Search This Blog

2010-09-19

Ажил дээрээ Фэйсбүүк, Твиттерээ ашиглавал гэмт хэрэгтэн болох уу?

Ажил дээрээ тооцоолуур ашиглах хязгаар
Л.Галбаатар

Монгол Улсад зохицуулалтын эхний шатандаа байгаа Тооцоолуурын эрх зүйн тогтолцоонд нөлөөлж болох нэгэн хэргийн талаар танилцуулж байна.

АНУ-ын Засгийн газрын нэхэмжлэлтэй, Дэвид Нозалын эсрэг давж заалдсан маргаан нь компанийн “Тооцоолуур ашиглах журам” зөрчсөнийг Холбооны улсын тооцоолуурын гэмт хэрэг (computer crime) үйлдсэн гэж үзэх эсэх тухай юм.

Давж заалдах шатанд буй уг маргааны талаар “Цахим Хил” Сангаас байр сууриа илэрхийлж, шүүхэд Amicus Curiae дүгнэлтээ мэдүүлжээ.

Amicus Curiae буюу “Шүүхэд туслах” хэмээх ойлголт Англи-Америкийн эрх зүйн тогтолцоонд хэрэглэгддэг. Энэ нь шүүхэд хэлэлцэгдэж буй хэргийн талаар байр сууриа илэрхийлж, шүүхэд өргөн барьсан “хууль зүйн дүгнэлт” юм. Үүнийг тухайн хэрэг, маргааны оролцогч бус этгээд үйлддэг тул Amicus Curiae-г нийтийн эрх ашгийн илэрхийлэл гэж үзэх нь бий. Ямартай ч, тус хууль зүйн дүгнэлтэд хэлбэрийн зохих шаардлага тавигдаж, тодорхой аргачлалын дагуу үйлдэгддэг бөгөөд хэргийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болдог.

“Цахим Хил” Сангаас 2010 оны 9 дүгээр сарын 14-нд АНУ-ын 9-р бүсийн Давж заалдах шатны шүүхэд өргөн барьсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн уг асуудалтай танилцая.

АНУ-ын Засгийн газар (үүнд CFAA буюу “Тооцоолуурын мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль”- ТМАБТХ-ийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын байгууллага, албан тушаалтнуудыг ойлгоно)-ын тайлбарлаж байгаагаар, Дэвид Нозал нь компанийн тооцоолуурт нэвтрэх эрх бүхий хуучин ажлынхаа гурван ажилтанд хандан Мэдээллийн сангаас мэдээлэл гаргуулж, түүнийгээ бизнесийн өрсөлдөөнд ашиглаж эхлэснээр Компанийн дотоод журам төдийгүй ТМАБТХ- ийг зөрчсөн аж.

“Цахим Хил” Сангийн үзэж байгаагаар, компанийн тооцоолуурын мэдээллийг хувьдаа ашигласан зөрчилд компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага хүлээлгэсэн атал АНУ-ын Засгийн газраас уг зөрчилд ТМАБТХ-ийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оролдож байгаа нь зөвхөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа хэрэг бус, эрүүгийн хариуцлагын хүрээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх оролдлого бөгөөд хууль хэрэгжүүлэх ажиллагаанд ялгаварлан гадуурхалт бий болгох эрсдэлтэй байгаа аж.

Дэвид Нозал нь 2004 оны 10 сард компаниасаа гарсан бөгөөд түүнээс хойш хууль, гэрээний дагуу нэг жилийн хугацаанд ажиллаж байсан компанийн үйл ажиллагаатай адил төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна. Дэвидтэй хамтран хариуцагчаар татагдсан гурван ажилтны хувьд түүнд дамжуулсан компанийн мэдээлэлтэй ажиллах эрхтэй, холбогдох бүртгэл, нэвтрэх үгийг хөдөлмөрийн гэрээний дагуу ашигладаг байжээ.

АНУ-ын Засгийн газраас дээр дурдсан зөрчилд дараах үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх бодлогыг баримталж байгаа юм. Үүнд:

-       “...компанийн тооцоолуур, түүний мэдээллийг зөвхөн түүний ажилтан хэрэглэнэ” гэж дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан;
-       Компанийн ажилтан бүр дараах санамжийг уншсаны дараа тооцоолуурт нэвтрэх боломжтойгоор тооцоолуур бүрт тохиргоо хийгдсэн:
“Тооцоолуурын мэдээлэл нь компанийн өмч мөн. Компанийн өмчийг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан нь сахилгын болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйлдэл болно”;
-       Компанийн бүх ажилтан хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахдаа компанийн өмч болох тооцоолуурын мэдээллийг компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад зорилгоор ашиглахыг хориглох тухай нөхцлийг хүлээн зөвшөөрсөн.
-       Тус компани холбогдох мэдээлэлдээ “...компанийн өмч бөгөөд нууц” гэж тэмдэглэсэн байдаг.

