Search This Blog

2015-03-24

Интернэт дэх сэтгэгдлийн эрх зүйн зарим асуудал



2012 оны нэгэн судалгааны үр дүнд бичсэнээр, нэргүйгээр буюу хуурамч нэрээр бичигдсэн сэтгэгдэл нь тодорхой нэр, хаягтай этгээдийн бичсэн сэтгэгдлээс илүү догшин, сөрөг байдаг байна[1]. Аризонагийн их сургуулийн профессор Kate Kennski-гийн удирдсан өөр нэг судалгаагаар, бүх онлайн сэтгэгдлийн 15-20 хувь нь хараал хэлсэн сэтгэгдэл байдаг байна.[2]

Профессор Jonah Berger-н 2012 оны судалгаагаар, хүмүүс зар сурталчилгаанаас илүүтэйгээр хүмүүсийн бусаддаа хэлсэн, ярьсан зүйлд илүү итгэдэг байна[3].

Эндээс харахад худал мэдээлэлтэй сэтгэгдлийг уншсан этгээд түүнийг дагах буюу хүлээн зөвшөөрвөл ямар сөрөг үр дагавар гарч болохыг төсөөлж болохоор байна. Ялангуяа, эмчилгээ, эмийн үйлчилгээний талаарх сэтгэгдлүүд бусад хүнд хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг бодоод үз дээ та.

Үүнтэй холбоотой ч байж мэднэ, зөвхөн интернэтэд сэтгэгдэл бичих, түүнийг уншихыг эсэргүүцсэн 40 мянган дагагчтай тивитэр хаяг ч байдаг байна.[4] Энэ хаягт сэтгэгдэл уншихын хор уршигийн талаар тогтмол бичдэг болохыг та харж болно.

Интернэтийн сэтгэгдлүүдийг унших, дүгнэхэд хэцүү байдаг. Гэвч бүх сэтгэгдэл хар бараа, хэрэггүй зүйл биш юм. Сэтгэгдэл дунд хэрэгтэй мэдээлэл, оновчтой санаа байх нь бий. Түүнийг хэрхэн илрүүлэх вэ гэдэг нь бүх сэтгэгдлийг устгахаас чухал асуудал юм. Үүнийг хэрхэн шийддэг юм бол? Үүнд мэдээж технологийн шийдэл байж таараа.

Тухайлбал, “Нью Йорк Таймс”-ийн хэрэгжүүлж буй сэтгэгдлийн систем нь “итгэмжлэгдсэн этгээд”-ийг зөвшөөрөх замаар бүтээлч, эерэг сэтгэгдэл бичигчийн сэтгэгдлийг шүүлтүүргүйгээр ил гаргах бөгөөд энэ нь мэдээ, сэтгэгдэл дэх уур амьсгалыг зөөлрүүлэх ач холбогдолтой байдаг.[5] Ингэж “итгэмжлэгдсэн сэтгэгдэл бичигч” болгохын тулд тухайн сэтгэгдэл бичигчийн фэйсбүүк дэх жинхэнэ нэр, зураг, байршлын мэдээллийг нь баталгаажуулдаг. Мэдээллийг нь баталгаажуулж болох фэйсбүүкээс өөр төрлийн сүлжээ бас байж болдог. Ийм “итгэлтэй түнш”-ийг түүний нэрний хажууд “баталгаажсан” гэх тэмдэглэгээгээр ялган таньж болно. Энэхүү систем нь сэтгэгдлийг уншсан этгээд түүнийг бусдад хуваалцах, түгээх боломж олгосон байдаг. Мөн тухайн сэтгэгдэлд мэдээний сэтгүүлч, сурвалжлагч өөрөө хариу бичих боломжтой.

Сэтгэгдлийг зохицуулах өөр нэг арга бол, “Reddit”-ийн санал болгодог систем юм. Уг систем нь сэтгэгдлийг “сайн”, “муу” гэх мэт чанараар нь ангилдаг бөгөөд үүний үр дүнд сэтгэгдэл хэлбэрээр бичигдсэн сонирхолтой хэлэлцүүлгүүд эхний ээлжинд буюу ил харагдах бөгөөд олон зуун сэтгэгдэл дундаас тэдгээр сэтгэгдлийг хайж олох гэж цаг үрэхгүй байх давуу талтай[6].

Энэ мэтээр, мэдээллийн агентлагууд өөрийн цахим хуудаст сэтгэгдэлтэй холбоотой бодлого, үйл ажиллагаагаа маш ойлгомжтойгоор тайлбарлаж бичсэн байдаг.

Тухайлбал, BBC агентлагийн зүгээс уншигч, сэтгэгдэл бичигч нарт зориулж сэтгэгдэл бичих, сэтгэгдлийг зохицуулах болон сэтгэгдлийг редакцийн зүгээс устгасан тохиолдолд хэрхэн гомдол гаргаж болох вэ гэх мэт асуудлыг энгийн асуулт, хариултын хэлбэрээр тайлбарлан бичсэн байна[7]. Эдгээр асуулт, хариулттай танилцаад үзээрэй. Эндээс сэтгэгдэл гэж юу болох, түүнийг хэрхэн зохицуулдаг талаар төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн бодлогод сэтгэгдлийн асуудал хэр чухал болохыг бүрэн мэдэж авах боломжтой байна.

Нөгөө талаар сэтгэгдлийг зохицуулах гэж оролдох нь өнөө цагт тохиромжгүй асуудал гэж үздэг хандлага байх бөгөөд түүний нэг жишээ нь Ройтерс агентлаг юм. 2014 оны 11-р сараас эхлэн тус агентлаг өөрийн цахим хуудас дахь мэдээ, мэдээлэлд сэтгэгдэл бичүүлэхийг бүр мөсөн зогсоосон байна. Гэхдээ тус агентлаг өөрийн фэйсбүүк, тивитэр дэх хуудаст мэдээ, мэдээллийнхээ холбоосыг түгээж байх бөгөөд түүнд нь сэтгэгдэл бичих боломжтой юм.[8] Энэ нь нэг талаар фэйсбүүк, тивитэр зэрэг бүртгэлтэй хаягаар сэтгэгдэл бичих нөхцөл болж байгаа бөгөөд сэтгэгдэл бичигчийн хариуцлагыг дээшлүүлж байгаа хэрэг юм. 

Энэ мэт сэтгэгдлийг зохицуулах програм хангамжийн тухай ярихад хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэх шүүмжлэл ямагт дагалдаж байдаг. Хэдийгээр хүн бүр үзэл бодлоо хил хязгааргүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 29-р зүйлийн 2-т зааснаар хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон хязгаарлалтыг баримтлах ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж зааснаас мөн харж болно.

Ийнхүү уншигч-иргэдийн хувьд үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироох, нийгмийн хэв журмыг гажуудуулах сэтгэгдэл бичихгүй байх үүрэгтэй төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд мөн адил үүрэг хүлээнэ.
Тодруулбал, Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийн доорх сэтгэгдэл нь хүчирхийлэлд уриалсан, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг илэрхийлсэн бөгөөд түүнийг редакцийн зүгээс устгахгүй байх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байгаа хэрэг юм[9].

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй зүй бус сэтгэгдлийг хязгаарлах зохицуулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгад хязгаарлалт тогтоосон буюу сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад болсон гэж үзэхгүй. Зөвхөн уншигчийн сэтгэгдэл бичих эрхийг хууль тогтоомжид заасан үндэслэлээр хязгаарлах нь тухайн мэдээ, мэдээлэлд хяналт тавьж байгаа хэрэг биш юм.



[1] - Anonymity in Computer-Mediated Communication: More Contrarian Ideas with Less Influence. http://link.springer.com/article/10.1007%2Fs10726-012-9318-2
- The Psychology of Online Comments BY MARIA KONNIKOVA Oct 23, 2013
http://www.newyorker.com/tech/elements/the-psychology-of-online-comments

[2] Most Comments Are Horrible—Sites Look for Ways to Make Them Better. Article. 07.16.12 http://www.thedailybeast.com/articles/2012/07/16/most-comments-are-horrible-sites-look-for-ways-to-make-them-better.html

[3] The Danger of Reading the Comments /People trust supposedly credible online sources even for health decisions/ By Betsy Woodruff http://www.slate.com/articles/health_and_science/medical_examiner/2015/01/internet_comment_credibility_study_vaccine_decisions_influenced_by_online.html

[5] New York Times overhauls comment system, grants privileges to trusted readers  Published Nov. 30, 2011, updated Nov. 24, 2014 http://www.poynter.org/news/media-innovation/154615/new-york-times-overhauls-comment-system-grants-privileges-to-trusted-readers/

[6] More Than a Decade In, and Internet Comments Continue to Be Terrible. REBECCA J. ROSEN Dec 2 2011 http://www.theatlantic.com/technology/archive/2011/12/more-than-a-decade-in-and-internet-comments-continue-to-be-terrible/249379/

[7] http://www.bbc.co.uk/social/moderation/faqs/commenting#faqitem-4-3

[8] Editor’s note: Reader comments in the age of social media By Reuters. November 7, 2014 http://blogs.reuters.com/great-debate/2014/11/07/editors-note-reader-comments-in-the-age-of-social-media/

[9] Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.4-т зааснаар “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.” 

Read more...

2015-03-22

Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүйн асуудал, түүний онцлог

Монгол Улсад үйл ажиллагаа идэвхитэй явуулж байгаа нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо тогтмол нэмэгдсээр байна.[1] Сонин, сэтгүүл, радио, телевиз бүр өөрийн вэб сайттай байгаа гэж үзвэл энэ тоо нэлээд өснө. 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргадаг статистик тайлангаас харахад манай улсын интернет хэрэглэгчдийн тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 сая гаруй болж өмнөх оноос 28%-аар өссөн байна. Тэгэхээр энэ хэрээр вэб сайтууд хэрэглэгчид хүрч байна гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрх бүрт хүрч мэдээлэл хүргэж байна.

Тэгвэл мэдээ мэдээллийн вэб сайт буюу цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн нэгэн адил хууль дүрэм журамд хамрагдах ёстой юу, сэтгүүлчид хэр ёс зүйтэй байна вэ?

Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчимд[2] Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалттай адил агуулга бүхий үүргийг дагаж мөрдөхийг сэтгүүлчдэд үүрэг болгосон.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн З.1-т зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хүлээх үүргийг тусгасан байна. Тодруулбал, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглодог.

Үүнээс гадна шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно.

Тодорхой тохиолдол авч үзье. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон тухайн мэдээний дор уншигчдын бичсэн сэтгэгдлээр[3] иргэн Г.А нь хүний амь нас хөнөөсөн гэгдэж байсан бөгөөд олон нийтийн зүгээс түүнийг алуурчин гэж жигшин зэвүүцэж байсан юм. Харин Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.05-ны өдрийн Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.А-г хохирогчийг зодож, бие махбодид нь гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна[4].

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс “шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно” гэсэн заалт, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зарчмаа зөрчиж байгаа нь энэхүү жишээнээс харагдаж байна.[5]

Энэ нь зөвхөн сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зөрчил болоод зогсохгүй, шүүхээр шийдвэрлэж гэм бурууг тогтоогоогүй асуудлаар олон нийтийг айдаст автуулах, бухимдуулах, хүчирхийллийг сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан шинжтэй зүйл болж байгаа юм.

Цахим хэвлэл мэдээллийн онцлог нь тухайн мэдээний доор уншигч сэтгэгдэл бичих боломж олгодог явдал юм. Тухайн мэдээний доорх сэтгэгдэл, олон нийтийн цахим хуудас дахь тархалт[6] шууд нөлөөлж байна. 

Уг асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралт “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-ын 6.2-т вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид тавигдах нөхцөл, шаардлагаар зохицуулж байна[7]. Тус журмын 6.2.6-д зааснаар вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь “хэрэглэгч дурын нэр /username/, имэйл хаягаар логин хийж сэтгэгдэл үлдээх боломжийг бүрдүүлнэ”.

Дэлхийд нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох “CNN”[8], “The New York Times”, “Huffington Post”-ын хувьд хэрэглэгч тухайн мэдээллийн талаар санал, сэтгэгдэл хуваалцахдаа хувийн бүртгэлээр[9] логин хийж ордог байхаар зохицуулдаг байна. Ингэхдээ энэ талаар өөрийн үйлчилгээний нөхцөлд тусгаж, журамласан байна[10] 

Энэ талаар CNN агентлагийн үйлчилгээний нөхцөл дээр жишээ авч тодруулая. Та тухайн мэдээ, нийтлэлийг бусадтай хуваалцах, сэтгэгдэл бичих, бусад хэлбэрээр тухайн мэдээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийн тулд өөрийн фэйсбүүк, твиттэр, гүүгэл, линкэдиний аль нэг бүртгэлээр нэвтрэн орох шаардлагатай. Хэрэв эдгээр хувийн бүртгэлийг ашиглахыг хүсэхгүй бол тухайн цахим хуудаст зориулсан бие даасан бүртгэлтэй байх шаардлагатай. Ийм бүртгэлтэй болохын тулд СNN агентлагийн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон АНУ-ын мэдээлэл хайх, цуглуулахад зөвшөөрөл өгөхтэй холбоотой хууль, зохицуулалтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой бөгөөд таны хувьд бүртгүүлсэн мэдээллийг нь ашиглах, цуглуулах, хадгалахыг уг үйлчилгээнд бүртгүүлсэнээр зөвшөөрч байгаа хэрэг юм[11]

Эндээс харахад, хувийн мэдээллээ тодорхой хэмжээнд задруулан байж сэтгэгдэл бичих буюу мэдээллийг түгээж буй уншигчийн хувьд тухайн мэдээтэй холбоотой асуудлаар хууль зөрчих буюу зөрчихөөр завдах явдал багасах боломжтой байна.

Иймд Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхийн түвшинд хүрч ажиллах, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг бүрэн хэрэгжүүлж хэвшихийн тулд мэдээллийн үнэн, бодит байдалд анхаарахаас гадна олон нийтэд тухайн мэдээ яаж нөлөөлөх, түүнээс гарах сөрөг үр дагавар ямар байх талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүний тулд технологийн арга хэрэгслийг үр дүнтэй ашиглах нь зүйтэй гэж үзэж байна.


[1] “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ. 2008-2011 онд Монгол улсад үйл ажиллагаа идэвхитэй явуулсан мэдээллийн хэрэгслийн тоо http://www.journalism.mn/content/43044.shtml 2015.03.03
[2] 2005 оны 3-р сарын 11-ний өдөр хуралдсан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II Их хурлаар “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ыг баталсан байна. http://www.journalism.mn/content/35407.shtmlМөн “Монголын Хэвлэл, мэдээллийн зөвлөл”-ийн цахим хуудаст Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчмын одоогийн хувилбар, шинэчилсэн найруулга, түүний тайлбарыг оруулсан байна. 2014-12-17.
[3] ...Г.А гэгч залуу өөрийн найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож улмаар амийг нь хөнөөсөн гэх хэрэг одоогоос нэг жилийн өмнө гарсан юм.... http://www.eagle.mn/content/read/25858.htm 2014.12 .01
[4] Монгол Улсын шүүхийн цахим сан. Хэргийн индекс: 105/2014/0907/э http://www.shuukh.mn/eruuanhan/6653/view
[5] Энэхүү дүгнэлт нь шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд давж заалдаж гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд талууд энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарна.
[6] Introducing new Like and Share buttons by Ray C. He - November 7, 2013.https://developers.facebook.com/blog/post/2013/11/06/introducing-new-like-and-share-buttons/
[7] “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”. Уг журамд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 18 дугаар тогтоол, 2014 оны 40 тоот тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан http://crc.gov.mn/file/newfile/togtool-2014-40.pdf
1. mashable; 2. Cnnbrk; 3. Nytimes; 4. TechCrunch; 5. TheEllen Show; 6. Huffington Post; 7. CNN
[9] Үүнд email, facebook, twitter, linkedin зэрэг олон нийтийн цахим сүлжээний бүртгэл хамаарна.
[11] CNN will use the information you submit in a manner consistent with our Privacy Policy. By clicking on "sign up" you agree with CNN's Terms of Service and Privacy Policy and consent to the collection, storage and use of this information in the U.S. subject to U.S. laws and regulations. For our international users, please be aware that the information you submit when registering for our services is collected in the United States of America. In addition to being subject to our Privacy Policy, the collection, storage, and use of your data will be subject to U.S. laws and regulations, which may be different from the laws and regulations of your home country. By registering for this service, you are consenting to this collection, storage, and use.

Read more...