Search This Blog

2010-04-28

Интернэт дэх үзэл бодлын эрх зүйн асуудал

Интернэт  дэх үзэл бодол-сэтгэгдэлийн эрх зүйн асуудал







    Л.Галбаатар
  1. Удиртгал, эх сурвалж
  2. Интернэт дэх үзэл бодлын эрх зүйн зохицуулалт
  3. Интернэт дэх үзэл бодолтой холбогдох эрх зүйн зөрчилөөс урьдчилан сэргийлэх асуудал
  4. Дүгнэлт

  1. Удиртгал, эх сурвалж

   Энэхүү  бичлэгээр хүмүүсийн интернэт дэх харилцаа, түүний эрх зүйн зохицуулалтын чухал хэсэг болох интернэт дэх хүмүүсийн үзэл бодол буюу “сэтгэгдэл”-ийн талаарх тулгамдаж буй асуудлууд, түүний эрх зүйн шийдлийг танилцуулж байна.
   Интернэт  ба кибер орон зай гэх ялгаатай нэр томъёог уг бичлэгт ялгаатай авч үзсэнгүй1. Учир нь эдгээр ойлголт бидний мэдэх физик орчиноос өөр нэг орон зайг илэрхийлдэг билээ. Иймд “интернэт” гэх үгийг голлон хэрэглэнэ.
     “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”-ийн зарчим, хууль зүйн асуудлын талаар олон орны үе үеийн судлаачид судалсан нь бий. Харин энэ удаа миний бие хүн төрөлхтөний хувьд харьцангуй шинэ зүйл болох “интернэт дэх үзэл бодол”-ыг хууль зүйн талаас нь авч үзлээ.
   “Интернэт дэх үзэл бодол” гэдгийг “вэб сайт дахь сэтгэгдэл” гэдгээр төлөөлүүллээ. Энэ нь эрх зүйн хэллэг гэхээсээ интернэт хэрэглэгчдийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хэллэг юм.
   Уг  бичлэг үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт эрх зүйн асуудлыг, дараагийн хэсэгт эрх зүйн зохицуулалтад “туслах” технологийн шийдлийн талаар тусгалаа. Ингэхдээ блог буюу хувийн, төлбөргүй вэб сайтын загвар, тохиргоог ашиглав.
   Хүнийг  амьдарч буй орчинд нь үзэл бодол гэдэг зүйлээс салгаж харах аргагүй. Өнөө үед ихэнх хүн интернэтэд “амьдарч” байна. Ийм үед “интернэт дэх үзэл бодлын эрх зүйн зохицуулалт”-н талаарх яриа нь олон хүний асуултанд хариулт өгнө гэдэгт итгэж байна.

   2. Интернэт дэх үзэл бодол буюу сэтгэгдэлийн эрх зүйн зохицуулалт
Энэ хэсэгт Монгол Улсын эрх зүйн зохицуулалт  болон  бусад орны англи хэл дээрх эрх зүйн мэдээллүүдэд тулгуурлав. 
А. Хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох олон улсын 4 суурь баримт бичиг бий2. Эдгээр нь, Хүний эрхийн түгээмэл тунхаглал /1948 оны 12 сарын 10-нд НҮБ-аас батлан гаргасан-UDHR-universial declaration of human rights/,
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /НҮБ, 1966-ICCPR/
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол /НҮБ, 1966-ICCPR-OP/, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /НҮБ, 1966-ICESCR/
юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын, 19 дүгээр зүйлд

“Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана”.

29 дүгээр зүйлд
“1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана.

2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй”.

Монгол Улсын 1974 онд нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19-р зүйлд

“Хүн бүр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй хөндлөнгийн шахалтгүй баримтлах эрхтэй. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаар үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. Энэхүү зүйлийн 2-т дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлагыг ноогдуулна. Энэ нь гагцхүү хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бөгөөд тэдгээр нь:
а. Бусдын эрх, алдар хүндийг хүндэтгэх

б. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд буюу ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлага

хамаарагдана
3.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16- д
Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан  хийх эрх чөлөөтэй.
хэмээн иргэнийхээ “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”-ийг бататгасан билээ.
Энэ нь, интернэтэд ч хамааралтай билээ. Учир нь Монгол Улсын иргэдийн нэг орон зай нь интернэт юм.
1948 оны 12 сарын  10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас  Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаас хойш 50 жилийн дараа “Цахим орон зай дахь хүний эрхийн түгээмэл тунхаглал”-г судлаач Роберт Гелман боловсруулсан нь бий. Энэ нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг дэлхийн улс орнуудын хил хязгаарыг “шинэчилж” байгаа цахим орон зайд бэхжүүлэх хэрэгтэй гэсэн санааг агуулдаг. Тэр нь цахим орон зайг зохицуулах хэм хэмжээний зарчим, жишиг гэж тооцогддог юм4.
Б. Ихэнх цахим  хуудас буюу вэб сайт нь уншигч-зочиддоо сэтгэгдэл бичих боломжийг олгосон байдаг. Бичлэг, post гэж нэрлэгдэх аливаа нийтлэлийн дор байх “post a comment”, “сэтгэгдэл бичих” зэрэг үгсээр илэрхийлэгдсэн товчийг дарснаар сэтгэгдэл бичигч болох эхний алхам хийгддэг билээ. 

Эндээс л  эхлэн интернэт хэрэглэгчид “сэтгэгдэл бичигчийн эрх, үүрэг”-ийн талаар бодож, санах ёстой юм.
Вэб сайтынхан  сэтгэгдэл бичих боломжийг олгосон  нь хэрэглэгчийг заавал сэтгэгдэл бичих  ёстой гэж байгаа хэрэг биш  бөгөөд ийм боломж нь вэб сайтын уншигч тухайн нийтлэлийн талаарх санал, бодлоо хуваалцах гэсэн хүсэлтэй холбоотой байдаг.









“Сэтгэгдэл  нь түүнийг бичигчийн өмч, үйлдэл”  гэх зарчимаас “сэтгэгдэл бичигчийн  эрх, үүрэг” урган гардаг.
Тэгэхээр, сэтгэгдэл бичигч ямар эрхтэй вэ?
Тухайн сэтгэгдлийн агуулга, хэлбэрээс  үл хамааран сэтгэгдлээ өөрийнхөө өмч юмуу үйлдэл гэж тооцуулах эрх сэтгэгдэл бичигчид бий. Ийм учраас сэтгэгдлийн “хувь заяа”-г түүнийг бичигчээс өөр этгээд мэдэх эрхгүй. Тодруулбал, сэтгэгдлээрээ утга зохиолын бүтээл туурвиласан гэж үзвэл сэтгэгдэлдээ зохиогчийн эрх эдлэнэ. Мөн хуулиар баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн нэг илрэл бол бичсэн сэтгэгдэл юм. 
Харин сэтгэгдэл  бичихдээ хүний эрхийг зөрчих, хуулийг  сахихаас чөлөөлөгдөх эрх хэнд ч  байхгүй. Сэтгэгдэл бичихийн өмнө, эрх зүйгээр тодорхойлсон хүний эрхийг хангах, хуулийг сахих үүргийг анхаарах хэрэгтэй болдог. “Үүргээ мэдээгүй” гэсэн шалтгаан хэлж хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх боломж үгүй юм. 
Өнөөдөр, сэтгэгдэл  бичигчдийн зүгээс гаргаж буй нийтлэг  зөрчилд, сэтгэгдлээрээ бусдын зохиогчийн эрхийг зөрчих, хэн нэгний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах явдал хамаарч байна. Ийм зөрчил нь учруулсан хохирол зэргээс хамааран гэмт хэрэг юмуу гэм хорын аль нэг нь болдог.
Одоо зөрчил тус бүрийг дэлгэрүүлэн авч үзье.
“Зохиогчийн эрхийг зөрчсөн сэтгэгдэл”.
Энэ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг  хувиргах, гажуудуулах, эх сурвалжийг дурдахгүйгээр ашиглах зэргээр  бичсэн сэтгэгдэл юм.
“Гүтгэлэг, доромжлол бүхий сэтгэгдэл”.
Тодорхой  шалтгаан, бодит байдалд нийцсэн  эсэхээс үл хамааран хэн нэгнийг  гүтгэх, доромжлох нь хууль зүйн хариуцлага хүлээлгэх үйлдэл билээ.
Эндээс “сэтгэгдлийн улмаас эрх нь зөрчигдсөн этгээд, түүний эрхээ  хамгаалах арга зам”-ын талаар яригдана.
Эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд дараах аргаар эрхээ хамгаалж болдог. Үүнд: 
Эрхийг  хүлээн зөвшөөрүүлэх- тухайн сэтгэгдэл дэх зохиогчийн эрхийн бүтээлийн зохиогчийн эрх танд хадгалагдана гэдгийг зөвшөөрүүлж, сэтгэгдэлд засвар оруулах юмуу, сэтгэгдлийг устгуулах, 
Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс  өмнөх байдлыг  сэргээх- гүтгэлэг, доромжлол бүхий сэтгэгдлийг устгуулах, 
Учруулсан хохирлыг арилгуулах-танд сэтгэл санааны болон бусад хохирол учирсан бол хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хохирогчийн зүгээс эрхээ сэргээхэд  гардаг бэрхшээл:
  1. Сэтгэгдэл бичигч хэн болох нь тодорхойгүй байх,
  2. Сэтгэгдэл бичигчээс эсэргүүцэл үзүүлэх, бусад этгээд зөрчил бүхий сэтгэгдлийг дэмжих,
  3. Бусад
  • Зөрчил бүхий сэтгэгдлүүд ихэвчлэн нууц нэр, нэргүйгээр бичигдсэн байдаг. Ийм үед сэтгэгдэл бичигчийг хэн болохыг тухайн вэб сайтын админаас асууж мэдэх эрх хэн бүхэнд бий. Админы хувьд эрх зөрчсөн талаарх хүсэлтийг хүлээн авч, холбогдох этгээдийн мэдээллийг өгөх үүрэгтэй гэж үздэг. Админ зөрчил гаргуулсан нь түүнд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Үүний үндэслэл нь зөрчил бүхий сэтгэгдэлд админ нь гэмт хэргийн хамтран оролцогч, гэм хорын хамтран хариуцагч гэж тооцогддог явдал юм. Энэ зохицуулалт нь гэм буруутай этгээдэд тохирсон хариуцлагыг хүлээлгэх, хэн нэгнийг хохирсон чигт нь үлдээхгүй байх зорилготой.
  • Зөрчил гаргагч нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцвэл түүнд хүлээлгэх хариуцлага нэмэгддэг. Зөрчил гаргагчийг дэмжих нь гэмт хэрэг, гэм хорын хамтран оролцогч гэж тооцогдох үндэслэл юм.
  • Хариуцлагын тухайд бол, хууль зүйн хувьд иргэний, захиргааны, эрүүгийн гэж ангилагдах хариуцлага бий. Хариуцлага хүлээлгэх  этгээд нь иргэн, улсын байцаагч, шүүгч  мөн. Хэнд ямар хариуцлагыг аль үндэслэлээр хүлээлгэх эрх дээрх этгээдүүдэд хадгалагдана.

Вэб сайтын админ нь хууль зүйн хариуцлага хүлээх эрсдэлд  орохгүйн тулд дараах алхамуудыг боломжийнхоо хэрээр хийх хэрэгтэй юм:






    • Хууль, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг нэн даруй устгах,
    • Сэтгэгдлээ устгуулсан этгээд зохиогчийн эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчлөө гэж гомдол гаргах тохиолдол байдаг тул устгах сэтгэгдлээ баримт болгон авч, хадгалж байх,
    • Сэтгэгдлийг хянасны дараа нийтлэх,
    • Сэтгэгдэл бичих этгээдэд зориулсан анхааруулгыг сэтгэгдлийн талбарт байрлуулах. Түүний утга нь “сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Ийм хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй”.









      Вэб сайт дахь анхааруулгын үг нь сэтгэгдэл  бичсэн, бичүүлсэн этгээдэд хүлээлгэх  хариуцлагын хүнд, хөнгөнийг тодорхойлоход хэрэглэгддэг байна.  
3. Интернэт дэх үзэл  бодолтой холбогдох  эрх зүйн зөрчилөөс  урьдчилан сэргийлэх  асуудал
Өмнөх хэсэгт сэтгэгдэл нь хууль зүйн ямар үр дагавартай болохыг авч үзлээ. Харин  одоо хууль зүйн хариуцлага хүлээхгүйн тулд, сэтгэгдэлээр хүний эрхийг зөрчихгүйн тулд блог хөтлөгч буюу блоггер /blogger/-н зүгээс сэтгэгдэлийн тохиргоог хэрхэн хийх талаар авч үзье. Ингэхдээ жишээ болгон www.blogmn.net, www.blogspot.com –г сонгон авлаа.

Эхлээд монгол блог дээрх жишээг харуулъя.
www.blogmn.net төдийгүй бусад монгол хэл дээрх блогийн сэтгэгдэлийн тохиргоо нь үндсэндээ адил боломжийг агуулсан байдаг.
Эхний алхам:
Энэ хүрээнд  блог руугаа нэвтэрч ороод “Тохиргоо” гэсэн хэсгийг “олж” түүнийг нээнэ.
Тэгээд “Сэтгэгдэлийн тохиргоо”  гэсэн хэсгийг хулганыхаа товчлуур  дээр дарж сонгоно.
Дээрх аргаар сэтгэгдэлийнхээ тохиргоог хийнэ. Ямар тохиргоо хийх нь блог хөтлөгчийн сонирхлоос хамаарна.
Одоо  англи хэл дээрх  блогт сэтгэгдлийн  тохиргоо хэрхэн хийх талаар танилцуулъя.
  1. www.blogspot.com –н блог руугаа нэвтэрч ороод “Тохиргоо” буюу Settigns гэсэн хэсгийг сонгоно.
  2. “Сэтгэгдэл” буюу Comments гэсэн хэсгийг сонгоно.
  3. Холбогдох тохиргоогоо хийгээд үйлдлээ батлах ба үүнийг Save settings гэсэн товчийг дарснаар гүйцэтгэнэ.

    1. Дүгнэлт.
       Өнөөдөр интернэт нь бүхий л улс орны иргэдийн боловсрол, шашин шүтлэг, нас хүйс, бусад байдлыг үл харгалзан үйлчлэх  хэрэгсэл болжээ. Интернэт нь бидний өдөр тутмын хэрэглээ болон хөгжиж байна. Энэ нь интернэтэд нийгмийн харилцаа өргөжин тэлж, тэр нь “бодит” ертөнц дэх нийгмийн амьдралаас ялгагдахгүй боллоо. Тэрхүү нийгмийн харилцааны нэг хэсэг болох интернэтэд хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлж буй байдал буюу “сэтгэгдэл бичих”-тэй холбоотой харилцааг дээр өгүүлэв.
       Аль ч улс орны хувьд вэб сайд дахь сэтгэгдлийг хүний үндсэн эрх, “үзэл бодлоо илэрхийлэх” эрх, эрх чөлөө гэж үзэж байна. Ингэж үзэж байгаагийн илрэл нь вэб сайтад сэтгэгдэл бичигч этгээдийн эрх, үүргийн тухай судлаачдын нийтлэлүүд билээ.
       Эрх зүйн үйл явдлууд дахь шийдвэрээр илэрч байгаа “Сэтгэгдэл  нь түүнийг бичигчийн өмч, үйлдэл”  гэх зарчимаас “сэтгэгдэл бичигчийн  эрх, үүрэг” урган гардаг байна. Дэлхийн улс орны сэтгэгдэл  бичигчдийн зүгээс гаргаж буй нийтлэг  зөрчилд, сэтгэгдлээрээ бусдын зохиогчийн эрхийг зөрчих, хэн нэгний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах явдал хамаарч байна.
       Ийм зөрчил нь учруулсан хохирол зэргээс  хамааран гэмт хэрэг юмуу гэм хорын  аль нэг гэж тооцогддог. Үүний шалтгаан нь хэрэглэж буй цахим хуудсынхаа “сэтгэгдлийн тохиргоо”-г хийж мэддэггүйтэй зарим талаар холбоотой байна. Вэб сайт бүрт “сэтгэгдлийн тохиргоо”-г хийх боломжийг хэрэглэгчдээ олгосон бөгөөд энэ бичлэгт англи болон монгол хэл дээрх вэб сайтад сэтгэгдлийн тохиргоог хэрхэн хийх талаар танилцууллаа.
       Тохиргоог хийх нь сэтгэгдлээр хүний эрхийг хөндөх, хууль зөрчихөөс чөлөөлөгдөнө гэсэн үг биш бөгөөд ямар тохиргоог хийх нь тухайн вэб сайтыг эрхлэгчийн сонирхол, эрмэлзэлээс л хамаарна. Сэтгэгдлийн тохиргоо нь түүнийг хэрэглэгч хууль зөрчихөөс хамгаалсан хэрэгсэл төдийгүй хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог байна.
       Таны  хувьд, интернэтийн орчин нь физик орчины адил эрх зүйн зохицуулалттай гэдгийг  мэдэж, бусад этгээдээс эрх, үүргийг  шаардаж хэвших нь интернэт дэх нийгмийн харилцааг зохистой, соёлтой байлгахад хувь нэмрээ оруулах болно.

    Read more...