АНУ-ын Засгийн газраас Дэвид Нозал болон бусад гурван ажилтныг “18 U.S.C 1030 (a)(4)” заалтаар хориглосон “хамгаалагдсан тооцоолуурыг зохих зөвшөөрөлгүй ашиглах, ашиглах эрхээ хэтрүүлэх, үнэ цэнэтэй аливаа мэдээлэл олж авахад чиглэсэн шууд санаа, зорилго бүхий бусад үйлдэл”-д буруутгаж байгаа юм.

2009 оны 4 сарын 13-нд АНУ-ын 9-р бүсийн Анхан шатны шүүхийн зүгээс Компанийн Дэвид Нозал тэргүүтэнд хүлээлгэсэн сахилгын шийтгэлийг дэмжсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Засгийн газрын саналыг хэрэгсэхгүй орхисон билээ.

“Цахим Хил” Сангийн зүгээс дараах үндэслэлүүдээр Засгийн газрын байр суурийг үгүйсгэж байгаа юм. Үүнд:

ТМАБТХ-ийн 1030(a)(4)-т заасан “хамгаалагдсан тооцоолуурыг зохих зөвшөөрөлгүй ашиглах” гэдэгт анхнаасаа тооцоолуурыг ашиглах эрхгүй этгээдийн үйлдэл хамаарна. Харин “хамгаалагдсан тооцоолуурыг ашиглах эрхээ хэтрүүлэх” гэдэгт албан ёсоор ашиглахыг зөвшөөрөөгүй өгөгдөл, мэдээлэл дээр ажиллах хамаарна. Мөн “...үнэ цэнэтэй аливаа мэдээлэл олж авахад чиглэсэн шууд санаа, зорилго бүхий бусад үйлдэл” гэдгийн “үнэ цэнэтэй аливаа мэдээлэл”-ийг компани өөрөө тогтоох нь тодорхой бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний бус мэдээлэл алдагдсан гэж компани үзэж байгаа юм.

АНУ-ын Засгийн газар болон “Цахим Хил” Сангийн харилцан адилгүй байр суурийг http://www.eff.org/files/filenode/us_v_nosal/NosalAmicusFinal091410.pdf -с үзэж болно.

“Цахим Хил” Сангийн өмгөөлөгч Марсия Хофманы хэлснээр, “Компаниудын дотоод журмаар ихэвчлэн компанийн тооцоолуурыг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглодог. Гэхдээ ажилтнууд ажлын бус цагаар, компанис илүү зардал гарахааргүй, ажил үүргийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөхөөргүй бол тооцоолуурыг хувийн хэрэгцээндээ ашиглах боломжтой. Засгийн газрын үндэслэлүүд нь ажилтнуудыг ажил дээрээ Сагсан бөмбөгийн багийн тоглолтын оноог шалгах, Facebook.com –н статусаа шинэчлэвэл гэмт хэрэгтэн болоход чиглэж байна.

Компаниуд тооцоолуур ашиглах дотоод журам зөрчсөн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдлээс ялгахад анхаарч, журмаа нарийвчлан боловсруулах нь зүйтэй. Тэгэхгүй бол, тооцоолуур ашиглалтын журам байгаад ч онцын ялгаагүй болох нь. Яваандаа, дотоод журам зөрчсөн асуудал нь компанийн мэдэх зүйл биш болж хувирах эрсдэлтэй байна.”

Энэхүү асуудал нь тооцоолуур ашиглалтын журмыг зөрчихийг зөвтгөөгүй бөгөөд зөрчил бүхий этгээд холбогдох үйлдэлдээ тохирох хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагийн илрэл юм. 

Read more...

2010-09-09

Домэйн нэр ба Оюуны өмч: Олон улсын эрх зүйн зохицуулалт


Л.Галбаатар

Домэйн нэр (Domain name) нь yahoo.com, google.com гэх мэт вэб сайтын хаяг бөгөөд түүнийг хэрэглэх, танихад хялбар байдаг. Энэхүү хаяг нь тооцоолуур (компьютер) болон хүмүүсийг интернэтэд холбогдоход тусалдаг билээ. 

Тэдгээр нь санах, хэрэглэхэд тохиромжтой, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн ялгарах шинж тэмдэг бөгөөд amazon.com гэх мэтээр домэйн нэр нь өөрөө барааны тэмдэг болох явдал нэмэгдэж байна.  
     
Тодруулбал, домэйн нэрийн систем (DNS) нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, хувь хүний нэр, газар зүйн заалт, Олон улсын байгууллагуудын нэр, түүний товчлолтой холбогдох болж, түүнийг хувь хүн, байгууллагууд өрсөлдөөнд хэрэглэх явдал нэмэгдсэн өнөө үед Домэйн нэртэй холбоотой маргаан их гарах боллоо. 

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц (Paris Convention for the Protection of Industrial Property)-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, тус конвенц нь барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хамгаалах, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох зорилгод үйлчилдэг. 
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Дэлхийн Оюуны Өмчийн байгууллага (ДОӨБ) нь оюуны өмч ба домэйн нэртэй холбогдох асуудлуудад анхаарал хандуулах болсны нэг илрэл бол ICANN байгууллагаас домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх тусгай зөвшөөрөл авч, “Арбитр, зуучлалын төв”-өөрөө дамжуулан домэйн нэрийн маргааныг хариуцан шийдвэрлэж байгаа явдал юм.

Ийнхүү тусгай зөвшөөрөл авахын тулд ДОӨБ-аас гишүүн орнуудынхаа дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, Домэйн нэрийн системийг удирдан зохицуулдаг ICANN байгууллагад тодорхой чиглэл, давтамжтайгаар зөвлөмж өгөх зэргээр идэвхтэй ажилласан билээ. Хэдийгээр домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх Олон улсын эрх зүйн хэм хэмжээ байхгүй ч, .com, .net, .org зэрэг нийтлэг төвшний домэйн нэрийн удирдлага, зохион байгуулалтыг хариуцдаг ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) байгууллага нь домэйн нэртэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байв. Энэ чиглэлээр Олон улсын шинэ хэлэлцээр бий болгох үйл явц нь маш удаан, улс орнуудын шинэхэн хуулиуд нь бусдаасаа ихээхэн ялгардаг тул хил дамнасан, байнгын маргааныг зохицуулах хэмжээний олон улсын заавал биелэгдэх нэгдсэн журам бий болгох ажил өрнөж, ДОӨБ-ын гишүүд нь дэлхий даяарх интернэтийн хэрэглээнээс оюуны өмчийг хамгаалах бүрэн эрхийг ДОӨБ-д олгох явдлыг дэмжсэн бөгөөд үүний дагуу тус байгууллагаас Домэйн нэрийн асуудлаарх зөвлөмж бүхий тайланг бэлтгэж, нийтлэсэн юм. 


Энэхүү тайланд бичсэн
зөвлөмжийн дагуу, ICANN байгууллагаас “Домэйн нэрийн маргаан шийдвэрлэх нэгдсэн журам” (Uniform Domain Name Dispute Resolution Policy- UDRP)-ыг батласан бөгөөд үүгээр ДОӨБ-д домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх эрхийг олгосон билээ. Тус нэгдсэн журам ICANN байгууллагаас итгэмжлэгдсэн Интернэтийн домэйн нэрийн бүх бүртгэгчид 1999 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа.


Одоогоор, ICANN байгууллагаас .aero, .asia, .biz, .cat, .com, .coop, .jobs, .mobi, .museum, .name, .net, .org, .pro, .tel, .travel гэсэн дээд домэйн нэрсийг (gTLD) бүртгэх хүсэлтэй хуулийн этгээдэд “Бүртгэгч итгэмжлэх гэрээ” (RAA)-ний дагуу тусгай зөвшөөрөл олгож байна.


2010 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар, дээр дурдсан домэйн нэрийг бүртгэх зөвшөөрөлтэй 29 улсын 909 компанийн ихэнх нь (543) АНУ-ынх бөгөөд түүнийг Канадын компани (141) удаалж байна. Эдгээр зохицуулагч компаниудын жагсаалтад Монгол Улсын компани бүртгэгдээгүй байна.

Домэйн нэрийн маргаан шийдвэрлэх нэгдсэн журмын (ДНМШНЖ) дагуу Домэйн нэрийн маргааныг олон улсын төвшинд шийдвэрлэх эрх авсан 5 байгууллага байгаа бөгөөд 2000 оны сүүлээр гэхэд л, нийт маргааны 65 хувь буюу ойролцоогоор 1850 хэрэгт ДОӨБ-д хандсан байна. Мөн, ДОӨБ-ын шийдвэрлэх маргаанд улсын код бүхий домэйн нэр холбогдох нь ихэсч байна. Энд хэлэхэд, .mn бол Монгол Улсын код бүхий домэйн нэр бөгөөд уг домэйн нэрийг Датаком ХХК нь ICANN болон “Улсыг төлөөлсөн домэйн нэрүүдийг зохицуулах зөвлөл” (CoCCA) байгууллагын дүрэм, итгэмжлэлийн дагуу бүртгэдэг.

Итгэмжлэгдсэн бүртгэгчид нь домэйн нэр олгохдоо ICANN-тай байгуулсан гэрээ, дотоодын хууль тогтоомжийг баримтлан эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Үүний нэг илрэл нь Whois үйлчилгээ мөн. Энэ нь домэйн нэр бүртгүүлэгчийн албан ёсны холбоо барих хаяг, бусад мэдээллийг ил тод мэдээлдэг.

