Search This Blog

2007-12-06

МЭДЭЭЛЭЛ ХАЙХ, ХҮЛЭЭН АВАХ, ТҮГЭЭХ ЭРХЭЭ ЭДЛЭХЭД БЛОГ ЧУХАЛ ХЭРЭГСЭЛ БОЛОХ НЬ

Илтгэлийн бүтэц:

I. Удиртгал

II. Мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх эрх чөлөөнд блог чухал хэрэгсэл болох нь
1. Мэдээлэл хайх эрх чөлөөнд блог чухал хэрэгсэл болох нь

2. Мэдээлэл хүлээж авах эрх чөлөөнд блог чухал хэрэгсэл болох нь

3. Мэдээлэл түгээх эрх чөлөөнд блог чухал хэрэгсэл болох нь



III. Дүгнэлт



Удиртгал



Монгол улсын Үндсэн хуулийн 16.17- д

төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална

хэмээн иргэнийхээ мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг бататган өгсөн байдаг.

Энэхүү мэдээлэл хайх, хүлээн авах эрх бол иргэдээс үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх улс төрийн эрх, эрх чөлөөг хангах үндсэн арга хэрэгсэл, гол баталгаа юм. [1]

Өнөөдөр иргэд ч, сэтгүүлчид ч мэдээлэл олж авах эрхгүй бөгөөд мэдээллийн ганц эх сурвалж хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа юм. Гэтэл өнөө хэр Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг засаг төрийн байгууллага ёсчлон биелүүлэхгүй байгаа нь харамсалтай юм. Монголын радио, телевиз гэхэд урьдын адил Засгийн газраас шууд санхүүжин түүнд үйлчилсээр байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд үйлчлэх статустайгаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдэлд очсон гэх боловч хэрэг дээрээ төрийн удирдлага, хяналтыг эрхэлдэг засаг даргынхаа хараа хяналт дор ажилласан хуучин уламжлал өөрчлөгдөөгүй байна.

Ийм нөхцөлд иргэд зөвхөн тухайн үеийн Засгийн газрын бидэнд тулгасан мэдээллийг хүлээн авч байгаа тул олон ургальч зарчим алдагдаж байгаа юм. Энэ утгаар бол Монгол Улс ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж буй хэрэг. Хэвлэл мэдээлэл улам хөгжиж, иргэний нийгэм, олон нийтийг мэдээллээр хангаж, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ жинхэнэ ёсоор биелүүлэх гол нөхцөл болсон эрх зүйн механизм, эдийн засгийн орчин хангалттай бус байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Үндсэн хуулийн үндэслэлийг тодруулан баталгаажуулсан хэдий ч заалтууд нь хэрэгжихгүй байгаа нь өмнөхөөсөө ухарсан мэт зөрчилтэй байгаа юм. Энэ нь иргэдийн мэдээлэлд нэвтрэх, олж авах эрх нь амьдрал дээр туйлын тодорхойгүй, захиргааны үзэмжээр шийдвэрлэх хэмжээнд байгааг нотолж байна.[2]

Иймд судлаач оюутан миний зүгээс блог хэмээх шинэ арга хэрэгслийг санал болгож байна. Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлээ дараах байдлаар бүтэцлэв. Үүнд:

- мэдээлэл хайх эрхээ эдлэхэд блог чухал хэрэгсэл болох нь

- мэдээлэл олж авах эрхэд блог чухал хэрэгсэл болох нь

- мэдээлэл түгээх эрх блогийн туслалцааг авах нь

дээрх бүтэц хоорондоо харилцан уялдаа бүхий асуудлыг тус тусад нь авч үзэхэд чиглэгдлээ. Энэ эрдэм шинжилгээний илтгэлийн үр дүнд мэдээллийн эрх чөлөө 21-р зууны иргэдийн үндсэн эрх болохыг батлахын сацуу тэрхүү эрхээ баталгаатай эдлэхэд блог гэгч шинэ үйлчилгээг дэвшилттэйгээр ашиглах талаар авч үзлээ.













