Search This Blog

2010-10-10

Монгол Улс дахь цахим гарын үсгийн эрх зүйн зохицуулалт


 Л.Галбаатар
Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлсэнээр, Засгийн газар 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ээлжит хуралдаанаараа манай улсад цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулдаг болох, түүнийг ашиглах журмыг тодорхой болгон тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц бий болгох шаардлагатай болсон тул Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг нэмж тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэхүү “Цахим гарын үсгийн тухай” хуулийн төслийн 1.1-д зааснаар, тус хууль нь цахим гарын үсгийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

Интернэтийн эрх зүйн харилцаа төлөвшлөө олсон зарим улсын хувьд цахим гарын үсэг нь цахим баримтын бүрэлдэхүүн болох талаасаа хэрэглэгдэж, хуульчлагджээ.

Тухайлбал, дараах улсын холбогдох хуулиудад цахим гарын үсэг нь цахим баримтыг тодорхойлогч үндсэн шинж бөгөөд түүний бүрдэл болно гэж тусгажээ. Үүнд:
-      Беларус улсын 2000 онд батлагдсан Цахим баримтын тухай хууль;
-      Украйн улсын 2003 онд батлагдсан Цахим баримт болон түүний эргэлтийн тухай хууль;
-      Казакстан улсын 2003 онд батлагдсан Цахимт баримт ба цахим гарын үсгийн тухай хууль;
-      Канад улсын 2000 онд хүчин төгөлдөр болсон Хувийн нууцын хамгаалалт болон цахим баримтын тухай хууль;
-      АНУ-ын 1999 онд боловсруулсан Цахим хэлцлийн нэгдсэн хууль.    

Иймд цахим баримтын тухай эхэлж авч үзье.

Цахим баримт гэж юу вэ, түүний үнэ цэнэ?

Энэ нь тухайн нэг зорилгод хүрэхийн тулд компьютерт үүсгэж, хадгалсан тоон хэлбэртэй аливаа мэдээлэл юм. Тодруулбал, уг баримт нь тухайн нэг этгээдийн үйлдлээр компьютерт оруулсан мэдээлэл, компьютерт ашиглагдаж, боловсруулагдаж байгаа мэдээлэл мөн.
Тиймээс, цахим баримт гэдэгт мэдээллийн өгөгдлийн сан, үйлдлийн систем, хэрэглээний програм, цахим, дуут шуудан, бичлэг болон комьютерийн санах ойд хадгалагдаж буй бусад мэдээлэл хамаарна.
Нотлох баримтын талаарх ойлголтууд иргэн, эрүү, захиргааны эрх зүйд нэгэнт тогтсон зүйл хэдий ч, цахим нотлох баримт нь уламжлалт баримт бичгээс (цаасанд буулгасан баримтаас) ялгаатай тул хууль зүйн салбарт шинэ ойлголт гэж тооцогдож байна.
Цахим шуудан буюу E-mail нь цахим баримтын зөвхөн нэг хэлбэр юм. Дэлхий даяар байгууллага, хувь хүмүүс мэдээллийг компьютерт хадгалах явдал энгийн зүйл болж, цаасан баримтын хэрэглээ хумигдаж байгаа билээ.
Цахим болон цаасан баримтын нэг гол ялгаа нь түүний хадгалалт, “наслалт” юм. Аливаа баримт “устгагдах” нь “тавилантай” ч, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цахим нотлох баримтыг сэргээх боломжтой байдаг тул түүний хадгалалтын хугацаа нь бичгэн нотлох баримтаас урт юм.
Хэн, хэрхэн, ямар учраас цахим хэлбэрээр мэдээлэл хадгалдаг нь цаасан баримтын цахим баримтаас ялгарах нэг нөхцөл болно. Цахим шуудан, түүний ноорог, “задгай” зурвасыг хүмүүс бичгэн хэлбэрт оруулдаггүй бөгөөд дээрх мэдээллийг цаасан дээр буулгах нь өөртөө болон бусдад гэм хор учруулах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг аж.
Цаасан баримттай харьцуулахад, цахим баримтыг засах зэрэг нь хялбар бөгөөд түүнд хяналт тавихад бэрхшээл багатай байдаг. 

