газарт байршуулж, олон нийтэд тайлбарлана.

Зохиогчийн эрхийг үргэлжүүлэн зөрчсөөр байвал, Тивитэрийн зүгээс зөрчил гаргагчийн үйлдлийг түр хугацаар хязгаарлах, дахин сануулах, тивитэр дансыг нь устгах хүртэлх арга хэмжээг авна.

Эцэст нь хэлэхэд, Тивитэрийн зүгээс санал болгож буй арга хэрэгсэл нь хуулийн зөвлөгөө юмуу эцсийн арга хэрэгсэл биш бөгөөд зохиогчийн эрхийг сэргээх хуульчлагдсан арга зам олон бий.

Read more...