Search This Blog

2015-02-24

Цахим орчны контентын зохицуулалт

Харилцаа холбооны зохицуулах хорооны /ХХЗХ/ хувьд хуульд заасан эрх бүхий байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд контентийнзохицуулалтын асуудлаар хамтран ажиллаж байгаа явдлыг иргэд, олон нийтийн зүгээс ХХЗХ дангаараа контентийн цензур тавьж, интернэтийн эрх чөлөөг хязгаарлаж буй мэтээр өрөөсгөл ойлгох байдал ажиглагддаг.
Цахим орчны контентийн зохицуулалтын талаарх олон төрлийн санаачилга, арга зам байдаг. Манай улсын хувьд энэ талын маргаан, мэтгэлцээн, санаачилга 2010 оноос эрчимжсэн бөгөөд өдгөө зохицуулалт нь тодорхой болж уг харилцаанд оролцогч талуудын харилцааг зохицуулаж байна.
Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам”-ыг боловсронгуй болгох зорилгоор тус хорооноос “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалт” нэртэй журмын төсөл боловсруулан 2011 оны 01 дүгээр сард  мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, тэдгээрийн төлөөлөлд танилцуулж, сонирхлын бүлгүүдийн саналыг авах уулзалт зохион байгуулж байсан. Үүний өмнө 2010 онд  “Монголын вэб сайтын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” нэртэй семинар тус хорооны  хурлын танхимд болсон. Үүгээр “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам”-ыг танилцуулж, боловсронгуй болгохтой холбоотой санал авсан.  
            Үүнээс хойш Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралтаар “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” батлагдаж, тус хорооны 2012 оны 18 дугаар тогтоол, 2014 оны 40 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон  Уг нөхцөл, шаардлагатай Хорооны цахим хуудсаас танилцаж болно.      
Ингээд цахим орчны контентийн талаарх Монгол Улсын зохицуулалтыг бусад өндөр хөгжилтэй улсынхтай харьцууланхүрээнд үүсдэг бэрхшээл, түүнийг шийдвэрлэдэг байдлыг  авч үзье.
Асуудлын мөн чанар
Контентийг бүтээж, түгээх, сурталчилахад Монгол Улсын холбогдох хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдлөг болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор контентийг зохицуулдаг. Энэ нь контент бүтээх, түгээхийг хориглосон явдал биш бөгөөд контентийн үр дагаврыг зохицуулахад чиглэдэг юм. Өөрөөр хэлбэл, таны бүтээх, түгээх контент нь хуульд нийцсэн, сөрөг үр дагаваргүй байх шаардлагатай.
Хууль бус болон хортой контент
Олон улсын туршлагаар хуулиар хориглосон агуулгыг хууль бус болон хортой контентид хамруулах бөгөөд дараах ерөнхий чиглэлтэй байна.
  • -          Үндэсний аюулгүй байдлыг хангах (жишээ нь, тэсрэх бөмбөг хийх заавар, хууль бус мансууруулах бүтээгдэхүүн, террорист үйл ажиллагаа);
  • -          Цөөнхийг хамгаалах (жишээ нь, хүчирхийлэл, садар самуун, маркетингийн аливаа хэлбэрээр цөөнхийг доромжлох);
  • -          Хүний эрхэм чанарыг хамгаалах (жишээ нь, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах буюу түүнийг өдөөн турхирах);
  • -          Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах (жишээ нь, залилан, зээлийн картын мэдээллийг хулгайлах заавар);
  • -          Мэдээллийн аюулгүй байдлыг хангах (жишээ нь, хорлон сүйтгэх хакердалт);
  • -          Нууцлалын хамгаалалтыг бэхжүүлэх (жишээ нь, хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй дамжуулах, цахим харилцаагаар дамжуулан дарамтлах);
  • -          Нэр хүндийг хамгаалах (жишээ нь, гүтгэлэг, өрсөлдөгч бүтээгдэхүүнээ гутаах чиглэлийн хууль бус зар сурталчилгаа );
  • -          Оюуны өмчийг хамгаалах (жишээ нь, програм хангамж, хөгжим зэрэг зохиогчийн эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр түгээх).
Харин Монгол Улсын хувьд “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-аар хууль бус контент болон хортой контентид дараах чиглэлийг хамааруулсан. Үүнд:
  • -          Садар самуун явдал; 
  • -          Хүчирхийлэл; 
  • -          Хууль бус зар сурталчилгаа; 
  • -          18-аас доош насныханд хориотой контент; 
  • -          Ёс зүйгүй хэллэг;
  • -          Оюуны өмчийн эрхийн зөрчил.
Дээр дурдсан чиглэлийг дараах хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтаар тодруулсан байна. Үүнд:
  • -          Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль,
  • -          Эрүүгийн хууль,
  • -          Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль,
  • -          Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль,
  • -          Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль,
  • -          Зар сурталчилгааны тухай хууль,