1. Мэдээлэл хайх эрх чөлөөнд блог чухал хэрэгсэл болох нь



Иргэд мэдээллийг хайсан цуглуулснаар нь мэдээлэл хайх, хүлээн авах эрх нь хангагдаж байгаа хэрэг биш, уг эрхийг эдлэхийн эцсийн зорилго нь хайж олоод цуглуулсан мэдээллээ нийтэд тараахад оршино.[3] Тэрхүү мэдээллээ түгээх зорилго нь Монгол Улсын 1974 онд нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19-р зүйлийн дагуух бөгөөд үүнд:

Хүн бүр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй хөндлөнгийн шахалтгүй баримтлах эрхтэй. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаар үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. Энэхүү зүйлийн 2-т дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлагыг ноогдуулна. Энэ нь гагцхүү хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бөгөөд тэдгээр нь:
а. Бусдын эрх, алдар хүндийг хүндэтгэх

б. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд буюу ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлага[4]

хамаарагдана.

Эндээс эхлээд мэдээлэл хайх эрхийн асуудал яригдах ёстойг харж болно.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16. 17-д байгаа нууц гэдэг нь яг юу юм бэ? гэдэг эргэлзээтэй байна.

Монгол Улсын хувьд нууцыг дараах түвшинд хамгаалсан байна. Үүнийг тодруулбал:

Төрийн нууцын тухай хуулийн 5-р зүйлд улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зүйлийн нууцалбал зохих хэсэг, гадаад бодлого, байр суурьтай холбоотой түүнчлэн Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн төслийг төрийн нууцад хамааруулсан байна. Мөн Батлан хамгаалах хүрээ, Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын хүрээнд, Цаазаар авах ялыг гүйцэтгэх журамтай холбоотойгоор төрийн нууцад хамааруулах шаардлагатай объектуудыг төрийн нууц гэж үзжээ. [5] Хувь хүний нууцад Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэжээ. /Хувь хүний нууцын тухай хууль- 1995/ [6] Үүний дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг хувь хүний нууцад хамаарна / Авлигын эсрэг хуулийн 12. 1 /[7] Байгууллагын тухай хуульд “ тухайн байгууллага өөрөө нууцын жагсаалтаа баталж мөрдөнө ” гэсэн нь хамгийн энгийн мэдээллийг ч хамруулах боломжийг нээлттэй үлдээжээ[8] Эрүүгийн хуульд мөн нууцын асуудлыг зохицуулсан байдаг.
За одоо, нууцын зэрэглэл бүхий мэдээллээс бусад мэдээллийг хайхад хэрэглэгдэх хамгийн тохиромжтой гэж үзэж буй блогийн тухай авч үзье. Ийнхүү “нарийн мэдээлэл” олж авахын тулд интернэтээр www. google.com, www.yahoo.com зэргийг ашиглан хайлт хийх болдог бөгөөд бидэнд олдох мэдээлэл хуучирсан байвал тэр нь вэб сайт өндөр үнэ, байнгын ажиллагаа шаардагддагтай холбоотой л доо. Харин блог буюу үнэгүй вэб сайтын эздийн хүргэх мэдээлэл ямагт шинэ байх болно. Тэрхүү шинэ мэдээлэл нь тойм байдлаар гарч ирдэг бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд өөрөө үнэгүй вэб сайт- блогтой болох шаардлага гарна.

Web+log->Blog = Веб тэмдэглэл гэсэн үгнээс гаралтай байсан энэ үг одоо илүү дэлгэрэнгүй утгыг илэрхийлэх болжээ. Блог нь өөрийн гэсэн веб хуудастай болох хамгийн амархан арга. Хэлмээр яримаар байгаа бүхнээ хамгийн амархан бусдад хүргэх боломж юм.[9]
Блогтой болох нь энгийн 3 шат дамжлагыг туулах бөгөөд энэ нь маш богино хугацаанд явагдана л даа. Үүнийг www.blogmn.net –н жишээн дээр авч үзье.

Бүртгүүлэх: энэ нь дараах мэдээллийг шаардана. А. Хэрэглэгчийн нэр, б. Нууц үг в. Нууц үг давтах г. И-мэйл хаяг д. Батлах код /танд 6 оронтой тоо өгөх бөгөөд түүнийг оруулна/. Үүний дараа бүртгүүлэх тохиролцоо – г заавал унших хэрэгтэй.
Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэл
Хэрэглэгчид нь BlogMN сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус сайтыг ашиглаж буй гэж үзнэ.

2. Хориотой зүйлс
Maнай сайт хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай үйлчилгээ хүргэхийн тулд хэрэглэгчдийн зүгээс дараах үйлдлүүдийг хориглоно:

・ Хуулиар хориотой үйлдэл хийх, хуулиар хориотой үйлдлэлд бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд нь туслах
・ Серверт хүндрэл учруулах, ажиллуулахад саад болох үйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох боломжид саад хийсэн үйлдэл

Дараах агуулга бүхий мэдээллийг бичих, зурвасаар илгээхийг хориглоно:
・ Бүх төрлийн нүцгэн зураг, бичлэгүүд.
・ Насанд хүрэгчдэд зориулсан сайтын холбоос
・ Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах
・ Мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах
・ Бэлгийн харилцаанд орох зорилгоор танилцах
・ Бизнесийн зорилготой сурталчилгаа хийх
・ Танихгүй хэрэглэгчдэд хэт олон тоогоор зурвас илгээх, найз болох хүсэлт гаргах
・Спам бичлэг, зурвас үйлдэх - бичлэг үйлдэж болох газруудад нэгэн ижил буюу төстэй утгатай бичлэг, веб сайтын холбоосыг олон дахин бичих, зурвасаар илгээх
・ Тэмдэглэл, коммюнити зэрэг олон хэрэглэгч үзэх боломжтой газарт банкин дахь дансны дугаар, утасны дугаар зэргийг аль болох бичихгүй байхыг хүсье.
・ Өөрөөсөө бусад хүний нэрийг барих, төлөөлөх эрхгүй компани, байгууллагатай хамааралтай болгож зарлах
・ Бусад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах
・ Нэг хүн хэд хэдэн нэрээр бүртгүүлэх
・ Танил биш хүмүүст урилга илгээх
・ Ёс суртахуунтай холбоотой бусад үйлдлүүд

Авах арга хэмжээ
Дээр дурьдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэн болох нь батлагдсан этгээдийг нөхцөл байдлаас шалтгаалж, үйлдсэн бичлэгийг нь устгах, өөрчлөх, хэрэглэгчийн эрхийг нь ямар нэг сануулгагүйгээр устгах цуцлах зэрэг арга хэмжээ авна.

3. Хэрэглэгчийн зүгээс хүлээх үүрэг
1. Хэрэглэгчид нь Зохиогчийн эрхийн болон бусад Монгол улсын хууль дүрмүүдийг сахин биелүүлэх үүрэгтэй.
2. Тус сайтын үйлчилгээний нөхцлийг дагаж мөрдөх
3. Ёс суртахууны хэм хэмжээг баримталж, бичлэг, сэтгэгдлүүдийг олон олон хүн унших тул бусдыгаа хүндэлж соёлтой харилцаж байх.
4. Хувийн нууц мэдээлэлээ сайтад ил цацахгүй байх, алдахгүй байх. Хувийн нууц мэдээлэл гэдэгт хаяг, утасны дугаар, гэр бүлийн байдал, ажил сургууль, кредит картны дугаар, банкин дахь дансны дугаар гэх мэт тухайн хүнийг хэн болохыг тодорхойлж мэдэх боломж бүхий, гэмт үйлдэлд ашиглагдаж болохуйц мэдээллийг ойлгоно.
5. Тус сайтаас илгээсэн мэдээлэл бүхий мэйлийг хүлээж авах, спам болгож сонгохгүй байх үүрэгтэй.
6. Бусдын бичсэн зүйлийг өөрийн блогт хуулж тавих тохиолдолд заавал бичсэн хүний нэр хуулж тавьсан холбоос хаягийг оруулж байх. Эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг мөн хаанаас авсан болохоо дурьдах.

4. BlogMN сайтын зүгээс хүлээх үүрэг
1. Сайтын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх талаар бүх бололцоогоо дайчлан ажиллах.
2. Хэрэглэгчдийн хувийн нууцыг (Мэйл хаяг, Хувийн бичлэгүүд, бусдад харуулахгүйгээр тохируулсан бусад мэдээлэл) хадгалахад маш их анхаарч ажиллах.
3. Хэрэглэгчийн бичлэг, бусад мэдээлэлийг устаж алга болохоос сэргийлж хуулбарлан хадгалж байх.
4. Сайтын үйлчилгээг цуцлахгүй цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах талаар бүх бололцоог дайчлан ажиллах.
5. Хэрэглэгчийн блогт өөрийн сайттай холбоогүй баннер болон бүх төрлийн мэдээлэл, сурталчилгааг байрлуулахгүй байх.
6. Хэрэглэгчийн мэйл болон бусад хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй, спам сурталчилгаа тараахгүй байх.

5. Бусад
1. Ямар нэгэн шалтгаанаар үйлчилгээгээ түр зогсоох тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг тус сайт хариуцахгүй болно.
2. Энэхүү үйлчилгээний нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөгдөх тухай хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө.
3. Тус сайт нь SSL буюу нууц үгийг кодлож илгээх системийг ойрын хугацаанд ашиглах төлөвлөгөө байхгүй бөгөөд хэрэглэгчид нууц үг алдагдах аюултай гэвэл ойр ойрхон хугацаанд нууц үгээ өөрчилж байна уу.
4. Хувийн мэдээллийг засварлах, устгах
Тус сайт нь хэрэглэгчийн өөрийн нь хүсэлтээр хувийн мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч өөрөө мөн гэдгийг магадласны дараа аль болох түргэн шийднэ.
5. Сайттай холбоотой чухал мэдээ, мэдээллийг аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдэд удирдлагын самбар болон мэйл хаягаар илгээж мэдэгдэж байх болно.
6. Tа манай сайт дээр эдгээр нөхцлийг зөрчсөн бичлэг болон блог олж уншвал бидэнд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.

Хэрэв бидний энэ тохиролцоог зөвшөөрч байгаа бол чагтыг бөглөөд бүртгэлээ үргэлжлүүлнэ үү!



Асуулт: Ямар нэгэн байдлаар энэ сайт ажиллахаа больж бичлэг уствал яах вэ?
Хэрэглэгчийн бичлэг, бусад мэдээлэлийг устаж алга болохоос сэргийлж 24 цаг тутамд автоматаар хуулбарлагдан өөр сервер рүү хуулагдаж байдаг бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдвол эргэн сэргээх боломжтой байдаг.

Крилл Монгол үсгээр бичихдээ Monkey, Realmon зэрэг гарын драйвер ашиглахгүй байхыг хүсье. Энэ талаар нэвтэрч ороод бичлэг хийх үедээ анхааруулга гэсэн холбоосоор орж уншаарай.

Тухтай блогоо бичээрэй!

2. Үүний дараа дараах мэдээлэл гарч ирнэ.

Бүртгүүлэх
Та өөрийн мэдээллээ оруулна уу.
Одооор тэмдэглэгдсэн талбаруудыг заавал бөглөх хэрэгтэй. Одоор тэмдэглээгүй хэсгийг бол одоо бөглөлгүй дараа нь хэдийд ч нэвтэрч ороод тохиргоо хэсэгт тохируулж болно.

Хүйс, Төрсөн өдөр, Байрлаж буй улс

Дараа нь Баяр хvргэе! Таний бүртгэл амжилттай боллоо. Мэйлээ шалгана уу. Та бүртгэлээ 30 хоногийн дотор идэвхижүүлэх шаардлагатайг анхаарна уу.

(Хэрвээ бүртгэл идэвхижүүлэх мэйл очоогүй байвал энд дарж дахин илгээлгэж аваарай!)

гэсэн мэдээлэл гарч ирэх болно. Ингээд та мэйлээ шалгах үлдлээ. Мэйлээ шалгахад дараах мэдээлэл байна.

Blogmn
©2006-2007 BlogMN.NeT

Энэ нь блог хэрэглэгчдийн буюу мэдээллийн эрх чөлөөний хэм хэмжээг тогтоож байгаа зүйл бөгөөд өөрийгөө удирдан зохицуулах загвар журмыг дагаж мөрдөх нь интернэт хэрэглэгчийн сайн дурын үндсэн дээр тогтдог. Гэсэн ч материаллаг болоод процессын эрх зүйн асуудлууд гарч ирдэг ба эдгээрийг төр хариуцах шаардлагатай болдог. Иймээс өөрийгөө удирдан зохицуулах аргачлал нь интернэтийн эрх зүйн зохицуулалтад нэмэлт болно уу гэхээс түүнийг бүрэн орлож чадахгүй.[10]



Ингээд л нэвтрэн орж блог бичин хүссэн мэдээлэл хайх зам нээгдлээ. Үүний дараа шинэ блог нээх гэсэн товчин дээр дарж “жинхэнэ эрх чөлөөг эдлэнэ”. өөрөөр хэлбэл та юу бичихийг хүсэж байгаагаа биелүүлэх боломж нээгдэнэ. Энэ нь хүссэн мэдээллээ олох зам болж байгаа юм. Блог бол вэб сайт гэдгийг санаж байх хэрэгтэй. Энэхүү вэбтээ зураг оруулж болно. Бичлэг оруулж болно. Ер нь хүссэн зүйлсээ оруулж болдог онцлогтой. Мэдээлэл хайх тусам нарийвчилсан мэдээлэл хайх хүсэлдээ хөтлөгддөг бөгөөд энэ үед блог хэрэглэгчдийн хувьд өөрсдөө хүссэн мэдээллээ түгжих боломжтой тул хувь хүний нууцын асуудал төдийлөн гардаггүй. /одоогоор блог хэрэглэгчид хувь хүний нууцыг нь зөрчсөн тухай мэдээлээгүй байна. /



2. Мэдээлэл хүлээж авах эрх чөлөөнд блог чухал хэрэгсэл болох нь

Олон улсын эрх зүйн 2-р курсын оюутнууд бид /МУИС / багштайгаа хамтран www.ouez2007.delhii.net гэсэн блогоо хөтөлдөг бөгөөд энэ нь зөвхөн өөрсдөд хэрэгтэй мэдээллийг тавих замаар явагддаг. Хайлт хийх цаг заваа хэмнэдэг гэсэн үг л дээ. Блог, вэб сайт хоорондын мэдээллүүд давхцаж байдаг нь илүү олон хүнд мэдээллийг хүргэдэг онцлогтой. Үүнийг дагаад зохиогчийн эрхийн зөрчлийн тухай асуудал яригдана. Мөн эх сурвалж бичих арга зүйн тухай ойлголт ч гарч ирж байна. Блогийн хэрэглэгч болсноор бусадтай холбоо тогтоох боломж нээгдэж байгаа бөгөөд хүссэн мэдээллээ бусад блог бичигчдэд захиалах боломж нээлттэй. Хүссэн мэдээллийг тусгайлан хүлээж авах арга блогт бий. Ийм мэдээллийг хүлээж авахын тулд блогт найзын хүрээг үүсгэж тэдгээрийн хооронд “хаалттай мэдээлэл” солилцдог. Үүнд төрийн оролцоо хэрэггүй л дээ.

3. Мэдээлэл түгээх эрх чөлөөнд блог чухал хэрэгсэл болох нь

МУИС – ХЗС –ийн Энтимсма клуб нь оюутны эрдэм шинжилгээний клуб бөгөөд шилдэг хуульчдын шат дамжлага болдог. Энэ клубийн байнгын үйл ажиллагаа нь сар тутмын сэтгүүл, 7 хоног бүрийн “зочны ярилцлага”, эрдэм шинжилгээний уралдаан байдаг бөгөөд энэ бүхнийхээ мэдээллийг түгээхээр сургуулийнхаа вэб сайтад www.entimema.lawschool.mn гэсэн булан байрлуулахыг хүссэн ч энэ нь бүтэмжтэй биш байна. Бүх материалаа бэлдээд сургуулийн вэбийнхэнд өгөөд бүтэн нэг жил болж байхад мэдээллийг маань интернэтээр түгээхгүй байгаа нь мэдээлэл түгээх эрхийг маань зөрчиж буй хэрэг.

Иймд Монгол Улсын Их Сургууль- Хууль Зүйн Сургуулийн оюутны эрдэм шинжилгээний “Энтимема” клубынхэн мэдээлэл түгээх эрхээ блогийн хэрэглэгч болсноор эдэлж байна. www.blogmn.net/entimema вэб маань 2001 оноос хойшхи сэтгүүл дээрх мэдээллийг байрлуулж оюутнуудынхаа тархийг цэнэглэж байна.

Мэдээлэл түгээх эрхээ эдлэхэд олон блог дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал Bblog.mn, www.miniih.com, www.san.mn, www.delhii.net, www.blogspot.com, www.blog.gogo.mn . энэ цуваа цаашид ч үргэлжилсээр байх болно. Зөвхөн Монгол Улсад хэрэглэгддэг блогуудаас дурдсан нь энэ.

Блог нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй гэсэн зарчмыг баталгаатай болгосон бөгөөд үйлчилгээний нөхцөл нь интернэт дэх “ хууль, шүүх ” болж байдаг. Миний www.galbaatar.blogspot.com , УИХ-ын гишүүн З. Энхболдын www.z-enkhbold.blogspot.com гэсэн хаягууд ижил статустай. Үүнээс УИХ-ын гишүүнтэй блогийн найз болж хэрэгтэй мэдээллээ хайж, хүлээн авч, блогоороо түгээх нь нээлттэй гэдэг нь харагдаж байна.

Блог нь мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх эрхээ эдлэхэд чухал хэрэгсэл гэдгийг төрөөс хүлээн зөвшөөрч Монгол Улсын Их Хурлын 2000 оны 21 дугээр тогтоолын хавсралт- MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН 2010 ОН ХҮРТЭЛХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, Засгийн газрын 2002 оны 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ –ийг батлаад байна.
Энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд электрон засаглал голлох байр суурь эзлэх бөгөөд ингэснээр төрийн засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлж,засаглалын “бюрократизм” багасч, төрийн мэдээллийн найдвартай дэд бүтэц, мэдээллийн электрон сан бүрэлдэн бий болох эхлэл тавигдана.[11]



Дүгнэлт

Орчин үед төрөл бүрийн мэдээлэл бий болж шинжлэх ухаан, техник, технологи, худалдаа, үйлчилгээнд нэн тэргүүний хэрэгцээ болон өсөж байна.[12]

Үүнийг дагаад “мэдээлэл идэх”-ийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд “мэдээлэл иддэг” үү? гэсэн асуудал яригдаж байгаа. Мэдээлэл гэгч хүний амьдралын нэг хэсэг болсон нь бодит үнэн тул түүнийг нь эрх зүйгээр зохицуулах шаардлага урган гарч байна. Монгол Улсын Хувьд мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх эрхийг Үндсэн Хууль болон бусад хуулиудаар зохицуулсан боловч энэ нь нийгмийн хэрэгцээг гүйцэхгүй байгаа нь мэдээллийн технологийн эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудалд судлаачдыг хандуулж байгаа юм. Энэхүү хандлагын нэг илрэл бол уг илтгэл бөгөөд үүнд дараах асуудлыг авч үзсэн:

- мэдээлэл хайх нь мэдээлэл хүлээж авах, түгээх эрхтэй салшгүй холбоотой бөгөөд үүнд блог хэмээх вэб сайтын нэг төрлийн хувь нэмэр

- Блог буюу үйлчилгээний хөлс шаардагддаггүй, хэрэглэхэд хялбар вэб сайтын гүйцэтгэх үүргийн өнөөгийн чиг хандлага, түүний эрх зүйн зохицуулалт.

Блогийн эрх зүйн зохицуулалтыг хийхдээ хувь хүний нууц, нэр төр, төрийн нууц, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн эрх зүйн ойлголтуудтай салшгүй авч үзэх хэрэгтэй бөгөөд Монгол Улсад энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг нэгэнт авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь дараах зорилгыг өөртөө агуулж байна. Үүнд:

1. Төр-эрх зүйн хүрээнд: Төр нь мэдээлэлжсэн нийгмийн тогтолцоог бүрдүүлэгч, мэдээллийн нээлттэй эх үүсвэрээр хангагч үндсэн үйлчлэгч болох.

2.Эдийн засаг-бизнесийн хүрээнд: Дэлхийн эдийн засагтай үр өгөөжтэй интеграчлагдах чадвар бүхий бизнесийн орчинг бүрдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

3. Хүний хөгжлийн хүрээнд : Иргэд оршин суугаа газраасаа үл хамааран өөр хоорондоо болон дэлхий нийттэй чөлөөтэй харилцаж, нийгмийн харилцаанд идэвхтэй, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх.[13]

Үүний дагуу Засгийн газрын хүрээнд дараах стратеги бүхий зорилгыг хэрэгжүүлэх нь блогийн эрх зүйн зохицуулалт болж байгаа юм.

1. Мэдээлэл, холбооны технологи нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн хэрэгсэл гэж үзэж тус салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хөгжлийн бодлого, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх.

2. Мэдээлэл, холбооны технологид тулгуурласан аливаа үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих үүднээс мэдээлэл, холбооны найдвартай дэд бүтцийг бий болгох.

3. Хүний хүчин зүйл нь мэдээлэл, холбооны технологийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байж аливаа шинэлэг зүйлийг бүтээгч хүч учраас хүний хөгжлийг тэргүүн зэрэгт тавих.

4. Бизнес, хувийн секторийн үйл ажиллагааг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол хөшүүрэг болгоход чиглүүлэх, дэмжих.[14]

Эцэст нь хэлэхэд, блог дахь эрх зүйн зохицуулалт 21-р зууны Монгол Улсын иргэдийн мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх салшгүй эрхээ эдлэхэд чиглэгдэх ёстой. Гадаад улсад энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт нэгэнт төлөвшиж байна. Бидэнд даяаршлын энэ үе дэхь мэдээллийн эрх зүйн чиг хандлагыг дагах нь аюул болохгүй.







[1] Г. Совд. Монгол Улсын Үндсэн Хууль, Хүний эрх / харьцуулсан эрх зүй /. УБ. , 1999. 143 дэх тал

[2] Х. Наранжаргал. Мэдээллийн эрх чөлөө /нийтлэл/ www.globeinter.org.mn
[3] Г. Совд. Монгол Улсын Үндсэн Хууль, Хүний эрх / харьцуулсан эрх зүй /. УБ. , 1999. 147 дахь тал

[4] Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын газар. Хүний эрх- Олон Улсын гэрээ, хэлэлцээрүүдийн эмхэтгэл. УБ., 1998. 17 дахь тал.
[5] http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1405

[6] http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1509

[7] http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=7794

[8] Х. Наранжаргал. Мэдээллийн эрх чөлөө /нийтлэл/ www.globeinter.org.mn
[9] www.blogmn.net

[10] Вольфганг Килиан. Интернэтийн эрх зүйн зохицуулалт бүтцийн асуудал. /орчуулсан Т. Алтангэрэл. “Хууль дээдлэх ёс” 2005 он №2 60 дахь тал/

[11] Ц. Хүрэл-Очир, Г. Эрдэнэбат. Мэдээллийн технологийн эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудалд. Эрх зүй /онол, практик, арга зүй мэдээллийн цуврал/ 13-14/2004. 11 дэх тал.

[12] Т. Мөнхжаргал. Монгол улсын иргэний эрх зүй. УБ., 2000. 126 дахь тал.
[13] Монгол Улсын Их Хурлын 2000 оны 21 дугээр тогтоолын хавсралт. MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН 2010 ОН ХҮРТЭЛХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
[14] Засгийн газрын 2002 оны 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ

Read more...