Search This Blog

2015-09-17

Монгол охидын зургийг зөвшөөрөлгүй нийтэлж болох уу?



Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон “Facebook” нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Түүний хэрэглэгчид нэг өдөрт 350 сая, 1 секунт тутамд 4,501 гэрэл зургийг нийтлэж байна.[1]

Харин инстаграмын хувьд 182 сая хэрэглэгчтэй бөгөөд тэдгээр хэрэглэгч өдөрт дунджаар 58 сая зураг нийтлэж байна. [2] Тэдгээр хэрэглэгчийн 90% нь 35-аас доош насныхан байна.[3]

Их тоо шүү.  Энэ давалгаа монгол охидод ч хамаатай.  

Цахим орон зайд гэрэл зураг нийтлэх асуудал

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Ийм эрхээ эдлэх хэлбэрийн нэг нь цахим хуудаст гэрэл зураг нийтлэх юм.

Мөн Үндсэн хууль, Зохиогчийн эрхийн хуульд зааснаар Монгол Улсын иргэний хувьд гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх эрхтэй.

Эрх зүйн зөрчил

Өнөөдөр монгол охидын гэрэл зургийг нийтэлдэг монгол хэл дээрх цахим хуудсын жагсаалт өргөжсөөр байна. Тэдгээр цахим хуудаст “Хэт халуун зурагнууд”, “Монгол охидын нүцгэн зурагнууд” гэсэн булан ч бий болжээ.

Ийм булан нь монгол охидын зургийг дээр дурдсан фэйсбүүк, инстаграмаас нь “хулгайлж” нийтлэсэн гомдол дагуулсаар байдаг бөгөөд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ч энэ талын зөрчил бүртгэгдсэн байдаг.

Эдгээр зөрчлийг дараах байдлаар ангилж болохоор байна.

-          Зохиогчийн эрхийн зөрчил
-          Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил
-          Садар самууныг сурталчлах зөрчил
-          Доромжлох, гүтгэх зөрчил
-          Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил.

Үүнийг тус бүрт нь авч үзэе.

1.      Зохиогчийн эрхийн зөрчил

Зарим цахим хуудаст гэрэл зургийг “тамгалсан” буюу тухайн цахим хуудаст нийтлэгдсэн гэрэл зураг бүрт вэб сайтынхаа нэр бүхий тэмдэглэгээг тавьсан байдаг. Тодорхой баримт, мэдээллээр бол вэб сайт дахь гэрэл зургийн тэмдэглэгээ нь хууль ёсны, үнэн, зөв гэж үзэх боломжгүй байна.

Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар гэрэл зургийн аргаар туурвисан бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл мөн бөгөөд түүнийг туурвисан хувь хүн нь бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох, бүтээлийг нь бүхий л арга, хэлбэрээр ашиглах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй.

Тухайн вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлээгүй, зохиогчийн эрхийн зөрчил гаргах нь гэрэл зураг бүхий цахим хуудсыг интернэтийн үйлчилгээ түгээгчийн зүгээс хаах үүргийг Зохиогчийн эрхийн хуулиар хүлээлгэсэн байдаг.

2.      Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх зөрчил

Монголын цахим хуудсууд уншигч-хэрэглэгчидээсээ гэрэл зургийг цахим шуудангаар хүлээн авах, зарим хуудасны хувьд хэрэглэгч нь гэрэл зургийг шууд нийтлэх боломжтой байгаа нь хэн нэгэнд компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээг хууль бусаар ашиглаж хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглах шалтгаан, нөхцөл болж байна.

3.      Садар самууныг сурталчлах зөрчил

Монгол хэл дээрх цахим хуудсуудад нийтлэгдсэн гэрэл зургууд нь хүний бэлэг эрхтнийг илтээр гэрэл зураг, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэх нөхцөл болж байна.

