Search This Blog

2012-12-02

Жиргээ ба зохиогчийн эрхийн зөрчил


Энэ сэдвээр бичих болсоны учир гэвэл, twitter.com буюу олон хүний нэрлэж заншсанаар “жиргээ”-г хэрэглэгч зарим залуу жиргээгээрээ дамжуулан зохиогчийн эрхийг зөрчих, түүнийгээ зөв зүйл хийсэн гэж төөрөгдөх байдал илтэд мэдэгдэх болсонтой холбоотой юм.
Иймд санаатай болон санамсаргүйгээс үл хамааран ямар төөрөгдөл залуусыг жиргээгээр зохиогчийн эрхийг зөрчихөд хүргэж байгааг дараах хүснэгтээр харуулж байна. 
Төөрөгдөл
Залруулга
1
Жиргээ нь хувийн орон зай мөн. Жиргээнд зохиогчийн эрхийн бүтээлийг амины хэрэгцээгээр ашиглаж байгаа тул түүнд зохиогчийн эрхийн зөрчил гэж байх ёсгүй.
Ингэж төөрөгдөж буй залуус жиргээгээ “түгжээгүй”, нэгээс олон дагагч (follower)-тай байгаа бөгөөд миний хэлэх залруулга бол “Жиргээ нь олон нийтийн газар” юм.
Иймд жиргээгээр бусдын зохиогчийн эрхийн бүтээл (шүлэг, утга зохиолын бусад бүтэл)-ийг зохиогчоос зөвшөөрөл авалгүйгээр бичиж, дагагч нартаа уншуулж байгаа нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол Улсын хуулийн 12-р зүйлийн 12.2, 12.3.-т заасан “Зохиогч нь бүтээлийг утсан болон утасгүй холбоогоор нийтэд түгээх үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй. Бүтээлийг нийтлэх, түгээх эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ” гэсэн зохицуулалтыг зөрчиж байна.
2
Жиргээ нь АНУ-д бүртгэлтэй компанийн бүтээгдэхүүн тул түүнд Монгол Улсын хууль үйлчлэхгүй.
Жиргээнд Монгол улсын хууль үйлчилнэ.
АНУ болон Монгол Улс нь Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын бусад гэрээ, конвенцид нэгдэн орсон эрх тэгш, хамтын ажиллагаатай, адил зохицуулалт бүхий улс орнууд юм.
3
Худалдаж авсан номынхоо шүлэг, бүтээлийг жиргээнд бичих бүрэн эрхтэй.
Худалдаж авсан ном хэмээх биет нь зүйл нь түүнийг худалдаж авсан этгээдийн өмч бөгөөд номонд агуулагдаж буй утга зохиол, урлагийн бүтээлийн ашиглалттай холбоотой аливаа эрх нь зөвхөн түүнийг туурвисан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид хадгалагдана.
4
Зохиогчийн эрхийн тэмдэглэгээ нь зохиогчийн хүсэл зоригийг илэрхийлдэггүй, “үхмэл үгс”.
Зохиогчийн эрхийн тэмдэглэгээг тухайн ном, бүтээлийн эхний хуудаснаас уншиж болох бөгөөд тэнд буй “Зохиогчийн эрх © 2010, Л.Галбаатар.
Оюуны өмчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан. Эшлэх, хувилах, цахим сүлжээнд оруулах, санааг өөр бүтээлд ашиглах аливаа оролдлогыг хатуу хориглоно” гэсэн загвараар бичигдсэн үгс нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.3-т зааснаар зохиогчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болно. Гэхдээ энэ нь зохиогчоос бичгээр зөвшөөрөл авсаны үндсэн дээр зохиогчийн бүтээлийг ашиглах эрхийг хөндөхгүй.
5
Ямар нэг байдлаар ишлэл авах нь зохиогчийн эрхийг зөрчсөнд тооцохгүй.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1, 24.2, 24.3-т зааснаар зөвхөн
-      ашиг олох зорилгогүй,
-      бүтээлээс багахан хэсгийг ашигласан,
-      бүтээлийн үнэ цэнийг алдагдуулаагүй
дор дурдсанаас бусад ишлэл нь зохиогчийн эрхийн зөрчилд тооцогдоно. Үүнд:
-      хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах,
-      эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах.
Ийнхүү ишлэл авч бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.
6
Хуулиар хориглосон зөрчил үйлдсэн ч ёс зүйн зөрчил үйлдээгүй бол түүнийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй
Хууль зүйн зөрчлийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэнэ. Онолын хувьд, ёс зүйн зөрчил нь хууль зүйн зөрчилтэй давхцахгүй байж болох ч, хуульд тусгагдсан ёс зүйг баримтлахгүй, хэн нэгний хийсвэрлэн бодож буй, бичигдээгүй ёс зүйгээр аливаа буруутай үйлдлийг зөвтгөх, хариуцлагаас мултрах гэх нь зохисгүй. Энэ нь орчин үеийн, ардчилсан нийгэмд бүдүүлэг хэрэг.
7
Тухайн зохиогчийн бүтээлийг эртнээс (багаасаа) yншсан, зохиогчийг зүс танидаг, зохиогчийн бүх номыг (оюутан байхдаа) худалдаж авсан байх нь зохиогчийн эрхийн бүтээлээс жиргээнд ашиглахдаа зохиогчоос зөвшөөрөл авах шаардлага бий болгохгүй.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.4.-т зааснаар “Зохиогч нь бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох эрхтэй”. Жиргээний талбар буюу 140 тэмдэгтээр зохиогчийн бүтээлийг хуваан бичих, алдаатай бичих зэргээр хувиргах, гажуудуулах нь зохиогчийн зөвшөөрөл шаардах үйлдэл мөн.
За тэгэхээр “төөрөгдсөөр” байгаа зохиогчийн эрх зөрчигчийн үйлдлийг Жиргээний түвшинд хэрхэн зогсоох вэ?
Тоон систем дэх зохиогчийн эрхийн хууль (DMCA), түүний 512-р зүйлд зааснаар зохиогчийн эрхийн зөрчлийг мэдээлэх шаардлагатай арга хэрэгслийг бий болгох, тэрхүү хэрэгслээр дамжуулсан гомдлыг хянан шийдвэрлэх үүргийг тухайн вэб сайтын үйлчилгээ үзүүлэгчид үүрэг болгосон. 
Тивитэр буюу жиргээний үйлчилгээ үзүүлэгч Twitter.com нь Зохиогчийн эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан аливаа зөрчлийн талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй. Ийм зөрчлийн жишээг дурдвал, жиргэгчийн танилцуулга, үндсэн дэвсгэр гэх мэт зураг тавьж болох аливаа талбарт бусдын зохиогчийн эрхтэй зургийг зөвшөөрөлгүйгээр авч ашиглах, зохиогчийн эрхээр хамгаалагдсан зургийг хуулбарлах, зохиогчийн эрх зөрчсөн материалын холбоос бүхий жиргээ бичих, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шүлэг, утга зохиолын бусад бүтээлийг 140 тэмдэгтээр таслан бичих байдлаар зохиогчийн эрхийн бүтээлийг хувиргах, гажуудуулах, өөрчлөх.
Харин таны болон танай байгууллагын нэр, брэндийн хууль ёсны ашиглалтыг зөрчсөн тохиолдол нь зохиогчийн эрхийн бус, “Барааны тэмдэг” (Trademark Policy)-ийн зохицуулалтад хамаарах юм.
Хүссэн хэн бүхэн зохиогчийн эрхийн зөрчлийн талаар мэдээлж болох уу? гэдэг асуулт урган гарах нь тодорхой. Зарчмын хувьд зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохиогчийн эрхийн зөрчлийг зогсоолгох, зохиогчийн эрхийг сэргээх шаардлага тавих эрхтэй. Гэхдээ бусад хүний хувьд дээр дурдсан хүмүүст мэдээлэл өгч туслах нь зүйтэй.
Зохиогчийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохын тулд зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон бусад мэдээлэл шаардлагатай. Үүнд:
-      Гарын үсэг (цахим гарын үсэг)
-      Мэдээлэлд дурдаж буй зохиогчийн эрхийн бүтээлийн тодорхойлолт буюу нотолгоо
-      Тивитэрийн вэб сайт, үйлчилгээнд байршиж буй зохиогчийн эрх зөрчсөн материал, жиргээний хаяг буюу холбоос (URL)
-      Зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо барих хаяг (утасны дугаар, цахим шуудан)
-      Зөрчил бүхий материал, жиргээг зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тийнхүү тивитэрт байршуулаагүй тухай мэдэгдэл
-      Зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн болох, түүнчлэн тивитэрт худал мэдээлэл өгөөгүй гэдгээ баталсан мэдэгдэл
За ингээд дээр дурдсан мэдээлэл бэлэн бол, Тwitter.com -н “Тусламжийн төв” хэсэг дэх “Зохиогчийн эрхийн зөрчлийг мэдээлэх” (Copyright Report- http://support.twitter.com/forms/dmca) хэсэгт зочилж зохиогчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хандах нь ээ.
Энд анхаарах зүйл бол, зохиогчийн эрх зөрчигдөөгүй болох нь тогтоогдвол уг асуудалтай холбоотой бусдад учруулсан аливаа хохирол (үйл ажиллагааны зардал, хуульчийн хөлс гэх мэт)-ыг хариуцан төлөх үр дагавар бий. Иймд зөрчлийг мэдээлэхдээ хянамгай байх, хуульчаас зөвлөгөө авах нь илүүдэхгүй.
Зөрчлийн талаарх мэдээллийг Тивитэр хэрхэн шийдвэрлэх вэ?
Зөрчлийн талаарх мэдэгдлийг хүлээн авангуутаа Тивитэрийн зүгээс зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид цахим шуудангаар энэ тухай мэдэгдэж хүсэл зоригийг нь баталгаажуулна.
Тивитэрээс цахим орчин дахь зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхийн зөрчил бүхий материал, жиргээг устгахаар шийдвэрлэвэл тийнхүү устгасны дараа зөрчил гаргасан этгээдэд энэ тухай мэдээлэл өгнө. Ингэж мэдээлж байгаа нь тухайн этгээдийг сөрөг нэхэмжлэл гаргах, давж заалдах эрхээр хангаж байгаа явдал юм. Хэрэв сөрөг нэхэмжлэл гарсан бол зохиогчийн эрх эзэмшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тивитэрт ажлын 10 хоногын дотор хариу тайлбараа ирүүлж, шийдвэрлүүлэх нь тохиромжтой.
Тивитэрээс зохиогчийн эрхийн зөрчил бүхий материал, жиргээг устгаснаар тухайн жиргээ нь зохиогчийн эрхийг зөрчсөн тул устгасан тухай товч мэдэгдлийг уг жиргээ байсан газарт байршуулж, олон нийтэд тайлбарлана.
Зохиогчийн эрхийг үргэлжүүлэн зөрчсөөр байвал, Тивитэрийн зүгээс зөрчил гаргагчийн үйлдлийг түр хугацаар хязгаарлах, дахин сануулах, тивитэр дансыг нь устгах хүртэлх арга хэмжээг авна.
Эцэст нь хэлэхэд, Тивитэрийн зүгээс санал болгож буй арга хэрэгсэл нь хуулийн зөвлөгөө юмуу эцсийн арга хэрэгсэл биш бөгөөд зохиогчийн эрхийг сэргээх хуульчлагдсан арга зам олон бий.

Read more...

2012-11-29

Цахим гэмт хэргийн төрөл


Энэ удаа Эрүүгийн хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах хуулийн төслүүд Улсын Их Хурлын Байнгын хороодод хэлэлцэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Эрүүгийн хууль бүх төрлийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэм хэмжээ байж чадах эсэхийг эргэцүүллээ.

А. Монгол Улсын эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” хэмээх 25-р бүлэг, 226-229-р зүйлд Цахим гэмт хэргийн зарим бүрэлдэхүүнийг хуульчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Үүнийг хүснэгтээр илэрхийлбэл,
226-р зүйл. Компьютерийн мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх

Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
1
226.1. Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж (-ийг)
өөрчилсөн,  эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн (бол)
Санаатай (-гаар)
-
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (цаашид “ХХДХ” гэх)-г 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
2 жил хүртэл хугацаагаар хорих
226.2.
Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн
Шунахайн сэдэлт
-
ХХДХ-г 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
-
3-5 жил хүртэл хугацаагаар хорих
227-р зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах

Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
2
227.1. компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл
зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсан
-
Бага бус хэмжээний хохирол
ХХДХ-г 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
2 жил хүртэл хугацаагаар хорих
227.2.
Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн
Шунахайн сэдэлт
Их буюу онц их хэмжээний хохирол учирсан
ХХДХ-г 100-250   дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
-
2-5 жил хүртэл хугацаагаар хорих
228-р зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
3
228.1. компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ
Хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан
-
-
ХХДХ-г 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
5 жил хүртэл хугацаагаар хорих
229-р зүйл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах
Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
4
229.1. компьютерийн мэдээлэл
Компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашигласан, тараасан
Зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилго
-
ХХДХ-г 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
100-200 цаг албадан ажил хийлгэх
1-3 сарын хугацаагаар баривчлах
229.2.
-
-
Их буюу онц их хэмжээний хохирол
ХХДХ-г 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сар
5 жил хүртэл хугацаагаар хорих

Эндээс харахад, Эрүүгийн хуульд тусгагдсан цахим гэмт хэрэг нь материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд халдлагын зүйлс нь:
  1. компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж
  2. компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл
  3. компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ
  4. компьютерийн мэдээлэл
Эрүүгийн хуулиар хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь иргэн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал байна.

Б. Олон улсын эрх зүйн зохицуулалт

2001.11.23-нд батлагдсан, 2004 оны 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон Цахим гэмт хэргийн тухай конвенц (Европын зөвлөл, Европын гэрээний цуврал, №185) нь цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын эрх зүйн зохицуулалт бөгөөд 2012.11.25-ны байдлаар тус конвенцийг соёрхон баталсан мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн хөгжлөөр тэргүүлэгч 37 улс, нэгдэн орсон соёрхон батлаагүй 10 улс байна.
Тус конвенцийг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзэж болно: http://conventions.coe.int/Treaty/Commun/QueVoulezVous.asp?NT=185&CL=ENG

Уг конвенцийн 2-10-р зүйлд цахим гэмт хэргийн 4 төрлийн талаар тусгасан байна. Тодруулбал,
1.   Компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг
2.      Компьютерийн гэмт хэрэг
3.      Зохисгүй агуулгатай холбоотой гэмт хэрэг
4.      Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг

 Эдгээр цахим гэмт хэргийн халдлагын зүйлс нь:
  1. Компьютерийн мэдээлэл, сүлжээ
  2. Компьютер
  3. Ёс зүйтэй агуулга
  4. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх
Тус конвенцоор хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалт болон хүүхэд, гэр бүл, нийгмийн цахим аюулгүй байдал, зохиогчийн эрх байна.

В. Дүгнэлт, санал

Эндээс цахим гэмт хэргийг комьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ба компьютер, мэдээллийн бусад төхөөрөмжийг ашиглаж үйлдсэн гэмт хэрэг гэж үндсэнд нь хоёр ангилж болохоор байна. 
Монгол Улсын хувьд үндэсний мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн хангах, мэдээллийн технологи ашигласан шинэ төрлийн зөрчил, гэмт хэрэгтэй шуурхай, үр бүтээлтэй тэмцэхийн тулд Цахим гэмт хэргийн тухай конвенцид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулиндаа авч хэрэглэх шаардлагатай. Тодуулбал, Цахим гэмт хэргийн тухай конвенцид нэгдэн орох, соёрхон батлах, эсхүл түүний агуулгыг Эрүүгийн хуульдаа тусгах замаар одоогийн эрх зүйн зохицуулалтаа сайжруулж, шинэ төрлийн цахим гэмт хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, энэ зорилгоор олон улсын болон бүс нутгийн, хоёр талт харилцаатай байх боломж бүрдэнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цахим гэмт хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шууд харьяалан шийдвэрлэх эрх хэмжээтэй болох нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2010 оны 141-р тогтоолын 1-р хавсралт болох Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, 2-р хавсралт болох тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдахаар байна.
Ингэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цахим гэмт хэргийг мөрдөн шалгах, харьяалан шийдвэрлэх асуудлыг нутаг дэвсгэрийн болон харьяалалын зарчмаар тусгах нь зүйтэй.
Мөн дараах ойлголтыг хуульчлах нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээд ял завших явдлыг таслан зогсооход чухал үр нөлөөтэй. Үүнд: компьютерийн сүлжээ, компьютерийн мэдээлэл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн урсгал, компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалт.
Эцэст нь хэлэхэд, энд дурдсан санал нь нарийвчилсан судалгаа, статистикийн мэдээлэл, холбогдох мэргэжилтний дүгнэлтээр баталгаажина.


Read more...