Search This Blog

2009-12-12

АНУ-ын жүжигчин ижил хүйстэн эсэх нь чухал биш

Жүжигчин Ron Livingston түүнийг Wikipedia болон Facebook цахим хуудсанд ижил хүйстэн гэж бичсэн хэргийг орон нутгийнхаа шүүхэд өглөө.

Түүний нэхэмжлэлд аливаа эргэлзээтэй, ноцтой мэдээлэлд түүнээс зөвшөөрөл авах ёстой гэж үзжээ.

Шүүхээс үүнийг баталбал, интернэтийн орчинд нэгэн зөв жишиг тогтох нь гэж найдаж байна.

Хууль зүйн салбарынхнаас бусад хүн, иймэрхүү мэдээлэлд, ижил хүйстэн мөн эсэхийг тогтоох гэж оролддог. Хууль зүйн хувьд, тухайн хүн ижил хүйстэн мөн эсэх нь хамаагүй, гол нь тухайн хүний нэр төр, эрүүл мэнд, бусад зүйлд зүй бусаар халдах, хохирол учруулахыг хориглодог юм.


Read more...

2009-12-07

Интернэтийн орчинд нэр төр хамгаалагдах боломж нэмэгдэж байна

1. 12 сарын 4-нөөс Google таны талаарх хувийн мэдээлэл, сөрөг зүйлсийг хайлтын үр дүнд гаргахгүй байлгахаар болж, "personalized search" тохиргоог бүх хэрэглэгчиддээ зориулж, хэрэгжүүлж эхэллээ.

Энэ нь хувийн орон зай ихтэй хүмүүс, цаашид хувийн орон зай нь нэмэгдэх хүмүүст, за тэгээд над мэтэд нь их хэрэгтэй үйл явдал болж байна аа. /эх сурвалж: Dec 6, 2009, Dozier Internet Law: New Google Now Obscures Online Attacks/

2. Зохиогчийн эрхийн байгууллага Digiprotect нь түүний эрхийг зөрчсөн этгээд /file-sharer/-с шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна уу? тийм бол, энэ нь зөв.
Эсвэл, нэхэмжлэлийн үнийн дүнгээ шүүхээс гадуур ихэсгээд байна уу? талууд тохиролцвол, үүнд хориглох юм байхгүй.
харин нэг зөрчилд нь холбогдуулан file-sharer-г бусад байдлаар дарамтлаад байна уу? тэгж байгаа бол, энэ нь хуулиар хориотой.
Магадгүй, шүүхээс нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрт, нэхэмжлэлийн үнийн дүн, шүүхийн зардлыг буруу тооцсон юмуу, шийдвэрлээгүй байна уу? тийм бол, талууд дээд шатны шүүхэд хандаж, цаг зав алдалгүйгээр хоорондоо шийдэе гээд байна уу?

Германы Digiprotect-той холбоотой, ямар учиртай үйл явдал болоод байгааг үнэндээ сайн мэдэхгүй байна. /эх сурвалж: written by enigmax on Dec 6, 2009- Anti-Piracy Group Calls in Debt Agency to Collect 'Fines'/
Read more...

2009-12-03

АНУ-ын засгийн газрын эсрэг вэб сайтын асуудлаар нэхэмжлэл гаргалаа

Л.Галбаатар

Өчигдөр, иргэний эрх чөлөөний асуудлаар мэргэшсэн байгууллагаас Засгийн газрын 6 агентлагт холбогдуулан АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Нэхэмжлэлийн зүйл нь олон нийтийн харилцааны вэб сайтуудын /social networking sites/ мэдээллийг ашиглаж, цуглуулж, нөөцөлж байгаа дээрх 6 агентлагийн бодлого, журам юм.


Цахим хил хязгаарын сан- Electronic Frontier Foundation /ЦХС гэх/ 8 хуудас бүхий нэхэмжлэлдээ олон нийтийн харилцааны вэб сайтуудыг мөрдөн шалгах, хянах болон мэдээллийг тодорхой хэрэгслээр цуглуулах зэргээр ашиглахтай холбоотой журмаа нууцлахгүй байхыг Батлан Хамгаалах Яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Тагнуулын төв газраас шаарджээ.


10-р сарын эхээр, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг /Freedom of Information Act-FOIA/ үндэслэн ЦХС-гаас Засгийн газрын дээрх байгууллагуудад хандан “олон нийтийн харилцааны вэб сайтуудыг /энэ нь Facebook, Myspace, Twitter, Flicker зэргээр хязгаарлагдахгүй байгаа/ хянан шалгах, мэдээллийг цуглуулах зорилгоор 2003 оны 1 сараас эхлэн бий болгосон холбооны улсын удирдамж, зааврын тухай” бүхий л бичиг баримтыг мэдээллэх, ил болгохыг хүссэн байна.


Гэмт хэргийг мөрдөх, олны анхаарлыг татсан асуудлыг хянах, мэдээлэл цуглуулахтай холбогдсон хуулийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн вэб сайтуудыг ашиглаж буй асуудлаарх ЦХС-гийн гомдлыг олон төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр хойшлуулашгүй, чухал асуудал гэж үзэж байна.


ЦХС мэдэгдэлдээ, 9 сард Питтсбург /Pittsburg/ хотод болсон Их-20-ийн /G-20/ дээд хэмжээний уулзалтыг хурцаар шүүмжлэн, энэ үеэрх цагдаагийн байгууллагын хэв журмын ажиллагааны талаар Твиттерт бичсэн нийгмийн идэвхтэн Eliot Madison-г Холбооны мөрдөх товчоо /FBI/ баривчилсан хэргийн талаар дурджээ.


ЦХС-гийн гомдлын үндэслэл болох Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар, Конгресс иргэдийнхээ хувийн орон зайтай байх, түүнийхээ үр шимийг хүртэх, хуулиар хамгаалуулах эрхийн баталгааг бүрдүүлнэ. Түүнчлэн, Засгийн газрын аль ч байгууллага мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 20 хоногт багтаан хариу өгөх ёстой юм.


ЦХС-гийн багийн гишүүн, хуулийн оюутан Shane Witnov “интернэт хэрэглэгчид хэн, ямар мэдээллийг, ямар нөхцлөөр /ямар үндэслэлээр/ цуглуулж, ашиглаж байгааг мэдэх эрхтэй. Товчоор хэлбэл, дээрх асуудлаар засгийн газар иргэддээ зохих ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

... эдгээр агентлагууд Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг биелүүлж, удирдамжийн баримт бичгүүдээ, олон нийтийн харилцааны вэб сайтуудыг хянаж байгаа журмаа ил гаргах, танилцуулах ёстой” гэж ЦХС-гийн нэвтрүүлгээр хэллээ.


By Matthew Harwood 12/02/2009 www.asisonline.org

Read more...

2009-12-02

Интернэтийн орчин дахь хүний эрх ба Хятадын засгийн газрын үйлдэл

Хятадын засгийн газраас интернэтийг хатуу хянах нь зохих үндэслэлтэй юу? 
Л. Галбаатар


Цахим орон зай дахь нэг “од” бол БНХАУ буюу Хятад улс юм. Интернэт дэх бүхий л харилцаанд хатуу хяналт тавьдагаар нь Хятадыг бид мэддэг боллоо. 

Хятад гэдгийн цаана Хятад улсын Засгийн газрыг ойлгох нь зүйтэй. Учир нь засгийн газрынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг хятад хүмүүс нэлээн бий. 

Энэ удаа нэгэн жишээн дээр Хятадын Засгийн газрын үйлдлийг хүний эрхийн хэм хэмжээ, хууль зүйн талаас нь тодорхойллоо. 

Жишээ: 2001 онд, Wang Xiaoning болон Shi Tao-г yahoo-н мэйл хэрэглэгчид рүү нэргүйгээр бичсэн бичлэгт холбогдуулан Хятадын засгийн газраас баривчилж 10 жилийн хорих ял оногдуулжээ. Эцэст нь, Хятадад yahoo-г хаасан байна. Дэлхийн хүний эрхийн байгууллагуудын зүгээс Yahoo хэрэглэгчийнхээ мэдээллийг Хятадын засгийн газрын шаардсанаар өгч байгаа нь тухайн хэрэглэгчидэд заналхийлж буй эрүү шүүлтийг зөвшөөрөн дэмжиж байгаа хэрэг гэж буруутгаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Internet censorship in the People's Republic of China гэж хайгаад авч болно. 

За тэгэхээр, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох дараах 4 суурь баримт бичиг бий. 
Энэ нь,  
Хүний эрхийн түгээмэл тунхаглал /1948 оны 12 сарын 10-нд НҮБ-аас батлан гаргасан-UDHR-universial declaration of human rights/, 
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /НҮБ, 1966-ICCPR/ 
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол /НҮБ, 1966-ICCPR-OP/ 
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /НҮБ, 1966-ICESCR/ 

Эдгээрийг Хүний эрхийн олон улсын билл /international bill of human rights/ гэж нэрлэдэг. 
Иймд Хүний эрхийн биллд Хятадын дээрх хоёр иргэн, Хятадын засгийн газар, Yahoo-н эрхийг юу гэж заасныг авч үзье. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 
12 дугаар зүйл. 

Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. 

19 дүгээр зүйл 

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана. 

29 дүгээр зүйл 

1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана. 
2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй. 
3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй. 

30 дугаар зүйл

Энэхүү Тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах буюу тийм үйлдэл хийх эрх олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй. 

Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12, 19, 29.2 зүйлүүд нь дээр дурдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зүйлүүдтэй адил утгатай байна. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан улс орнуудын тоонд Бүгд Найрамдах Хятад улс багтдаг юм. Иймд Хятад улсын дээрх хоёр иргэн- Wang Xiaoning болон Shi Tao-н хүний эрхэд Хятадын засгийн газар, Yahoo халдсан байна. 

Гэхдээ Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь заавал дагаж мөрдөх баримт бичиг биш хэдий ч түүнийг хүний эрхийн асуудлаарх заншлын хэм хэмжээ гэж ихэнх улсад хүлээн зөвшөөрч хэрэглэдэг. Тэгэхээр, олон улсын эрх зүйн дагуу, уг баримт бичгийн зүйл заалтыг хэрэгжүүлэхийг Хятад улсаас шаардах нь хангалттай үндэслэлгүй юм. 

Тэгвэл, Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 48.4-т зааснаар, уг конвенцод соёрхон батласан буюу нэгдэж орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар уг конвенц тухайн улсад хүчин төгөлдөр болно. 

Харин Хятад улсын хувьд уг конвенцод 1998-10-5-нд гарын үсэг зурсан хэдий ч соёрхон батлаагүй /signed but not ratified/ байна. 1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж, 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон НҮБ-ын дүрмийн дараах зүйлд: 

3-р зүйлийн 3.
“Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх” зорилгыг НҮБ эрхэмлэнэ. 

4 дүгээр зүйл 1. 
Энэхүү дүрэмд заасан үүргүүдийг хүлээн зөвшөөрсөн, Байгууллагын үзэж байгаагаар тэдгээр үүргийг биелүүлж чадах, биелүүлэхийг хүсч байгаа энхийг эрхэмлэгч бусад бүх улс тус Байгууллагад гишүүнээр элсэж болно. 

55 дугаар зүйл 
Улс түмний эрх тэгш байх, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэх үндсэн дээр улс үндэстнүүдийн хоорондын энх тайван, найрсаг харилцаанд зайлшгүй хэрэгтэй тогтвортой байдал, сайн сайхан аж байдлын нөхцлийг бүрдүүлэх үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллага: (с) арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл алагчилан хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахихад тус тус дөхөм үзүүлнэ.  
гэжээ.

Энэ нь Хятад улс аливаа олон улсын гэрээний оролцогч мөн эсэх, дотоодын хууль нь ямар байх эсэхээс үл хамааран НҮБ-ын гишүүний хувьд НҮБ-ын баримт бичгүүдэд заасан хүний эрхийг хязгаарлах эрхгүй болохыг харуулж байна. 


Эцэст нь хэлэхэд: Хятад улс нь НҮБ-ын гишүүний хувьд хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхүүлэн дэмжих үүрэгтэй байна. 

Тус улс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан улс орнуудын нэг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал ёсоор /12, 19-р зүйл/, цахим шуудантай холбогдсон харилцаа нь тухайн улсын иргэний захидал харилцааных нь нууц бөгөөд үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө юм. 

Yahoo нь Америкийн корпораци бөгөөд дэлхий нийтийн хэмжээнд интернэт үйлчилгээ эрхэлдэг. Тус корпорацийн харьяалагдах улс АНУ нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрсөн улсын нэг мөн. Энэ нь Хятад улс болон Yahoo-н хувьд, Wang Xiaoning болон Shi Tao төдийгүй бусад хятад хүний Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг нь хязгаарлах эрхгүй гэсэн үг юм. 

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд 
“Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.” гэж тусгагдсан хэдий ч тус жишээнд Хятад улс болон Yahoo нь Wang Xiaoning болон Shi Tao нарын үйлдэл бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн гэдгийг нотлоогүй билээ. 

Иймд Хятад улсын засгийн газраас иргэдийнхээ цахим орон зайд хориг тавихаас эхлээд эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ноцтой зөрчиж байна. Хятад улсын “зүй бус авир”-ыг НҮБ-ын гишүүн улс бүр бүү давтаасай. 
Тэдгээр улс нь иргэдийнхээ интернэттэй холбоотой харилцаанд хүний эрхийн мэдрэмжтэй байх нь үл өөрчлөгдөх-үндсэн үүрэг юм.

Read more...