Search This Blog

2014-02-08

“Creative commons” – н талаарх Монгол Улсын эрх зүйн зохицуулалт


Creative commons” буюу “CC” гэдгийг түүний Монгол дахь салбарын цахим хуудаст “бүтээлч хамтын өмч” гэж тодорхойлсон байна[1].  Харин энэ нийтлэлд “СС”-ыг ашиглалтын онцлогоор нь “интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн таних тэмдэг” гэж хэрэглэе.

Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 3.1.14-т “эрх эзэмшигчийн таних тэмдэг”-ийн талаар тодорхойлсон бөгөөд үүнийг интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн тэмдэглэгээний талаар мөн тодорхойлсон гэж үзэж болох юм.


Тодруулбал, “эрх эзэмшигчийн таних тэмдэг” гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг  ашиглах нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн  мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг ойлгоно.
“СС” манай улсад нэвтрэх, хэрэглэгдэхээс өмнө дээр дурдсан “эрх эзэмшигчийн таних тэмдгийг бид дараах байдлаар, хязгаарлагдмал хүрээнд ойлгож, хэрэглэж байв. Үүнд:
“© Л.Галбаатар. “Цахим эрх зүй”. УБ., 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нийтлэх, түгээх, интернэтэд байршуулах аливаа оролдлогыг хориглоно.”
Энэ нь цаасан суурьтай бүтээлд хэрэглэж ирсэн зохиогчийн эрхийн таних тэмдэг, түүний тайлбар юм.
Харин дараах шалтгаан, нөхцлөөр интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн таних тэмдгийг түүний тайлбарын хамт хэрэглэх нөхцөл бий болж, ашиглалтын хүрээ олон улсын хэмжээнд[2] төдийгүй Монгол Улсад[3] нэмэгдсээр байна. Үүнд:
-      интернэтэд зохиогчийн эрхийн бүтээлийг байршуулах,
-      зохиогчид өөрийн бүтээлийг түгээн тараах, түүний үндсэн дээр хүлээн зөвшөөрөгдөх
- албан болон албан бус боловсролын салбарт хүний нөөц, сурах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор интернэтэд бүтээлээ түгээх
-     зохиогчоос бүтээл ашиглахтай холбоотой зөвшөөрөл авах үйл ажиллагааг хялбарчлах буюу интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн тэмдэглэгээгээр дамжуулан зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах зөвшөөрөл олгох буюу хориглох.
Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 9.3-т зааснаар “Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй” бөгөөд интернэтэд энэхүү эрх “CC”-оор дамжин хэрэгжинэ.
           
Тус хуулийн 26.1.3-т зааснаар Оюуны өмчийн газар зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, зохиогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд  чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй.
Энэ хүрээнд Оюуны өмчийн газар “СС”-ыг хэрхэн ашиглах, түүнтэй холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулах үүргээ хэрхэн гүйцэтгэж буй талаар албан ёсны баримт бичиг, мэдээлэл одоогоор гараагүй байна.[4]
            Олон улсын хэмжээнд “СС” нь зохиогчийн эрх зүйн нэг судлагдахуун болж хүлээн зөвшөөрөгдсөн[5] болохыг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас хариуцан зохион байгуулдаг оюуны өмчийн эрх зүйн магистрын болон зуны сургалтын хөтөлбөрүүдийн хичээлийн агуулгаас харж болно. Тодруулбал, ДОӨБ-Квинсландын Технологийн их сургуулийн хамтарсан 2014 оны “Оюуны өмчийн эрх зүйн магистрын хөтөлбөр”-т “СС”-ын талаар багц хичээл багтсан байна.

            Эндээс дүгнэхэд, “СС”-ын талаар Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуульд зохицуулсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх байгууллага нь Оюуны өмчийн газар болно.

            Иймд Оюуны өмчийн газраас “СС”-ыг Монгол Улсад хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх асуудлыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага, “СС”-ын Монгол дахь салбартай хамтран шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.





[1] http://creativecommons.mn/index.php?option=com_content&view=article&id=237%3Ahow-can-i-license-my-work&catid=63%3Ashowcase&lang=en
[2] http://creativecommons.org/about/history
[3] http://creativecommons.mn/index.php?option=com_content&view=article&id=242&Itemid=339&lang=en
[4] http://ipom.gov.mn/
[5] http://www.wipo.int/pressroom/en/articles/2013/article_0026.html

No comments: