Search This Blog

2009-12-12

АНУ-ын жүжигчин ижил хүйстэн эсэх нь чухал биш

Жүжигчин Ron Livingston түүнийг Wikipedia болон Facebook цахим хуудсанд ижил хүйстэн гэж бичсэн хэргийг орон нутгийнхаа шүүхэд өглөө.

Түүний нэхэмжлэлд аливаа эргэлзээтэй, ноцтой мэдээлэлд түүнээс зөвшөөрөл авах ёстой гэж үзжээ.

Шүүхээс үүнийг баталбал, интернэтийн орчинд нэгэн зөв жишиг тогтох нь гэж найдаж байна.

Хууль зүйн салбарынхнаас бусад хүн, иймэрхүү мэдээлэлд, ижил хүйстэн мөн эсэхийг тогтоох гэж оролддог. Хууль зүйн хувьд, тухайн хүн ижил хүйстэн мөн эсэх нь хамаагүй, гол нь тухайн хүний нэр төр, эрүүл мэнд, бусад зүйлд зүй бусаар халдах, хохирол учруулахыг хориглодог юм.


Read more...

2009-12-07

Интернэтийн орчинд нэр төр хамгаалагдах боломж нэмэгдэж байна

1. 12 сарын 4-нөөс Google таны талаарх хувийн мэдээлэл, сөрөг зүйлсийг хайлтын үр дүнд гаргахгүй байлгахаар болж, "personalized search" тохиргоог бүх хэрэглэгчиддээ зориулж, хэрэгжүүлж эхэллээ.

Энэ нь хувийн орон зай ихтэй хүмүүс, цаашид хувийн орон зай нь нэмэгдэх хүмүүст, за тэгээд над мэтэд нь их хэрэгтэй үйл явдал болж байна аа. /эх сурвалж: Dec 6, 2009, Dozier Internet Law: New Google Now Obscures Online Attacks/

2. Зохиогчийн эрхийн байгууллага Digiprotect нь түүний эрхийг зөрчсөн этгээд /file-sharer/-с шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна уу? тийм бол, энэ нь зөв.
Эсвэл, нэхэмжлэлийн үнийн дүнгээ шүүхээс гадуур ихэсгээд байна уу? талууд тохиролцвол, үүнд хориглох юм байхгүй.
харин нэг зөрчилд нь холбогдуулан file-sharer-г бусад байдлаар дарамтлаад байна уу? тэгж байгаа бол, энэ нь хуулиар хориотой.
Магадгүй, шүүхээс нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрт, нэхэмжлэлийн үнийн дүн, шүүхийн зардлыг буруу тооцсон юмуу, шийдвэрлээгүй байна уу? тийм бол, талууд дээд шатны шүүхэд хандаж, цаг зав алдалгүйгээр хоорондоо шийдэе гээд байна уу?

Германы Digiprotect-той холбоотой, ямар учиртай үйл явдал болоод байгааг үнэндээ сайн мэдэхгүй байна. /эх сурвалж: written by enigmax on Dec 6, 2009- Anti-Piracy Group Calls in Debt Agency to Collect 'Fines'/
Read more...

2009-12-03

АНУ-ын засгийн газрын эсрэг вэб сайтын асуудлаар нэхэмжлэл гаргалаа

Л.Галбаатар

Өчигдөр, иргэний эрх чөлөөний асуудлаар мэргэшсэн байгууллагаас Засгийн газрын 6 агентлагт холбогдуулан АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Нэхэмжлэлийн зүйл нь олон нийтийн харилцааны вэб сайтуудын /social networking sites/ мэдээллийг ашиглаж, цуглуулж, нөөцөлж байгаа дээрх 6 агентлагийн бодлого, журам юм.


Цахим хил хязгаарын сан- Electronic Frontier Foundation /ЦХС гэх/ 8 хуудас бүхий нэхэмжлэлдээ олон нийтийн харилцааны вэб сайтуудыг мөрдөн шалгах, хянах болон мэдээллийг тодорхой хэрэгслээр цуглуулах зэргээр ашиглахтай холбоотой журмаа нууцлахгүй байхыг Батлан Хамгаалах Яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Тагнуулын төв газраас шаарджээ.


10-р сарын эхээр, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг /Freedom of Information Act-FOIA/ үндэслэн ЦХС-гаас Засгийн газрын дээрх байгууллагуудад хандан “олон нийтийн харилцааны вэб сайтуудыг /энэ нь Facebook, Myspace, Twitter, Flicker зэргээр хязгаарлагдахгүй байгаа/ хянан шалгах, мэдээллийг цуглуулах зорилгоор 2003 оны 1 сараас эхлэн бий болгосон холбооны улсын удирдамж, зааврын тухай” бүхий л бичиг баримтыг мэдээллэх, ил болгохыг хүссэн байна.


Гэмт хэргийг мөрдөх, олны анхаарлыг татсан асуудлыг хянах, мэдээлэл цуглуулахтай холбогдсон хуулийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн вэб сайтуудыг ашиглаж буй асуудлаарх ЦХС-гийн гомдлыг олон төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр хойшлуулашгүй, чухал асуудал гэж үзэж байна.


ЦХС мэдэгдэлдээ, 9 сард Питтсбург /Pittsburg/ хотод болсон Их-20-ийн /G-20/ дээд хэмжээний уулзалтыг хурцаар шүүмжлэн, энэ үеэрх цагдаагийн байгууллагын хэв журмын ажиллагааны талаар Твиттерт бичсэн нийгмийн идэвхтэн Eliot Madison-г Холбооны мөрдөх товчоо /FBI/ баривчилсан хэргийн талаар дурджээ.


ЦХС-гийн гомдлын үндэслэл болох Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар, Конгресс иргэдийнхээ хувийн орон зайтай байх, түүнийхээ үр шимийг хүртэх, хуулиар хамгаалуулах эрхийн баталгааг бүрдүүлнэ. Түүнчлэн, Засгийн газрын аль ч байгууллага мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 20 хоногт багтаан хариу өгөх ёстой юм.


ЦХС-гийн багийн гишүүн, хуулийн оюутан Shane Witnov “интернэт хэрэглэгчид хэн, ямар мэдээллийг, ямар нөхцлөөр /ямар үндэслэлээр/ цуглуулж, ашиглаж байгааг мэдэх эрхтэй. Товчоор хэлбэл, дээрх асуудлаар засгийн газар иргэддээ зохих ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

... эдгээр агентлагууд Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг биелүүлж, удирдамжийн баримт бичгүүдээ, олон нийтийн харилцааны вэб сайтуудыг хянаж байгаа журмаа ил гаргах, танилцуулах ёстой” гэж ЦХС-гийн нэвтрүүлгээр хэллээ.


By Matthew Harwood 12/02/2009 www.asisonline.org

Read more...

2009-12-02

Интернэтийн орчин дахь хүний эрх ба Хятадын засгийн газрын үйлдэл

Хятадын засгийн газраас интернэтийг хатуу хянах нь зохих үндэслэлтэй юу? 
Л. Галбаатар


Цахим орон зай дахь нэг “од” бол БНХАУ буюу Хятад улс юм. Интернэт дэх бүхий л харилцаанд хатуу хяналт тавьдагаар нь Хятадыг бид мэддэг боллоо. 

Хятад гэдгийн цаана Хятад улсын Засгийн газрыг ойлгох нь зүйтэй. Учир нь засгийн газрынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг хятад хүмүүс нэлээн бий. 

Энэ удаа нэгэн жишээн дээр Хятадын Засгийн газрын үйлдлийг хүний эрхийн хэм хэмжээ, хууль зүйн талаас нь тодорхойллоо. 

Жишээ: 2001 онд, Wang Xiaoning болон Shi Tao-г yahoo-н мэйл хэрэглэгчид рүү нэргүйгээр бичсэн бичлэгт холбогдуулан Хятадын засгийн газраас баривчилж 10 жилийн хорих ял оногдуулжээ. Эцэст нь, Хятадад yahoo-г хаасан байна. Дэлхийн хүний эрхийн байгууллагуудын зүгээс Yahoo хэрэглэгчийнхээ мэдээллийг Хятадын засгийн газрын шаардсанаар өгч байгаа нь тухайн хэрэглэгчидэд заналхийлж буй эрүү шүүлтийг зөвшөөрөн дэмжиж байгаа хэрэг гэж буруутгаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Internet censorship in the People's Republic of China гэж хайгаад авч болно. 

За тэгэхээр, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох дараах 4 суурь баримт бичиг бий. 
Энэ нь,  
Хүний эрхийн түгээмэл тунхаглал /1948 оны 12 сарын 10-нд НҮБ-аас батлан гаргасан-UDHR-universial declaration of human rights/, 
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /НҮБ, 1966-ICCPR/ 
Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол /НҮБ, 1966-ICCPR-OP/ 
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /НҮБ, 1966-ICESCR/ 

Эдгээрийг Хүний эрхийн олон улсын билл /international bill of human rights/ гэж нэрлэдэг. 
Иймд Хүний эрхийн биллд Хятадын дээрх хоёр иргэн, Хятадын засгийн газар, Yahoo-н эрхийг юу гэж заасныг авч үзье. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 
12 дугаар зүйл. 

Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. 

19 дүгээр зүйл 

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана. 

29 дүгээр зүйл 

1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана. 
2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй. 
3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй. 

30 дугаар зүйл

Энэхүү Тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах буюу тийм үйлдэл хийх эрх олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй. 

Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12, 19, 29.2 зүйлүүд нь дээр дурдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зүйлүүдтэй адил утгатай байна. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан улс орнуудын тоонд Бүгд Найрамдах Хятад улс багтдаг юм. Иймд Хятад улсын дээрх хоёр иргэн- Wang Xiaoning болон Shi Tao-н хүний эрхэд Хятадын засгийн газар, Yahoo халдсан байна. 

Гэхдээ Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь заавал дагаж мөрдөх баримт бичиг биш хэдий ч түүнийг хүний эрхийн асуудлаарх заншлын хэм хэмжээ гэж ихэнх улсад хүлээн зөвшөөрч хэрэглэдэг. Тэгэхээр, олон улсын эрх зүйн дагуу, уг баримт бичгийн зүйл заалтыг хэрэгжүүлэхийг Хятад улсаас шаардах нь хангалттай үндэслэлгүй юм. 

Тэгвэл, Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 48.4-т зааснаар, уг конвенцод соёрхон батласан буюу нэгдэж орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар уг конвенц тухайн улсад хүчин төгөлдөр болно. 

Харин Хятад улсын хувьд уг конвенцод 1998-10-5-нд гарын үсэг зурсан хэдий ч соёрхон батлаагүй /signed but not ratified/ байна. 1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж, 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон НҮБ-ын дүрмийн дараах зүйлд: 

3-р зүйлийн 3.
“Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх” зорилгыг НҮБ эрхэмлэнэ. 

4 дүгээр зүйл 1. 
Энэхүү дүрэмд заасан үүргүүдийг хүлээн зөвшөөрсөн, Байгууллагын үзэж байгаагаар тэдгээр үүргийг биелүүлж чадах, биелүүлэхийг хүсч байгаа энхийг эрхэмлэгч бусад бүх улс тус Байгууллагад гишүүнээр элсэж болно. 

55 дугаар зүйл 
Улс түмний эрх тэгш байх, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэх үндсэн дээр улс үндэстнүүдийн хоорондын энх тайван, найрсаг харилцаанд зайлшгүй хэрэгтэй тогтвортой байдал, сайн сайхан аж байдлын нөхцлийг бүрдүүлэх үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллага: (с) арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл алагчилан хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахихад тус тус дөхөм үзүүлнэ.  
гэжээ.

Энэ нь Хятад улс аливаа олон улсын гэрээний оролцогч мөн эсэх, дотоодын хууль нь ямар байх эсэхээс үл хамааран НҮБ-ын гишүүний хувьд НҮБ-ын баримт бичгүүдэд заасан хүний эрхийг хязгаарлах эрхгүй болохыг харуулж байна. 


Эцэст нь хэлэхэд: Хятад улс нь НҮБ-ын гишүүний хувьд хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхүүлэн дэмжих үүрэгтэй байна. 

Тус улс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан улс орнуудын нэг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал ёсоор /12, 19-р зүйл/, цахим шуудантай холбогдсон харилцаа нь тухайн улсын иргэний захидал харилцааных нь нууц бөгөөд үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө юм. 

Yahoo нь Америкийн корпораци бөгөөд дэлхий нийтийн хэмжээнд интернэт үйлчилгээ эрхэлдэг. Тус корпорацийн харьяалагдах улс АНУ нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрсөн улсын нэг мөн. Энэ нь Хятад улс болон Yahoo-н хувьд, Wang Xiaoning болон Shi Tao төдийгүй бусад хятад хүний Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг нь хязгаарлах эрхгүй гэсэн үг юм. 

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд 
“Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.” гэж тусгагдсан хэдий ч тус жишээнд Хятад улс болон Yahoo нь Wang Xiaoning болон Shi Tao нарын үйлдэл бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн гэдгийг нотлоогүй билээ. 

Иймд Хятад улсын засгийн газраас иргэдийнхээ цахим орон зайд хориг тавихаас эхлээд эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ноцтой зөрчиж байна. Хятад улсын “зүй бус авир”-ыг НҮБ-ын гишүүн улс бүр бүү давтаасай. 
Тэдгээр улс нь иргэдийнхээ интернэттэй холбоотой харилцаанд хүний эрхийн мэдрэмжтэй байх нь үл өөрчлөгдөх-үндсэн үүрэг юм.

Read more...

2009-11-15

ном хайлтын ГҮҮГЛ-ийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө

Л.Галбаатар

Эх сурвалж : PAPER CHASE NEWSBURS 2009-11-10 Steve Czajkowski at 9:06 am ET

Даваа гаригт, АНУ-ын тойргийн шүүхийн бүрэлдэхүүний Нью-Йорк хот дахь Өмнөд тойргийн шүүхийн шүүгч нь "ном скайн хийх Гүүглийн санаачлага" төсөл нь зохиогчидод гэм хор учруулж буй талаарх асуудлыг зохицуулах зорилготой "гүүгл ба зохиогчидийн бүлэг, хэвлэлийн газруудын хоорондох хэлэлцээр"-т засвар оруулах хугацааг сунгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгч Denny Chin энэхүү сунгасан хугацааг 2009-11-13 буюу баасан гаригаар тогтоолоо.

Шүүхийн процессийн уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын хүсэлт бүхий захидалд дурдсанаар, талууд АНУ-ын Хууль зүйн яамтай уулзалт хийсэн ба ХЗЯ-/DOJ/-ын шаардлагаар эхний хэлэлцээрээ 10-р сард боловсронгуй болгосон юм.

ингээд шүүгч Chin нэмэлт, өөрлөлт оруулсан хэлэлцээрийг батлах эсэх асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг 12 сар хүртэл хойшлууллаа.

ХЗЯ нь Гүүглийн эсрэг гаргасан зохиогчийн эрхийн асуудлаарх өргөдлийг сонирхогч этгээдүүдийн шаардлагаар өргөн барьсан боловч шүүгч Chin
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм.

ХЗЯ-аас "бид нэг ашиг сонирхол бүхий нэхэмжлэлүүд нь хуулийг зөрчиж байгаа эсэх асуудлаар холбогдох саналыг өгч, хэлэлцээрт судалгааны үндсэн дээр дүгнэлт хийж уг өргөдлийг шүүхэд өргөн барьсан" гэв.

Эхний хэлэлцээрийн зүйл заалтаар бол, Гүүглээс зохиогчид болон хэвлэлийн газруудын зохиогчийн эрхийн бүтээлд 125 сая ам.доллар төлөх зохицуулалттай.
Мөн гүүглээс, онлайн хэлбэрээрх аливаа зохиогчийн эрхийн бүтээлийн нийт хуудсын 20%-ийг харуулах, хэрэглэгч тухайн бүтээлийг бүтнээр нь үзэх, хэрэглэхийг хүсвэл түүнийг худалдан авах боломжийг олгох нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөөд байна.

Шүүхээс уг хэлэлцээр нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх шаардлагын үндсэн дээр уг эвлэрлийг батлах эсэхээ шийднэ.

Read more...

2009-11-14

Веб сайтын сэтгэгдэлд нэхэмжлэл гаргалаа

Л.Галбаатар

source: Reporter: Mark Kennedy mark.kennedy@wkyt.com

Сонингийн вэб сайт дахь сэтгэгдлүүдэд холбогдуулан Nunn-н өмгөөлөгч гомдол гаргалаа.

Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа, хууль тогтоогч асан Steve
Nunn-н хуучин өмгөөлөгч, хатагтай Astrida Lemkins "Lexington
Herald-Leader's web site" kentucky.com-д түүний тухай сэтгэгдэл бичсэн, хэн гэдэг нь үл мэдэгдэх хариуцагчийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Lemkins нэхэмжлэлдээ "сэтгэгдэлд худлаа, гүтгэлгийн зүйл бичиж, хэт их сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандсан байсан" гэж хэллээ.
Сэтгэгдэл бичсэн этгээд "Lemkins-ийн сэтгэх чадвар ноцтой асуудалтай" гэж бичихдээ "supercalifragilistic" гэсэн нэр ашиглажээ. мөн түүнийг ална гэж заналхийлсэн бөгөөд Lemkins-ийн үйлчлүүлэгч Steve-ийг "заавал, заавал, заавал шинэ хуульчтай бол" гэж шаардсан сэтгэгдлүүдийг нэхэмжлэлд тусгажээ.

Хэн тухайн сэтгэгдлйг бичсэн болохыг мэдээллэхийг шаардаж Lemkins
kentucky.com--д шүүхийн мэдэгдэх хуудсыг гардууллаа.

Lemkins "сэтгэгдэл нь намайг гүтгэсэн, худал зүйлийг үнэн мэтээр бичсэн, миний ажил хэргийн нэр хүндийг сүйтгэх шинжтэй" гэж 27
NEWSFIRST-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уг сайтын редактор Peter Baniak "тэр сэтгэгдлийг устгасан бөгөөд манай сайтад сэтгэгдэл бичихийг хориглосон байгаа" гэж хэллээ. Тэрээр мөн "одоо бид, шүүхийн мэдэгдэх хуудсыг дэмжсэн болон эсэргүүцэж буй сонирхогч этгээдүүдийн харилцааг зохицуулах зорилгод үйлчлэн, сэтгэгдэл бичсэн этгээдтэй холбоо барихаар оролдож байна" гэлээ.

Lemkins нь Steve Nunn-н өмгөөлөгчөөр 10-р сарын сүүл, London-н өмгөөлөгч.n
Warren Scoville түүнээс үйлчлүүлэгчийнх нь хэргийг шилжүүлэн авах хүртэл ажиллаж байсан юм.

Read more...

2009-10-23

Сэтгэгдэл устгах асуудалд

Л.Галбаатар

Блогийн эзэн сэтгэгдэл устгах, сэтгэгдлээ устгуулах этгээд түүнийг эсэргүүцэх, аль нь ч эрх зүйн үр дагавартай.
Аль нэг нь огт хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш.

Сэтгэгдэл нь гүтгэх, доромжлох гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал бичсэн этгээд хариуцлага хүлээнэ. бичүүлсэн буюу түүнийг устгаагүй этгээд гэмт хэргийн хамтран оролцогч буюу захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийн аль нэг гэж тооцогдоно.

Энд, хүлээх хариуцлага л ялгаатай байгаа юм. бас гэмт хэрэг үйлдсэнээр л хариуцлагын асуудал яригдана гэж ойлгож болохгүй. гэмт хэрэгт бэлтгэсэн, завдсан үйлдэлд хариуцлага хүлээдэг, мэдээж хөнгөн хариуцлага яригдана.

Блог дахь бичлэг, сэтгэгдэл гэмт хэрэг биш эрх зүйн зөрчил болж, бусдад гэм хор учруулсан тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, бас гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд хариуцлага хүлээнэ.

Гэхдээ дээрх бүх хариуцлагын асуудал эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол, мэдээлэл өгснөөр үйлчилнэ. хэн нэгэн гомдол гаргах эсхийг нь урьдчилж мэдэхгүй, тэгээд ч гомдол гаргах ажиллагаа нь хэцүү биш, амархан тул блог, ер нь сайт дахь сэтгэгдлийг устгах нь эрх зүйн үр дагавар үүсгэхээс олон хүнийг хамгаалсан үйлдэл юм.

Read more...

2009-03-14

Интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчлийн шалтгаан, нөхцөл

"Интернэт дэх бичмэл бүтээлийн зохиогчийн эрхийн зөрчил, түүний шалтгаан, нөхцөл" судалгааны ажлын товчлол


 
                                                                                                       Л. Галбаатар


Энд албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой асуудлуудыг түр орхилоо.

Интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчилд ямар үйлдүүд хамаарах вэ?

Утга зохиол, урлагийн тухай Бернийн Конвенц болон Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-д бататгасан эрхүүдийг интернэтэд зөрчсөн үйлдлийг интернэт дэх зохиогчийн эрхийн зөрчил гэж үздэг.

Тэдгээр эрхийг дурдвал,

- 1. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх:

1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;

1.2.зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;

1.3.бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;

1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.



- 2.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:

2.1. бүтээлийг хуулбарлах;

2.2. бүтээлийг нийтлэх;

2.3. бүтээлийг нийтэд түгээх;

2.4. үүсмэл бүтээл болгон өөрчлөх;

2.5. түрээсээр ашиглуулах.



- Дээр дурдсан, 2 дахь хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ.

Хэн зохиогчийн эрхийг зөрчдөг вэ? – бидний л адил “нэг нөхөр” буюу хуулийн хэллэгээр бол иргэн, хуулийн этгээд.

Интернэтэд зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийг олон янзаар ангилж болохоор байгаа. Үүнийг дэлгэрэнгүй авч үзье.





Зориуд: Энэ нь зорилгоороо “ашиг олох” болон “өөрийгөө таниулах” гэж ангилагдаж байна.

- “Ашиг олох” гэдэгт тухайн бичмэл бүтээлийг худалдаанд байгаагаас нь хямд үнээр татаж авах нөхцлийг бүрдүүлсэнийг ойлгоно. Мөн нэгэнт худалдаанд байхгүй байгаа, уншигчийн хүсэлттэй номыг татаж авах боломж олгосон үйлдлийг тооцно.

Харин үнэгүй татаж авах нөхцөл бүрдүүлсэн боловч ашиг олох зорилготой зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл бас байна аа. Энэ нь вэб сайтдаа олон зочинтой байж, Google Adsence буюу рекламын самбар /баннер/ дээр товшиж, аялах нөхцөл бүрдүүлсэн байдаг. Үүнийг зохиогчийн эрх зөрчсөн үйлдлээрээ шууд бусаар мөнгө олох сэдэлттэй холбож тайлбарлаж байна.

Бас татаж авах зүйл байхгүй боловч, шинээр худалдаанд байгаа бүтээлийн хэсгээс байрлуулах нь уг сайтад зочлох хүний тоо ихсэхэд, Google Ads- с мөнгөтэй болох боломж нь нэмэгдэхэд зориулагддаг.



- “Өөрийгөө таниулах” гэдэгт, үзэл бодлоо хуваалцах болон зохиогчийг “чадах” гэсэн 2 өөр ойлголтыг багтаалаа.



Үзэл бодлоо хуваалцах:

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг вэб сайтад байрлуулснаар, бусад уншигч- вэб сайтаар зочлогчидод “сайн үйл” хийж, тус болж байна гэж боддог үйлдэл. Энэ үйлдэл нь зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж мэддэггүйтэй холбоотой. Гэвч хуулийн зохицуулалт мэдээгүй гэсэн үндэслэлээр хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүйг хууль зүйн шинжлэх ухаанд мөрддөг.

Зарим зохиогчийн эрхийн бүтээлийн агуулга тухайн сайтыг эрхлэгчийн үзэл бодлыг “хөглөдөг”, түүний үнэт зүйлс болдог бол түүнийгээ бусад хүнд хүргэх, санал бодлоо хуваалцах талбар нь зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл болдог.

Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах үйлдэлдээ зөвшөөрөл авах ёстой байдгийг мэддэг ч зөвшөөрөл хүсдэггүй нь “зохиогч зөвшөөрөхгүй байх” гэх бодолтой холбоотой. Зохиогчийн зүгээс зөвшөөрөл өгөхгүй гэсэн таамаглал ихэвчлэн алдаатай байдаг.

Харин “зохиогчийг чадах” гэдэгт хувийн шалтгаанаар зохиогчийн эрхийн бүтээлийг бүрэн буюу хэсгээр нь сайтад тавьж түүнийг буруутгах буюу шүүмжлэх үйлдэл хамаарна.

Ихэвчлэн зохиолыг файл /file/ болгосон юмуу тийм файлыг олж авсан үйлдэл байдаг бөгөөд өөрсдөө шивэх нь ч бий.



“чадах”:

Энэ үйлдэлд зохиогчийн эрхийн бүтээлийг татаж авахаар тавих буюу бүтээлийг бүрэн буюу хэсэгчлэн сайтад тавихдаа зарим хэсгийг нь өөрчлөн, утга санааг алдагдуулсан үйлдэл хамаарна. Энэ нь зохиогчийн үзэл бодлыг бусад хүнд буруугаар, гажуудуулж хүргэх зорилгоор тайлбарлагдана.



Зохиогчийн эрх зөрчсөн үйлдлээр зохиогчид ямар сөрөг үр дагавар учруулж байна вэ?

-худалдаанд байгаа бүтээлийн хувьд орох ёстой байсан орлого буурах

- зохиогчийн эрхийн бүтээлийн хувь заяа /агуулга/-г зохиогчоос өөр хүн “шийдэж байгаа нь” зохиогчийн сэтгэл санааг таагүй болгодог.

- нэр төр, алдар хүндийг гутаахдаа зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдлээ ашигладаг.

Үүнээс илүү муу зүйл гэж юу байхав.



Зохиогчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухайд

Энэ нь зохиогч болон түүний хамтрагч, найз нөхдийн идэвх, оролцоогоор тодорхойлогдоно.

Зохиогч тодорхой давтамжтайгаар өөрийн бүтээлийн нэр, өөрийн нэрээp хайлт хийх хэрэгтэй. Ингэхдээ крилл, латин, англи болон бусад хэлийг ашиглах нь үр дүнтэй.

Зохиогчийн эрх эзэмшигчийн тэмдэглэгээн дэх үгээ илүү уян болгох- зохиогчоос зөвшөөрөл авах, түүнтэй гэрээ хийх сэтгэгдэл төрүүлэхээр болгох. Жишээлбэл, та тухайн бүтээлийг аливаа хэлбэрээр ашиглахын өмнө зохиогчид мэдэгдэх ёстойг анхаарна уу.

Мөн уншигч, найз нөхөддөө зохиогчийн эрхийн бүтээлийнх нь талаарх аливаа мэдээллийг өгөх буюу анхаарал тавих нөхцлийг бүрдүүлэх, тухайлбал цахим шуудан /зарим тохиолдолд утас/-ыг зохиогчийн эрхийн бүтээлдээ байрлуулах.



Зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл дэх хууль зүйн хариуцлагын онцлог

Зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл хэр үргэлжилсэнээс түүнд хүлээлгэх хариуцлага тодорхойлогдоно. Үйлдлийн үргэлжлэлээс хамааран хууль зүйн хариуцлага нь иргэний эрх зүйн, захиргааны эрх зүйн, эрүүгийн эрх зүйн хариуцлага юм.

Зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийг эрт зогсоох нь нэг талаар зөрчигч этгээдэд тусалж байгаа, бага хариуцлага хүлээлгэх сэдэлттэй байх нь ээ.



Зохиогчийн эрхийг сэргээх арга замын тухайд

-эрх зөрчсөн үйлдлийг баримтжуулж авах

-тэгээд, зөрчигчид хуулийн шаардлага тавих юмуу холбогдох байгууллага /Интернэтийн үйлчилгээ түгээгч, Оюуны өмчийн газар, шүүх/-д эрх зөрчсөн үйлдлийг мэдэгдэж маргааныг шийдвэрлүүлэх.



Хуулийн шаардлага тавихын зарчим нь Иргэний хуульд зааснаар,

“Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”;

“Учруулсан хохирлыг арилгуулах”;

“Эдийн бус гэм хорыг арилгуулах”;

“Өөртөө туслах” билээ.



Үүний дагуу сайт тэр чигээрээ зохиогчийн эрх зөрчсөн бол сайтыг хаалгах, сайтын бүх бичлэгийг авахуулах;

Сайт дэх зохиогчийн эрх зөрчсөн үйлдлийн хувьд, зохиогчийн эрхийн бүтээлийг уг сайтаас авахыг шаардах;

Зохиогчийн эрх зөрчсөн этгээдээс төлбөр нэхэмжлэх нь зүйтэй.

Read more...

2009-03-07

Гүүгл зохиогчийн эрхийг хүндэтгэж байна

Л.Галбаатар

Зохиогчийн эрхийн нэг гол зарчим бол зохиогчийн эрхийн бүтээлийг аливаа хэлбэрээр ашиглах гэсэн үйлдэлд зөвшөөрөл өгөх зарчим юм.

Энэ нь зохиогчийн эрхийн 1 баталгаанд тооцогддог. Тэгвэл, "Гүүгл ном болон хавсарга материалуудыг сканнердаж зөвшөөрөлгүй хэсэгчлэн үзүүлж зохиогчийн эрх эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна" гэж зохиогчийн эрх эзэмшигчид Гүүглийг шүүхэд өгчээ. Харин шүүхэд мэдүүлэгчидтэй Гүүгл эвлэрсэн бөгөөд асуудлыг нэг мөр цэгцлэхийн тулд АНУ-ын хуулиар зохиогчийн эрх эдлэх этгээдүүдэд хандаж мэдэгдэл хүргэж байгаа юм байна. Мэдэгдлийг бүрнээр нь www.googlebooksettlement.com -р зочилж уншина уу.

Та энэ мэдэгдлийг уншин, эвлэрлийг дэмжин Гүүглээс зохиогчийн эрх эзэмшигчдэд тавьж байгаа "гоё" саналыг зөвшөөрөх юм уу, тусдаа бие даасан шаардлага гаргах эрхтэй юм.
Ингэхийн тулд 2009 оны 5 сарын 5-наас өмнө өөрийн шийдвэрээ гаргаж, мэдэгдэх ёстой шүү.

2009 оны 6 сарын 11-ны 13 цагт шүүх хуралдаанаас Гүүгл, АНУ-ын хуулиар зохиогчийн эрх эзэмшигч хоорондын эвлэрлийг батлах эсэхээ шийдвэрлэнэ. Үүнд таны сонголт чухал билээ.

Монголд бичмэл бүтээлийн зохиогчийн эрх хамгаалагдаж эхэлж байгаа, харин видео зэрэгт зохиогчийн эрх зөрчсөн үйлдлээс гадна нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл байж болохыг үгүйсгэхгүй. Би таны зохиогчийн эрхийн асуудалд туслахад бэлэн.

Read more...

2009-01-30

БАРААНЫ ТЭМДЭГ БА ДОМЭЙН НЭРИЙН МАРГААН



Д.Нэргvй
Оюуны Өмчийн Газрын итгэмжлэгдсэн тєлєєлєгч
Хуульч


Сvvлийн vед мэдээлэл, харилцаа холбооны технологийн хєгжлийг даган домэйн нэрийн маргаан маш ихээр гарах боллоо. Зарим байгууллага, хувь хvмvvс бизнесийн зорилгоор, єєрийн бараа, ажил vйлчилгээндээ илт давуу байдал бий болгох, хэрэглэгчдийг тєєрєгдvvлэн татах зорилгоор бизнес, улс тєр, соёл, спортын нэр алдартай хvмvvстэй холбоотой бvхий л домэйн нэрийг бvртгvvлж, улмаар холбогдох компани, хvмvvст vнэ хаялцуулж худалдах, єєрийн бизнест шударга бусаар давуу байдал бий болгох явдал газар авчээ.

Ийм тєрлийн маргаантай асуудлыг домэйн нэрийн эрх зvйн зохицуулалт, менежмент зэрэг холбогдох зохицуулалтыг хийдэг байгууллага олон улсын The Internet Corporation for Assigned Names and Numbers (ICANN) байгууллагаас баталсан домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх албан ёсны журам болох Uniform Domain Name Dispute Resolution Policy (UDRP) журмын дагуу зохицуулдаг. Домэйн нэрийг generic Top Level Domain name буюу gTLD, country code Top Level Domain name буюу ccTLD гэсэн тvвшинд ангилдаг. Сvvлийн vед домэйн нэртэй холбоотой маргаан, хэргийн гаралт ихээр нэмэгдэж, тvvний илрэх хэлбэр улам нарийсч байгаагийн хэрээр домэйн нэрийн бvртгэл, маргааныг шийдвэрлэх ажиллагаа улам боловсронгуй болсоор байна.

Маргаан олшрох болсон шалтгаан
Интернэтийн vйл ажиллагаа эрхлэн явуулж буй байгууллага болон Оюуны ємчийн байгууллага єєр хоорондоо уялдаа холбоогvй, интернэтийн vйлчилгээ vзvvлэгчдийн зvгээс зуучлагчидтайгаа хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, хариуцлага тооцдоггvй, бvртгэлийн ажиллагаа хялбар байдаг, тухайн нэрийг эзэмшиж буй этгээдийг тогтоох практик тогтоогvй, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх нээлттэй, vйлдвэрлэл vйлчилгээний даяаршил зэрэг нь энэ тєрлийн бизнесийг єдєєж, маргаан гарах гол шалтгаан болж байна.

Домэйн нэрийн маргааныг хэн шийдвэрлэдэг вэ?
Сvvлийн 10 гаруй жилд интернэт нь бизнесийн салбарт маш хvчтэй тvрэн орж ирсэн, vvнтэй холбоотой домэйн нэрийн маргааныг зохицуулсан олон улсын эрх зvйн стандарт тогтоогvй, vндэсний хууль тогтоомжууд нь єєр хоорондоо уялдаа холбоо багатайн дээр зохицуулалт байхгvй, хамгаалалтын процесс нь дэндvv удаан байдаг. Иймд нутаг дэвсгэрээс vл хамааран олон улсын тvвшинд хvлээн зєвшєєрєгдсєн процесс хэрэгтэй болсон.
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ) нь оюуны ємчийг олон улсын тvвшинд сурталчлах, хєгжvvлэх чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг. Олон улсын болон бvс нутгийн хэмжээнд хамгаалагдсан оюуны ємчийн эрх интернэтийн орчинд ихээр зєрчигдєх болсон талаар ICANN байгууллагад мэдэгдэж, UDRP журамд холбогдох єєрчлєлтийг оруулсан ICANN байгууллагаас 1999 оны нэгдvгээр сард ДОӨБ-ыг домэйн нэрийн маргааныг дээрх журмын дагуу шийдвэрлэх vйл ажиллагааг удирдан зохицуулахыг анх удаагаа албан ёсоор хvлээн зєвшєєрсєн. ДОӨБ-аас томилогдсон мэргэшиж дагнасан арбитрч, зуучлагчдаас бvрдсэн “арбитр болон зуучлалын тєв” нь домэйн нэрийн маргааныг хариуцан шийдвэрлэж байна.
ДОӨБ-аас гадна ICANN –аас итгэмжлэгдэн дэлхийн хэмжээнд vйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага болох 1999 оны 12 сард хvлээн зєвшєєрєгдсєн Yндэсний арбитрийн шvvх /YАШ/ (The National Arbitration Forum) болон 2002 оны 02 дугаар сард хvлээн зєвшєєрєгдсєн Азийн домэйн нэрийн маргаан шийдвэрлэх тєв /АЗНМШТ/ (Asian Domain Dispute Resolution Center) тус тус vйл ажилгаа явуулж байна.
Мєн ccTLD буюу улсыг тєлєєлсєн домэйн нэрсийг зохицуулах зєвлєл (CoCCA) нь гишvvн улсуудын домэйн нэрийн маргаан болон хууль бус ашиглалтын асуудыг олон улсын тvвшинд шийдвэрлэж байна.

Домэйн нэрийн талаар гомдол гаргах, vйлчилгээний тєлбєр
Гомдол гаргахаар шийдсэн бол хамгийн эхэнд гомдол гаргах эрхтэй болохоо батална. Гомдлын vндэслэл тань ДОӨБ, YАШ, -єєс гаргасан домэйн нэрийн маргааныг шийдвэрлэх дараах шалгуур vзvvлэлттэй салшгvй холбоотой байна. Yvнд:
  • домэйн нэр нь гомдол гаргагчийн бараа, ажил ажил vйлчилгээний нэртэй адил, бусдыг тєєрєгдєлд оруулахуйц байх,
  • хариуцагч нь тухайн домэйн нэрийг ашиглан єєрийн бараа, ажил vйлчилгээндээ давуу байдал бий болгосон байх,
  • домэйн нэр эзэмшигч нь адилтгах барааны тэмдгийн эрхгvй байх,
  • домэйн нэрийн бvртгэл болон ашиглалт нь хууль бус байх.

Домэйн нэрийн маргаантай холбоотой vйлчилгээ нь тодорхой тєлбєртэй байдаг. Тєлбєр нь маргаж буй домэйн нэрийн тоо, маргаан таслагчийн тооноос хамаарна. Тухайлбал, ДОӨБ нь таван домэйн нэр бvхий гомдлыг нэг маргаан таслагч шийдвэрлэх тохиолдолд 1500 ам.доллар, гурван маргаан таслагч шийдвэрлэх тохиолдолд 4000 ам.долларын тєлбєртэй байдаг. Харин 6-10 домэйн нэр бvхий гомдлыг нэг маргаан таслагч 2000 ам.доллар, гурван маргаан таслагч орвол 5000 ам.долларын тєлбєрийг ДОӨБ-д тєлєх болно. Хэрэв гомдолд заасан тооны маргаан таслагч асуудлыг шийдвэл та тєлбєрийг бvрэн хариуцна. Гэтэл хариуцагч буюу домэйн эзэмшигч нь маргаан таслагчийн тоог нэмэх санал гаргавал тєлбєрийг талууд 50 хувиар тэнцvv хувааж тєлнє. YАШ, АДНМШТ-ийн маргаан шийдвэрлэх тєлбєр нь ДОӨБ-ын тєлбєртэй адилгvй.

Домэйн нэрийн маргаанд ямар шийдвэр гаргадаг вэ?
Домайн нэрийн маргаан шийдвэрлэх этгээдvvд нь маргаанд тєвийг сахисан байр суурьнаас ханддаг ба маргаан хянан шийдвэрлэх процессын ажиллагааг удирдан явуулдаг. Тус байгууллагууд нь домэйн нэрийн маргааныг хэлэлцээд дараах vндсэн гурван тєрлийн шийдвэр гаргадаг. Yvнд:
  • домэйн нэрийг “шилжvvлэх”
  • домэйн нэрийг “хэвээр vлдээх”
  • домэйн нэрийг “хvчингvй болгох”
Эдгээр гурван тєрлийн шийдвэрийг хохирол нєхєн тєлvvлэх шийдвэрээс ялгаж ойлгох хэрэгтэй. Өєрєєр хэлбэл, учирсан хохирлын талаарх маргаан нь харьяалах шvvхийн шийдэх асуудал юм. Домайн нэрийн маргаан шийдвэрлэх этгээдvvд домэйн нэрийн маргааныг шийдвэрлэхдээ дараах vндсэн шалгуур vзvvлэлтийг vндэслэл болгодог. Yvнд:
  • домэйн нэр нь гомдол гаргагчийн бараа, ажил vйлчилгээний нэртэй адил, бусдыг тєєрєгдєлд оруулахуйц байх,
  • хариуцагч нь тухайн домэйн нэрийг ашиглан єєрийн бараа, ажил vйлчилгээндээ давуу байдал бий болгосон байх,
  • домэйн нэр эзэмшигч нь адилтгах барааны тэмдэг эзэмшдэггvй болон адилтгах бараа, ажил vйлчилгээ эрхэлдэггvй байх,
  • бvртгэл болон ашиглалт нь хууль бус байх.
2007 оны гуравдугаар сарын 2-ны єдрийн байдлаар ДОӨБ домэйн нэрийн нийт 10052 маргааныг шийдвэрлэсэн байна. Нийт маргааны 95 хувь нь gTLD, 4 орчим хувь нь ccTLD тvвшний нэрvvдтэй холбоотой гарчээ. Эдгээр маргааныг дараах байдлаар шийдвэрлэсэн байна. Yvнд:
  • 6516 шийдвэр нь домэйн нэрийг нэхэмжлэгчид шилжvvлэх,
  • 65 шийдвэр нь домэйн нэрийг хvчингvй болгох,
  • 1229 шийдвэр нь гомдлыг хэрэгсэхгvй болгох,
  • 2242 шийдвэр нь гомдлыг хvлээн авахаас татгалзан буцаасан байна.

Монгол улсад бvртгэлтэй барааны тэмдэгтэд холбогдох “mn” домэйн нэрийн маргааныг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Оюуны ємчийн газрын дэргэд 2007 онд байгуулагдсан “Маргаан таслах комисс” болон ази номхон далайн маргаан хариуцсан сайн дурын /СоССА/ Хууль тогтоомжийн дагуу хамгаалагдсан бараа, ажил vйлчилгээний тэмдгийг “mn” домэйн нэр зєрчиж буй талаар эрх бvхий этгээдээс ирvvлсэн гомдлыг комисс нь бvрэлдэхvvнтэй хэлэлцэж vндэслэлтэй гэж vзвэл домэйн нэрийг “хvчингvй” болгох шийдвэр гаргана.

ДОӨБ-аар шийдэгдсэн зарим домэйн нэрийн маргааныг товч танилцуулья.
  1. ДОӨБ-ын дэргэдэх арбитр болон зуучлах тєвд хамгийн анхны домэйн нэрийн маргааныг 1999 онд хvлээн авчээ. АНУ-ын Денвер муж улсын “Дэлхийн бєхийн холбоо интертайнмэнт” байгууллага нь “World wrestling federation” барааны тэмдгийг 1985 оны нэгдvгээр сарын 25-нд, vйлчилгээний тэмдгээр 1989 оны арваннэгдvгээр сарын 7-нд барааны тэмдгээр АНУ-д тус тус бvртгvvлжээ. Дээрх барааны тэмдгийн эрхийг АНУ-ын иргэн Майкл Босманы www.worldwrestlingfederation.com домэйн нэр зєрчиж байгаа талаар гомдол гаргасан. ДОӨБ-ын дэргэдэх арбитр болон зуучлах тєвєєс тус домэйн нэрийг гомдол гаргагч талд шилжvvлэхээр шийдвэрлэжээ.
  2. АНУ-ын иргэн Рассел Боёд нь www.juliaroberts.com домэйн нэрийг дуудлагаар худалдахаар интернэт худалдааны e-Bay сvлжээнд тавьсан байжээ. Холливудын алдарт жvжигчин Жулиа Робертс домэйн нэрийг авах талаар удаа дараа хvсэлт тавьсан ч хариуцагч талтай тєлбєрийн хувьд тохиролцоонд хvрээгvй байна. Иймд энэ талаар 2000 онд гомдол гаргажээ. ДОӨБ-аас а/“Жулиа Робертс” гэдэг домэйн нэр нь барааны тэмдгийн олон улсын хууль эрх зvйн дагуу хамгаалагдсан нэртэй адил, б/хариуцагч нь тухайн домэйн нэрийг эзэмших эрхгvй этгээд, в/хариуцагч нь домэйн нэрийг шударга бусаар бvртгvvлж, ашгилсан тул UDRP журмын 4 /i/, 15-д заасны дагуу домэйн нэрийг гомдол гаргагч Жулиа Робертсд шилжvvлэх шийдвэр гаргажээ. Энэ тохиолдолд Жулиа Робертс гэдэг нэрийг барааны тэмдгээр бvртгvvлж, гэрчилгээ аваагvй ч, олон улсын эрх зvйн нийтлэг хэм хэмжээний дагуу гомдол гаргагчид эрх vvссэн байна.
  3. Интернэт хэрэглэгчил КАЗАА хэмээх нэрийг андахгvй. “Kazaa” барааны тэмдгийг АНУ-ын Шармэн Лайсэнз холдинг эзэмшдэг. Хятадын Web Domain Names компанийн эзэмшиж буй 277 домэйн нэр нэхэмжлэгчийн барааны тэмдгийн эрхийг зєрчиж байгаа болон єєрийн эзэмшилд шилжvvлэх талаар 2004 оны аравдугаар сард гомдол гаргасан. ДОӨБ-аас уг асуудлыг хэлэлцээд akaaza.com, akazza.com, caazza.com, cazzalite.com, dkazaa.com, downloadskazaa.com, kazaalike.com, kazaaline.com, kazaafreemusic.com, kazaadownloadsite.com, zaeza.com, khazaa.com, downloadkazaa.com зэрэг нийт 245 домэйн нэрийг гомдол гаргагчид шилжvvлсэн. Харин fazaa.com, fazalite.com, gazzaa.com, kaaalite.com, kaaaz.com, kaazi.com, kasoa.com, kava.com, kawaza.com, kawazza.com, kaxaalite.com зэрэг нийт 32 домэйн нэрийн харагдах байдал, дуудлага, бичиглэл зэрэг нь гомдол гаргагчийн барааны тэдгийн эрхийг зєрчєєгvй гэж шийдвэрлэх vндэслэл болжээ.


Read more...