Search This Blog

2010-12-28

Зөөврийн тооцоолуурыг аюулгүй авч явах 9 арга


Бэлтгэсэн Л. Галбаатар
Бидэнд зөөврийн тооцоолуураа ажлын газраасаа авч явах, зөөх шаардлага их гардаг. Гэхдээ зөөврийн компьютер хулгайлагдах нь хаана ч нийтлэг үзэгдэл болжээ. Энэ нь зөөврийн тооцоолуур хэрэглэгч этгээдийн компанийн төдийгүй хувийн, санхүүгийн чухал мэдээллийг эрсдэлд оруулж байгаа юм. Иймд дараах 9 аргатай танилцаж зөөврийн тооцоолуурынхаа аюулгүй байдлыг хангана уу. 



1. Тооцоолуурын цүнх ашиглахаас зайлсхий
Зориулалтын цүнх нь таныг зөөврийн тооцоолуур авч явааг илчилдэг. Тэгэхээр зөөврийн тооцоолуурыг тань хамгаалж чадах доторлосон цүнх буюу хайрцаг хэрэглэхийг зөвлөж байна.
2.Тооцоолуурынхаа нэвтрэх дугаар буюу нууц үгийг бүү үрэгдүүл
Зөөврийн тооцоолуурынхаа нэвтрэх үгийг хадгалах нь машины түлхүүрийг хадгалахтай л адил. Нэвтрэх дугаар буюу нууц үггүйгээр таны хувийн болон компанийн мэдээллийг хулгайлах нь хэцүү байдаг.
3.Тооцоолуураа биедээ авч яв
Таны тээшийг эрх бүхий этгээд шалгахаас бусад тохиолдолд онгоцонд, галт тэргэнд явахдаа зөөврийн тооцоолуураа байнга биедээ авч яв. Тээшээ алдах нь тооцоолуураа алдсанаас л дээр. Хэрвээ машинаар явж буй бол тооцоолуурыг хямгадахад хялбар. Тухайлбал, тооцоолуураа ашиглаагүй үедээ тээшиндээ хийгээд түгжчихэж болно.
4.Мэдээллээ цоожил
Шифрлэх буюу цоожлох нь хэн нэгэн таны тооцоолуурыг мэдэлдээ авч, файлуудад тань халдахаас хамгаалах бас нэг арга зам юм. Та аль ч файл, фолдер-оо цоожлох боломжтой. Ингэснээр хэн нэгэн таны чухал мэдээллийг олсон ч, түүнд нэвтэрч, мэдээлэлтэй танилцаж чадахгүй. Энэ аргыг хэрэглэхийн тулд хэрэгтэй мэдээллээ хэрхэн цоожлох талаар нэмж үзнэ биз.
5.Тооцоолуураасаа нүд бүү салга
Та нисэх онгоцны буудалд явж буй бол хамгаалагч нь таны тээшийг алдагдахгүй байхад анхаарал тавьж чадахгүй. Албаны хүн таны цүнхийг металл илрүүлэгчээр шалгахаас бусад үед тээшээ гараасаа бүү салга. Олон цүнх адилхан харагддаг бөгөөд таных холилдож алга болоход амархан юм.
6.Тооцоолуураа шалан дээр тавихаас зайлсхий
Шалан дээр тооцоолуураа тавих нь түүнийг мартах, алдах эрсдэлтэй. Та тооцоолуураа газар тавих болбол хөлийнхөө хооронд юмуу алхахад тань саад болох байрлалаар тавих хэрэгтэй.
7.Тооцоолуурын тоноглол худалдаж ав
Тооцоолуураа өрөө, ширээндээ орхих хэрэг гарвал “зөөврийн тооцоолуурын хамгаалалтын утас” ашиглаж, түүнийг хүнд жинтэй сандал, ширээ зэрэг найдвартай зүйлд бэхэл. Ингэх нь хэн нэгэн тооцоолуурыг авч явахад хэцүү болгоно. Мөн ийм утас нь алдагдсан тооцоолуурын байршлыг илтгэдэг програмтай байдаг. Тэрхүү програм нь тооцоолуурыг интернэтэд холбогдох үед ажиллаж, тооцоолуурын бодит байршлыг нарийвчлан илтгэдэг. Тийм програмын нэг нь “ComputracePlus” юм.
8.Дэлгэцний хамгаалалт ашигла
Ийм хамгаалалт нь олон нийтийн газар чухал мэдээлэлтэй ажиллаж байх үед хүмүүс таны мөрөн дээгүүр хийж буй зүйлийг тань гүйлгэн харахаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Энэ нь ялангуяа таныг аялан явах, хөл ихтэй газар ажиллах шаардлага гарсан үед туслах болно. Энд дурдсан дэлгэцийн хамгаалалтын жишээг дараах цахим хаягаас үзэж болно: Www.Secure-It.com/products/privacy_notebook.htm
9.Зочид буудлын өрөөнд тооцоолуураа бүү орхи
Маш олон эд зүйл зочид буудлын өрөөнөөс алдагддаг бөгөөд тэнд найдваргүй байдаг. Та тооцоолуураа өрөөндөө орхиж гарах шаардлагатай бол хаалгандаа “бүү саад бол” гэж бичих буюу тийм тэмдэглэгээ тавьж гарах нь илүүдэхгүй болов уу.

Хэрвээ зөөврийн тооцоолуураа алдчихсан бол юу хийх вэ?
-       Сүлжээнийхээ нэвтрэх үгийг өөрчилж компанийн серверийн аюулгүй байдлыг хангахад тусал
-       Алдсан тухайгаа орон нутгийн эрх бүхий байгууллага (цагдаа гэх мэт) болон компанийнхаа мэдээллийн технологийн хэлтэст яаралтай мэдэгд
-       Зөөврийн тооцоолуурт хэрэглэгчийн мэдээлэл байсан бол компанийнхаа санхүүгийн төлөөлөгч, хууль зүйн төлөөлөгч зэрэг эрх бүхий этгээдтэй холбоо барих хэрэгтэй. Тэд зохих ажиллагааг явуулах болно.

Эх сурвалж:



Read more...

2010-12-23

Вэб сайтын сэтгэгдлийг зохицуулах эрх зүйн үндэслэл


“Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам”-ын эрх зүйн үндэслэлийн талаар /хэм хэмжээний түүвэр/

өмнөх бичлэгийнхээ зарим эх сурвалжийг энд авч үзэж байна.
                                                                                                           Л. Галбаатар 
Хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох олон улсын 4 суурь баримт бичиг бий[1]. Эдгээр нь:
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
/1948 оны 12 сарын 10-нд НҮБ-аас батлан гаргасан-UDHR-Universial Declaration of Human Rights/,
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
/НҮБ, 1966-ICCPR/
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол
/НҮБ, 1966-ICCPR-OP/,
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
/НҮБ, 1966-ICESCR/юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын, 19 дүгээр зүйлд

“Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана”.
29 дүгээр зүйлд
2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй”.

Монгол Улсын 1974 онд нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19-р зүйлд

“Хүн бүр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй хөндлөнгийн шахалтгүй баримтлах эрхтэй. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаар үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.

Энэхүү зүйлд дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлагыг ноогдуулна. Энэ нь гагцхүү хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бөгөөд тэдгээр нь:
а. Бусдын эрх, алдар хүндийг хүндэтгэх

б. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд буюу ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлага

хамаарагдана
[2].

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд

16/ Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.

19-р зүйлийн 3-д
Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

гэжээ. 

Дээрх журамд шууд ишлэсэн хуулиудын холбогдох зүйлтэй танилцая.

3.1 Садар самуун явдал
A. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1, 3.1.2 болон 5 дугаар зүйл 5.1, 5.2-ийн дагуу садар самууныг илэрхийлсэн;

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 1998
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг;
3.1.2. "садар самуун явдал" гэж биеэ үнэлж явалдах, түүнд бусдыг уруу татах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, зуучлах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;

5.1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хоиглоно.
5.2. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно.

3.2 Хүчирхийлэл
A. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.4- д заасан зүйлсийг илэрхийлсэн;
Б. Эрүүгийн хуулийн 178 дугаар зүйлийн дагуу терроризмийг дэмжсэн;
B. Эрүүгийн хуулийн 144 дүгаар зүйлийн дагуу шашны харгис үзэл номлолыг
сурталчилсан;
Г. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1-д заасан үндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан;

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 1997

11 дүгээр зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хүлээх үүрэг

11.4. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.
11.5. Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно.

Эрүүгийн хууль, 2002
123 дугаар зүйл.Садар самууныг сурталчлах

123.1 Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.2. Энэ хэрэгт арван зургаан насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

144 дүгээр зүйл.Шашны харгис үзэл номлол сурталчлах, тараах

144.1.Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
144.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1783 дугаар зүйл. Терроризмыг сурталчлах

1783.1.Терроризмыг сурталчилсан, террорист ажиллагаа явуулах, түүнд оролцохыг нийтэд уриалсан, өдөөн хатгасан, албадсан, энэ чиглэлээр сурталчилгааны материал бэлтгэсэн, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1783.2.Терроризмыг сурталчлах гэмт хэргийг давтан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, 2001
3.1. “Үндэсний аюулгүй байдал” гэж /цаашид “үндэсний аюулгүй байдал” гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

6 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц

6.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ.
6.2. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй.

3.3 Хууль бус зар сурталчилгаа
A. Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зүйлд заасан зар сурталчилгааг агуулсан;

Зар сурталчилгааны тухай хууль, 2002
6.5.Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:
6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;
6.5.7.айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;
6.5.8.хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах.

3.4 Хүүхдэд хортой контент
A. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.3-ийн дагуу
эротик зүйлсийг илэрхийлсэн;
Б. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл 1.6-ийн дагуу
хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлсэн;
B. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл 5-д заасан зүйлсийг
илэрхийлсэн;

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 1998
7.2. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдахад дараахь зүйлийг хориглоно:
7.2.3. 18 насанд хүрээгүй хүнээр худалдуулах, 18 насанд хүрээгүй хүнд худалдах.
8.1. Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг, тайчих урлаг, үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн бусад үзвэрийг үзүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:
8.1.3. 18 насанд хүрээгүй хүнд үзүүлэх.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1996
13 дугаар зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

  1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
6/ хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх;

6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх

5. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. Хүүхдэд үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болон бусад гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг сурталчилгаанд ашиглахыг хориглоно.

3.5 Ёс зүйгүй хэллэг
A. Улсын Их Хурлын 2010 оны 48-р тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.1.2-д заасан “дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээлэл”-ийг илэрхийлсэн;

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

ГУРАВ.ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ, ХАНГАХ АРГА ЗАМ
3.6.Мэдээллийн аюулгүй байдал
Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн.

3.6.1.Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах
3.6.1.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал нэн чухал ач холбогдолтой.
3.6.1.2.Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох, саармагжуулах чадавхийг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ.

3.6.1.11.Кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх, аливаа гэмт хэргийг илрүүлэх, нотлоход тооцоолох хэрэгслийн криминалистик техникийн шинжилгээ ашиглах үндэсний чадавхийг бий болгоно.
3.6.1.12.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн орчинд сөргөлдөх аюулаас сэргийлэх, кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

4.2.2.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох шийдвэрээр бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.
4.2.3.Монгол Улсын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, энэхүү үзэл баримтлалыг чанд мөрдлөг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.
Миний хувьд тус журамд ишлээгүй холбогдох хэм хэмжээг дор танилцуулж байна.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 2006
25 дугаар зүйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах

25.1.Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.
25.2.Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ.
25.3.Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч, улсын байцаагч энэ хуульд заасан хариуцлага ногдуулна.
25.4.Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
Зорилт 2. Мэдээллийн эмзэг байдлыг бууруулах, хариу үйлдэл хийх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

Зорилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа
Хүрэх үр дүн
Хариуцах байгууллага
Шалгуур үзүүлэлт
Хөрөнгийн эх үүсвэр, хэмжээ (сая.төг)
4
Интернэтийн аюулгүй байдлыг хангах
Интернэт ашиглан гэмт хэрэг үйлдэх, садар самуун, хүчирхийлэл  зэрэг зүй бус үзэгдлийг сурталчлах, ёс бус мэдээлэл, агуулга тараахаас урьдчилан сэргийлэх, дотоодын болон гадаадын байгууллагатай хамтран интернэт хостуудад шалгалтыг тогтмол хийх
(2010-2015 он)
Интернэтийн зөв, зохистой хэрэглээ бий болж вэб хуудсууд Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болно

МШХХТГ,
ТЕГ,
ХХЗХ

Хууль зөрчсөн мэдээлэл бүхий вэб хуудсын тоо

Улсын төсөв
50



Хүүхдийг интернэтийн орчинд хамгаалах арга хэмжээг авах, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч болзошгүй эрсдэл, аюулын талаар мэдээлэх, агуулгад хяналт хийх
(2010-2015 он)
Хүүхэд интернэтийн орчинд аюулгүй суралцах боломж бий болно

МШХХТГ,
МХЕГ

Интернэтийн орчинд хүүхдийг хамгаалах мэдээллийн болон суртал-  чилгааны арга хэмжээний тоо

Улсын төсөв
100



Интернэт хэлэлцүүлэг, чат болон бусад интернэтэд суурилсан харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хууль бус мэдээлэл тархах нөхцөлийг хаах техник, программ хангамжийн арга хэмжээ авах
(2010-2014 он)
Монгол Улсын хуулийн дагуу интернэтийн зөв хэрэглээ бий болно

МШХХТГ,
ХХЗХ

Программ техникийн арга хэмжээ авсан үзүүлэлт

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт
1000


Эцэст нь хэлэхэд, тус журам нь хүний эрх, эрх чөлөөг үгүйсгээгүй бөгөөд тухайн хүний эрх нь өөр нэг хүний эрхээр хязгаарлагдах ёстойг илэрхийлж байгаа юм. Зөвхөн өөрийн эрхийг зөвтгөөд бусад хүний эрхийг үгүйсгэх нь эрх-үүргийн зохистой байдлыг эмх замбараагүй болгох гэсэнтэй адил юм.



[1] “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаар
[2] Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын газар. Хүний эрх- Олон Улсын гэрээ, хэлэлцээрүүдийн эмхэтгэл. УБ., 1998. 17 дахь тал.

Read more...

2010-12-18

Монгол Улсын интернэт дэх сэтгэгдлийн эрх зүйн хэм хэмжээ


Л. Галбаатар
“Монголын вэбийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” нэртэй семинар 2010 оны 12 дугаар сарын 14-нд Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд боллоо. Тус семинар нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос боловсруулж батласан “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам”-тай танилцуулах, мөн уг журмыг боловсронгуй болгоход санал авах зорилготой байв.
Энэхүү семинарт вэб сайтын хостинг, вэб сайт хөгжүүлэгч, вэбийн агуулга хариуцсан байгууллагууд илтгэл хэлэлцүүлж, Монголын вэбийн өнөөгийн байдал, хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн арга хэмжээ, ирээдүйн чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, санал солилцжээ.
АНУ гэх мэт мэдээллийн технологийн томоохон улсууд төрийн байгууллагын холбогдох журмаа нууцлах сонирхолтой байдаг. Харин манай улсын эрх бүхий байгууллага уг асуудлаар ил тод байгаа нь сайн хэрэг юм.
Семинарт оролцогсдын онцолсноор өнөөдрийн Монголын вэб сайтууд дараах асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй байна. Үүнд:
- Хэн нэгэн этгээд /хувь хүн, хуулийн этгээд/-ийг гүтгэх, доромжлох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдах,
- Бусдын оюуны бүтээлийн эрхийг ноцтой зөрчих,
- Садар самууныг сурталчилах .  
Эдгээр асуудлын шууд хохирогч нь бага насны хүүхдүүд, оюуны хөдөлмөр эрхлэгчид төдийгүй цахим харилцааны бүхий л түвшний оролцогсод билээ.
Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй этгээдүүдийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

- Интернэтийн үйлчилгээ эрхлэгч гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд юм.
- Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч гэж интернэтийн сүлжээ ашиглан өөрийн үйлчилгээг (мэдээ, форум, хэлэлцүүлэг, худалдаа наймаа гэх мэт) нийтэд хүргэж буй иргэн, хуулийн этгээд юм.
- Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч гэж өөрийн сервер дээр вэб болон бүх төрлийн цахим өгөгдлийг байршуулж, тэдгээрт хэрэглэгчид харилцаа холбооны сүлжээ ашиглан хандах боломжийг олгодог үйлчлэгч юм.
- Домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч гэж Монгол Улсын дотор .MN болон бусад төрлийн домэйн нэр бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.

Тус журмын үндсэн ойлголт, зохицуулалтын зүйл болох Хэрэглэгчийн үүсгэсэн контент (вэб дэх сэтгэгдэл) гэж тухайн вэб сайтын гишүүн аливаа мэдээ, нийтлэлд үлдээсэн сэтгэгдэл болон контент юм. Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээл бөгөөд түүнд Цахим шуудан, балк, спам захидал болон хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт) орохгүй.

Тус журмаар холбогдох этгээдүүд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээнд хандах хэрэглэгчийн хандалтын дундаж нь сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

2. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн үүсгэсэн контентийг Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актыг зөрчсөн эсэхэд хяналт тавих бөгөөд зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь арилгах, таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг хүлээнэ.

3. Вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл
үлдээх хэсэгтэй бол (1 өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их) вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь дараах зүйлсийг үйл ажиллагаандаа заавал нэвтрүүлэх ёстой юм. Үүнд:
A. Хэрэглэгч тухайн вэб сайтын үйлчилгээнд гишүүнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх
Б. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд зөвшөөрөх үйлчилгээний нөхцөл шаардлагыг боловсруулан гаргах ба уг нөхцөл шаардлагад дараах зүйлсийг заавал багтаасан байна. Үүнд:
a. Хориотой контентийн төрлүүд
б. Хориотой контентийг арилгах болон гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсвэл зогсоох тухай
в. Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актыг үйлчилгээндээ дагаж мөрдөх үүрэг болон тэрхүү хэм хэмжээний тухай
B. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд нэр, нэвтрэх түлхүүр үг, цахим хаяг зэргийг заавал бүртгэх бөгөөд цахим хаягаар гишүүнчлэлийн баталгаажуулалтыг илгээж, хэрэглэгч гишүүнээр элсэхийг баталгаажуулсан тохиолдолд гишүүнээр бүртгэж авах
Г. Хэрэглэгчийн Айпи хаяг (IP), товч нэрийг (ID) хэрэглэгчийн үүсгэсэн контентийн дээр нийтэд харагдахуйц байрлуулах
Д. Хэрэглэгч аль нэг өөр гишүүний оруулсан сэтгэгдэл, контентийг хууль бус сөрөг контент гэж үзвэл вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломжийг хэрэглэхэд хялбар, энгийнээр шийдэж өгсөн байх.

4. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар нь олон нийтэд нээлттэй байна.
5. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд өөрийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэглэгч нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актад заасан Садар самуун явдал; Хүчирхийлэл; Хууль бус зар сурталчилгаа; Хүүхдэд хортой контент; Ёс зүйгүй хэллэг буюу хориотой контент (сэтгэгдэл)-ийн талаарх гомдлоо эхлээд тухайн вэб сайтад мэдэгдэх ба хэрэв уг вэб сайтын үйлчилгээ эрхлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд албан бичиг, факс, цахим шуудангаар Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэх ёстой юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн контентийг Садар самуун явдал, Хүчирхийлэл, Хууль бус зар сурталчилгаа, Хүүхдэд хортой контент, Ёс зүйгүй хэллэг бүхий контент буюу хориотой контент байна гэж үзвэл доор заасан арга хэмжээ авахыг вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ. Үүнд:

A. Мэдэгдэл хүлээн авснаас 1 хүртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ аван хариуг мэдэгдэх.
Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчид өгнө.
Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 4 хүртэлх цагийн дотор авна. Үүнд:
A. Үйл ажиллагааг нь хаах тухай вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх
Б. Тухайн вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх.
Зохицуулах хороо нь контентийн талаарх гомдол, шийдвэр, хэрэгжилтийг гомдол гаргасан хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
Зохицуулах хороо нь интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглах үүрэгтэй.

Тус семинарт мэдээллийн технологийн зөвлөх Интек ХХК-ийн судлаач А.Халиунаагийн хэлэлцүүлсэн “Монголын цахим орон зай” илтгэлд дурдсанаар, 2009 оны 5 сарын байдлаар судалгаанд хамрагдсан Монголын 2535 вэбийн 1474 буюу 58% нь ажиллагаатай байгаа бөгөөд 21% нь ажиллагаагүй, 4% нь засвартай, 17% нь домэйн нээлттэй байна.
Харин цахим хуудсынхаа агуулгыг 16% нь тогтмол шинэчилдэг, 4% нь долоо хоног тутам, 6% нь сар тутам, 3% нь улирал тутам, 1% нь хагас жил тутам, 3% нь жилд нэг удаа, 25% нь шинэчлэдэггүй байна.
Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд хориотой контент бичигдсэн тохиолдолд түүнийг арилгуулахаар вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломж, нөхцөл хангалтгүй байна. Мөн “агаар ордоггүй” вэб хуудсуудад бичигдсэн хориотой контент “урт насласнаар” худал зүйл үнэн мэт, хориотой зүйл нь зөвшөөрөгдсөн мэт болох сөрөг нөлөөтэй байна.
Тодорхой жишээ авахад, хориотой сэтгэгдэл бичсэн, бичигдсэн этгээд ажилд орох, ажил хэргээ өргөжүүлэхээр шийдэх үед нөгөө талын хүмүүс, тухайлбал Хүний нөөцийн мэргэжилтэн тухайн этгээдийн интернэт дэх замналтай танилцаад бүтэн оноо өгөхгүй байх эрсдэл бий.
Мөн дээр дурдсан Монголын вэбүүд нь домэйний хувьд 67% нь .mn, 21% нь .com домэйнтэй байна. Эндээс харахад 67% нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахих үүрэгтэй, 21% нь МУ-ын төдийгүй бусад улсын (олон улсын) эрх зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэйг харуулж байна.
Дээрх судалгаанд хамрагдсан вэб хуудсуудын 18% нь зугаа, мэдээлэл, сурталчилгааны вэб хуудас бөгөөд хамгийн их сэтгэгдэл бичигддэг, хориотой контентын урсгал бүхий вэб хуудсууд юм.
“Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байна”, “интернэтийн харилцааг боомилох нь” гэх байдлаар “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам”-ыг хүчтэй эсэргүүцэж байгаа зүйл ажиглагдах боллоо.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх эдлэх нэрийн дор бусад этгээдийн эрх, эрх чөлөө, эрх зүйн журамд халдах, эрх зүйн зөрчлийг зөвтгөх нь зохих үндэслэл болохгүй юм. Интернэтийн харилцаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор хориотой контентийн талаар эрх зүйн болон технологийн зохицуулалттай байх нь дэлхий нийтийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн болон харилцаа холбооны олон талт гэрээнүүд, Монгол Улсын Үндсэн хуульд аль нэг эрхийг нөгөөгөөс нь ялгаж үзээгүй бөгөөд хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.
Эцэст нь хэлэхэд, “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам” нь Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч, контент хостингийн үйлчилгээ эрхлэгч болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгчдийн харилцааг тодорхой болгох, зан үйлийн эрсдлээс хамгаалахад чиглэж байна.

Засгийн газраас батласан Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилтийн төлөвлөгөө болон УИХ-аас батласан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар дээрх журам гаргахыг даалгасан тул Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус журам, түүний хэм хэмжээг хүчингүй болгох бус, сайжруулах, нарийвчлах чиглэлээр ажиллах нь тодорхой байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны тус журам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын нэгдэн орсон олон талт гэрээ, Үндсэн хууль, холбогдох бусад хуульд тусгасан зарчим, хэм хэмжээнд нийцсэн байна.



Read more...

2010-11-21

Байгууллагын тооцоолуур ашиглалтын журам


Л. Галбаатар

Кибер довтолгоотой тэмцэх Монголын баг (MonCIRT)-ийн мэдээлсэнээр, 2009 оны 11 сарын байдлаар жилд 150000 орчим монголчууд кибер халдлагад өртөж, 8000 нь хохирогч болж байна.
Уг хохирогчдын тоонд бүхий л байгууллагууд тодорхой хэмжээгээр багтах болов. Ийм  эрсдэлийн эсрэг гол хэрэгсэл нь байгууллагын "тооцоолуур ашиглах журам" юм.

Тодорхой, тухайлсан харилцааг л зохицуулдаг тул "тооцоолуур ашиглалтын журам" аль ч байгууллага, улсад нийтлэг зарчим, заалттай байдаг. Ингээд тэрхүү зарчим, заалтуудтай танилцая.
- Тооцоолуур, тооцоолуурын сүлжээ, түүн дэх мэдээллийг байгууллагын өмчийн эд хөрөнгө гэж үзнэ.
Байгууллагын эд хөрөнгө гэдэгт таны хариуцсан тооцоолуур, түүнд хадгалагдаж буй бүхий л мэдээлэл (цахим шуудан, дуут шуудан, цахим харилцааны хөдөлгөөн) хамаарах бөгөөд түүнийг ажилтны хувийн нууцад хамааруулахгүй. Мэдээллийг ил болгох, хэрэглэх эрх нь байгууллагын эрх бүхий этгээдэд хадгалагдана.
- Уг эд хөрөнгийг хуулийн хүрээнд байгууллагын удирдлагын баталж зөвшөөрсөн зорилгод ашиглана.
Ажлын бус цагаар, байгууллагаас илүү зардал гаргахааргүй, ажил үүргийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөхөөргүй бол тооцоолуурыг хувийн хэрэгцээндээ ашиглах боломж ажилтанд бий. Гэвч эндээс л байгууллага кибер халдлагад өртөх эрсдэл бий болдог. Учир нь ажилтны “хувийн хэрэглээ” нь байгууллагын хяналт, тооцоололд багтахгүй өргөн хүрээтэй цахим харилцаа байдаг. “Хувийн хэрэглээ”-нд тулгуурласан халдалтын арга зам, нөхцөл нь хувисан өөрчлөгдсөөр байдаг. Yahoo, Google, Microsoft, Paypal-ийн “үйлчилгээний албанаас” гэх “сайхан мэдээ”, Онлайн лотоны ялагч боллоо гэх мэдээллүүд нь хэрэглэгчийн бүртгэл, холбогдох нууц мэдээллийг цуглуулах, хулгайлах, хордуулах зорилготой байдаг.   
- Уг эд хөрөнгийг хууль бус зорилгод ашиглах нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Байгууллагын холбогдох журамд хориглох үйлдэл, түүнтэй холбогдсон хариуцлагыг тодорхойлж өгдөг. Гэхдээ байгууллагын журам зөрчсөн үйлдэл нь эрүүгийн, захиргааны хариуцлага хүлээлгэх үйлдэлтэй давхцаж байх нь бий. Энэ нь Эрүүгийн хуулийн боловсронгуй бус байдалтай холбоотой. Нэг үйлдэлд хоёр өөр хариуцлага хүлээх эрсдэл ажилтанд байдаг тул байгууллагын хувьд дотоод журмаа хуулиас нарийвчлалтайгаар боловсруулах нь ажилтнуудаа гэмт хэрэгтэн болгох эрсдэлээс сэргийлэх юм. Гэхдээ энэ нь ял завшуулах тухай бус бөгөөд, зөрчил бүхий үйлдэлд тохирсон хариуцлага хүлээлгэх, хэлмэгдлээс сэргийлэх тухай юм.
- Хэрэглэгч зөвхөн албан ёсоор зөвшөөрсөн төхөөрөмж, өгөгдөл, мэдээлэлтэй ажилллана. 
- Албан ёсоор зөвшөөрөөгүй мэдээллийг олж авахгүй.
- Тухайн мэдээллийг ашиглах зөвшөөрөлгүй хүнд сүлжээнээс мэдээлэл татаж өгч болохгүй. 
- Тухайн тооцоолуур, мэдээлэлтэй ажиллах эрхтэй ажилтны тоо тодорхой, хязгаарлагдмал байна.
- Байгууллагын тооцоолуур, түүний сүлжээнд хохирол учруулахуйц мэдээлэл, программыг нээх, хадгалахыг хориглоно.
- Тооцоолуур, түүний сүлжээг зөвшөөрөгдсөн, мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх.
Тооцоолуурын эзэмшил, бүртгэлийн талаар мэддэг, андуурахгүй байх нь чухал юм. Мөн сүлжээний хүрээнд хариуцаагүй мэдээлэл хаяг “андуурсан” байдлаар ирэх нь бий. Түүнийг буцааж илгээх нь зохистой байдаг.
Тухайн байгууллагын ажилтан хэдий ч, тухайн мэдээлэлтэй холбоогүй этгээдэд мэдээлэл дамжуулах нь журмын эсрэг үйлдэл юм.
Тодорхой давтамжтайгаар тооцоолуурын нэвтрэх үгийг солих нь зохистой бөгөөд энэ талаар бусад ажилтанд мэдэгдэх шаардлагагүй юм. Нөгөө талаар, нэвтрэх үгийг солих тухай байгууллагын мэдэгдлийг дуурайсан, “хортой” мэдэгдэл ирэх нь ч бий. Иймд нэвтрэх үг солихын өмнө түүний давтамж, хэлбэр зэрэгт анхааралтай хандах хэрэгтэй болдог.
Тооцоолуур ашиглалтын хүрээн дэх аливаа асуудал нь тусгай мэдлэг, туршлага шаардсан зүйл тул ажилтан бүр мэдээллийн технологийн мэргэжилтэнтэйгээ зохих хамтын ажиллагаа, харилцаатай байх нь тааварлахад бэрх, олон янзын дүр төрхтэй кибер халдлагаас өөрийгөө болон бусад ажилтнаа хамгаалах гол нөхцөл юм.
Энэ удаа тооцоолуур ашигладаггүй байгууллага, ажилтан ховор болж буй, нөгөө талаар кибер халдлагад өртөх хохирогч нэмэгдэж буйтай холбогдуулан байгууллагад мөрдөх “тооцоолуур ашиглах журам”-ын тухай толилууллаа.




Read more...