Search This Blog

2010-02-26

Интернэтэд эрх зүйн соёл төлөвшөөгүй байна

/ "Үнэн" сонины 2010-2-25-ны  11 дүгээр талд нийтлэгдсэн ярилцлагаас хэсэглэн авав. /

Л. Эрдэнэмаа
... хуулийн зөвлөх Л.Галбаатартай ярилцлаа. Тэрбээр интернэт дэх хүмүүсийн эрх зүйн соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй юм.


-Интернэт, цахим-кибер орон зай гэхчилэн нэрлэж байгаа энэ орон зай маань бидний физик ертөнцийн үргэлжлэл юм. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран аль ч орны иргэд цахим орон зайд амьдарч, ажиллаж  нийгмийн бүхий л харилцаа явагдаж байна.  Нийгмийн харилцаа байгаа газар хууль байдаг.

Цахим орон зайд эрх зүйн зохицуулалт зайлшгүй зүйлийн нэг боллоо гэдэг нь бидэнд мэдэгдэж буй үйл явдлуудаас тодорхой харагдаж байгаа юм. Хуульчид тэрхүү орон зайд байгаа хүмүүст хуулийн туслалцаа үзүүлэх шаардлага гарч байгаа. 

Интернэтэд хүний эрх ихээхэн зөрчигдөж байна. Халдашгүй байх, хэвлэн нийтлэх, зохиогчийн эрх илүүтэй зөрчигдсөөр байна. Ер нь физик ертөнц дээр  байгаа бүхий л  харилцаа  интернэт дээр байгаа. Тэгэхээр бидний физик ертөнц дэх асуудлууд цахим орон зайд ямар өнгө төрх, хэлбэртэй байгааг тодруулах нь тэрхүү орон зайд байгаа хүмүүс болон хуульчдад гол ажил болж байна.

Энэ нь судлаачдын дунд “интернэтийн эрх зүйн зохицуулалт” нэрийн дор яригдаж байгаа л даа. Гэхдээ дээрх нэр томьёог эрх зүйн бие даасан салбар гэхээсээ интернэтийг эрх зүйгээр зохицуулж буй арга, хэрэгсэл гэж ойлгох нь түгээмэл юм. 
... Эрх зүйн зохицуулалт нь интернэтэд өрнөж буй үйл явцыг хязгаарлах, боомилох гэхээсээ илүү байгаа харилцаанд нь хууль зүйн талаас үнэлэлт дүгнэлт өгч, хэн нэгний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах зорилготойгоор үйлчилж байна. Интернэтийн эрх зүйн онцлог нь даяаршилтай шууд холбоотой. Интернэтийн харилцаа болон түүний зохицуулалт олон улсын эрх зүйтэй илүү холбогддог.

...Ихэвчлэн зохиогчийн эрхийн зөрчил, нэр төрд хандсантай холбоотой туслалцаа үзүүлж байна. Манай орны хувьд бусад оронтой харьцуулахад интернэтийн харилцаа хөгжиж эхэлж байгаа. Ийм тохиолдолд маргааныг зохицуулахад илүү хялбар байна. Интернэт өндөр хөгжсөн орнуудад эрх зүйн зохицуулалт нь илүү нарийвчлалтай байдаг.

-Манайд энэ талын хууль эрх зүйн ямар зохицуулалт байдаг вэ?
-Интернэтийн онцлогтой холбоотойгоор, интернэтэд зориулсан тусгай хууль байх нь зохимжгүй гэж үздэг. Учир интернэтийн хөгжил цаг, минутаар хэмжигддэг.  Тэгэхээр түүнд тохируулсан хууль гаргана гэхээр хууль нь өөрөө интернэтийн хөгжлөөс  хоцрогддог.

Хуульчид ямар зохицуулалт хэрэглэж байна гэвэл, олон улс хооронд байгуулсан нийтлэг хэм хэмжээ, гэрээ конвенцийн зарчмыг баримталж байна л даа. Энэ нь ч зөв гэж би боддог. Зарчим байгаа тохиолдолд түүнийг хэрэглэх чадвар хуульчаас нь хамаарна.  ... Гол нь ерөнхий зарчим, хэм хэмжээ байхад хангалттай юм.
-Интернэтийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн гаргадаг гол алдаа юу вэ? 
... Интернэтийг дур зоргийн ертөнц гэж ойлгоод байдаг. Энэ л хамгийн том алдаа юм. Үүний шалтгаан олон хүчин зүйлсээр тайлбарлагдана л даа.
... Ер нь интернэтэд эрх зүйн соёл хангалтгүй байна. 