  • -          Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль,
  • -          Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль,
  • -          Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль,
  • -          Их хурлын сонгуулийн тухай хууль,
  • -          Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал.
Хууль бус, хортой контентийн эсрэг төрийн байгууллагын авах арга хэмжээ
Харилцаа холбооны зохицуулах хороо  хууль бус болон хортой контенттой холбоотой хяналтыг хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгслийг ашиглана:
  • -          интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд хүүхдэд зүй бус контентийн хязгаарлалт буюу шүүлтүүртэй интернэтийг хэрэглэгчдэд санал болгож ажиллахыг үүрэг болгох,
  • -          вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд хэрэглэгчийн ёс бус сэтгэгдлийг устгах боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгох,
  • -          хэрэглэгч, байгууллагын өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийх,
  • -          үйлчилгээ эрхлэгчдээс шаардлагатай мэдээ, тайлан гаргуулах;
Харин “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-д дурдсан агуулгын хяналтыг холбогдох хуульд заасан эрх бүхий хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. Энэхүү эрх бүхий байгууллага гэдэгт Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ,Цагдаагийн ерөнхий газар, Хүүхдийн эрхийн байгууллага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Тагнуулын ерөнхий газар хамаарна.
  •  
  •             Дээрх эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хууль, тогтоомж зөрчсөн тухай албан ёсны шийдвэр, дүгнэлтийг үндэслэн дор заасан тодорхой арга хэмжээ авахыг контентийн агрегатор, вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ. Үүнд:
  • -          энэ талаар мэдэгдсэнээс хойш 24 хүртэлх цагийн дотор, шаардлагатай гэж үзвэл нэн даруй уг зөрчлийг арилгах арга хэмжээ авч хариуг мэдэгдэх,
  • -          хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол зөрчил арилтал контент агрегаторын үйлчилгээг зогсоох болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлаж Зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх,
  • -          эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн тухайн веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлэхгүйгээр веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарлах,
  • -          гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлэх,
  • -          контент агрегатор, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглах.
Өөрийгөө зохицуулах арга зам
Дээр дурдсанаас харахад, контент агрегатор, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь ХХЗХ-ноос тавьж буй шаардлагыг хангах, хүлээлгэж буй үүргийг биелүүлэхийн тулд өөрийн үйлчилгээний нөхцөлдөө хууль бус болон хортой контентийн эсрэг авах арга хэмжээг тусгаж, үйлчлүүлэгч нараараа мөрдүүлэх ёстой болж байна. Энэ хүрээнд асуудлыг хэрхэн, яаж шийдэх нь ерөнхийдөө тухайн контент агрегатор, интернэтийн үйлчилгээ эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал болж байгаа юм. Үүнийг “Үйлчилгээний нөхцөл”-д тодорхой тусгах шаардлагатай. Харин “Үйлчилгээний нөхцөл”-ийг боловсруулах, мөрдүүлэхдээ хууль тогтоомж зөрчихгүй байх, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстойг контент агрегатор, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нар онцгой анхаарах шаардлагатай.
Үүний тулд “Үйлчилгээний нөхцөл”-өө тогтмол шинэчлэх, энэ тухай үйлчлүүлэгч нар болон ХХЗХ-нд тухай бүр мэдэгдэж байх нь үр дүнтэй арга юм.



“Контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээгдэхүүн бөгөөд дараахь зүйлс хамаарахгүй.Үүнд: Цахим шуудан, балк болон спам захидал; Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, Айпи телефон яриа гэх мэт)[1].
Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол http://crc.gov.mn/main.php?cid=2&do=6&did=327
Дараах нийтлэлийн бүтцэд тулгуурлав.  Internet content regulation /UK government and the control of internet content/ by Yaman Akdenizhttp://www.cyber-rights.org/documents/clsr17_5_01.pdf

How Countries Are Regulating Internet ContentPeng Hwa Ang /tphang@ntu.edu.sg/. Nanyang Technological University Singapore.https://www.isoc.org/inet97/proceedings/B1/B1_3.HTM

 

Terms of use; terms and of use and condition; terms of service. http://en.wikipedia.org/wiki/Terms_of_service

No comments: