Search This Blog

2015-04-11

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалт


2014 онд Касперскигийн үйлчилгээг хэрэглэдэг нийт интернэт хэрэглэгч хүүхдүүдийн 2/3-с багагүй нь буюу 68 хувь нь хууль бус, хортой контентийн бай болж байна. [1] 

Монгол Улсын хувьд цахим орчинд хүүхдийг шууд болон шууд бусаар сэтгэл зүй болон хүмүүжлийн хувьд хүчирхийлэх, мөлжих явдал илэрч байгаа нь Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хандаж байгаа, тус тасгаас мөрдөн шалгаж байгаа хэргүүдийн тооноос харагдаж байгаа юм. 

Монгол Улсад хамгийн өргөн хандалттай вэб сайтуудын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сөрөг нөлөө дараах 3 төрөлтэй байна.[2] Үүнд: 

1. Садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд аль ч насны хүүхдүүд шууд нэвтрэхүйц садар самуун агуулгыг нээлттэйгээр дэлгэн тавьсан байдаг. Эдгээр вэб сайт нь тооны хувьд их биш ч хүүхдүүдэд хангалттай хор нөлөө үзүүлэхүйц юм. Цөөн тооны вэб сайт садар самуун цэсэд нэвтрэхийн өмнө анхааруулга, санамж харуулдаг боловч энэ нь хангалтгүй юм. Цаашид энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэб сайтад хүүхдүүд хандах боломж, нөхцлийг хязгаарлах шаардлагатай.

2. Шар мэдээ хөөцөлддөг вэб сайтууд хүүхдийн хүмүүжлийн болоод нийгмийн хариуцлагын асуудлыг огт харгалздаггүй бөгөөд нийтлэлийн тодорхой бодлогогүй юм. Мэдээллийн агуулгын ихэнх хувийг нь элдэв цуу, хов жив, гэмт хэрэг, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, этгээд, гажууд мэдээлэл зэрэг эзлэх бөгөөд мэдээллийг зөв сонгох чадамжгүй хүүхэд, өсвөр үеийг онилон нийтлэдэг. Мөн эдгээр вэб сайтын дийлэнх хэсэг нь дэд цэс байдлаар садар самуун агуулсан мэдээллийн сантай байдаг. Цаашид мэдээллийн агуулгын зааг, шалгуурыг тодорхой болгож хүүхдүүдэд сонгон үзүүлэхгүй бол тэдгээрийн оюун санаа, хүмүүжил, нийгмийн амьдралд хортой юм.

3. Нийгэмшлийн вэб сайтуудад хүүхдүүд өөрийн мэдээллийн буланг үүсгэж, хувийн мэдээллээ оруулдаг бөгөөд энэ нь тэдний аюулгүй байдалд тодорхой байдлаар аюул, занал учруулдаг. Нэгэнт тухайн хүүхдийн зураг, овог нэр, хаяг зэрэг хувийн мэдээлэл нууцлалгүй буюу нээлттэй байх нь төрөл бүрийн гэмт хэрэг, садар самуунд уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг үүсгэдэг. Мөн зарын вэб сайтуудад төрөл бүрийн танилцах зарыг тодорхой шалгуургүйгээр байрлуулах нь биеэ үнэлэх, садар самуунд уруу татагдах зэрэг эрсдэлийг үүсгэдэг.

Дээр дурдсан сөрөг нөлөөг багасгах буюу цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд эрх зүйн болон зохион байгуулалтын үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж, хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс цахим орчинд хүүхдийг хамгаалах эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

Монгол Улсын хувьд “Хүүхдийн эрхийн тухай” хууль бүх төрлийн орчинд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад үйлчилнэ. Тус хуулиар хүүхдийн эрх, үүргийг тогтоосон төдийгүй хүүхдийг хамгаалах үүргийг дараах этгээдэд хүлээлгэсэн. Үүнд: 

- Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн төв болон орон нутгийн байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах олон нийтийн байгууллага.

Хүүхдийг хамгаалах үүрэгтэй этгээд олон байгаа ч тэдний зүгээс цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх эрх зүйн бие даасан, боловсронгуй зохицуулалт Монгол Улсад дутагдалтай байна. 

Цахим орчин гэдэгт интернэтийг төлөөлүүлж болох бөгөөд интернэт нь цахим орчныг дангаараа төлөөлөхгүй[3]. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт интернэт хамаарах уу гэсэн асуултад энэ чиглэлийн олон судалгааны бүтээлд интернэт нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин цагийн нэг төрөл гэж үзэх хандлагатай[4] байна.

Эндээс харахад Монгол Улсын хувьд цахим хуудас /вэб сайт/ нь олон нийтэд редакторласан мэдээлэл тогтмол түгээдэг бол түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх бөгөөд цахим хуудас нийтлэлж, нэвтрүүлсэн зүйлийнх нь улмаас бусдын эрх, ашиг сонирхолд халдсан буюу гэм хор учруулсаны төлөө хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлтэй байна. Ингэж хариуцлага хүлээлгэх асуудал нь агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй байх заалттай зөрчилдөхгүй.

