Search This Blog

2010-03-09

Вэб сайтад сэтгэгдэл бичигчийн эрх, үүрэг

Л.Галбаатар


Ихэнх цахим  хуудас буюу вэб сайт нь уншигч-зочиддоо сэтгэгдэл бичих боломжийг олгосон байдаг. Бичлэг, post гэж нэрлэгдэх аливаа нийтлэлийн дор байх “post a comment”, “сэтгэгдэл бичих” зэрэг үгсээр илэрхийлэгдсэн товчийг дарснаар сэтгэгдэл бичигч болох эхний алхам хийгддэг билээ.




Your browser may not support display of this image.




Your browser may not support display of this image.
Эндээс л  эхлэн та “сэтгэгдэл бичигийн эрх, үүрэг”-ийн талаар бодож, санах ёстой юм.
Вэб сайтынхан  сэтгэгдэл бичих боломжийг олгосон  нь таныг заавал сэтгэгдэл бичих  ёстой гэж байгаа хэрэг биш  бөгөөд ийм боломж нь вэб сайтын уншигч тухайн нийтлэлийн талаарх санал, бодлоо хуваалцах гэсэн хүсэлтэй холбоотой байдаг.

“Сэтгэгдэл  нь түүнийг бичигчийн өмч, үйлдэл”  гэх зарчмаас “сэтгэгдэл бичигчийн  эрх, үүрэг” урган гардаг. Тэгэхээр, сэтгэгдэл бичигч ямар эрхтэй вэ? Тухайн сэтгэгдлийн агуулга, хэлбэрээс  үл хамааран сэтгэгдлээ өөрийнхөө өмч юмуу үйлдэл гэж тооцуулах эрх сэтгэгдэл бичигчид бий. Ийм учраас сэтгэгдлийн тань “хувь заяа”-г танаас өөр этгээд мэдэх эрхгүй. Тодруулбал, сэтгэгдлээрээ утга зохиолын бүтээл туурвилаа гэж үзвэл сэтгэгдэлдээ зохиогчийн эрх эдлэнэ. Мөн хуулиар баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн нэг илрэл бол бичсэн сэтгэгдэл юм.

Харин сэтгэгдэл  бичихдээ хүний эрхийг зөрчих, хуулийг  сахихаас чөлөөлөгдөх эрх хэнд ч  байхгүй. Сэтгэгдэл бичихийн өмнө, эрх зүйгээр тодорхойлсон хүний эрхийг хангах, хуулийг сахих үүргийг анхааралдаа аваарай. “Үүргээ мэдээгүй” гэсэн шалтгаан хэлж хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх боломж үгүй юм.

Өнөөдөр, сэтгэгдэл  бичигчдийн зүгээс гаргаж буй нийтлэг  зөрчилд, сэтгэгдлээрээ бусдын зохиогчийн эрхийг зөрчих, хэн нэгний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах явдал хамаарч байна. Ийм зөрчил нь учруулсан хохирол зэргээс хамааран гэмт хэрэг юмуу гэм хорын аль нэг нь болдог.

Одоо зөрчил тус бүрийг дэлгэрүүлэн авч үзье.

“Зохиогчийн эрхийг зөрчсөн сэтгэгдэл”. Энэ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг хувиргах, гажуудуулах, эх сурвалжийг дурдахгүйгээр ашиглах зэргээр бичсэн сэтгэгдэл юм.
“Гүтгэлэг, доромжлол бүхий сэтгэгдэл”. Тодорхой шалтгаан, бодит байдалд нийцсэн эсэхээс үл хамааран хэн нэгнийг гүтгэх, доромжлох нь хууль зүйн хариуцлага хүлээлгэх үйлдэл билээ.
Эндээс “сэтгэгдлээр эрх нь зөрчигдсөн этгээд, түүний эрхээ  хамгаалах арга зам”-ын талаар яригдана. Эрх зүйн хамгаалалт нь эрх зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд дараах аргаар эрхээ хамгаалж болно. Үүнд:

Эрхийг  хүлээн зөвшөөрүүлэх- тухайн сэтгэгдэл дэх зохиогчийн эрхийн бүтээлийн зохиогчийн эрх танд хадгалагдана гэдгийг зөвшөөрүүлж, сэтгэгдэлд засвар оруулах юмуу, сэтгэгдлийг устгуулах,

Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх- гүтгэлэг, доромжлол бүхий сэтгэгдлийг устгуулах,

Учруулсан хохирлыг арилгуулах-танд сэтгэл санааны болон бусад хохирол учирсан бол хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хохирогчийн зүгээс эрхээ сэргээхэд гардаг бэрхшээл:
  1. Сэтгэгдэл бичигч хэн болох нь тодорхойгүй байх,
  2. Сэтгэгдэл бичигчээс эсэргүүцэл үзүүлэх, бусад этгээд зөрчил бүхий сэтгэгдлийг дэмжих,
  3. Бусад








    • Зөрчил бүхий сэтгэгдлүүд ихэвчлэн нууц нэр, нэргүйгээр бичигдсэн байдаг. Ийм үед сэтгэгдэл бичигчийг хэн болохыг тухайн вэб сайтын админаас асууж мэдэх эрх танд бий. Админы хувьд эрх зөрчсөн талаарх хүсэлтийг хүлээн авч, холбогдох этгээдийн мэдээллийг өгөх үүрэгтэй юм. Гэхдээ админ нь тухайн этгээдийг хэн болохыг мэдэхгүй гэх нь бий. Энэ тохиолдолд админаас бүх талын арга хэмжээ авч сэтгэгдэл бичигчийг тодруулах оролдлого хийсэн эсэхийг лавлах хэрэгтэй. Админ нь хэрэгтэй мэдээллийг өгч чадахгүй бол та түүнийг зөрчил гаргагч гэж тооцох ёстой. Учир нь вэб сайтдаа зөрчил гаргуулахгүй байх тусгай үүрэг админд бий. Админ зөрчил гаргуулсан нь түүнд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Үүний үндэслэл нь зөрчил бүхий сэтгэгдэлд админ нь гэмт хэргийн хамтран оролцогч, гэм хорын хамтран хариуцагч гэж тооцогддог явдал юм. Энэ зохицуулалт нь гэм буруутай этгээдэд тохирсон хариуцлагыг хүлээлгэх, хэн нэгнийг хохирсон чигт нь үлдээхгүй байх зорилготой.




    • Зөрчил гаргагч нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцвэл түүнд хүлээлгэх хариуцлага нэмэгддэг. Зөрчил гаргагчийг дэмжих нь гэмт хэрэг, гэм хорын хамтран оролцогч гэж тооцогдох үндэслэл юм.








      Хариуцлагын тухайд бол, хууль зүйн хувьд иргэний, захиргааны, эрүүгийн гэж ангилагдах хариуцлага бий. Хариуцлага хүлээлгэх  этгээд нь иргэн, улсын байцаагч, шүүгч  мөн. Хэнд ямар хариуцлагыг аль үндэслэлээр хүлээлгэх эрх дээрх этгээдүүдэд хадгалагдана.








      Вэб сайтын админд зориулан хэдэн зүйл зөвлөхөд, хууль зүйн хариуцлага хүлээх эрсдэлд  орохгүйн тулд дараах алхамуудыг боломжийнхоо хэрээр хийгээрэй:








    • Хууль, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг нэн даруй устгах,




    • Сэтгэгдлээ устгуулсан этгээд зохиогчийн эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчлөө гэж гомдол гаргах тохиолдол байдаг тул устгах сэтгэгдлээ баримт болгон авч, хадгалж байх,




    • Сэтгэгдлийг хянасны дараа нийтлэх,




    • Сэтгэгдэл бичих этгээдэд зориулсан анхааруулгыг сэтгэгдлийн талбарт байрлуулах. Түүний утга нь “сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Ийм хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй”. Вэб сайт дахь анхааруулгын үг нь сэтгэгдэл бичсэн, бичүүлсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хүнд, хөнгөнийг тодорхойлоход хэрэглэгддэг байна.





    Эцэст нь хэлэхэд, интернэтийн орчин нь физик орчиноос ялгаагүй эрх зүйн зохицуулалттай гэдгийг  мэдэж, бусад этгээдээс эрх, үүргийг  шаардах нь интернэт дэх нийгмийн харилцааг зохистой байлгах болно.
  /эх сурвалж: "Үнэн" сонины 2010-3-3-ны дугаар/
Энэ бичлэг нь Монгол Улсын эрх зүйн зохицуулалт  болон бусад орны /АНУ, Их Британи-Умард Ирландын Нэгдсэн Xaант Улс/ эрх зүйн практикт тулгуурлав.

2 comments:

Тошил said...

Saihan niitlel bna

Доржпалам Бат-Орших said...

Нэгдсэн вант улс болон АНУ-н хуулийн эх сурвалжыг хаанаас харах вэ?