Search This Blog

2011-01-21

Вэб хуудсын зохиогчийн эрхийн асуудал


Л. Галбаатар

Хаягийг нь тогтоож амжихааргүй олон вэб хуудас бидний өмнө нээгдэх боллоо. Ийм  байдал цаашдаа ч үргэлжлэх биз. Энэ нь вэб хуудсын үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хэрэглэгчдээ хадгалах, нэмэгдүүлэхэд амаргүй болгожээ.
Ямар вэб хуудас олон хэрэглэгчтэй байна вэ? үүнд хариулахын тулд вэб хуудас гэгчийг эрх зүйн талаас нь авч үзье.

Вэб хуудас бол бичвэр, програм хангамж, гэрэл зураг, зураг, дүрс бичлэг, график, хөгжмийн цогц юм. Энд дурдсан зүйлс нь оюуны өмчийн бүтээлүүд билээ. Тэгэхээр вэб хуудас бол оюуны өмчийн бүтээл бүрийн бие даасан байдлыг нь хадгалж, өөртөө нэгтгэсэн өвөрмөц бүтээл байх нь.

Эндээс, вэб хуудас дахь дүрслэх урлагийн бүтээлийн талаар ярилцая.

Аливаа вэб хуудас өөрийн загвар буюу өнгө, нүдэнд харагдах байдлаараа хэрэглэгчтэйгээ хамгийн түрүүнд мэндчилдэг. Ийм загвар нь дүрслэх урлагийн бүтээлийн нэг төрөл юм. Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 2 дугаар зүйлд дүрслэх урлагийн бүтээлийн бүх төрлийг зохиогчийн эрхээр хамгаална гэж заажээ.

Тэгэхээр вэб хуудсын загварыг зохиогч нь тэрхүү бүтээлийнхээ хувьд бүтээлийг нь ашиглах тухай бүр нэрээ дурдуулах төдийгүй бүтээлийг ашиглах аливаа үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй.

Одоо, дэлхий нийтэд болон Монгол Улсад хандалтын тоогоороо тогтмол дээгүүр бичигддэг вэбүүдийн загварын талаар хэлэлцэе.


www.nytimes.com буюу New York Times сонины вэб хуудсын загвар, www.mongolnews.mn буюу “Өнөөдөр” сониныхтой төстэй байгааг та хаягаар нь ороод үзэж болно.




Ийм байдал дараах вэб хуудсуудаас мөн харагдаж байна. Үүнд:

 


Тэгэхээр дээрх вэб хуудсууд нэгнийхээ загварыг дуурайжээ. Үүнээс вэбийн загварын зохиогчийн эрх хэнд нь хадгалагдаж байгааг тодорхойлоход төвөгтэй байна. Гэхдээ энэ нь тийм ч чухал биш юм.
Харин бусдын зохиогчийн эрхийн бүтээлийг хэрхэн хууль ёсны дагуу ашиглах вэ? Эрхийн тэмдэглэгээг хэрхэн хийх вэ? гэдэгт хариулж, зохиогчийн эрх зөрчсөн нь ямар үр дагавартай болох тухай үргэлжлүүлэн ярилцая.

Энд яригдаж буй вэб хуудсууд нь АНУ болон Монгол Улсынх байна. Энэ нь зохиогчийн эрхийн зохицуулалтад нөлөөлөхгүй. Учир нь вэб хуудсын загварыг зохиогчийн эрхээр хамгаалж буй Бернийн конвенц АНУ-д 1989 оны 3 сарын 1-нд, Монгол Улсад 1998 оны 3 сарын 12-нд хүчин төгөлдөр болсон.

Аль тэртээх 1971 оны Бернийн конвенцоор зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийн төрлийг зааж өгсөн хэдий ч интернэтийн орчинд түүнийг хэрхэн хамгаалах талаар зохицуулж чадаагүй юм.

Иймд тус конвенцийн тусгайлсан хэм хэмжээ болох цахим орчны зохиогчийн эрхийн асуудлыг зохицуулсан “Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн асуудлаархи гэрээ” буюу WCT батлагдаж, 2002 оны 3 сарын 6-нд хүчин төгөлдөр болжээ. Тус гэрээ нь гишүүн улсууддаа, тухайлбал АНУ, МУ-д гэрээний зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжид тусгахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу АНУ-ын хувьд DCMA буюу “Тоон орчны зохиогчийн эрхийн акт”-ын “Онлайн орчны зохиогчийн эрхийн зөрчлийг шийдвэрлэх” бүлэг, түүний (OCILLA) 201-203 дугаар зүйлээр, МУ-ын хувьд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлээр вэб хуудас дахь зохиогчийн эрхийн зөрчлийг зохицуулжээ.

Энэхүү зохицуулалтаар вэб хуудсын загварыг ашиглах бол тухайн хуудаст хандаж зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авалгүйгээр ашиглах нь зохиогчийн эрхийн зөрчилд тооцогдоно. Зөрчил бүхий вэб хуудсыг мэдэгдсэн даруй Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP), домэйн нэрийн бүртгэгч нь чиг үүргийнхээ хүрээнд хаах үүрэг хүлээнэ.

Мөн, загварыг ашиглах зөвшөөрөл авсан хэдий ч, зохиогчийн эрх эзэмшигчийн мэдээллийг вэб хуудастаа байршуулаагүй нь зөрчилд тооцогдох билээ. Тэгэхээр дээрх вэб хуудсууд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах, авсан бол вэбдээ зохиогчийн эрх эзэмшигчийн мэдээлэл байршуулах үүрэгтэй юм. Ингэж ажиллаагүй нь вэб хуудсаа хаалгах эрсдэлтэй.

Зохиогчийн эрх эзэмшигчээс зохих зөвшөөрөл авсан нь зохиогчийн нэр, зохиогчийн эрхийн болон барааны тэмдгийн зохих тэмдэглэгээг өөрчлөх, устгах эрх эдлэх үндэслэл болохгүй юм.

Тухайн вэб хуудсыг эрхлэгч нь түүнд агуулагдаж буй бүтээл бүрийн зохиогчийн эрхийг хангахад анхаарч ажиллах үүрэгтэй төдийгүй вэб хуудастаа зохиогчийн эрх  зөрчигдсөн гэж үзсэн этгээд холбоо барьж, холбогдох асуудлаа шийдвэрлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Дээр бичсэн дэлхийн нийтийн томоохон вэб хуудсууд “Terms of use” зэрэг буландаа зохиогчийн эрхийн асуудлыг тодорхойлж, зөрчил үйлдэгдсэн тухай мэдэгдэх боломжийг бүрдүүлжээ.

Эцэст нь хэлэхэд, вэб хуудсын өнгө, үзэмж буюу харагдах байдал нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл бөгөөд зохиогчийн эрхийн мэдээллийг вэбдээ зохих байдлаар байршуулах нь сайн дурын ажил бус, зайлшгүй гүйцэтгэх үүрэг юм.



1 comment:

Төрөө said...

mmm goy blog bn amjilt