Хүүхдүүдийн хувьд вэб сайтаар чөлөөтэй зорчих бололцоотой байгаа энэ үед зар сурталчилгааны хэлбэртэй хүчирхийлэл, садар самуун агуулгатай байнга тулгарч, түүнийг унших, үзэх зэргээр хэрэглэх орчин нэгэнт бүрэлдсэн байна. 

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5.1-т зааснаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр /интернэтээр/ садар самууныг сурталчлахыг хориглоно. Мөн 8.1.3-т зааснаар 18 насанд хүрээгүй хүнд эротик кино, дүрс бичлэг, бусад үзвэрийг үзүүлэхийг хориглоно.

Тамхины хяналтын тухай хуулийн 8.1.1-т зааснаар тамхи болон тамхины үйлдвэрийн нэр, тэмдэг, түүнтэй холбоотой зураг ашиглах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл /интернет/-ээр сурталчлахыг хориглоно.

Эрүүгийн хуулийн 25-р бүлэгт компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилсан. Тодруулбал, уг бүлэг нь хүүхдийн компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалсан байна. 

Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолын 2-р хавсралтаар “МАБ-ыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан. Тус төлөвлөгөөнд “Хүүхдийг интернэтийн орчинд хамгаалах арга хэмжээг авах, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч болзошгүй эрсдэл, аюулын талаар мэдээлэх, агуулгад хяналт хийх (2010-2015 он)” гэж тодорхойлсон. 

Үүний үр дүнд хүүхэд интернэтийн орчинд аюулгүй суралцах боломж бий болно. Хариуцсан байгууллага нь МШХХТГ, МХЕГ бөгөөд шалгуур үзүүлэлт нь интернэтийн орчинд хүүхдийг хамгаалах мэдээллийн болон сурталчилгааны арга хэмжээний тоо байх юм. Гэхдээ дээрх төлөвлөгөөнд хүүхдийг интернэтийн орчин буюу цахим орчинд хамгаалах арга хэмжээг тусгайлан зааж өгөөгүй бөгөөд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар хэрхэн болзошгүй эрсдэл, аюулын талаар мэдээлэх, агуулгад хяналт хийх талаар заавар, зөвлөгөөг орхигдуулсан тул хэрэгжилтийг үнэлэхэд бэрхшээлтэй байна. Нөгөө талаар эрх зүйн зохицуулалттай хамт технологийн мэдлэг, чадвар олгох үйл ажиллагаа уялдаагүй явж байгаа байдал харагдаж байна.

Дээрх зохицуулалтын хүрээнд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар агуулгад хэрхэн хяналт хийх талаарх арга зам, зааврыг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, мэдээллийн технологийн мэргэжилтэнээс авах шаардлагатай. 

ХХЗХ-ны 2011 оны 08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журам нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Гэхдээ тус журмыг хэрэгжүүлэхийн тулд Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс холбогдох бусад байгууллагыг татан оролцуулах, идэвхижүүлэхгүйгээр үр дүнгүй юм. 

Тухайлбал, Оюуны өмчийн газар, Эротикийн сурталчилгаанд хяналт тавих зөвлөл, ШӨХТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ТЕГ, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Хүүхдийн төлөө үндэсний газар, ҮАБЗ-ийн Ажлын алба өөрсдийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журмаас гадна “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.

Дээрх байгууллагууд зөвхөн хоорондоо, Монголдоо ажиллах нь монгол хэл дээрх хортой контенттой тэмцэхэд үр дүнтэй байж болох ч дэлхий нийтийг бүрхсэн сүлжээнд бусад хэл дээрх контенттой тэмцэхэд хангалтгүй. Цахим хуудас дахь хууль бус, хортой контентын талаар харилцан мэдээлэл өгөх, хамтран хууль сахиулах зорилгоор улс хоорондын шуурхай INHOPE сүлжээг бий болгосон байна.[5] Монгол Улсын хувьд тус холбооны гишүүн болох буюу хамтран ажиллах нь хүүхдэд ээлтэй, аюулгүй интернэт орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр байх болно. 

[1] Two-thirds of Users Encountered Content Dangerous to Children on the Internet in 2014 http://www.kaspersky.com/about/news/business/2015/Two-thirds-of-Users-Encountered-Content-Dangerous-to-Children-on-the-Internet-in-2014

[2] МУИС-ийн НШУС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн судалгааны баг. “Мэдээллийн хэрэгслийн хүүхдийн хүмүүжилд үзүүлэх нөлөө” төслийн судалгааны тайлан. УБ., 2011. 39 дэх тал

[3] Strate, Lance (1999). "The varieties of cyberspace: Problems in definition and delimitation". Western Journal of Communication 63 (3): 382–3.


[5] International association of internet hotlines http://inhope.org/gns/home.aspx

No comments: