Search This Blog

2010-01-29

Цахим хуудсууд дахь зарим үйлдлийн үр дагавар




Л. Галбаатар


Интернэт дэх олон төрлийн харилцааны нэг нь гэрээ,хэлцэлтэй холбоотой харилцаа билээ. Түүний талаар олон үзэл баримтлал бий.


Дэлхийн цахим сүлжээн дэх харилцан үйлдлүүд нь гэрээний харилцаанд ямар “хүндрэл” учруулж байна вэ? Бид өдөр тутмын амьдралдаа интернэт дэх гэрээг хэрхэн байгуулах вэ? зэрэг асуудлаар ярилцая.

Талууд эрх тэгш, чөлөөтэй байж, харилцан тохиролцох бол гэрээний суурь зарчим юм. Энэ зарчим ёсоор гэрээ байгуулагдсанд тооцоход дараах алхам байх ёстой гэж үздэг.
Үүнд:
1. Нэг тал нь санал гаргах
2. Түүнийг нь нөгөө тал хүлээн авах юм. Мөн талуудын хооронд тохиролцоо байх ёстой. Үүнийг амлалттай адилтгаж болохгүй. Тохиролцоо нь шүүх дээр аль нэг талд албадан хүлээлгэх үүрэг үүсгэ
дэг.

Эндээс урган гарч буй “саналыг хэрхэн хүлээн авах вэ?” гэсэн асуултанд анхаарлаа хандуулъя. Энэ бол хууль зүйн чухал ойлголт мөн.
Үүнийг дараах бодит бус жишээгээр авч үзье. Зочилж буй вэб сайтад тань дараах үгс тааралдана:
“www.XYZ.com-д тавтай морил. Таныг манай сайтад зочилж байгаад бид баяртай байна. Энд зочилвол манай “XYZNews” сонингийн захиалагч болох ба 7 хоногийн 5$ бүхий цахим хувилбарыг танд илгээх болно. Бид танд сар бүр төлбөрийн нэхэмжлэх хуудас илгээх болно. Та захиалгаа хэдийд ч цуцалж болно”.
Энэ нь хүчин төгөлдөр гэрээ мөн үү? та ямар нэгэн сонин х
үлээж аваад төлбөр төлөх үүрэгтэй болж байна уу?

Энд гэрээний талаарх үзэл баримтлалын хоёр зүйл хамаатай байна.
1-р нийтлэг зарчим бол, санал гаргагч нь бусад этгээдэд хандахдаа илүү санаачлагатай байх юм. XYZ.com саналаа хялбар аргаар илэрхийлж байгаа бөгөөд саналыг хүлээж авах аргыг мөн хялбар болгосон байна.

Өөрөөр хэлбэл, XYZ.com нь Та захиалагч болохыг хүсвэл OK товчийг дарах буюу subscribe@xyz.com руу захиа бичих, 1-800-124-4567 руу залгаж нэр, хаягаа дуут шуудангаар үлдээж болно” гэж байгаа ба та XYZ.com-д хандсан ямар нэг тодорхой үйлдэл хийснээрээ саналыг хүлээн авсанд тооцогдох, төлбөр төлөх үүрэгтэй болж байна.

2-р нийтлэг зарчим буюу эхний зарчмын эсрэг өөр нэг нийтлэг зарчим бол дуугүй байх нь саналыг хүлээн авсанд тооцогдохгүй тухай юм. Санал гаргагч тал нь бусад этгээдийн эс үйлдэхүйг /дуугүй байдал/ гэрээ байгуулах саналыг зөвшөөрсний илрэл гэж үзэж болохгүй. Тэгэхээр дээрх жишээнд таныг тодорхой үйлдэл хийгээгүй байхад танд ирсэн цахим сонингийн төлбөрийг төлөхийг XYZ.com танаас албадаж эрхгүй.

Энд “гэрээ байгуулах санал гаргах дуудлага”, “гэрээ байгуулах санал”-ын ялгааг тодруулъя. Монгол Улсын Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.4-т “тодорхой бус этгээдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ. 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай, тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”.


Тэгэхээр XYZ.com нь тодорхойгүй үр дагавар бүхий өмнөх үгсийг дараах байдлаар өөрчилвөл гэрээ байгуулах санал бүрэн хэлбэржинэ.
“Та манай XYZNEWS сонинг бүтэн жилийн хугацаагаар захиалахыг хүсвэл ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ товч дээр даран үзэж ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ-ний нөхцлийг зөвшөөрсөн байх ёстой ба доорх талбарт нэр, и-мэйл хаягаа бичин ЗАХИАЛАХ товчийг дарна уу”


Ийм тохиолдолд та XYZ.com-той гэрээ байгуулав уу? энэ бол танд 7 хоног тутмийн сонин хүргэх санал бөгөөд ЗАХИАЛАХ товчийг дарснаар таныг саналыг хүлээн авсан гэж үзэх нөхцөл болно.
Угтаа санал гаргагч тал танд сонин хүргэж өгнө, та хариуд нь сар тутмын дугаарт 5$ төлөхөөр гэрээ байгуулагдсан хэрэг юм. Ийм гэрээг “clickwrap contract” буюу товчлуурт хэлцэл гэх бөгөөд гэрээний нөхцөл нь таалагдахгүй бол та ийм саналыг зүгээр л орхих хэрэгтэй болох нь.

Тиймээ, чухал асуулт бол “гэрээний нөхцөл” гэж юу вэ? 

Хэрэв ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ-ний нөхцлийг уншилгүйгээр ЗАХИАЛАХ товчийг дарсан бол яах вэ? Энэ гэрээгээр хориглосон ямар нэг зүйлийг хийвэл XYZ таныг гэрээгээ зөрчсөн гэж шаардлага хэрэгжүүлэх үү?
Монгол Улсын Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.3-т тодорхойлсноор, гэрээний гол нөхцөл бол гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл юм.

Иймд үйлдэл гүйцэтгэх ЗАХИАЛАХ товчийг дарах нь гэрээний нөхцлийг зөвшөөрч тэрхүү нөхцлөөр гэрээ байгууллаа гэсэн үг. Анхааралтай, хариуцлагатай байх хэрэгтэй байгаа биз? /Хэрэв тухайн гэрээний нөхцлийг чухалчилж байгаа бол тэрхүү нөхцлийг баримтжуулах-зураг болгон хадгалах, хэвлэхийг зөвлөж байна. Учир нь маргаан гарвал танд өөрийгөө хамгаалах нотолгоо болох зүйл хэрэгтэй.

Тухайн гэрээний нөхцөл нь хууль бус, зохисгүй биш л бол XYZ нь таны эсрэг шаардлага хэрэгжүүлэх эрхтэй. Гэхдээ гэрээгээр олж авсан зүйл буюу сонингийн мэдээллийг хуулбарлан хэрэглэх зэрэг нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор давхар зохицуулагдана.

Харин, бидний жишээн дэх “clickwrap contract”-д тавигдах хэлбэрийн шаардлага юу вэ? 
Монгол Улсын Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.1-д зааснаар, хэлцлийг /гэрээг/ хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. 

Тухайн гэрээ хуульд заасан хэлбэр, бичгэн хэлбэрийг хангасан эсэх дээр олон үзэл баримтлал бий. Ийм гэрээг бичгэн хэлбэртэй гэж үзэх эсэх, бичгэн хэлбэрт байх гарын үсгийг “clickwrap contract” яаж тодорхойлох вэ? Ийм гэрээ нь аман гэрээнд хамаарагдах уу? Гэрээний үнийн дүнгээс хамааран гэрээний хэлбэрийг тодорхойлох хэрэгтэй гэм мэт хандлага бий.

Ямартай ч, “clickwrap contract”-тай холбогдсон тухайн нэг тохиолдлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Тэрхүү шийдвэрийг интернэт дэх гэрээний нийтлэг зохицуулалт болгон авч үзэх эсэх нь одоогийн асуудал биш юм.

No comments: