Search This Blog

2015-06-14

Интернэт дэх оюуны өмчийг хамгаалах эрх зүйн зарим асуудал


Монголчууд интернэт хэрэглэж эхлэхээс өмнө тэртээх 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын бүрэн эрхт гишүүн болжээ.[1] Үүнээс хойш 1992 оны Үндсэн хуулиас эхлэн оюуны өмчийг хамгаалах чиглэлээр бие даасан 4 хуультай, олон улсын 15 гэрээнд нэгдэж оржээ.[2] 

Харин интернэтэд оюуны өмчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт 2006 оноос эхлэн төлөвшиж эхэлсэн гэж үзэж болно. Тодруулбал, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн 2006 он шинэчилсэн найруулгад “Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах” гэсэн 25 дугаар зүйл шинээр орж ирсэн юм.

Тус зүйлд зааснаар интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. 

Мөн интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ. 

Энд дурдсан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч, улсын байцаагч хуульд заасан хариуцлага ногдуулна. Мөн вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ. 

“Шүүхийн шийдвэрийн цахим сан”-гаас харахад анхан шатны шүүхээс зохиогчийн эрхтэй холбоотой 10 маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх хуулийн 25 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэр гаргасан тохиолдол гараагүй байна.[3]

Харин “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн “Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах”-тай холбоотой эрх зүйн маргаан шүүхийн өмнөх шатанд буюу шүүхийн бус журмаар нэлээн өргөн хүрээнд зохицуулагдаж байна. Тодруулбал, 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралт “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”[4]-ын 4.11-т зааснаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1 –д заасныг зөрчиж, зохиогч эсхүл эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь ашигласан агуулга буюу контентийг хууль бус контентод хамааруулсан. Энэ нь хуулийн заалтыг интернэтийн орчинд хэрэгжүүлэхтэй холбоотой тусгайлсан зохицуулалт юм. 

Тус ерөнхий нөхцөл, шаардлагын 7.3-т заасны дагуу интернэт орчин дахь агуулга зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх хяналтыг холбогдох хуульд заасан эрх бүхий хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. Зохиогчийн эрхийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Оюуны өмчийн газар эрхлэн холбогдох чиг үүргийг гүйцэтгэнэ.

Эндээс харахад Оюуны өмчийн газар нь интернэт дэх зохиогчийн эрхийн хяналтыг хэрэгжүүлэх нь ээ. Ерөнхий нөхцөл, шаардлагын 9.4-т зааснаар Оюуны өмчийн газраас Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн тухайн веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлэхгүйгээр веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарлаж болно. Мөн 9.5-т зааснаар гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлнэ. 

Дээр дурдсанаас харахад интернэт дэх зохиогчийн эрхийг дараах байдлаар хамгаалах нь. Үүнд: 

1. Тухайн вэб сайтад зохиогчийн эрхийг зөрчсөн гэдгийг Оюуны өмчийн газраас тогтоох /дүгнэлт, шийдвэр, тогтоол хэлбэртэй байж болно/

2. Зохиогчийн эрхийг зөрчсөн вэб сайтыг Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны албан бичиг үйлдэх, түүнийг хавсралтын хамт нэн даруй Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх

3. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Оюуны өмчийн газрын албан бичиг, түүний хавсралтыг судалж үзэх

4. Харилцаа холбооны зохицуулах хорооноос веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлэх буюу хүргүүлэхгүйгээр веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарлах

5. Гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлэх.

Энд дурдсан 5 үе шатны үр дүнд 2015.03.30-ны байдлаар нийт 214 вэб сайт холбогдох хуулийг зөрчсөн байна. Гэхдээ үүнээс хэдэн вэб сайт нь зохиогчийн эрхийг зөрчсөн болох нь тодорхойгүй буюу нээлттэй биш байгаа юм.

Нарийвчилсан тоо Оюуны өмчийн газрын ipom.gov.mn цахим хуудас болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн ажиллуулдаг “Зөрчилтэй домэйний жагсаалт”-ын black-list.mn цахим хуудасны алинд нь ч байгүй. 

Энэ нь дээр дурдсан 5 үе шатны 5 дахь нь буюу сүүлийн үе шат хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна. 

Интернэт дэх агуулгын хяналтыг хэрэгжүүлдэг төрийн эрх бүхий байгууллагууд энэ талын үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг бүрэн, зохих ёсоор нь хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай 2011 оны хуулинд тодорхой заасан.

Дээрх хэсэгт зохиогчийн эрхийг зөрчсөн вэб сайттай хэрхэн “тэмцэх” үе шат, зохицуулалтын талаар бичлээ. Харин зөрчлийг арилгасан тохиолдолд Оюуны Өмчийн Газрын Улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр “зөрчилтэй домэйны жагсаалт”-аас хасч, хандалтыг нээх боломжтой. Өөрөөр хэлбэл, дээрх 5 үе шат нь зөрчилгүй болсон вэб сайтын хувьд нэгэн адил давтагдана.


[1] Contracting Parties > WIPO Convention > Mongolia - http://www.wipo.int/treaties/en/remarks.jsp?cnty_id=108C

[2] http://www.wipo.int/treaties/en/summary.jsp

[3] 2013.12.19-ний өдрөөс өмнөх болон хойших шүүхийн шийдвэрүүд http://old.shuukh.mn/irgenanhan; http://www.shuukh.mn/irgenanhan

[4] Тус нөхцөл, шаардлагад 2012 оны 18 дугаар тогтоол, 2014 оны 40 тоот тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. http://crc.gov.mn/file/newfile/togtool-2014-40.pdf

Read more...