-Интернэтэд зохиогчийн хамгийн ихээр зөрчигдөж буй. Өдөр тутмын сонины  сэтгүүлчдээр жишээлэхэд бүтээлийг нь дурын сайтууд ямар ч зөвшөөрөлгүй аваад тавьчихдаг. Мөн зохиолчдын бүтээлүүд, дуу, кино гээд зохиогчийн эрх дээд зэргээр зөрчигдөж байна. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол оо? 




-Оюуны хөдөлмөрөөр мөнгө олох ажил хаагдаж байна гэсэн үг л дээ.  Тухайн зөрчлүүдэд ямар байдлаар хариу барих вэ гэдэг чухал. Миний бодлоор оюуны хөдөлмөр эрхлэгчид хуульчаа зөв сонгоод, асуудлаа зөв тодорхойлох хэрэгтэй юм. Зөрчилд олон хариу өгч болно. Гол нь ямар хариу өгөх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй байна. 

-Тэгэхээр интернэтэд эрхээ зөрчүүлэхээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Ажлаа баримтжуулах хэрэгтэй. Баримтжуулаагүй тохиолдолд өөрөө эрсдэлд орж болзошгүй. Баримтжуулах тийм хэцүү биш шүү дээ. Он, сар, өдөртэй нь баримтжуул. Тэгээд хэнд хандах вэ гэдгээ сонго. Заавал шүүхэд хандах албагүй. Эрхээ зөрчүүлсэн хүний хүсэл зорилгоос л хамаарна. Оюуны өмчийн газар хандаж болж байна. Шүүхэд хандаж болно. Хоорондоо тохиролцож болно. Хоорондын маш сайн тохиролцоо байхад шүүхийн зохицуулалтаас ч илүү үйлчлэл үзүүлж болдог. Шүүхэд хандах нь эцсийн арга зам байвал зүгээр.
... интернэтийн орчинд ажиллаж, үйлчлүүлж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ? 


-Хамгийн гол нь тогтоосон хэм хэмжээ, хуулиудаа битгийн зөрчөөрэй. Зөрчвөл таны эсрэг хэн нэгэн гомдол гаргах тийм ч хэцүү зүйл биш шүү. Тэр гомдлын дагуу ажиллах чадвартай хүмүүс Монголд олон болсон байна. Зөрчил санаатай болон санамсаргүй үйлдэгддэг. Санамсаргүй гэж бодож буй үйлдэл тань ч хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгийг сана. Таны эрх битгий зөрчигдөөсэй гэж хүсч байгаа бол өөрөө бас хэн нэгний эрхийг зөрчихгүй байхад анхаарах хэрэгтэй.  
         


Read more...

2010-02-01

Цахим хуудсаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах ажиллагаа

Л.Галбаатар

Эрх бүхий албан тушаалтнууд /цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг билээ.

Иргэний гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргах зохицуулалт нь тус хуулийн 167-р зүйл юм. Энд иргэн холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан гомдол гаргаж болохыг зөвшөөрсөн юм.

Энэ л ёсоор, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26-р зүйлийн 26.1, 27-р зүйлийн 27.2-т зааснаар тагнуул, Цагдаагийн байгууллагын ажилтан, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүргийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь вэб сайтаараа дамжуулан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

Мөн Авлигатай тэмцэх газар ЭБШХуулийн дагуу вэб сайтаараа дамжуулан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

Эдгээр хуудас ( www.epmba.gov.mn , www.iaac.mn )ЭБШХуулийн шаардлагыг хангажээ.

Харин гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах үүрэгтэй бусад байгууллагын вэб хуудсанд дээрхийн адил тусгай хуудас байхгүй байна.

Уг нь ийм хуудас иргэдэд хэрэгтэй юм. Цахим сүлжээ ашиглах нь хугацаа хожих зэрэг олон талын ач холбогдолтой.
Гэхдээ цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь ЭБШХ-ийн 170-р зүйлийн дагуу гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг заавал хүлээн авах үүрэгтэй тул иргэний хувьд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газрын харьяаллын бус гэмт хэргийн тухай гомдол, мэдээллээ уг цахим хуудсаар дамжуулан өгөх боломжтой. Таны гомдол, мэдээллийг харьяаллын байгууллагад нь шилжүүлэн, энэ тухай танд мэдэгдэх болно.

Read more...