4.      Доромжлох, гүтгэх зөрчил

Цахим хуудас дахь гэрэл зургийн сэтгэгдлүүд нь тухайн зураг дахь хүнийг доромжилсон, гүтгэсэн шинжтэй байгаа бөгөөд устахгүй байрласаар байгаа нь гэрэл зурагт дүрслэгдсэн тухайн иргэнд гэм хор учруулах түвшинд байна. Гэрэл зураг бүхий нийтлэлд сэтгэгдэл бичих боломж нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой. Харин сэтгэгдэл бичихдээ хүний эрхийг зөрчих, хуулийг сахихаас чөлөөлөгдөх эрх хэн нэгэнд хуулиар олгогдоогүй юм.

5.      Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлын эсрэг зөрчил

Олон нийтийн харилцааны вэб сайт буюу Social networking site нь түүний хэрэглэгчдийн хувийн орон зай, “цахим орон байр” гэж үзэх хандлага дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд төлөвшиж байна. Ийм цахим орон байр дахь гэрэл зураг, мэдээлэл нь задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ гэж тооцогдож байгаа юм.

Түүний хажуугаар social networking site-г “олон нийтийн газар” гэж үзэх сөрөг хандлага бас байгаа юм. Энэхүү хандлага нь facebook.com, myspace.com, flickr.com гэх мэт олон нийтийн харилцааны вэб сайт-цахим хуудсууд дахь хувь хүний гэрэл зургуудыг олж авч, дур мэдэн ашиглаж байгаа үйлдлээр илэрч байна.

Дүгнэлт

Монгол охидын зургийг зөвшөөрөлгүй нийтлэх нь эрх зүйн зөрчил болж байна. Энэ зөрчлийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгөөр хохирол хүлээх охид нэмэгдэж байгаа таагүй үр дагавартай байна.

Ийм таагүй зүйлээс сэргийлэхийн тулд хүн бүр цахим орчинд гэрэл зургаа нийтлэх эсэх, ямар зураг нийтлэх, ямар хүнийг цахим орчны найзаа болгох тал дээр болгоомжтой байх, бусдадаа анхаарал тавих нь зүйтэй байна.



[1] Kimberlee Morrison. “How Many Photos Are Uploaded to Snapchat Every Second?”. Jun. 9, 2015

http://www.adweek.com/socialtimes/how-many-photos-are-uploaded-to-snapchat-every-second/621488

[2] Instagram Company Statistics http://www.statisticbrain.com/instagram-company-statistics/

[3] Instagram user statistics http://expandedramblings.com/index.php/important-instagram-stats/2/

Read more...

2015-09-13

Монгол Улсад интернэтээр садар самуун явдал сурталчилж болох уу?


Англи хэлний “pornography” гэх үгийг монгол хэлэнд садар самуун гэж орчуулсан байдаг.[1] Дэлхий даяар 4.2 сая садар самууны вэб сайт байна. Энэ нь нийт вэб сайтын 12 хувь болж байна. Ийм вэб сайтыг үзсэн этгээдийн тоо 72 сая байжээ. Түүний 40 сая нь америкчууд байжээ. Мөн өдөр бүр интернэтийн хайлтын 1/4 (68 сая) нь садар самуун явдал сурталчилсан материалыг хайсан байдаг.[2] Үүнээс гадна интернэт хэрэглэгчдийн 42.7 хувь нь садар самууныг үздэг бол, 34 хувь нь садар самуун материалд “өртөж” үздэг байна. Үүнээс гадна нэг ноцтой зүйл нь интернэтээт садар самууныг үздэг хүүхдийн дундаж нас 11 байгаа явдал юм.[3]   
Энэ нь дэлхийн улс орнуудад садар самуун явдал хууль ёсны зүйл эсэх тухай асуухад хүргэж байна. Улс бүр бүрэн эрхт, тусгаар тогтносон болохын хувьд эрх зүйн зохицуулалт нь харилцан адилгүй. Иймээс садар самуун явдлын эрх зүйн зохицуулалтаар нь улс орнуудыг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
-          Садар самуун явдлыг хууль ёсны гэж үздэг улс
-          Садар самуун явдлыг хууль ёсны бөгөөд зарим хязгаарлалттай улс
-          Садар самуун явдлыг хууль бус гэж үздэг улс.[4]
Монгол Улсын хувьд 1998 онд “Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуультай болсон. Тус хуульд тодорхойлсноор "садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг ойлгоно.[5]
Тус хууль батлагдах үед интернэтийн хэрэглээ түгээмэл бус, хэрэглэгчийн тоо цөөн байсан. Гэвч хуульд “бусад хэлбэрээр” гэх хэллэгийг оруулсан нь тус хуулийн зүйл, заалт нь интернэтээр садар самууныг үзүүлэхэд хамаарахаар байна.
Хуулийн 5.1-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно”, 5.2-т “садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно” гэж нас харгалзахгүйгээр тус тус заасан.
Эндээс дараах асуулт урган гарч байгаа юм. Үүнд:
1. интернэт нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн үү?
2. интернэт дэх садар самууны бичлэг нь кино, дүрс бичлэг мөн үү?

Энэ асуултад хариулахын тулд интернэт дэх садар самууны материалын онцлогийг тодорхойлоё. Интернэт дэх садар самуун нь зураг, дүрс бичлэг хэлбэртэй байдаг. Энэ нь дээр дурдсан хоёр дахь асуултад “мөн” гэж хариулах нөхцөл болж байна.
Иймд Монгол Улсад интернэтээр садар самуун явдал сурталчилж болохгүй бөгөөд тийм зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, хадгалахыг хориглоно.
Гэвч Монгол Улсад интернэтээр садар самуун явдал бүхий дүрс бичлэг, зураг үзэх боломж байсаар байгаа. Энэ нь дээр дурдсанаар дэлхий даяар монголчуудын тооноос хоёр дахин их садар самууны вэб сайт байгаатай холбоотой байж болох юм.
Ийм шалтгаанаар хуулийн хэрэгжилтийг хангахгүй байх, хүүхэд багачууддаа садар самуун явдал сурталчилсан зүйлсийг үзүүлсээр байх уу?
Монгол Улсын “Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуулийн 13.3.2-т зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тус хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулна.
Энэ нь интернэтээр садар самуун явдал сурталчлахтай тэмцэх үүрэг цагдаагийн байгууллагад байгаа болохыг харуулж байна. Энэ чиг үүргийг цагдаагийн байгууллага дангаар гүйцэтгэж чадах уу?
Цагдаагийн албаны тухай хуулийн 4.1-т зааснаар цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг баримтална.[6]
Тэгвэл цагдаагийн албатай хамтран ажиллах төрийн байгууллага бий юу?
Харилцаа холбооны зохицуулах хорооны [7] 2011 оны 08 тоот тогтоолын хавсралт “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-д зааснаар тус хороо нь контентийн үйлчилгээтэй холбогдсон харилцаанд төрийг төлөөлөн оролцоно. Энэ нь интернэтээр садар самуун явдал сурталчлахтай тэмцэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээсэн болохыг харуулж байна.
Гэхдээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас гадна иргэд, олон нийт буюу эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүд интернэтээр садар самуун явдал сурталчилсан зүйл үзэж буй эсэхэд хяналт тавих нь зохистой.




[1] Pornography: The representation in books, magazines, photographs, films, and other media of scenes of sexual behavior that are erotic or lewd and are designed to arouse sexual interest. http://legal-dictionary.thefreedictionary.com/Pornography

[2] Internet pornography. http://internetlaw.uslegal.com/pornography/
[3] Internet Pornography Statistics http://internet-filter-review.toptenreviews.com/internet-pornography-statistics.html

[4] Pornography by region https://en.wikipedia.org/wiki/Pornography_by_region

[5] Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль. “Төрийн мэдээлэл”. 1998 он, №3
[6] Цагдаагийн албаны тухай хууль. 2013 он, №29 
[7] Харилцаа холбооны зохицуулах хороо. Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага http://crc.gov.mn/file/newfile/togtool-2014-40.pdf

Read more...