Search This Blog

2007-03-28

Блог ба мэдээллийн эрх чөлөө

Л.Галбаатар

/товч дүгнэлт/


Орчин үед төрөл бүрийн мэдээлэл бий болж шинжлэх ухаан, техник, технологи, худалдаа, үйлчилгээнд нэн тэргүүний хэрэгцээ болон өсөж байна.[12]

Үүнийг дагаад “мэдээлэл идэх”-ийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд “мэдээлэл иддэг” үү? гэсэн асуудал яригдаж байгаа. Мэдээлэл гэгч хүний амьдралын нэг хэсэг болсон нь бодит үнэн тул түүнийг нь эрх зүйгээр зохицуулах шаардлага урган гарч байна. Монгол Улсын Хувьд мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх эрхийг Үндсэн Хууль болон бусад хуулиудаар зохицуулсан боловч энэ нь нийгмийн хэрэгцээг гүйцэхгүй байгаа нь мэдээллийн технологийн эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудалд судлаачдыг хандуулж байгаа юм. Энэхүү
байдлыг дараах бүтцээр авч үзэж болох юм:

-        мэдээлэл хайх нь мэдээлэл хүлээж авах, түгээх эрхтэй салшгүй холбоотой бөгөөд үүнд блог хэмээх вэб сайтын нэг төрлийн хувь нэмэр

-
       Блог буюу үйлчилгээний хөлс шаардагддаггүй, хэрэглэхэд хялбар вэб сайтын гүйцэтгэх үүргийн өнөөгийн чиг хандлага, түүний эрх зүйн зохицуулалт.

Блогийн эрх зүйн зохицуулалтыг хийхдээ хувь хүний нууц, нэр төр, төрийн нууц, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн эрх зүйн ойлголтуудтай салшгүй авч үзэх хэрэгтэй бөгөөд Монгол Улсад энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг нэгэнт авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь дараах зорилгыг өөртөө агуулж байна. Үүнд:

1. Төр-эрх зүйн хүрээнд: Төр нь мэдээлэлжсэн нийгмийн тогтолцоог бүрдүүлэгч, мэдээллийн нээлттэй эх үүсвэрээр хангагч үндсэн үйлчлэгч болох.

2.Эдийн засаг-бизнесийн хүрээнд: Дэлхийн эдийн засагтай үр өгөөжтэй интеграчлагдах чадвар бүхий бизнесийн орчинг бүрдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

3. Хүний хөгжлийн хүрээнд : Иргэд оршин суугаа газраасаа үл хамааран өөр хоорондоо болон дэлхий нийттэй чөлөөтэй харилцаж, нийгмийн харилцаанд идэвхтэй, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх.[13]

Үүний дагуу Засгийн газрын хүрээнд дараах стратеги бүхий зорилгыг хэрэгжүүлэх нь блогийн эрх зүйн зохицуулалт болж байгаа юм.

1. Мэдээлэл, холбооны технологи нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн хэрэгсэл гэж үзэж тус салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хөгжлийн бодлого, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх.

2. Мэдээлэл, холбооны технологид тулгуурласан аливаа үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих үүднээс мэдээлэл, холбооны найдвартай дэд бүтцийг бий болгох.

3. Хүний хүчин зүйл нь мэдээлэл, холбооны технологийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байж аливаа шинэлэг зүйлийг бүтээгч хүч учраас хүний хөгжлийг тэргүүн зэрэгт тавих.

4. Бизнес, хувийн секторийн үйл ажиллагааг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол хөшүүрэг болгоход чиглүүлэх, дэмжих.[14]

Эцэст нь хэлэхэд, блог дахь эрх зүйн зохицуулалт 21-р зууны Монгол Улсын иргэдийн мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх салшгүй эрхээ эдлэхэд чиглэгдэх ёстой. Гадаад улсад энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт нэгэнт төлөвшиж байна. Бидэнд даяаршлын энэ үе дэхь мэдээллийн эрх зүйн чиг хандлагыг дагах нь аюул болохгүй.







[12] Т. Мөнхжаргал. Монгол улсын иргэний эрх зүй. УБ., 2000. 126 дахь тал.
[13] Монгол Улсын Их Хурлын 2000 оны 21 дугээр тогтоолын хавсралт. MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН 2010 ОН ХҮРТЭЛХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
[14] Засгийн газрын 2002 оны 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ


No comments: