Search This Blog

2010-12-18

Монгол Улсын интернэт дэх сэтгэгдлийн эрх зүйн хэм хэмжээ


Л. Галбаатар
“Монголын вэбийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” нэртэй семинар 2010 оны 12 дугаар сарын 14-нд Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд боллоо. Тус семинар нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос боловсруулж батласан “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам”-тай танилцуулах, мөн уг журмыг боловсронгуй болгоход санал авах зорилготой байв.
Энэхүү семинарт вэб сайтын хостинг, вэб сайт хөгжүүлэгч, вэбийн агуулга хариуцсан байгууллагууд илтгэл хэлэлцүүлж, Монголын вэбийн өнөөгийн байдал, хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн арга хэмжээ, ирээдүйн чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, санал солилцжээ.
АНУ гэх мэт мэдээллийн технологийн томоохон улсууд төрийн байгууллагын холбогдох журмаа нууцлах сонирхолтой байдаг. Харин манай улсын эрх бүхий байгууллага уг асуудлаар ил тод байгаа нь сайн хэрэг юм.
Семинарт оролцогсдын онцолсноор өнөөдрийн Монголын вэб сайтууд дараах асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй байна. Үүнд:
- Хэн нэгэн этгээд /хувь хүн, хуулийн этгээд/-ийг гүтгэх, доромжлох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдах,
- Бусдын оюуны бүтээлийн эрхийг ноцтой зөрчих,
- Садар самууныг сурталчилах .  
Эдгээр асуудлын шууд хохирогч нь бага насны хүүхдүүд, оюуны хөдөлмөр эрхлэгчид төдийгүй цахим харилцааны бүхий л түвшний оролцогсод билээ.
Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй этгээдүүдийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

- Интернэтийн үйлчилгээ эрхлэгч гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд юм.
- Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч гэж интернэтийн сүлжээ ашиглан өөрийн үйлчилгээг (мэдээ, форум, хэлэлцүүлэг, худалдаа наймаа гэх мэт) нийтэд хүргэж буй иргэн, хуулийн этгээд юм.
- Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч гэж өөрийн сервер дээр вэб болон бүх төрлийн цахим өгөгдлийг байршуулж, тэдгээрт хэрэглэгчид харилцаа холбооны сүлжээ ашиглан хандах боломжийг олгодог үйлчлэгч юм.
- Домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч гэж Монгол Улсын дотор .MN болон бусад төрлийн домэйн нэр бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.

Тус журмын үндсэн ойлголт, зохицуулалтын зүйл болох Хэрэглэгчийн үүсгэсэн контент (вэб дэх сэтгэгдэл) гэж тухайн вэб сайтын гишүүн аливаа мэдээ, нийтлэлд үлдээсэн сэтгэгдэл болон контент юм. Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээл бөгөөд түүнд Цахим шуудан, балк, спам захидал болон хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт) орохгүй.

Тус журмаар холбогдох этгээдүүд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээнд хандах хэрэглэгчийн хандалтын дундаж нь сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

2. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн үүсгэсэн контентийг Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актыг зөрчсөн эсэхэд хяналт тавих бөгөөд зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь арилгах, таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг хүлээнэ.

3. Вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл
үлдээх хэсэгтэй бол (1 өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их) вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь дараах зүйлсийг үйл ажиллагаандаа заавал нэвтрүүлэх ёстой юм. Үүнд:
A. Хэрэглэгч тухайн вэб сайтын үйлчилгээнд гишүүнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх
Б. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд зөвшөөрөх үйлчилгээний нөхцөл шаардлагыг боловсруулан гаргах ба уг нөхцөл шаардлагад дараах зүйлсийг заавал багтаасан байна. Үүнд:
a. Хориотой контентийн төрлүүд
б. Хориотой контентийг арилгах болон гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсвэл зогсоох тухай
в. Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актыг үйлчилгээндээ дагаж мөрдөх үүрэг болон тэрхүү хэм хэмжээний тухай
B. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд нэр, нэвтрэх түлхүүр үг, цахим хаяг зэргийг заавал бүртгэх бөгөөд цахим хаягаар гишүүнчлэлийн баталгаажуулалтыг илгээж, хэрэглэгч гишүүнээр элсэхийг баталгаажуулсан тохиолдолд гишүүнээр бүртгэж авах
Г. Хэрэглэгчийн Айпи хаяг (IP), товч нэрийг (ID) хэрэглэгчийн үүсгэсэн контентийн дээр нийтэд харагдахуйц байрлуулах
Д. Хэрэглэгч аль нэг өөр гишүүний оруулсан сэтгэгдэл, контентийг хууль бус сөрөг контент гэж үзвэл вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломжийг хэрэглэхэд хялбар, энгийнээр шийдэж өгсөн байх.

4. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар нь олон нийтэд нээлттэй байна.
5. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд өөрийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэглэгч нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актад заасан Садар самуун явдал; Хүчирхийлэл; Хууль бус зар сурталчилгаа; Хүүхдэд хортой контент; Ёс зүйгүй хэллэг буюу хориотой контент (сэтгэгдэл)-ийн талаарх гомдлоо эхлээд тухайн вэб сайтад мэдэгдэх ба хэрэв уг вэб сайтын үйлчилгээ эрхлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд албан бичиг, факс, цахим шуудангаар Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэх ёстой юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн контентийг Садар самуун явдал, Хүчирхийлэл, Хууль бус зар сурталчилгаа, Хүүхдэд хортой контент, Ёс зүйгүй хэллэг бүхий контент буюу хориотой контент байна гэж үзвэл доор заасан арга хэмжээ авахыг вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ. Үүнд:

A. Мэдэгдэл хүлээн авснаас 1 хүртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ аван хариуг мэдэгдэх.
Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчид өгнө.
Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 4 хүртэлх цагийн дотор авна. Үүнд:
A. Үйл ажиллагааг нь хаах тухай вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх
Б. Тухайн вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх.
Зохицуулах хороо нь контентийн талаарх гомдол, шийдвэр, хэрэгжилтийг гомдол гаргасан хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
Зохицуулах хороо нь интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглах үүрэгтэй.

Тус семинарт мэдээллийн технологийн зөвлөх Интек ХХК-ийн судлаач А.Халиунаагийн хэлэлцүүлсэн “Монголын цахим орон зай” илтгэлд дурдсанаар, 2009 оны 5 сарын байдлаар судалгаанд хамрагдсан Монголын 2535 вэбийн 1474 буюу 58% нь ажиллагаатай байгаа бөгөөд 21% нь ажиллагаагүй, 4% нь засвартай, 17% нь домэйн нээлттэй байна.
Харин цахим хуудсынхаа агуулгыг 16% нь тогтмол шинэчилдэг, 4% нь долоо хоног тутам, 6% нь сар тутам, 3% нь улирал тутам, 1% нь хагас жил тутам, 3% нь жилд нэг удаа, 25% нь шинэчлэдэггүй байна.
Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд хориотой контент бичигдсэн тохиолдолд түүнийг арилгуулахаар вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломж, нөхцөл хангалтгүй байна. Мөн “агаар ордоггүй” вэб хуудсуудад бичигдсэн хориотой контент “урт насласнаар” худал зүйл үнэн мэт, хориотой зүйл нь зөвшөөрөгдсөн мэт болох сөрөг нөлөөтэй байна.
Тодорхой жишээ авахад, хориотой сэтгэгдэл бичсэн, бичигдсэн этгээд ажилд орох, ажил хэргээ өргөжүүлэхээр шийдэх үед нөгөө талын хүмүүс, тухайлбал Хүний нөөцийн мэргэжилтэн тухайн этгээдийн интернэт дэх замналтай танилцаад бүтэн оноо өгөхгүй байх эрсдэл бий.
Мөн дээр дурдсан Монголын вэбүүд нь домэйний хувьд 67% нь .mn, 21% нь .com домэйнтэй байна. Эндээс харахад 67% нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахих үүрэгтэй, 21% нь МУ-ын төдийгүй бусад улсын (олон улсын) эрх зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэйг харуулж байна.
Дээрх судалгаанд хамрагдсан вэб хуудсуудын 18% нь зугаа, мэдээлэл, сурталчилгааны вэб хуудас бөгөөд хамгийн их сэтгэгдэл бичигддэг, хориотой контентын урсгал бүхий вэб хуудсууд юм.
“Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байна”, “интернэтийн харилцааг боомилох нь” гэх байдлаар “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам”-ыг хүчтэй эсэргүүцэж байгаа зүйл ажиглагдах боллоо.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх эдлэх нэрийн дор бусад этгээдийн эрх, эрх чөлөө, эрх зүйн журамд халдах, эрх зүйн зөрчлийг зөвтгөх нь зохих үндэслэл болохгүй юм. Интернэтийн харилцаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор хориотой контентийн талаар эрх зүйн болон технологийн зохицуулалттай байх нь дэлхий нийтийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн болон харилцаа холбооны олон талт гэрээнүүд, Монгол Улсын Үндсэн хуульд аль нэг эрхийг нөгөөгөөс нь ялгаж үзээгүй бөгөөд хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.
Эцэст нь хэлэхэд, “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам” нь Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч, контент хостингийн үйлчилгээ эрхлэгч болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгчдийн харилцааг тодорхой болгох, зан үйлийн эрсдлээс хамгаалахад чиглэж байна.

Засгийн газраас батласан Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилтийн төлөвлөгөө болон УИХ-аас батласан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар дээрх журам гаргахыг даалгасан тул Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус журам, түүний хэм хэмжээг хүчингүй болгох бус, сайжруулах, нарийвчлах чиглэлээр ажиллах нь тодорхой байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны тус журам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын нэгдэн орсон олон талт гэрээ, Үндсэн хууль, холбогдох бусад хуульд тусгасан зарчим, хэм хэмжээнд нийцсэн байна.


3 comments:

Алмас said...

Нүдэн балай чихэн дүлий явж явж нэг хууль журам гаргахаараа ийм аймар юм гаргадаг манай улс нээрээ ингэхэд Хятад юм уу? Коммунист улс уу? гэж асуумаар болж байна. Би чинь уг нь ардчилсан улсын иргэн хүн баймаар. Энэ зүгээр л СУРТАЛЧИЛГААНЫ шинж чанартай, маш аюултай хэлбэрдэлт бүхий хэт түүхий байж боломгүй журам гэж хувьдаа үзэж байна. Үүнийгээ эргэн хараасай даа! Тодорхой хэмжээнд зохицуулалт, хязгаар тавигдаж болох ч Унгах гэж дүлээд чацга алдав гэдэг юм болсон юм шиг.
Үүнд яг веб сайт ажиллуулдаг хувь хүн болоод веб мэдээллийн хэрэгсэл, бусад сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарынханаас санал огт аваагүй бололтой. Дандаа магадгүй том газрууд, том компаниудын төлөөлөл байсан байх. Ер нь бол нэлээн дээрээс шидсэн чулуу шиг л байна. Яг ийм болчихвол ч би лав айгаад хэдэн хэрэгт хэрэггүй сайтаа хаагаад тавьсан нь дээр юм шиг санагдаж байна. 7-р сарын 1-нд юу болсон билээ. Ганц нэг хүнийг чимээгүйхэн хуулийн хүрээнд гээд рекетлэхэд бол хангалттай л журам юм шиг.?

Galbaatar said...

Харилцаа холбооны зохицуулах хорооны
2011 оны .... дугаар тогтоолын хавсралт

ТООН КОНТЕНТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА

http://www.crc.gov.mn/file/juram/contentjuram.pdf

Galbaatar said...

“Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” мөрдөгдөж эхэллээ
2011 оны 3-р сарын 17, Пүрэв гариг, 04:17


Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлаар...

Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдтай хөгжиж, харилцаа холбооны сүлжээгээр төрөл бүрийн контент, мэдээллийг дамжуулах боломж бий болсноор олон нийтийн мэдээлэл, холбооны үйлчилгээнүүд өөр хоорондоо уялдан нэгдэж байна. Монгол Улсад харилцаа холбооны АйПи ТВ, мобайл ТВ, үүрэн холбооны 3G систем, шилэн кабелын интернэт гэх мэт шинэ шинэ технологиуд нэвтэрч эхэлснээр контентын бизнес өсөн дэвжих техник болон сүлжээний бололцоо бий боллоо. Түүнчлэн интернэт болон мобайл контент нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон бөгөөд ялангуяа өсвөр насныхан ихээхэн хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон тул олон улсад контентын асуудалд анхаарал хандуулан зохицуулалт хийж эхэлсэн байна.

2011 оны 1 дүгээр сард Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.3-д “Контентын үйлчилгээ эрхлэх” заалт нэмэгдсэний дагуу харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс контентын бизнесийн хөгжлийг дэмжих, контентын бизнест оролцож буй оролцогчдын хоорондын харилцааг зохицуулах, шударга өрсөлдөөнийг дэмжих болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах зорилгоор 2011 оны 2-р сарын 24-ны хорооны 2-р хуралдаанаар “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг хэлэлцэн баталлаа.

Тус хороо нь энэхүү зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагыг боловсруулахдаа удаа дараагийн хэлэлцүүлгийг олон нийт, вэб сайт, үйлчилгээ эрхлэгч болон холбогдох байгууллагуудын дунд хийн саналыг авч тусгасан болно. Түүнчлэн энэхүү зохицуулалтын баримт бичгийг гаргахад Австрали, Малайз, Сингапур, Солонгос, Япон зэрэг улсын холбогдох зохицуулалтын баримт бичгүүдийг судалсан билээ.

Тус журмын дагуу дуу хөгжим, кино, зураг гэх мэт бүтээлийг тоон хэлбэрт хувирган харилцаа холбооны сүлжээ ашиглан бизнес хийж буй контентийн үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл олгох болсон бөгөөд вэб сайтын хэрэглэгчийн хандалтын дундаж нь нэг сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд Зохицуулах хороонд бүртгүүлэхээр болсон билээ.

“Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-д дараах зүйлс багтсан болно. Үүнд:

* Хуулиар хориглосон контентын төрлийг тодорхойлсон
* Оюуны өмчийн талаарх хууль тогтоомжийг мөрдөхөөр болсон
* Хориотой үгсийн сан бий болгон вэб сайтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болсон
* Үйлчилгээ эрхлэгчид өрх гэр, интернэт кафед хэрэглэгчийн шүүлтүүр програм санал болгохоор болсон.
* Хуулиар хориглосон контентыг 24 цагийн дотор арилгах үүргийг контент агрегаторд хүлээлгэж өгсөн
* Контентын үйлчилгээнээс авах орлогын хувийг мобайл оператор 10-20 хувь, агрегатор 80-90 хувийг авахаар зааж өгсөн. Энэ нь мобайл контентын хөгжлийг дэмжих заалт болсон гэж үзэж байна.

http://crc.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=176:2011-03-17-04-20-09&catid=56:2010-05-03-17-34-52&Itemid=105