Тухайн домэйн нэр эзэмшигчийг Оюуны өмчийн эрхийн зөрчил (барааны тэмдэг, зохиогчийн эрхийн зэрэг зөрчил) гаргасан гэж үзэж байгаа этгээд Бүртгэгч компани, түүний “Маргаан шийдвэрлэх алба”, ДОӨБ-ын “Арбитр, зуучлалын төв”-д хандахын өмнө “Whois” үйлчилгээгээр дамжуулан зөрчил гаргасан этгээдтэй холбоо барьж, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломж бий. 

Тухайн зөрчлийн шинж байдал, гомдол гаргагчийн хүсэл зоригоос хамааран дор дурдсан байгууллагаас сонгон хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломжтой. Үүнд:
-       Домэйн нэр бүртгэгчийн дэргэдэх “Маргаан шийдвэрлэх алба”,
-       ICANN байгууллагаас эрх олгосон байгууллагууд (WIPO Arbitration and Mediation Center; Asian Domain Name Dispute Resolution Centre; National Arbitration Forum; The Czech Arbitration Court-Arbitration Center for Internet Disputes; CPR: International Institute for Conflict Prevention and Resolution),
-       Шүүх
Дээр дурдсан байгууллагуудыг сонгохдоо дараах нөхцлийг харгалзан үзэх хэрэгтэй юм. Үүнд:
-       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа,
-       Эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээний төлбөр,
-       Гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх механизм.
Энд ДОӨБ-ын “Арбитр, зуучлалын төв”-ийн талаар авч үзье. Тус байгууллага нь тухайн маргааны төрлөөс үл шалтгаалан гомдлыг хүлээж авснаас хойш хоёр сар хүртэлх хугацаанд маргааныг шийдвэрлэдэг. 

Хураамжийн хэмжээ нь гомдолд дурдсан домэйн нэрийн тоо, шийдвэрлэгчийн бүрэлдэхүүнээс хамаарна. 50 гаруй орны 400 шийдвэрлэгчийн жагсаалтыг ДОӨБ бэлтгэж нийтлэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 1 шийдвэрлэгчийг 5 хоногийн дотор, 3 шийдвэрлэгчийг 15 хоногийн дотор томилдог.

Маргааныг хянан үзээд гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг ICANN байгууллагаас итгэмжлэгдсэн домэйн бүртгэгч компани хариуцна. ДНМШНЖ-ийн 4-р зүйлийн “К” хэсгийн дагуу Домэйн бүртгэгч нь шийдвэрийн хувийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт түүнийг хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд домэйн бүртгүүлэгч буюу хариуцагч нь шүүхэд давж заалдах тухайгаа Итгэмжлэгдсэн домэйн бүртгэгчид мэдэгдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлнэ. Шүүхээс маргааныг давж заалдах журмаар шийдвэрлэсэн бол шийдвэрийн хувийг Итгэмжлэгдсэн домэйн бүртгэгчид хүргүүлснээр тухайн шийдвэрийг гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ. Домэйн нэрийг шилжүүлэх, хүчингүй болгох шийдвэрийг хэрэгжүүлэхдээ Итгэмжлэгдсэн домэйн бүртгэгч бүр өөрийнхөө баталсан журмын дагуу ажилладаг.
Төгсгөл болгон хэлэхэд, 2009 оны эхний хагасын байдлаар VeriSign компанийн мэдээллэснээр, дэлхий даяар нийт 180 сая гаруй интернэтийн домэйн нэр хэрэглэгдэж байна. 
Аж ахуйн үйл ажиллагаа, Оюуны өмчийн эрхийн салшгүй хэсэг болсон домэйн нэр нь дэлхийн нийтийг хамарсан шинжтэй бөгөөд түүнтэй холбоотой маргаан нь олон улсын эрх зүйн зохицуулалтыг шаарддаг.
Уг асуудлаарх олон улсын гэрээ бий болгох нь их хугацаа шаардсан, улс орнуудын интернэтийн хөгжлийн төвшингээс хамааралтай учир Олон улсын эрх зүйн этгээд болох ДОӨБ-аас гишүүн улсуудынхаа дэмжлэгтэйгээр оюуны өмчид холбогдох домэйн нэрийн маргааныг ICANN байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу “Домэйн нэрийн маргаан шийдвэрлэх нэгдсэн журам”-ыг үндэслэн шийдвэрлэж байна. 
Энэ нь домэйн нэр бүртгэгч, бүртгүүлэгчдийг домэйн нэртэй холбогдсон эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, интернэтийн зөрчлийн асуудлаар эрх зүйн соёл төлөвшихөд зохих нөлөө үзүүлж байгаа гэж хэлж болох юм.



Read more...