Цахим баримтын эрх зүйн түүх

1960 оны сүүлч, 1970 оны эхээр цахим баримтын талаар шүүх дээр яригдаж эхэлсэн бөгөөд энэ үе нь аж ахуй эрхлэгчид компьютерийг өргөнөөр ашиглаж эхэлсэнтэй давхцдаг. Эндээс цахим баримтыг хууль зүйн талаас нь үнэлэх оролдлогууд өрнөн АНУ-ын Конгресс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж “баримт бичиг” гэх ойлголтод цахим баримтыг хамааруулсан юм.
Үүнээс хойш, АНУ-ын шүүхэд зарим маргааныг шийдвэрлэхдээ, хариуцагчийн компьютерт уншигдах, хэвлэгдэж болох мэдээллийг цахим баримт гэж үзэх болов. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс нотлох ур чадвар шаардсан, “шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагыг нөхцөлдүүлсэн юм.
Гомдол, нэхэмжлэлдээ хуульч, түүний үйлчлүүлэгч нь эрсдлээ тооцсоны үндсэн дээр тодорхой төлөвлөгөөний дагуу цахим баримт гаргаж байв.

Цахим баримт ба цахим гарын үсгийн харилцан хамаарал

Мэдээллийн технологийн хурдыг дагаад дэлхийн улс орнууд цаасанд буулгасан баримтаас татгалзах болж, цахим баримтын талаар эрх зүйн актыг батлан хэрэгжүүлж буй өнөө үед цахим баримт, түүний баталгаажуулалт нь мэдээлэл, харилцааны  технологи хэрэглэгч Монгол Улсын бүх хүнд хамааралтай асуудал боллоо.
“Цахим гарын үсгийн тухай” Монгол Улсын хуулийн төсөлд “цахим баримт бичиг” гэж “компьютерийн систем болон ижил төрлийн хэрэгслийг ашиглан ямар ч мэдээллийн хэрэгсэлд бичиж, хадгалж болдог ба хүн эсвэл компьютерийн систем эсвэл ижил төрлийн хэрэгслийг ашиглан уншиж, ойлгож болох цахим өгөгдөл” гэж тодорхойлжээ.
Энэ тодорхойлолтыг хэл найруулга талаас нь эхлээд л шүүмжилж болох л доо. Гэхдээ цахим баримтыг  нэг мөр, чанд тодорхойлохоос илүү цахим баримтын хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг хангахад анхаарах хэрэгтэй билээ.
          Тэгэхээр, цахим гарын үсгээр баталгаажуулж болох аливаа өгөгдлийг “цахим баримт” гэж үзэх нь цахим баримт бичгийн хууль зүйн шинжийг хадгалж чадна гэж үзэж байна.
“Цахим гарын үсэг” буюу Electronic signature (E-sign) хэмээх ерөнхий нэршилээр тухайн нэг этгээдээс цахим баримтаа гүйцээх, баталгаажуулах зорилгоор үйлдсэн цахим дуу чимээ, тэмдэгт, бусад цахим өгөгдлийг ойлгоно.  
Хуулийн төсөлд тодорхойлсноор, “цахим гарын үсэг” гэж цахим бичиг баримтад хавсаргасан эсвэл түүнд нэгтгэсэн үсэг, тэмдэгт, дүрс зэргийг агуулсан гарын үсэг зурагчийг үнэмлэх зорилготой цахим өгөгдөл юм.
Уг хуулийн төсөл нийт 6 бүлэгтэй бөгөөд төсөлд дараах асуудлуудыг багтаажээ:

1-р бүлэгт хуулийн зорилт, цахим гарын үсгийн тухай хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тодорхойлолтын тухай;

2-р бүлэгт цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх, шалгах нөхцөлийн тухай;

3-р бүлэгт тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа, түүний хугацаа, гэрчилгээг түтгэлзүүлэх, хүчингүй болгох, сунгах, өөрчлөлт оруулах журам болон гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүргийн тухай;

4-р бүлэгт тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох, сунгах журам болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийн тухай;

5-р бүлэгт тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаархи төрийн байгууллагуудын бүрэн эрхийн тухай;

6-р бүлэгт гадаад улсын тоон гарын үсгийн гэрчилгээ, нээлттэй мэдээлэл, цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, цахим гарын үсгийг ашиглах үйл ажиллагаанд хориглох зүйл, хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай.

          Энэхүү хуулийн төслийн гол ач холбогдол нь тогтож буй цахим харилцааг хууль зүйн талаас нь хэлбэржүүлж, цахим баримтыг ердийн баримттай, цахим гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адилтгаж үзэж байгаа явдал юм. Мөн төрийн байгууллагууд цахим гарын үсэг хэрэглэх нөхцлийг бүрдүүлсэн байна.
         
          Цахим гарын үсгийг ашиглахтай холбогдсон харилцааны гол зохицуулагч нь Харилцаа холбооны зохицуулах газраас тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд буюу Гэрчилгээжүүлэх байгууллага (Certification Authority) юм.

          Цахим харилцааг хуульчлах нь цахим орон зайн эрх, эрх чөлөөг хязгаарлана гэх хандлага интернэт хэрэглэгч зарим хүнд байдаг. Ямартай ч хуулийн уг төслөөр мэдээллийн системийн оролцогчийг хэд хэдэн цахим гарын үсгийн эзэмшигч байх боломжийг дэмжсэн бөгөөд хэрэглэгчийн эзэмших цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоогоогүй байна. Мөн бүх төрлийн цахим баримтад цахим гарын үсэг ашиглаж болно.

Хэрхэн цахим гарын үсэг “үйлдэх”, түүнийг шалгах талаар  манай Ай Тигийнхан (IT)-мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тодорхой тайлбарлах байх. Энэхүү бичлэгт уг асуудлыг түр орхие.
          Хууль зүйн хувьд, “энэ таны гарын үсэг үү” гэх асуулт тавигдахгүй бөгөөд “энэ гарын үсэг үү” гэх асуултад хариулах нь цахим гарын үсгийн тайлал болох юм. Хууль зүйн маргаанд цахим гарын үсгийг шалгахдаа тодорхой технологийг ашигладаг. Тэрхүү технологи нь улс төр, эдийн засгийн ялгааг “таньдаггүй” давуу талтай гэдгийг Олон улсын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Улс орнуудын эрх зүйн практикт цахим гарын үсгийн баталгаатай эсэхийг шалгах боломжийг хязгаарладаггүй билээ.
Эцэст нь хэлэхэд, 2010 оны 6 сарын 30-ны байдлаар 6,845,609,960 хүн дэлхий дээр амьдарч, түүний талаас илүү хувь нь интернэтийн байнгын хэрэглэгч болсон өнөө үед цахим орон зайн нийтлэг зохицуулалт Монгол Улсын хувьд зайлшгүй зүйл юм. “Цахим гарын үсгийн тухай” хуулийн төслийг УИХ батлах нь цахим баримт, түүний баталгаажуулалтыг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрч, мэдээллийн аюулгүй байдлын талаарх эрх зүйн зохицуулалтыг хангах нэг алхам болох юм.


Эх сурвалж:

a.    Засгийн газрын хуралдааны мэдээ-2010-10-06. http://open-government.mn/index.php?option=com_content&task=view&id=1477&Itemid=110

b.    Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал.  http://www.ictpa.gov.mn/attachments/097_Conception%20of%20E-sign%20act%20draft.pdf
c.    Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл. http://ictpa.gov.mn/?option=com_docman&task=doc_download&gid=7&Itemid=63; http://it.ub.gov.mn/images/pdf/e-sign-law-draft-2008-3-7.pdf
d.    Тоон гарын үсгийн тухай хуулийн төсөл. http://www.sssmn.com/files/final%20draft_e-signature's%20bill%20Khaltar09.PDF

e.    Мэдээллийн хамгаалалтын криптограф стандарт- Криптограф Модулиуд ба Алгоритмууд. http://www.crc.gov.mn/file/sanal/crypto1.pdf

f.     Монгол Улсын стандартын төсөл. Мэдээллийн технологи — Компьютерийн аюулгүй байдал - Криптографын технологи- Тоон гарын үсэг, түүнд тавигдах шаардлагууд.


g.    Архивын Ерөнхий Газрын Мэргэжил арга зүйн хэлтэсийн мэргэжилтэн Д.Батжаргал. Цахим баримтын эрх зүйн орчин, олон улсын туршлагаас. 2009. http://www.archives.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=464&Itemid=302

h.    Ларри Маркезе. Цахим гарын үсгийн тухай танилцуулга. 2010 оны 5 дугаар сарын 6. www.eprc-chemonics.biz/documents/.../PKI_Infrastructure%20_PP_mon.pptx

i.      Benjamin Channing Palmer. Disparate Impact of Electronic Signature Legislation on Indigent Californians. McGeorge Law Review- 2005- 36 McGeorge L. Rev. 697, www.lexis.com

j.     Christine Sgarlata Chung and David J. Byer. The Electronic Paper Trail: Evidentiary Obstacles to Discovery and Admission of Electronic Evidence. 4 B.U. J. SCI. & TECH. L. 5, www.lexis.com


l.      Document Workflow: Powerful Tool Available With Electronic Signature. http://www.docusign.com/blog/2010/10/06/document-workflow-powerful-tool-available-with-electronic-signature/

n.    World Internet Users and Population Stats. http://www.internetworldstats.com/stats.htm

Read more...